Улаанбаатар хотын иргэдийг талх, төрөл бүрийн амтат гурилан бүтээгдэхүүнээр хангаж буй “Талх чихэр” хувьцаат компанийн Ерөнхий менежер Чулуунцэцэгийн Энхтуяаг ярилцлагын зочноор урилаа. Сар шинийн баяраар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулж, төрдөө үнэлүүлсэн тэрбээр энэ үйлдвэр 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр байгуулагдахад ажлын гараагаа эхлүүлж, өнөөг хүртэл 40 жил ажиллаж буй тууштай, хөдөлмөрч эгэл жирийн эмэгтэйчүүдийн төлөөлөл. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр нийслэл хотын айл бүрийг өглөөний цайны шинэхэн талхаар хангах, ямар ч цаг үед үл тасалдах хүнсний үйлдвэрийн хэмнэлд 41 дэх жилдээ ажиллаж буй түүний ажил, амьдралын замналын талаар ярилцсан юм.
-Та Талх чихрийн комбинатад анх ямар албанд нь ажиллаж байв?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Улаанбаатар хотод талхны хоёр дахь үйлдвэрийг байгуулах шийдвэр гарч, төслийн ажил 1979 оноос эхэлсэн. ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан үйлдвэр л дээ. Төсөл дээр үйлдвэрийг үүсгэн байгуулагчдын нэг, манай анхны захирал Д.Пүрэвжав дарга яаманд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаад, үйлдвэр нээхэд захирлаар томилогдсон. 1983 оны сүүлчээр тоног төхөөрөмжүүдээ суурилуулж, туршилт тохируулгаа хийх үед боловсон хүчнээ ажиллуулж, 1984 оны долоодугаар сард үйлдвэрийн нээлт болж байв.
Би хуучнаар Хүнсний технологийн техник мэргэжлийн сургуулийг хүнсний технологийн ажилтнаар дөнгөж төгсөөд, 1983 онд 19-20-тойдоо л ажилд орж байлаа. Талхны зуурмаг зуурагчаар ажлын гараагаа эхэлсэн. Үйлдвэрийн нээлтэд Ж.Батмөнх дарга оролцож, тууз хайчилсан түүхэн гэрэл зургууд байдаг юм. Тухайн үед ЗХУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуусан орчин үеийн үйлдвэр нээж байлаа.
-Та үйлдвэрийнхээ нээлтийн ёслолд оролцож байв уу?
-Би үйлдвэрийн нээлтэд оролцоогүй. Ээлжтэй, үйлдвэрийн шугамд ажиллаж байв. Анх талх, чихэр, гоймон, нарийн боов үйлдвэрлэж байсан. 1983 онд одоогийн Атар өргөө, тэр үеийн талхны үйлдвэрээс Л.Янжин, Р.Цэрэндолгор тэргүүтэй мундаг технологич ажилтнууд ирж байлаа. Тэднээс их юм сурсан даа. Мөн одоогийн “Өгөөж” чихэр боов компани “Чихэр боовны үйлдвэр” нэртэй байлаа. Тэндээс мэргэжилтнүүд ирж бидэнтэй ажиллаж байсан.
-Олон жил ажилласан таны мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Айл бүрийн ширээн дээр өглөө бүхэн шинэ талх, боов боорцог байдаг. Тэр танил амтыг нь алдуулахгүйн тулд сэтгэл гарган ажилладаг нь ганц би биш, манай үйлдвэрийн хамт олны мэргэжлийн онцлог, бахархал юм даа.
-Хүмүүсийн багаасаа мэдэх болсон танил амт, дурсамжийн нэг хэсэг атар талх байдаг болов уу?
-Миний хувьд атар талхны үнэр хүүхэд наснаас хоногшиж дээ. Багадаа зусланд байхад арын дэлгүүрт талх ирлээ, үнэртэж байна гэцгээдэгсэн. Дараа нь талхны үйлдвэрийн ажилтан болоод энэ үнэр миний хамгийн дуртай үнэр болсон доо. Атар талхыг зуурахаас эхлээд хөөлгөх, жингэх, пийшингээс халуун талх гарах хүртэл 7 цаг, хөргөж савлаад үйлдвэрээс гарах хүртэл 10 цагийн процесс явагддаг. 2018 оноос эхлэн орчны бохирдлоос хамгаалж, эрүүл ахуйн үүднээс атар талхаа савлах болсон. Савладаг болохоос өмнө дэлгүүр ороход атар талх сайхан үнэртдэгсэн. Уутанд ороод үнэр нь мэдэгдэхгүй байгаа юм. Хөрөнгөн дээрээ талхаа зуурдаг учир амт, үнэр нь тийм сайхан байдаг юм.
Манай үйлдвэр анх хоногт 90 тонн талх, 15 тонн нарийн боов, 20 тонн хөндий гоймон /макарон/, 7.5 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай, дотроо хайрцаг сав, баглааны үйлдвэртэйгээр ашиглалтад орсон. Таван шугамаар талхаа тасралтгүй үйлдвэрлэдэг. Талхны тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэн автоматчлагдаж дээр үеийнхтэй харьцуулахын аргагүй ухаалаг болсон л доо. Одоо бол борлуулалтын захиалгаар цагт 2000 ширхэг атар талх үйлдвэрлэх хүчин чадалтай. Миний хувьд хамгийн номер нэг талх бол атар. Улаанбаатар хотод 380 мянган айл өрх байдаг, айл өрхүүдийн 70-80 хувь нь атар талхаа хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
-Тэгвэл гадны уламжлалт талхнуудаас та ямар талхыг онцлох вэ?
-Гадны талхнаас Францын уламжлалт багет сайн талх. Багетийн технологи нь өвөрмөц. Багетыг цэл хүйтэн усаар зуурдаг, хүйтэн технологийн бүтээгдэхүүн. Талх Европоос гаралтай гэж үздэг. Манай монголчууд Оросоос суралцсан талхны хэрэглээ өндөртэй ард түмэн. Харин манай уламжлалт хэрэглээ гэвэл гал дээрээ хайрдаг боов, боорцог зэрэг чанамал бүтээгдэхүүн л дээ.
АТАР ТАЛХНЫ ТОМ НЬ ТӨГРӨГ 70 МӨНГӨ, ЖИЖИГ НЬ ТӨГРӨГ 20 МӨНГӨНИЙ ҮНЭТЭЙ БАЙЛАА
-40 жилийн өмнө үйлдвэрээс гарч байсан атар талх, өнөөгийн атар талхны хооронд хэр их ялгаа байдаг вэ?
-Нэг онцлог нь атар талхны жорыг өнөөг хүртэл анхныхаас нь огт өөрчлөөгүй. Бид хэрэглэгчдэд танил болсон тэр амтыг анхны хэвээр үлдээхийг зорьсон. Гурилан бүтээгдэхүүн хийхэд түүхий эдийн чанар маш чухал. Гурил болгон талх болдоггүй гэж үг бий. Ямар хүчиллэг, цавуулаг, суналттай гурилаар талх барих вэ гэдэг стандарт бий. Тэр шаардлагын дагуу л ажиллана.
Энэ жилийн хувьд ургац сайн авсан ч бороо их орж, будаа угаагдсан. Будааны болц муу, жижигхэн байгаа зэрэг нь бүтээгдэхүүнд нөлөөлдөг. Тиймээс мэргэжлийн онцлог гэх үү дээ, бороо их орвол тариа будаанд санаа зовно. Манайх гурилаа дотоодын үйлдвэрүүдээсээ авдаг. Гурилын чанараас шалтгаалан атар талх заримдаа сэвсгэр том гардаг. Тэгэхээр хүмүүс хэт сэвсгэр болчихлоо гэдэг юм.
-Атар талх анх үйлдвэрээс ямар үнэтэй гарч байв?
-Үйлдвэрээс 1 кг, 700 гр-ын жинтэй том, жижиг атар талх гардаг байлаа. Атар талхны том нь төгрөг 70 мөнгө, жижиг нь төгрөг 20 мөнгөний үнэтэй байлаа. Талхны үйлдвэрийн таван шугам ажиллаж байсны үндсэн дөрвөн шугамаар нь том, жижиг, янз бүрийн хэлбэр хэмжээтэй атар талх үйлдвэрлэдэг. Нэг шугамаараа хэвгүй талх хийж байсан.
Талхны машин ирээд л 10 минутын дотор тэр дэлгүүр талхгүй болчихдог байсан гэхээр ард түмний амьдрал хүнд байж дээ. Үйлдвэр ч тасралтгүй ажиллаж, зах зээлийн хүнд үеийг давахад үүргээ гүйцэтгэсэн гэж боддог.
Одоо бол атараас гадна зуйван, дугуй олон төрлийн талх үйлдвэрлэж байна. Үйлдвэр 1984 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 24 цаг тасралтгүй ажиллаж, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн шинэ талхаар хангасаар байна. Талх стратегийн онцгой бүтээгдэхүүн учир үйлдвэр маань ковидын үед ч хатуу дэглэм, хамгаалалтын дор тасралтгүй ажилласан. Уламжлалт цагаан сар, баяр наадмаар л тус бүр долоо хоног амардаг.
-Үйлдвэр байгуулагдаж байсан 1980-аад оны эхэн үед энэ орчмын хот төлөвлөлт ямар байсан бэ?
-Нэгдүгээр хороолол дөнгөж баригдаж байсан. Тухайн үед манай үйлдвэрийн эргэн тойронд ямар ч байшин барилга байсангүй. Манай ажил хотын баруун захад их л хол санагддагсан. Ажлын ойролцоо харагдах хамгийн том обьект нь орос цэргийн хэдэн вагончик л байсан даа. Үйлдвэрийн барилга баригдсаны дараа бид нар дотор нь дотоод ажилд тусалж байгаад л үйлдвэрлэлээ эхлүүлсэн.
Би ажилд ороод удалгүй гэр бүлтэй болж, бид Хайлаастад хашаанд амьдарна. Манай том охин тэнд байхад төрсөн юм. 1991 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх хүмүүсийн сайн мэдэх Жуковын музейн ойролцоох хуучин Оросуудын амьдарч байсан орон сууцуудаас манай компани нэг байр авахад надад байр өгсөн. Тэр байрандаа бид өнөөг хүртэл амьдардаг. Ажил, гэрийн хооронд 30 гаруй жил нэг л замаар явжээ.
1990-2000 оныг хүртэл ажил, гэрийн хооронд автобусаар 15 минут явдаг байлаа. Одоо бол замын түгжрэл гайгүй бол нэг цаг, түгжрэл ихтэй үед хоёр цаг, орой зургаан цагт ажлаас гараад гэртээ 21.30-д очих үе ч бий. Улс маань их өөрчлөгдөж, хөгжиж байна. Харин замын түгжрэл сүүлийн жилүүдэд миний цагаас их авч байна даа. Сүүлийн 1-2 жилд түгжрэл бүр их болсон. Саяхан даа, ажлаасаа 18.00-д гараад, 11-р дунд сургуульд 18.35-д ирлээ. Тэндээс Төв шуудан хүрэх хооронд бүтэн цаг түгжирч байгаа юм.
-Нэг байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байна гэхээр орчин үеийн залууст сонин санагдаж мэдэх юм. Одоо ажлын байранд гарч буй Z generation-ий залуусын нэг байгууллагад ажиллах хугацаа маш богино болсон тухай судалгаа байдаг.
-Бидний үеийнхэн ихэвчлэн эзэмшсэн мэргэжилдээ насаараа үнэнчээр зүтгэдэг хүмүүс байсан даа. Үйлдвэртээ ажилласаар тэтгэвэрт гарсан хүмүүс манайд цөөнгүй бий. Үйлдвэр анх 1800 ажилтантай, ажилтнуудын 90 хувь нь эмэгтэйчүүд байв. Одоо бол 1000 ажилтантай. Эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын хүйсийн харьцаа адилхан болсон. Бидний залууд хэдийгээр автомат тоног төхөөрөмжүүдтэй ч зуурмагаа гараараа зөөх зэрэг хүчир ажил гардаг байсан бол одоо бүх машин автомат болсон. Тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж хүний оролцоо улам багасаж байна. Хүний оролцоо багасах тусам алдаа гарах магадлал багасдаг.
Одоо манай компанийнхан их залуужсан, нийт ажилтнуудын 90 хувь нь 20-30 насныхан. Орчин үеийн залуусыг харахад тогтвор суурьшилтай ажиллах тал дээр асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ залуусаас сурах зүйл их байна. Z generation-ийхэн маш нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ ажлыг ингэж биш, ингэж хийвэл яагаад болохгүй гэж гэх мэтээр бүтээлч сэтгэлгээ сайтай. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг маш хурдан эзэмшдэг, цахим хэрэглээ сайтай. Сургалт хийхэд хурдан ойлгодог. Энэ залуус дунд насанд хүрэхэд улс орны хөгжил хурдсах юм шиг санагддаг шүү.
-Дэлгүүрүүдийн лангуунд давснаас өөр юмгүй болж байсан зах зээлд шилжих үед үйлдвэр ямар байдалтай ажиллаж байв?
-Тэр үед дөрөвдүгээр хорооллын 43-р дэлгүүрт нэг талхны машин ирж талхаа буулгаснаас хойш 10 минут болохгүй арынх нь машин ирэхгүй бол Засгийн газрын хурлаар ордог байсан гэж манай ахмадууд ярьдагсан. Талхны машин ирээд л 10 минутын дотор тэр дэлгүүр талхгүй болчихдог гэхээр ард түмний амьдрал хүнд байж дээ. Үйлдвэр ч тасралтгүй ажиллаж, зах зээлийн хүнд үеийг давахад ард иргэдийн талхаар хангах үүргээ гүйцэтгэсэн гэж боддог.
-Тэр цаг үе түүх болж, одоо юм элбэг сонголт өргөн болжээ. Үйлдвэрээс гарч байгаа энэ олон төрлийн талхнаасаа танай гэр бүл алийг нь сонгодог вэ?
-Манай нөхөр бол атар талх л авдаг. Нөхөр бид хоёр энэ үйлдвэртээ танилцаж гэр бүл болсон. Манай нөхөр цэргээс халагдаж ирээд, үйлдвэрт жолооч хийж байгаад удаагүй 1986 онд гарсан юм.
-Ажлын гараагаа шинэ үйлдвэрээс эхэлж байх тэр үедээ Та ямар хүсэл мөрөөдөлтэй байв?
-Би Улаанбаатар хотын захын хороололд өссөн. Захын хорооллын хүүхдэд дээд сургуулийн хуваарь олдох боломж нь хотын төвийн сургуулийн хүүхдүүдээс хомс. Ингээд би Хүнсний технологийн коллеж төгссөн. Тиймээс өөртөө дээд боловсрол эзэмших зорилго тавьсан. 1986 онд мастер болоод, ШУТИС-ийн гурван сарын түргэвчилсэн сургалтыг төгссөн. Дээд сургуулийн сургалтын агуулгыг шахсан хөтөлбөртэй, олон сайн эрдэмтэн багш нараар хичээл заалгаж их юм сурсандаа талархаж явдаг. Дараа нь Хүнсний технологийн коллежоо шат ахиснаар төгсөөд, 2010-2012 онд Удирдлагын академид сурч, төгссөн юм.
Анх талхны зуурмаг зуурагчаас ажлын гараагаа эхэлсэн дунд мэргэжилтэн би 1986 оноос ээлжийн мастер, 1990 оноос ээлжийн мастер, ээлжийн технологичоор ажилласан. 2008 оноос компанийнхаа дээд түвшний удирдлагын зөвлөлд орж, 2020 оноос хойш ерөнхий менежер хийж байна. Эргээд харахад үйлдвэрийнхээ анхан шатнаас эхлээд бүх шат дамжлагуудад ажилласаар удирдах түвшний ажилд томилогджээ. Мэргэжил боловсролоо дээшлүүлж, үргэлж шинийг сурч мэдэхийн төлөө тэмүүлж ажилласаар өнөөг хүрсэн дээ.
-Таны амьдралдаа мөрддөг гол зарчим юу вэ?
-Шударга байх нь миний ажил, амьдралын зарчим. Аливааг аль болох сайн талаас нь харахыг хичээдэг. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Хүүхдүүддээ ч тэгж хэлдэг. Хүүхдүүд маань айл гэр болж, одоо хоёр хүргэн нэг бэртэй зургуулаа болсон. Дээр нь гурван зээтэй, манайх гэдэг айл өсөж үржиж л байна. Зорьсон зорилгынхоо төлөө үнэнчээр зүтгэж, тууштай хөдөлмөрлөвөл амьдрал шагнадаг гэж боддог.
-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулах үед Танд ямар мэдрэмж төрж байв?
-Би ямар нэг гавьяа шагнал авахын төлөө ажиллаагүй. Өөрт оногдсон ажлаа чанартай, хариуцлагатай хийх нь миний зорилго байлаа. Өчүүхэн хөдөлмөрийг минь төр засаг өндрөөр үнэлсэнд маш их баярласан. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагналаа аваад ажилдаа иртэл манай хамт олон улаан хивс дэвсчихсэн хүндэтгэлтэй сайхан угтсаан, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Манай гэр бүлийнхэн ч ирсэн, миний амьдралын дурсамжит сайхан өдрийг үлдээсэн дээ.
-1984 онд байгуулагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл ч олон болжээ.
-Тийм шүү. 1999 онд компани хувьчлагдаж, хувьцаат компани болсон. 1984 оноос ашигласан тоног төхөөрөмжүүд нэлээд хуучирч, талх, боов л үйлдвэрлэж байв. Улс орны нийгэм эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн тэр үед хувьчилж авсан хүмүүс маань техник технологийн шинэчлэл хийж, 2004 оноос эхлэн АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Чех, Франц, Герман, Голланд, Испани, Финланд гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсын стандарт хангасан хамгийн орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж, урсгал шугамуудыг салбартаа анх удаа нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 2024 онд үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой болно. Ойгоо угтаж бас нэг шинэ шугамыг ашиглалтад оруулахар тоног төхөөрөмжийн угсралт хийж байна.
Бид 2004 онд атар талхныхаа шугамыг, 2006 онд ургац, Монголдоо анх зүсэж савласан талх мишээл брэнд, мөн owl хэлбэрийн талх гаргасан. Тэр үеэс хойш компани өргөжин тэлж, гаднаас хөрөнгө оруулалт татаж, 2011 онд нарийн боовны шугамаа шинэчилсэн. Хүмүүсийн хэрэглээ чиг хандлага өөрчлөгдөхийн хэрээр дан атар талхнаас илүү баялаг жортой, эрүүл мэндийн амтлаг хөх тарианы талхнуудыг үйлдвэрлэж эхэлсэн. 2014 онд уламжлалт үндэсний чанамал бүтээгдэхүүн буюу бидний нэрлэж заншсан боорцог, хэвийн боовыг гараар хийдэг байсан бол Итали улсад үйлдвэрлэсэн шинэ шугамыг нэвтрүүлж, Монголдоо анх удаа урсгал шугамаар боорцог, чанамал гурилан бүтээгдэхүүн үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.
Европын холбооны улсууд үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, олон улсын стандарт шаардлагуудыг хангаж эхлэв. Тиймээс 2015 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандарт, 2021 онд хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрдүүлснийг баталгаажуулсан Австрийн TUV байгууллагаар EN ISO22000 стандарт шалгуурыг хангаж сертфикат авсан. 2023 онд ажилчдын орчин нөхцөлийг сайжруулснаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001 дэлхийн олон улсын стандартыг биелүүлсэн. Тэр хэрээр жилээс жилд хөрөнгө оруулалт хийж, тохижсоор байна.
-Монголчууд Ази, Европын орнууд руу явж, ирдэг болохын хэрээр гурилан бүтээгдэхүүний хэрэглээний шинэ соёл нэвтэрсэн болов уу?
-2010 оноос эхлэн монголчууд гадаад руу олноороо явах болсноор 2014 оноос эхлэн Европ, Америкийн соёл хэрэглээ нэвтэрсэн. Багет, хот дог, бургер зэрэг түргэн хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зах зээлийн шаардлага үүссэн. Тухайн үед би инженер технологич, борлуулалтын албаны даргатайгаа Францад очиж, багет талхны тоног төхөөрөмжийг судалж, 2014 онд багет талхны шугамаа оруулж ирсэн. Бид Итали, Германд жил бүр болдог гурилан бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн яармагт тогтмол оролцож байна.
Шаардлагатай тоног төхөөрөмж судлах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, энэ салбарын чиг хандлагааа мэдэхэд Европын үзэсгэлэн яармаг маш чухал байдаг. Миний хувьд хамгийн сүүлд 2018 онд Германы Мюнхэний үзэсгэлэнд оролцоод, кроссант буюу давхраат бүтээгдэхүүнийхээ шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. 2018 онд шугамуудаа суурилуулах ажил эхэлсэн боловч ковидоос болж хил гааль хаагдаж, 2022 оны эхээр гадны мэргэжилтнүүд ирж ажиллаад, 2022 оны тавдугаар сараас шугамуудаа ажиллуулж эхэлсэн. Манай залуу дарга нар жилд 2-3 удаа гадагшаа явж, туршлага судалж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажилласаар байна. Явсан хүн бүхэн шинэ санаа, шийдэлтэй ирдэг. Гурилан бүтээгдэхүүний хэрэглээний соёлыг бид Европоос хамгийн их хардаг.
-Хүмүүсийн амьдралын хэв маяг, жингийн илүүдэл зэрэг шалтгаанаас болж гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж байх шиг санагддаг. Энэ хандлага ажиглагддаг уу?
-Сүүлийн үед глютин, цавуулагтай гэх мэтээр гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай хүмүүс ч байна. Гэхдээ нүүрс ус талх, гурилан бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой юм. Нүүрс уснаас татгалзаж, талх гурилан бүтээгдэхүүн идэхгүй гэх нь буруу. Гурилан бүтээгдэхүүнд агуулагдах үл орлох амин дэм, эрдэс бодисууд хүний биед зайлшгүй хэрэгтэй. Миний хувьд туршлага судлах, шинэ тоног төхөөрөмж авах зорилгоор Швейцарь, Герман, Итали, Франц, Тайвань, Солонгос, Хятад ОХУ гэх мэт олон улсад очиж байлаа. Гурилан бүтээгдэхүүний салбарын чиг хандлагыг бид Европын соёл, хэрэглээнээс баримжаалдаг.
Европт явж байхад хүмүүс нь өглөөний цайндаа нүүрс ус буюу амтлаг талх, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Бид ч гэсэн өглөөдөө цөцгийн тостой талхаа идээд гарвал цөс хөөх, эрүүл мэндэд ч тустай гэж үздэг.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.