Хэвлэл, мэдээллийн байгууллагууд жил бүрийн төгсгөлд тухайн оныхоо онцлох содон үйл явдлуудыг нэрлэдэг уламжлалтай.
Үндэсний портал GoGo.mn сайтын редакцаас ч энэ цаг мөчид 2010 оны олны анхаарлыг хамгийн их татсан хийгээд нийгэм, эдийн засагт гарсан онцлом ажил, үйл явдлуудыг нэрлэж байна.
Ингэхдээ бид Улстөр, Эдийн засаг, Гадаад харилцаа, Нийгэм, Эрүүл мэнд, Уул уурхай, Байгаль цаг уур, Соёлын өв, Спорт гэсэн есөн салбар болгон тухай бүр дэх онцлох үйл явдлуудыг тоймлон бичлээ.
Та бүхэн GoGo.mn –ийн нэрлэж буй онцлох сонин үйл явдлын хураангуй мэдээллийг хүлээн авна уу.
УЛСТӨР
Төр иргэнээ санаатайгаар хөнөөх үйлдлээ зогсоох эсэх асуудлыг хурцаар хэлэлцэж, МАХН МАН болсон жил
2010 он Монголын улстөрийн амьдрал харьцангуй ажил хэрэгч байдалтай өнгөрсөн гэж хэлж болно. Байнга л талцаж, маргаж байдаг улстөрийн хүчнүүд гар нийлэн томоохон ажлуудын ард гараад буй.
УИХ, Засгийн газрын өдөр тутмын ажил, үйл ажиллагаа үргэлжилдгээрээ үргэлжилж, тэднийг магтан саашайх, буруушаах хэсэг ардчиллын жам ёсоороо байсаар байгаа.
GoGo.mn –ийн зүгээс улстөрийн шийдлүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан асуудал бол яах аргагүй Ерөнхийлөгчийн цаазаар авах ялаас татгалзах санал байсан гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 орчим орон төрөөс хүнийг санаатайгаар хөнөөх буюу цаазаар авах ялаас татгалзаад байна. Үүнээс 90 гаруй орон цаазаар авах ялыг бүрэн халж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ялын гүйцэтгэл хийгээгүй аж. Үлдсэн Хятад, Иран, АНУ, Монгол зэрэг 60 орчим орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа боловч тэдгээрийн зарим нэгд ял оноох хэргийн тоог бууруулсан талаар Эмнести Интернэшнл мэдээлж байна.
Тэдний мэдээлснээр Хятад, Монгол, Вьетнам болон Хойд Солонгост цаазаар авах ял болон гүйцэтгэлийг нууцалсаар байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл манай улс хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж буйн илрэл юм.
Цаазын ял хэзээ гүйцэтгэх, гүйцэтгэсэн эсэх, шарилыг хаана оршуулсан зэрэг бүх мэдээлэл хаалттай байдаг нь олон улсын хүний эрхийн байгууллагуудаас ихээхэн зэмлэл хүртээд байгаа.
Иймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-нд “Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой” гээд “Амь уучлах гэдэг бол ял уучлах гэсэн үг биш” хэмээн цаазаар авах ялаас татгалзах санал гаргасан билээ. Ингэж Монголын хууль тогтоогч, боловсруулагч, жирийн иргэдийн дунд энэ асуудал хурцаар яригдаж эхлээд байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэхэд, өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжжээ. Үүнийг УИХ –аар хэлэлцэж хүлээн зөвшөөрвөл манайх автоматаар Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль зэрэгт өөрчлөлт оруулж цаазаар авах ялаас албан ёсоор татгалзах юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ онд хуулийн дагуу шүүхээс цаазын ял оноож буй ч нэг ч хүнд одоогоор ял нь гүйцэтгэгдээгүй байгаа гэнэ. Учир нь анхан шатны шүүхээс эхлээд Улсын Дээд шүүх хүртэл цаазын ял сонссон ялтан Ерөнхийлөгчөөс уучлалт хүсэх сүүлчийн боломж байдаг бөгөөд энэ ял сонссон бүх хүн амь уучлах хүсэлтийг тавьж төрийн тэргүүн тухай бүрийг хүлээж авсан бололтой.
МАХН МАН болов. Өнгөрөгч онд улстөрийн хүрээнд гарсан бас нэгэн содон үйл явдал нь манай улсын ууган нам болох Монгол Ардын хувьсгалт нам XXVI их хурлаа хийж удтал яригдаж байсан намын нэрээ солих асуудлыг шийдсэн явдал юм. Хувьсгалт хэмээх нэг үгийг л авч хаясан ч үүний цаад учир шалтгаан их нарийн хэмээн намын гишүүд нь ярьсаар буй. “Шинэчлэл, манлайлал, хөгжил” уриатай болсон тус намын их хурлаар МАН-ын гишүүд намын даргаа баталгаажуулж , бодлого болоод гишүүдийнхээ шинэ үе эхэлж буйг зарласан нь онцлом үйл явдал байлаа.
ЭДИЙН ЗАСАГ
Дэлхийн банк, Олон улсын валютын сан Засгийн газар, УИХ-д удаа дараа анхааруулсан ч ...
УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтууд 2010 онд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Бэлэн мөнгө тараах асуудал зарим нэгд хэргээ гаргасан ч дийлэнхэд нь балаг тарив.
Хүний хөгжил сангийн эхний хэсэг болох иргэн бүрт 70 мянган төгрөг тараах ажлыг цагаан сарын баярын өмнө эхлүүлсэн билээ. Хамгийн түрүүнд ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү мөнгийг хүртсэн. Энэ үед нэг оронтой тоонд байсан инфляци даруй хоёр оронтой болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав. Хамгийн харамсалтай нь эхний ээлжинд иргэдэд олгосон 70 мянган төгрөгийн дийлэнх нь БНХАУ-ын Эрээн хотын эдийн засгийг дэмжээд өнгөрсөн төдий зүйл боллоо гэж зарим улстөрчид халаглаж байсан сан.
Ийнхүү удалгүй бүх иргэнд 70 мянган төгрөгийг тарааж инфляцийн хөөрөгдлийн жолоог нь алдсан даа. Өөрөөр хэлбэл оны эхэнд тун таатай буюу 6-8 орчим хувьтай байсан инфляци 2010 оны дунд үед 16 хувьд хүртлээ өсчээ.
Буруу шийдвэр гаргаснаа ухаарсан Засгийн газар ийнхүү жилийн зорилтод 120 мянган төгрөгийнхөө үлдэгдэл 50 мянгыг сар сард хуваан 10 мян төгрөг байдлаар олгохоор болсон билээ. Ийнхүү Монголын төр 2010 онд нийт иргэддээ 330 орчим тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ.
Тэгвэл 330 тэрбум юу ч биш болсон байна. 2012 оны сонгуулиас өмнө амлалтаа хэрэгжүүлэх гэж улайрсан улстөрчид 2011 онд иргэн бүрт 252 мянган төгрөг буюу одоогийнхоос хоёр дахин их мөнгийг тараах, төрөөс оюутны сургалтын төлбөр болох 500 мянган төгрөгийг олгох зэрэг 805,2 тэрбумын халамжийн бодлоготой данхгар улсын төсвийг батлаад байна.
2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувь болж байна. Ийнхүү төсвийн алдагдал 10 орчим хувьд хүрч, нийгмийн халамжийн бодлого хэтийдэж хямралын өмнөх үйл явдлыг давтах алхам хийж буйг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас Засгийн газар, УИХ-д удаа дараа анхааруулсан ч тэд ёстой л “нүд нь балай, чих нь дүлий” гэдгийн үзүүлэв. 2011 оны харалган төсвийг батлахаас өмнө уг нь манай улсыг хямралаас бүрэн гарсныг Дэлхийн банк зарлаж байв.
“Атрын гурав дахь аян” үр өгөөжөө өгсөөр. Ерөнхий сайд асан С.Баярын санаачлан хэрэгжүүлсэн “Атрын гурав дахь аян”-ы өгөөж өнгөрч буй жилийн хамгийн гэрэл гэгээтэй зүйлүүдийн нэг байлаа. Учир юу гэхээр Монголчууд бид энэ намар сүүлийн жилүүдэд байгаагүй их хэмжээний ургацыг хураасан явдал юм.
Тухайлбал, 2010 онд 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169.0 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 5.0 мянган тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлжээ.
ГАДААД ХАРИЛЦАА
Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэл гаргав
Улирч буй 2010 онд Монгол улс гадаад харилцаа, бодлогын асуудалд ихээхэн ахиц дэвшил олсныг холбогдох хүмүүс цохон тэмдэглэж байна.
Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэл гаргасан нь улстөрийн харилцааны чиглэлээр энэ онд гарсан хамгийн том амжилт байлаа хэмээн бодлого тодорхойлогчид үзэж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Японы Парламентад үг хэлсэн хүндэтгэл, Японы эзэн хааны ордонд уригдсан хүндэтгэл, байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулсан хоёр шаттай 60 сая ам.долларын зээлд гарын үсэг зурсан зэрэг нь энэ оны гадаад харилцааны хүрээнд гарсан хамгийн томоохон ажлуудыг нэг гэж үзлээ.
Мөн манай улс хоёр хөрш оронтойгоо л гэхэд эдийн засаг, худалдаа, боловсрол, соёлын салбар дахь харилцааг нэлээд шат ахиулж чадсан. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн төрийн айлчлал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн зургадугаар сарын 1-2-ны хооронд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал, хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал зэргийн үр дүн юм. Тодруулбал, БНХАУ манай улсад 90 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлж, хөдөө аж ахуйг дэмжихэд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин ОХУ-тай манай тал олон жилийн туршид яригдаж байсан их өрийн асуудал, ураны салбарт хамтран ажиллах, ОХУ-аар Монгол улсын ачааг хөнгөлөлттэй нөхцлөөр тээвэрлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргийг хоёр тал хэлэлцэж шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурж шийдвэрлээд байна.
УУЛ УУРХАЙ
Нэг хүнд ногдох хувьцаа хамгийн багадаа 13 мянган ам.доллартай тэнцэхүйц байна гэсэн тооцоог гаргаад байна
“Алтан дээр суусан гуйлгачингийн үлгэр дуусч, алтан дээр суусан баячуудыг бий болгоно” хэмээн төрийн түшээд бодлого тодорхойлогчид маань ард түмний чихэн дээр цэцэг ургуулсаар хэдэн жилийг барлаа. Ямартай ч 2009 онд хоёр УИХ, гурван Засгийн газрын нүүр үзсэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор батлагдсан бол уул уурхайн дуулиан Тавантолгой нүүрсний орд газрыг эргэлтэд оруулах асуудлаар үргэлжилж байна.
6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд энэ нөөцөөрөө эхний тавд багтах Тавантолгой орд газрыг эргэлтэд оруулах асуудлыг УИХ тогтоол гарган Засгийн газарт эрхийг шилжүүлээд буй.
Тус орд газрын 10 хувийг нийт ард түмэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, 30 хувийг гадаадын хөрөнгийн биржүүдэд байршуулж хөрөнгө босгох, үлдсэн 50 хувийг төр өөрөө эзэмшиж байх эрх зүйн орчин бүрдсэн.
Түүнчлэн Тавантолгой ордын бүх үйл ажиллагааг төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс –Тавантолгой” байгуулж зохион байгуулахаар УИХ-аас тогтоол гаргасан билээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр “Эрдэнэс –Тавантолгой” компанийн ТУЗ байгуулагдсан мэдээлэл хэвлэлээр тархсан. ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй байх ба эх сурвалжуудын мэдээлж буйгаар ТУЗ-ын даргаар Төрийн өмчийн хорооны Д.Сугар томилогдоод байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Монголын ард түмэн анх удаа эрх тэгш бүх нийтээрээ ашигт малтмалын ордоос хувьцаа эзэмшихээр яригдаж буй энэ томоохон төсөл хэзээ жинхэнэ утгаараа хөдлөх нь нийт ард түмэнд тодорхойгүй хэвээр байна.
Ямартай ч зарим төрийн бус байгууллагуудын тооцоолсноор иргэн бүрт хувьцаа тараалаа гэхэд нэг хүн ногдох хувьцаа хамгийн багадаа 13 мянган ам.доллартай тэнцэхүйц байна гэсэн тооцоог гаргаад байгаа.
Мөн энэ онд гарсан бас нэгэн онцлом үйл явдал нь манай төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдийн огцом үнийн өсөлтүүд билээ.
Нэг тонн зэсийн үнэ гэхэд энэ онд 9000 ам.долларыг давж рекорд үнэ тогтоогоод байна.
НИЙГЭМ
Монгол улс иргэдээ бүртгэж бас тоолов
Улиран одож буй 2010 он бүртгэлийн асуудалд шинэчлэлт хийсэн жил боллоо. Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны Монгол улсын иргэдээс 90,7 хувь нь буюу 1,718,993 иргэн хамрагджээ. Үүний 725795 иргэн буюу 90,2 хувь нь нийслэлээс, 993, 198 иргэн буюу 91,1 хувь нь орон нутгаас бүртгэлдээ хамрагдсан байна. Харин ирж буй 2011 онд гадаадад амьдарч байгаа иргэдээ бүртгэх ажээ. Ийнхүү иргэдээ бүртгэсний дараа цахим картыг нэвтрүүлэхээр Улсын бүртгэлийн газар ажиллаж байгаа ажээ.
Улсын бүртгэлийн газраас явуулсан энэ том арга хэмжээний дараа Статистикийн үндэсний хорооноос Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллого-2010-ыг явуулсан. 10 жилийн хугацаанд нэг удаа хийдэг энэ тооллогын ХАОС-1 маягтыг 2,650,673 хүн бөглөснөөс Улаанбаатарт 1,153,440 хүн уг маягтыг бөглөсөн байна. Тооллогын дүн 2011 оны хоёрдугаар сард урьдчилсан байдлаар гарч, зургадугаар сард нэгдсэн эцсийн дүн гарах юм.
Бид юутай ч хүн амаа тоолж, бүртгэлд хамруулсан нь дараа дараагийн алхмыг хийхэд хамгийн чухал үндэс сууриа тавьж буй хэрэг юм.
ЭРҮҮЛ МЭНД
Тэргүүлэгч байх ёстой эрүүл мэндийн салбарын уналт
Удтал ужгирсан идээ бээр хагарах мэт зүйл эрүүл мэндийн салбарт болсон нь төрөх эмнэлэгт гарсан халдварууд хийгээд эмнэлэгүүд өвчтөнүүдээ багтаах ямар ч боломжгүй болсон явдал байлаа.
Энэ хэцүүхэн нөхцөл байдал 2010 онд болсон нь л “гай” болохоос угаас арван алхмын цаадхыг хардаг хүнд бол хэдийнээ тохиох бодит зүйл байлаа.
Гэвч манайд алсыг харах чадвартай бодлого тодорхойлогчид байдаггүйн лайг ард иргэд бид үүрч эхэлж байгаа хэрэг. Манай эмнэлэгүүд бүгдээрээ 40-50 жилийн настай, нэг эмч, сувилагчид ногдох хүний тоо нь хэд дахин давсан, орны талаар бүр ярилт байхгүй. Эгээ л дайн болж буй мэт коридортоо дүүрэн эх, хүүхдүүдийг хэвтүүлсэн байдалтайгаар 2010 оныг өнгөрөөлөө. Одоогоор манай улсад жилдээ 60 гаруй мянган эх амаржиж байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх юм.
Хамгийн сонирхолтой нь шинэ төрөх барих талаарх яриа аль долоо, найман жилийн өмнө эхэлсэн ч энэ жил л хэд хэдэн эх, үрийн аминд хүрч байж эцсийн шийдэлд хүрсэн хэрэг. Гэтэл МАН-ын байр хэчнээн хурдан босч буйг, Ардчилсан намын байрны мөнгө хэр хурдан цуглаж буйг харахаас ч ой гутмаар, жигшмээр санагдана.
Шинэ төрөх эмнэлэгийн сураг гарсаар юутай ч ирэх хавар барилгын ажил эхлүүлэхээр болсон.
Гэвч энэ байдал хамгийн хурцаар илэрсэн нь төрөх эмнэлэг болохоос үүний цаана бусад клиник, дүүргийн болоод хүүхдийн эмнэлэгүүд ч хэцүүхэн байдалд ороод байгаа. Тэдгээр эмнэлэгт хэзээ, хэдэн хүний амийг авч одож байж анхаарал хандуулах нь тодорхойгүй байна.
Мөн эрүүл мэндийн салбарт түгшүүрийн харанга цохих мэт цочрол өгсөн нэг зүйл нь ХДХВ/ДОХ-ын халдвартай донор илэрсэн явдал байлаа. Энэ нь “донорын цус хэр найдвартай байдаг вэ” гэсэн асуултыг тус салбарынханд тавихад хүргэсэн юм. Аз болж Цусны төвийнхөн болоод ЭМЯ-ныхны хэлснээр манай шинжилгээний аппарат сайтайн ачаар эрт илрүүлсэн аж. Гэвч цаашид анхаарахгүй бол тун ч аюултай нөхцөл байдал үүсч болзошгүйг энэ явдал сануулсан.
БАЙГАЛИЙН ГАМШИГ, ЦАГ УУР
Найрлаж, налайж суудаг малчин монголчуудыг “цуст 2010 он” тойрсонгүй, дайраад гарав
Улиран одож буй төмөр бар жилийг хүн төрөлхтөн “төмөр нүүрээ үзүүлсэн цуст 2010 он болж өнгөрлөө” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээж байна. Учир нь Гаитигийн 230 мянган хүнийг авч одсон газар хөдлөлт, Чилийн хоёр сая иргэнд сэтгэл санааны болон эдийн засгийн гарз учруулсан байгалийн гамшиг гээд энэ онд барагдахааргүй их “цохилт”-ыг дэлхий дахин амслаа.
Энэхүү цохилт сүүлийн жилүүдэд мөнгөнд сохорч, байгаль эхтэйгээ хайр найргүй харьцсан Монголчуудыг ч бас нөмрөн авлаа. “Бид 43 сая толгой малтай баян Монгол...” хэмээн бахархаж, цатгалдаж суух үе саяхан. Гэтэл цээжээ дэлдэж амрыг харж хэвтдэг бид байгалийн гамшгийн өмнө 9.7 сая малаа зүгээр л “тоолоод явуулчихав”. Зун намрын улиралд найрлаж, налайж суудаг малчин монголчуудын хувьд байгалийн энэхүү шоглоом хүнд нудрага болж 12 аймгийн 8700 малчин үгүйрэн хоосорч, 32 мянга нь 50-иас дээш хувиар малаа алдсан байна. Үүнийг дагаад хот бараадах ажилгүйчүүдийн цуваа үргэлжилж, махны үнэ хөөрөгдсөн ченжүүдэд завшаан болж махны үнэ тэнгэрт хадсан.
Гэтэл байдал намжиж зудын балаг арилж амжаагүй байхад хүн малын зоо тэнийсэн намар цагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сураг гарах нь тэр. Тус аймагт “гараагаа эхэлсэн” шүлхий Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийн 24 суманд “өртөөчлөн зочилж” 25 мянга 608 толгой малыг хуу хаман “залгиж” орхисон юм. Энэ сургаар төрийн сэнтийд залран суух сэхэл авсан төрийн эрх мэдэлтнүүд таван сая малаа вакцинжуулалтанд хамруулж амжсан билээ.
Түүнчлэн энэ онд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олны анхаарал татсан үйл явдлын нэг бол өнгөрөгч наймдугаар сарын 27-нд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ тансаг орд харшнаас татгалзаж элсний нүүдэл буюу цөлжилт хамгийн эрчимтэйгээр явагдаж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх газарт нэг өдрийн хуралдаанаа хийсэн явдал байлаа.
Байгалийн гамшиг, цаг агаарын дулаарлын эсрэг хийх ажилд нэг том дохио болон энэхүү хуралдааныг хийсэн. Нэг талаар эх оронч хүсэл эрмэлзлэлээ ард түмэндээ илэрхийлж буй хэлбэр мэт боловч нөгөө талаар олон нийтээс “үнэлгээ авах, карьераа өсгөх тактик ч гэмээр оролдлого байсан билээ. Ямартай ч малаа зуд, шүлхийд “залгиулсан” малчид ч тэр, төрийн эрх баригчид ч тэр 2010 онд сургамж авч нэгийг ухаарч хоёрыг эргэцүүлсэн биз. Айлчлан ирж буй шинэ жилдээ онд мэнд ороосой доо.
СПОРТ
Дэлхийн аварга, Олимпийн аваргуудыг төрүүлсэн спортынхан маань үнэхээр илүү...
Юун түрүүнд спортын олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдийг нүүр улайлгүй зохиож болохоор 5045 хүний суудалтай битүү ордонтой болсныг дурьдах нь зүй.
Чөлөөт бөх. Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Японы алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн цомын аварга, оюутны ДАШТ-ий хошой алтан медальт, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Шода Аяаког манай бөх С.Батцэцэг илүүрхэн ялж, улмаар Хятадын бөхийг ч өвдөг шороодуулан Дэлхийн аварга болж эх орон нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэрээр чөлөөт бөхийн түүхэнд 35 жилийн дараа аваргын алтан медалийг эх орондоо авчирсан бол, эмэгтэй бөхчүүдийн хувьд энэ нь анхны аварга болсон явдал юм. С.Батцэцэг энэ жилийн “Бөртэ Чоно 2010” наадмын тэргүүн шагналыг хүртсэн билээ.
Хөлбөмбөгийн ДАШТ. Сар үргэлжилсэн энэ тэмцээн Монголчуудыг бараг л эр, эм, хөгшин залуугүй хөлбөмбөгийн хорхойтон болгов. Хойд Солонгосын баг тамирчид, Паул наймаалж, вувузела бүрээ гээд сонин содон зүйлсээр дүүрэн байсан ДАШТ-нд Паулын зөгнөсөнчлөн Испанийн баг Дэлхийн аварга болсноор тэмцээн өндөрлөж Монголчууд ч амарсан. Харин Голландын хөгжөөн дэмжигчид болон хэдэн шар айрагны мухлаг л сэтгэл дундуур үлдсэн билээ.
Сүмо. Арлын орны сүмо бөхийн түүхэнд өөрийн нэрээ тод томруунаар үлдээж, дэлхий дахинд нэрээ дуурсгаад авсан Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү энэ онд зодог тайлж олны анхаарлыг татаад авсан. Их аварга Асашёорюү 2003 онд ёкозуна цол хүртэж, сүмогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч, Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сүмо¬гийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм.
Тэрбээр мөн 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь түрүүлж, агуу амжилт гаргасан анхны сүмоч болж байлаа.
Харин Их аврагын замналаар барилдсан Хакүхо япон бүсгүйтэй гэрлэж, Япон улсын иргэншил хүслээ. Хакүхо Япон улсын иргэн болох аваас мэргэжлийн сүмо дахь түүний байр суурь илүү хүндтэй болохын зэрэгцээ ганхашгүй бат болно хэмээн ажиглагчид дүгнэж байгаа.
Медаль. Өнгөрч буй энэ онд спортынхон маань эх орондоо болоод олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдээс нийт 120 алт, 85 мөнгө, 139 хүрэл медалийг эх орондоо авчирч, элгэн садан ард түмнээ баярлуулсан байна.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зургаан өдрийн турш амжилттай зохиогдож өндөрлөсөн. Энэ тэмцээнд 10 жинд, 15 орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсын тамирчид 49, 52, 64 кг-ийн жинд аваргалж гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медалийг хүртэж, багийн дүнгээр бусад орноо тэргүүлсэн юм.
Олон улсын олимпийн хорооноос анх удаа зохион байгуулсан Хүүхдийн спортын анхдугаар олимпоос манай тамирчин Б.Батцэцэг, Спортын гимнастикийн тамирчин Г.Эрдэнэболд нар алтан медаль хүртсэн нь эх орон нэгтнүүдээ баярлуулсан чухал үйл явдал боллоо. Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг нар “Бөртэ Чоно 2010” наадмаас “Шилдэг залуу” тамирчин шагналыг хүртсэн юм.
Энэ наадамд ОУОХ-нд бүртгэлтэй дэлхийн 204 орны 14-18 насны 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
“Цэцгийн хот” хэмээгдэх БНХАУ-ын Гуанжоу хотод болж өнгөрсөн Азийн олимпийн XVI наадамд нийт 45 орны 10 мянга гаруй тамирчид 476 багц медалийн төлөө хүч сорьсноос БНХАУ нийт 416 медалиар тэргүүлж, БНСУ 232, Япон 216 медалийн амжилттайгаар удаалсан. Харин манай улсын хувьд 16 медалийг эх орондоо авчирснаас Монголын баг, тамирчид нийт 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн болжээ.
Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 89 жилийн ойн баяр наадмаар ес даван түрүүлж, арслан цол хүртсэн Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Б.Ганбатын талаар энд дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Тэрээр заан цол авснаасаа хойш 12 жилийн дараа ийнхүү наадамд түрүүлж, наадамчин олноо баярлуулсан билээ.
СОЁЛЫН ӨВ
“Монгол дээл”-ийн сураг тасарсан ч “Монгол хөөмий”, “Наадам”-ыг өмчилж амжлаа
“Хятадуудад дээлээ алдчихлаа” хэмээн нэгэн үе сандарцгааж, “Дээлтэй Монгол” хөдөлгөөн хүртэл зохион байгуулж үндсэрхэгжсэн Монголоо гэж... Гэвч энэ бүхэнд хайнга хандсан гэгдэх ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасан, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбаттай хариуцлага тооцож албан тушаалаас нь унагалаа ч өнөөдрийг хүртэл “Монгол дээл”-ээ өмчилж амжаагүй л явна.
Гэхдээ бас ололттой... Учир нь энэ онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт баяр: Наадам”, Ази, Европ, Арабын 12 улстай хамтарсан “Бүргэдийн ан буюу Шувуучлахуй” өвүүдийг тус тус бүртгүүлсэн томоохон үйл явдал болсон юм. Түүгээр ч барахгүй энэ агуу уламжлалыг цааснаа буулгаж, хойч үедээ баримт болгон үлдээсэн, “Монгол үндэстний биет бус соёлын өв” ном хэвлэгдэн гарсан. ЮНЕСКО-д 54 улсын 80 гаруй биет бус соёлын өв бүртгэлтэй байгаагийн найм нь Монгол улсынх ажээ.
Монгол улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэж дангаар нь бүртгүүлсэн бол 2005 уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэйгээр БНХАУ-тай хамтран бүртгүүлсэн байна. Харин 2009 онд Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол тууль, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг гэсэн гурван төрлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд тус тус бүртгүүлж амжжээ.
Ийнхүү элдэв хачнаар дүүрсэн 2010 он ард үлдлээ. Ирж буй 2011 ондоо нийт Монгол түмэн минь дэлхийг сортойлгох сайхан сонинтой, ажил үйлс нь бүтэмжтэй, амжилт бүтээл дүүрэн байхыг ерөөе.
Тоймыг бэлтгэсэн Ч.Болортуяа, О.Ариунбилэг, Г.Одгарав