-“Ноён ногоон” номхрох цаг ирэв үү?-
Сүүлийн гурван жилийн турш “ноён ногоон”-д дарамтлуулсан төгрөг маань одоо л нэг юм амьсгаа авахтайгаа болов. Учир нь, сайн мэдээ мэр сэр дуулдах боллоо. Гадаад худалдаа маань өнгөрсөн оноос ашигтай гарч эхэлсэн. Үүнээс үүдээд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал ч хумигдаж байна.
2013 онд дээд цэгтээ буюу 1.9 тэрбум ам.долларт хүрч байсан төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн онд бараг дөрөв дахин буурчээ. Тэр дундаа өнгөрсөн жилийн сүүлийн хоёр улиралд энэ үзүүлэлт алдагдалгүй, бүр ашигтай гарсан байгаа юм. Гэтэл ам.долларын ханш буурахгүй, харин ч өсөөд байгаа нь хачирхалтай. “Ноён ногоон”-ы ханш сүүлийн гурван жилийн хугацаанд 50 гаруй хувиар чангарсан билээ. 2012 онд 1300 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар эдүгээ 1980 төгрөгөөс даваад байгаа шүү дээ.
Үүний гол шалтгаан нь төлбөрийн тэнцлийн хямрал байсныг эдийн засагчид тайлбарладаг. Үнэхээр ч валютын ханш төлбөрийн тэнцлийн тусгал болдгийг хялбархан харчхаж болно.
2013
- Төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн
- Ам.долларын ханш 22 хувиар өссөн
- Гадаад валютын нөөц 45 хувиар багассан
2012 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарч эхлэхтэй зэрэгцээд экспортын орлого хумигдсан. Мөн тэр үеэс Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ч багассан. Энэ асуудал 2013 онд бүр гүнзгийрч, экспорт 2.6, гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 хувиар огцом унасан шүү дээ. Үр дүнд нь манай төлбөрийн тэнцлийн алдагдал 1.9 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоож байв. Манай эдийн засгаас гарч явсан валютын хэмжээ орж ирснээсээ даруй 1.9 тэрбум ам.доллараар давсан хэрэг. Тиймээс ч гадаад валютын хомстол нүүрлэж, улмаар ханш нь өссөн гэх үү дээ.
Ам.долларын ханшийн өсөлтийг “хазаарлах”-ын тулд Төвбанк чадах бүхнээ хийсэн. 2013 оны эхээр дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан гадаад валютын нөөц мөн оны сүүлчээр 2.2 тэрбум ам.доллар болж, 45 хувиар багассан нь үүнийг гэрчилнэ. Гэсэн ч Монголбанкны хүч хүрээгүй юм. Тухайн жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 22 хувиар огцом унасан билээ.
2014
- Төлбөрийн тэнцэл 471 сая ам.долларын алдагдал хүлээсэн
- Ам.долларын ханш 11 хувиар өссөн
- Гадаад валютын нөөц 27 хувиар багассан
Тэгвэл өнгөрсөн жилээс байдал харьцангуй тогтворжжээ. Гадаад валют хомстож, ханш өссөн учраас бараа, бүтээгдэхүүн импортлоход хэцүү болсон. Үүнээс үүдээд монголчууд, Монголын компаниуд хэрэглээгээ танаж эхэлснийг импорт 2013 онд 5.6, өнгөрсөн жил 17.6 хувиар буурсан дүн харуулна. Нөгөө талд, Оюутолгойн үйлдвэрлэл эрчимжсэнээр өнгөрсөн онд манай экспорт 35.3 хувиар өссөн байна. Ийнхүү импорт буурч, экспорт нэмэгдсэнээр гадаад худалдаа маань түүхэнд анх удаа 538 сая ам.долларын ашигтай гарсан билээ. Харьцуулж үзэхэд, энэ үзүүлэлт 2013 онд 2.3, 2014 онд хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв. Гадаад худалдааны энэ их алдагдал үгүй болж, ашигтай гарч эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлсэн хэрэг. Нөгөө 1.9 тэрбум ам.долларт хүрээд байсан төлбөрийн тэнцлийн алдагдал 471 сая ам.доллар болж, бараг дөрөв дахин буураадахав. Гэлээ ч алдагдал л бол алдагдал. Өнгөрсөн онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 11 хувиар чангарсан бол гадаад валютын нөөц 27 хувиар буурсан байгаа юм.
2015...
Валютын ханш төлбөрийн тэнцлийн тусгал болдгийг бид сүүлийн хоёр жилийн жишээнээс харлаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал их байхын хэрээр төгрөгийн ханш суларсан байна шүү дээ. Тэгвэл энэ үзүүлэлт алдагдалгүй, ашигтай гарч эхэлсэн нөхцөлд төгрөгийн ханш сэргэх нь байна. Сайн мэдээ гэвэл, тэр цаг маш ойрхон, бүр энүүхэнд ирсэн бололтой. Муу мэдээ гэвэл, төгрөгийн ханш үнэхээр сэргэх, эсэх нь биднээс биш, Лондоны металлын бирж дэх зэсийн үнээс хамаарах юм.
Төлбөрийн тэнцэл 2013 оны эхний улирлаас эхлээд зургаан улирал дараалан алдагдалтай гарсныг графикаас харна уу. Харин өнгөрсөн жил нийт дүнгээрээ 471 сая ам.долларын алдагдал хүлээсэн боловч сүүлийн хоёр улиралд нь ашигтай гарсан байгаа юм. Харамсалтай нь, энэ үзүүлэлт тогтвортой байж чадахгүй байна. Тухайлбал, энэ оны эхний сард 285.5 сая ам.долларын алдагдалд орсон бол хоёрдугаар сард 44.2 сая ам.долларын ашигтай байжээ. Төлбөрийн тэнцэл тогтмол эерэг дүнтэй гарч байж төгрөгийн ханш тогтвортой өсөх нөхцөл бүрдэхийг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Үүний тулд сүүлийн гурван жил дараалан буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг тэд онцолж байна.
Эс бөгөөс ганц экспортын орлогоор зүтгүүр хийсэн төлбөрийн тэнцлийн ашиг тогтвортой байж чадахгүй. Учир нь, манай экспортын 90 орчим хувийг зөвхөн ашигт малтмал бүрдүүлдэг. Гэтэл дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ буурч байгаа шүү дээ. Тухайлбал, газрын тос, төмрийн хүдэр ганц жилийн дотор 50 орчим хувиар хямдарлаа. Тэдэнтэй харьцуулахад тогтвортой байсан зэсийн үнэ ч уруудах тийшээгээ хандах болсон. Өнгөрсөн онд манай экспортын 45 хувийг бүрдүүлсэн уг металлын ханш унавал орлого бас дагаад хумигдах нь тодорхой. Тиймээс үнийн хэлбэлзэл ихтэй байдаг ашигт малтмалын орлогод найдаж суух нь өөрөө маш том эрсдэл юм. Гэтэл одоо бидэнд өөр сонголт алга.
2011 онд 4.7 тэрбум ам.доллараас давж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 0.5 тэрбум ам.доллар болж, ес дахин буурчхаад байна. Тиймээс Монголд орж ирэх валют ганц сувгаар буюу экспортын орлогоор л дамжиж байгаа юм. Төлбөрийн тэнцлийн алдагдлын оргил үе 2013 онд хоцорсон. Одоо байдал сайжирч байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт татахад л хангалттай.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг хоёуланг нь биш юм аа гэхэд аль нэгийг нь шийдчихэд л эдийн засаг маань 2010-2011 оных шиг босоод ирнэ. Гэвч орлого нүүрс, зэсийн баяжмалаас хамааралтай хэвээр үлдсэн цагт эрсдэл биднийг дагасаар байхыг мартаж болохгүй. Энэ хүргээд нөгөө л улиг болсон үгээ давтах нь. Эдийн засгаа “солонгоруулах”, экспортоо төрөлжүүлэх шаардлагатай байна.
Д.Мөнхчимэг