- АНУ-ын Нью-Йорк төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд түвшний уулзалт энэ сарын 13-нд Алс Дорнод дахь Восточный сансрын буудалд боллоо.
Тус уулзалтын талаар барууны хэвлэл мэдээллийн олон эх сурвалжууд "Владимир Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Хойд Солонгосоос Орост нийлүүлэх зэвсэг, сумны тусламжийн асуудал байх төлөвтэй байна" хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан бөгөөд даваа гарагт Оросын албаны хүмүүс болон албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уулзалтын талаар мэдээллийг бататгасан юм.
Хойд Солонгос улс пуужин, сансрын техникийн бүтээн байгуулалтыг ихэд сонирхож байгаа тул уулзалт Восточныйд болсон хэмээн Оросын ерөнхийлөгч Путин онцолсон байна. Восточный сансрын буудал нь Владивостокоос 1300 км, Хойд Солонгосын хилээс ердөө 130 км зайд оршдог юм. Эргэн сануулахад Путин, Ким нарын анхны уулзалт үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд мөн адил Владивостокт болж байсан билээ.
Путин, Ким нар эхлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийсэн бөгөөд үүнд Оросын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд бөгөөд Аж үйлдвэрийн сайд Денис Мантуров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Шадар сайд Алексей Оверчук, Шадар сайд Марат Хуснуллин, Тээврийн сайд Виталий Савельев, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов нар оролцов.
Харин Хойд Солонгосын талаас Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, Хөдөлмөрийн намын Төв хорооны цэргийн удирдлагын хэлтсийн дарга Пак Чон Чон, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Ли Бён Чол зэрэг албаны хүмүүс байлцсан юм.
Хоёр орны төрийн тэргүүн дараа нь ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд 4.5 цаг орчим үргэлжилсэн хэлэлцээгээр хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн гэдгээс өөр мэдээллийг тэдний хэвлэлийн албанаас өгөөгүй.
Дээр дурдсанчлан уулзалт Восточный сансрын буудалд товлогдсон нь санаандгүй биш гэдгийг барууны шинжээчид онцолж буй. Тухайлбал Оросын арми Украины дайнд ашиглах зэвсгийг нийлүүлэх талаар Орос, Хойд Солонгосын тал идэвхтэй хэлэлцээ хийж байна. Өнгөрөгч долоодугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь тус хэлэлцээрийн бэлтгэл байсан гэж АНУ-ын тагнуулын алба үзэж буй юм. Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид их бууны сум худалдахыг ятгахаар Хойд Солонгост очсон гэж АНУ тухайн үед мэдээлж байв.
Тэгвэл есдүгээр сарын 16-нд Ким Жон Ун ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахаар төлөвлөжээ.
Ройтерс агентлагийн нийтэлснээр ОХУ ойрын хоёр жилд пуужингийн үйлдвэрлэлээ жилд хоёр сая хүртэл нэмэгдүүлж чадсан ч энэ нь Москвагийн Украины эсрэг түрэмгийллийн хэрэгцээ шаардлагыг хангахад хүрэлцэхгүй хэвээр байх аж. Мөн ОХУ өнгөрсөн онд Украин руу 10-11 сая сум харвасан тухай Ройтерс агентлагийн эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ оны гуравдугаар сард "Хойд Солонгос Оросын талын тавьсан саналыг хүлээж авбал 20 гаруй төрлийн сум, зэвсэг хэрэгсэл нийлүүлэхээр байна" гэж мэдэгдэж байсан юм.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Хойд Солонгост их хэмжээний сумны нөөц байгаа юм. Үүнд 122, 152 мм-ийн их бууны сум, мөн Оросын армид нэн шаардлагатай 122 мм-ийн пуужингууд багтаж байгаа аж. "Oryx" аналитик төслийг үүсгэн байгуулагч Жоост Олемансын хэлснээр Хойд Солонгос Зөвлөлтийн техник хэрэгслийн их нөөцтэй тул Орост Т-54, Т-62 зэрэг танкны сэлбэг хэрэгслийг нийлүүлэх боломжтой гэв.
Харин үүний хариуд нь Ким Жон Ун ОХУ-аас хүнсний тусламж, хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоцонд зориулсан дэвшилтэт технологи авч магадгүй байна. БНАСАУ-д мөн нефтийн бүтээгдэхүүн хэрэгтэй. Хэрэв талууд зэвсэг нийлүүлэх хэлэлцээнд хүрвэл нийлүүлэлт хийхэд ямар нэгэн асуудал гарахгүй аж. Орос, Хойд Солонгос хуурай газрын хилээр хиллэдэг. Мөн 2022 онд тус хоёр улс хоорондын төмөр замын харилцаа дахин сэргэсэн.
ПУТИН, КИМ НАРЫН УУЛЗАЛТЫГ НҮБ ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙНА ВЭ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаарх асуултад хариулав. Тэрбээр “БНАСАУ-тай хийх аливаа харилцаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний дэглэмийг дагаж мөрдсөн байх ёстой” гэв.
Эргэн сануулахад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 5-нд нээлтээ хийсэн билээ. Ерөнхий Ассамблейн гол арга хэмжээ болох улс төрийн ерөнхий санал, шүүмжлэл, илтгэл есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болох бөгөөд үүнд дэлхийн улс орны удирдагчид, Гадаад хэргийн сайд нар зэрэг 100 гаруй орны төлөөлөгч оролцоно. Орос, Украины дайн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус чуулганаар хэлэлцэх үндсэн чухал сэдвүүдийн нэг болоод буй юм.
Тэгвэл Хойд Солонгос, ОХУ-ын төрийн тэргүүнүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохгүй. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн биеэр оролцоно. Тэрбээр Орос, Украины дайны асуудлыг хэлэлцэх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд биечлэн оролцох юм. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзана.