Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг дэмжих замаар Евробүсэд нэгдсэн төсөв, сангийн ганц сайд бий болгох санааг нааштай үнэлж байгаагаа Ангела Меркель мэдэгдлээ.
Энэ долоо хоногт чуулах Европын холбооны чуулганы өмнө тус тивийг илүү нэгдмэл байлгах үүднээс Brexit-ийн яриа хэлэлцээний үеэр, үлдэж буй 27 гишүүн улсыг бутаргахгүйг хичээнэ хэмээн Германы канцлер Их Британид анхааруулав.
“Британи гарах асуудлаарх яриа хэлэлцээний гол эрсдэл нь та бид өөрсдийнхөө ирээдүйд санаа тавихгүй байгаа явдал. Иймд хамт байж, цаашид талцахаа зогсооцгооё” хэмээн хатагтай Меркель Берлин дэх Германы аж үйлдвэрийн холбооны (BDI) жил тутмын их хурал дээр мэдэгдлээ.
Ноён Макрон ч дэвшүүлсэн евробүсийг шинэчлэх төлөвлөгөөг хатагтай битүү дэмжиж байгаа нь өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед муудсан хоёр улсын харилцааг Берлин сэргээх гэж буйн дохио юм.
“Гэхдээ та бид буруу юманд бие биеэ дагалдалгүй, зөв юманд нэгдмэл байж, нэгдсэн төсвөө утга учиртай ашиглах нөхцөлд л Европын холбоо урагшилж чадна” хэмээн хатагтай Меркель тодорхой ойлгууллаа. Энэхүү анхааруулга нь Франц тэргүүтэй евробүс өргөжвөл Германы татвар төлөгчдийн нуруунд нийтийн өрийг үүрүүлж болзошгүй гэсэн хардлагын илрэл боллоо. Хатагтайд өөрт нь ч есдүгээр сард болох парламентын сонгуультай холбоо бүхий улс төрийн эрсдэлт нөхцөл тулгараад байна.
Бүс нутагт эдийн засаг сэргэж, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ноён Макрон ялсан явдлыг евробүсэд шинэчлэл өрнүүлэх боломж болгон ашиглахаар Европын холбооны нөлөө бүхий хэд хэдэн улстөрч шавдуулж байна. Олон улсын тавцанд АНУ-ын оролцоо суларч, Их Британи Европын холбооноос гарч буйтай уялдан үүссэн тодорхой бус нөхцөлд Герман орны бие даах чадварыг аль болох сайжруулахаар хатагтай Меркель эрмэлзэж байгаа.
Тэрбээр энэ долоо хоногт албан ёсоор эхэлсэн Brexit-ийн яриа хэлэлцээг үзэл бодлын өөдрөг уур амьсгал дунд өрнүүлэх хүсэлтэй. Гэхдээ “Анд нөхдөө авч үлдэхсэн, сайн түншийн харилцаагаа үргэлжлүүлэхсэн гэсэн бодолтой бидний хувьд энэ яриа хэлэлцээ нь Британийг гаргах төдий бус, Европын холбооны ирээдүйтэй холбоотой чухал асуудал” хэмээн онцлон анхаарууллаа.
Ажилчдын эрхийг хязгаарлах мөртлөө Европын холбооны дотоод зах зээлтэй чөлөөтэй харьцах эрхээ хадгалж үлдэх Британийн аливаа санал санаачилгыг хатагтай Меркель эсэргүүцэж байгаа. Тэрбээр бараа, хөрөнгө, хөдөлмөр, үйлчилгээ дөрөв чөлөөтэй эргэлдэх нөхцөлийг хуульчилсан Европын холбооны дөрвөн эрх чөлөөг аз туршсан, эрсдэлтэй нөхцөлд хэрхэвч оруулах ёсгүй гэсэн байр сууриа давтан тайлбарлав.
“Британийн санал санаачилгыг анхаарах нь мэдээж боловч, эн түрүүнд гишүүн 27 улсынхаа эрх ашгийг хамгаална” хэмээн хатагтай мэдэгдлээ.
Парламентын сонгуульд хатагтай Меркельтэй өрсөлдөж байгаа Социал демократ намын Мартин Шульц Их Британи Европын холбооноос гарч буй явдалд харамсаж буй германчуудын байр суурийг хурлын үеэр илэрхийлж байв. Ноён Шульц “Brexit-ийн яриа хэлэлцээр Brexit биш болж төгсөх аваас хамгийн зөв үр дүн гарч буй хэрэг” хэмээн өгүүлэв.
Германы бизнесийн удирдлага Brexit-ийн сөрөг үр дагавраас болгоомжилсоор. Brexit нь Германы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт бодлогын гол эрсдэл болж байгааг BDI-ийн тэргүүн Дитер Кемпф анхаарууллаа. “Бизнесийн салбарт шилжилтийн болоод ирээдүйн харилцааг тодорхойлох хууль журмыг аль болох даруйхан тодорхой болгох шаардлагатай” хэмээн ноён Кемпф тайлбарлав.
ХБНГУ-ын тухайд Их Британи нь АНУ, Францын дараа орох гурав дахь чухал зах зээл. Өнгөрсөн зургадугаар сарын 23-ны Brexit-ийн санал хураалтаас хойш эдүгээ хүртэлх хугацаанд Их Британийг чиглэсэн экспортын хэмжээ 3.5 хувиар унажээ.
Гэхдээ дэлхий дахины хүрээнд авч үзвэл ХБНГУ-ын экспорт “Маш сайн” төдийгүй, үйлдвэрлэлийн захиалга сүүлийн зургаан жилийн үнэмлэхүй дээд түвшинд өссөн дүнтэй байгаа. Эдийн засгийн судалгааны Ifo хүрээлэнгээс лхагва гарагт гаргасан тооцоогоор Германы эдийн засаг энэ онд 1.8, ирэх 2018 онд хоёр хувиар өсөх төлөвтэй байна.
Дональд Трампыг дурдахгүй өнгөрлөө ч тусгаарлах, зожигрох явдал гаарч буй өнөөгийн нөхцөлд нээлттэй зах зээлийн төлөө тэмцэхээ хатагтай Меркель BDI-ийн хурал дээр өгүүлж байв.
Ирэх сард Хамбүрг хотноо болох “Их 20”-ийн чуулга уулзалтаар гишүүдийн байр суурийг нэгтгэхийн төлөө чармайх ч АНУ-ын Ерөнхийлөгчийг ятгах нь хүнд хэмээн хатагтай үзлээ. “Хамбүргт өргөн цар хүрээтэй хэлэлцээр байгуулахын тулд бүгд чадах бүхнээ хийнэ. АНУ-ын шинэ засаг захиргааг үгэндээ оруулах нь амар хэрэг бус. Гэхдээ л чармайцгаана” хэмээн тэрбээр нэмж тайлбарлав.
Штефан Вагштил