Өнчин ишиг банхрын бөөрөнд хурган унтана. Цав цагаан муур үнээний сүү уух гэж гэрийн эзэгтэйн хормойд "орооцолдоно". Гаднаас гэнэтхэн тарлан гунж ууртай мөөрч тугалаа нэхэхтэй зэрэгцэн гүүн зэлэн дээрээс унага алдуурч цангинатал янцгаагаад эх рүүгээ давхихаас эхлээд хөдөөд гоёхон намрын өнгө сүлэлдэн байна.
Өнгө гандуу, сэтгэл гундуу юм шиг хэр нь хөдөөгийн намар цаанаа л амгалан, тайван. Гэрийн эзэн "Өвөл боллоо доо" гээд тооно өөд ширтэхдээ томоос том санаа алдах ч, хул дүүрэн мэлтэлзэх айргаа тамшаалах нь тайван. "Хичээл орлоо, хүүхдүүд минь явлаа" хэмээн санах, санаа зовохын завсарт үг хэлэх ээж мөдхөн л "Мөөжиг өө, миний хүү хониндоо мордоорой" гэж цүнх ном, хувцас хэрэглэлийн тухай араас хөврөх бодлыг тэг дундуур нь тасалж орхих нь амгалан.
Энэхэн зуурт гэрийн цавгаас дүүжлэгдсэн том хар ялаа, зүүрмэглэж байв уу гэлтэй тогоотой өрөм дээр торхийтэл унах нь хүртэл амар, амгаланг мэдрүүлнэ. Ийм нэгэн огтоос буй бүхнээрээ сэтгэл татсан, анир буйдхан хөдөө айлаас сурвалжилга бэлтгэлээ.
"МӨӨЖИГ ӨӨ, МИНИЙ ХҮҮ ГҮҮГЭЭ ХУРААГААРАЙ"
А.Мөнхбат Б.Очирхандын нөгөө анги. Тэд дунд сургуулийн сурагч байхдаа нэгнээ шохоорхоогүй ч хонины бэлчээр, худаг усан дээр таарч дотноссоор 2008 онд гэр бүл болжээ.
Анхны хүүгийн нэр Мөнх-Очир. Арын гурван дүүгийн нэр бүгд "мөнх" эхлэлтэй. Мөнхсоёл, Мөнхжин, Мөнхтүшиг. Том хүү Мөнх-Очир энэ жил наймдугаар ангид, удаах охин Мөнхсоёл дөрөвдүгээр ангид элсэн суралцана. Түүний дүү Мөнхжин охин зургаан нас хүрсэн тул энэ намар сургуулийн сурагч болно. “Энэ хүн яаж балардаг юм, бүү мэд ээ” хэмээн ээж аав нь бяцхан үрээ өхөөрдөнө. Харин охинд одоохондоо зүрх цагаан банхраа эрхлүүлэхээс өөр бодсон зүйлгүй.
Энэ гэрт өөр нэг амгалан хүн бий нь Мөнхтүшиг хүү. Хорвоод мэндлээд хоёр сар хүрч буй бяцхан хүү ээжийнхээ сүүг цадтал хөхчихөд хэсэгтээ л уйлахгүй, хайчилсан үнэгэнд хууртан гунганаад л байх. Тэр зуур ээж нь үхрээ сааж орж ирээд илүү гэрт сүүгээ хөөрүүлээд, их гэртээ пүнхийтэл гал түлж хоол буцалгаад ч амжив.
Ингээд хүүгээ дахин нэг хөхүүлж дуусахад залгуулаад гүү саах цаг боллоо. Мөн л “Мөөжиг өө, миний хүү гүүгээ хураагаарай” гэх аавын үг гэрийн гаднаас хангинана. Аав, ээжийгээ гүүндээ гарсан хойгуур Соёлоо охин дүүгээ харахын хажуугаар Black Pink сонсоод амжина. Эднийд гар утасны сүлжээ чөлөөтэй барих аж.
Саахалтын зайтай барьсан гүүн зэлэн дээрээс саам дамжлан харих зуурт А.Мөнхбат, Б.Очирханд нарын танилцсан түүхийг сонирхож амжлаа.
“Очироо манай нөгөө ангид сурдаг байлаа. Нэг шар охин л явдаг байсан санагдана, хүүхэд байхдаа хүний нүдэнд тусахаар хөөрхөн байгаагүй юм уу, бүү мэд. Хорь хүрээд, нэг өдөр эднийхээр буулаа. Тэгсэн нөгөө жаахан шар охин чинь тун дажгүй бүсгүй болжээ. Түүнээс хойш өдөр болгон шахуу бууж, мордоод л их “эргүүлсэн”. Нүүдлийн айлын залуучууд манай хүнийг бас хоргооно. Ёстой л усанд явах зам, унага татах цагийг нь хүлээж тоссоор ханилсан даа” хэмээн А.Мөнхбат ярив.
Үүний хариуд Б.Очирханд бууж өгөлгүй “Хормой дээрээ гишгэх шахсан нэг их урт дээлтэй л залуу явдаг байсан. Би ч хэсэг тоохгүй, үнэд орсон юм аа” хэмээн хөгжилтэй яриа дэлгэв.
ХӨДӨӨД ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮС Л САЙХАН АМЬДАРНА
Хос хоёр өдгөө 35 настай. Хоёр талын аав ээжээс тасалж өгсөн цөөн тооны мал сүрэгтэй амьдралаа эхлүүлсэн залуучууд өнөөдөр “Мянгат малчин” болоход тун дөхжээ. А.Мөнхбатынх 900 гаруй бог, гурван азарга адуу, 30 гаруй үхэртэй. Хавартаа 300-аас дээш төл хүлээн авдаг гэнэ. “Хуурамч мянгатууд олон бий. Надад бол тэр тэмдгийг авсан, үгүйн ялгаа байхгүй. Мал хэт олон болохоор давжаа биетэй болж эхэлдэг. Тиймээс мянгаас давуулалгүй борлуулдаг юм. Тоонд биш чанарт анхаарах нь чухал. Өнгөрсөн хавар нэг ч төлийн хоргодолгүй зунтай золгосон шүү” хэмээн гэрийн эзэн хөдөлмөрөө даруухан бахдав.
Гэргий нь нөхрийнхөө ярианд хүч нэмж “Хотынхонд хөдөө амьдрах их амархан санагддаг бололтой юм. Зун ирсэн хотын нэг бүсгүй “Танай хонинууд өглөө гараад л орой өөрсдөө хүрээд ирдэг үү” гэж асууж билээ. Бас нэг хүн хонь, ямааг маань “100 мянга, 200 мянга” гэчихсэн тоолж байснаа “Пээ, танайх чинь аймар баян айл байна шүү дээ” гэж дуу алдсан. Тэгэхээр хотын хүмүүст мал нь бүгд мөнгө. Тэгээд нөгөө мөнгөнүүд нь ямар ч зовлонгүй өөрсдөө өвсөө идээд л улам өсөөд явдаг, тийм амархан харагддаг бололтой. Хөдөө хөдөлмөрч хүн л сайхан амьдарна даа” гэж инээмсэглэн ярилаа.
“Нээрэн та хоёр байрны мөнгө хариулдаг хүмүүс байна” гэж зах зээлсэг зан гаргаж саваагүйтвэл “Малынхаа буянд бүтэн, дүүрэн сайхан л амьдарч байна даа. Хөдөө амьдрах сайхан, ямар ч стрессгүй. Цаг хэцүү өвөл л хүндхэн. Хотод бүгчимдээд хоёр ч хонохгүй юм билээ” хэмээн энэ удаад хоёул дуу нэгдэв.
Гэрийн гадна цэнхэр портер, саарал приус, улаан мотоцикл зогсоно. Уяан дээр дэлийг нь зассан хонгор морь үүрсэнэ. Хүсвэл гүүн зэлэн дээрээс хонины номхон хээрийгээ бариад унасан ч болно. “Унаж болох юу л байна, бүгдийг нь хөдөлгөчихнө өө” гэх малчин бүсгүйн зоримог хөдөлмөрийг хүндэлмээр. “Харин хүүгээ адуунд эрэмгий өсгөхийг хичээж аль болох мотортой унаанаас хол байлгадаг” гэв.
Өнөөдөр А.Мөнхбатынд хотоос зочид ирнэ. Мөн л “Мөөжиг өө, миний хүү хонио хураагаад ир” гэх дуунаар том хүү мордоод төд удалгүй хонио хотлууллаа. “Тэр хар ямаа шүү” гэхэд ганцхан ухасхийгээд л бариад авах хүүгээ аав нь “Эр хүн” гэж урамшуулав. Хотоос ирэх зочдын зоогийг ийнхүү бэлдээд хонио бэлчээлээ.
Намар хөдөөд хадлан, тэжээлээ бэлтгэхээс эхлээд ажил өрнүүн. Улаанбаатараас 150 гаруй километрийн зайд байрлах Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригадад нарийн өвс, ногоо тачирхан ургана. Харин таана, хөмөл арвин. Өвлийн хатуу цагт мал худалдааны өвснөөс илүү нутагтаа ургасан шарилжийг илүүтэй иддэг гэнэ.
Тиймээс А.Мөнхбат өвсгүй гээд зүгээр суусангүй. Нуурын зах, уулын бэлээр ургасан дэрс, бут, таана гээд өвөл малд тэжээл болох бүхнийг хураахаар хадуураа ачаад хөдөллөө. Ард нь том ах Мөнх-Очир ээждээ унага татаж өгөх, хонь хариулах ажлыг нугалж үлдэв.
ӨНӨӨ ОРОЙ УНАГАН ТАМГАТАЙ
Хүүхдүүдээ хичээлдээ явахаас урьтаж хуруудаж, дэмбээдэн хөгжилдөж, хотын биднийхээр бол зуны амралтын хаалт хийдэг уламжлал хөдөөгийн айлуудад бий. Өнөөдөр орой А.Мөнхбатынх унаган тамгатай. “Адуутай намар юу гэж эхэлдэг билээ” хэмээн ээжтэйгээ хөөрөлдөн оройн үдэшлэгт бэлдэх Мөнх-Очир хүү саамын хувингаа дамжилсаар гүүн зэл рүүгээ алхлаа. Үргэлжлүүлэн “Хонгор халзан унагыг би уралдуулна шүү” хэмээн дуржигнуулсаар гурван цээл зэлний эхний унагыг ивлэгэв.
Тун саяхан Улаанбаатарын залуучууд “Хөдөө рүү нүүлээ” хэмээх давлагааг эхлүүлсэн. Үүнтэй уялдуулан хөдөөгийн хосуудын амьдралын нэг өдөр, хүсэл тэмүүллийн тухай хөөрөлдөхөөр зорьсон бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөж байна. Мөн л “Мөөжиг өө, миний хүү нохойгоо хориорой” гэх дуунаар бид тэднийхээс хөдөллөө. Хөдөөгийн хүүхдүүдийн ажилч, хөдөлмөрч, аав ээжийнхээ үгнээс ер гардаггүй зан нь тун сайхан юм.
Хэрэв хөдөөгийн амьдралыг дүгнэх боломж олдвол ганган чамингүй зэгэл саарал хөндий нь сэтгэл татсанд, аягалаад барьсан айраг нь цалгилаад болохгүй дүүрэнд, амсах төдийд уруул чимчгэнэж үлдмээр санагдаад тогтсонгүй. Тэгээд хүн зоных нь дулаахан харц, үнэн төрх. Хөдөлмөрөөр бүхнийг бүтээсэн эгэл энгийн амьдрал, хаашаа л харсан барилга сүндэрлэдэг багтамгүй, битүү, бөглөрөөтэй хотдоо буцмааргүй болтол санаа алдуулав.
Атаархам, анирхан талд амьдрал жаргалтай л үргэлжилж байна...