Яг ийм л зунаар хөдөө явах сайхан. Хол замд хэрэгтэй, хэрэггүй олон дэмий бодол төрдөг.
Буцаад хүүхэд болмоор. Зуны амралтаар эмээ, өвөөгийндөө эсхүл "Хамаатан" гэх танихгүй шахуу айлд "Тавиул хүүхэд" гэж нэрлүүлсэн шиг, тараг, өрөмний төлөө бусад тавиулуудтай тачигнах сайхан. Хүний, өөрийн нийлсэн 10-аад хүүхдийг өлсгөхгүй, цангаахгүй байхын төлөө айлын эзэгтэй өдөржин идэж, уухын их бүтээн байгуулалт өрнүүлээд л. Идээд цаддаггүй тогоо дүүрэн шөлтэй хоол, гэхдээ бас өлсгөдөггүй тэр унд.
Орой бүгдээрээ зулж хөнжил хүрэхгүй байна, хөл гарлаа гэхчлэн бөөн маргаан болоод унтах ч өглөө дахиад 10 хүн багтмаар зайтай тарчихсан хөл нь нэгнийхээ толгой дээр гарчихсан ч байх. Тэр жижигхэн таван ханатад бид нийгэмшиж, бусдын арга эвийг олж, өрсөж бас хуваалцаж нийгмийн харилцааны учрыг олж амьдрах анхны ойлголттой болдог байж.
Ингээд чилийсэн урт зуны гурван сарын амралт дуусаад гэртээ харих болно. Нийлж сурсан тугалуудтай нэгийгээ үзэн, шаралхаж, шатаж дэрчийтэл гүйж, тэдэнд үнэн голоосоо дургүй хүрдэг байсан ч явах өдрийн өглөө дүрлийтэл ширтээд хамрын нүхээ хэлээрээ долоох нь хүртэл хайрламаар. Зунжин эхэд нь хөхүүлэхгүйн төлөө тэмцэлдсэн атал энэ өдөр л нийлүүлж орхиод зугтчихмаар санагддаг. Тэгж тугал бид хоёр тэр зун бие биедээ хайртай болсноо холдох болохдоо л ойлгодог.
***
Бас эргээд залуу болмоор. Ажилтай юм шиг, албатай юм шиг гүү саах цагаар манайд буудаг нутгийн залуусаас ичих хэр нь, ирэхгүй бол аавтай л гүүндээ гарах уйтай санагддаг тэр жилүүдийн тэр зунд бас намарт очмоор.
Зүгээр л гүүгээ саах, дэмий л унага ивлэгэх, саам дамжлаад харих энэ богинохон хором нэгнээ шохоорхдог хөдөөгийн залуусын хувьд шагнал шиг л урт цаг хугацаа. Томчуудын харцнаас эмээлгүй наанаа хөгжилдөх ч цаанаа учиртай үгсээр хэн хэндээ сэтгэл шидэх үнэтэй хором гүүн зэлэн дээр л бий. Тэгээд л
"Ардын дуутай найрын хөдөө,
Айлын бүсгүй хайрын болзоо" гэж дуулдаг юм.
***
Баруун аймаг руу явахаар бүр Булганд очиж үхэр болмоор ч санагдана. Тааваар идээшлэх тарлан гунж бас бух. Тэдэнд идэш олдохгүй, ус холдохын зовлонгүй бүх юмандаа л ойр нутагтай.
Өр байхгүй, ипотек ч мэдэхгүй. Сүүл хөдөлгөж ялаа үргээх, саалийн цагаар тугалдаа буцахаас өөр ажил ч алга, тэдэнд. Идэх, идсэнээ хивэх бас хэвтэхээс өөр бодох, санах зүйлгүй нил ногоон талд тааваар бэлчээд л атаархмаар. Тэднийг харахаар үхэр болмоор, тэгэх тэгэхдээ гол, ус ногоо, зүлгэ, хөвч тайга, хангай хосолсон Булганд "нутагшмаар" санагддаг.
***
Ер нь ямаа ч болсон яах вэ. Усан борооноор уруудаж "годронгууд” гэж бөөндөө загнуулаад бээвийж зогсмоор. Удалгүй нар гарахад бороонд норж арзайсан үсээ нэг сэгсэрчхээд л хонины томоотойг далимдуулан дагуулж уул, хадаар хэсмээр. Уурссан эзнээ ирж явааг хараад улам дээш тэмүүлж, тээр өндрөөс майлдаг тийм дэлчгэр, далжгар. Загнуулсан ч маргааш нь дахиад л уул өөдөө мацдаг ад үзэгдэх зоригтой амьдармаар байна.
Угтаа хөдөө л явмаар...