Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэвэл ам.долларын ханш тогтворжих боломжтой хэмээн таван эдийн засагч тутмын гурав нь үзэж байна. Тэдний хоёр нь эрдэс түүхий эдийн үнэ одоо бай гаагаас огцом өссөн тохиолдолд төгрөгтэй харьцах ам.долларын ханш буурна гэв. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2213 төгрөгтэй тэнцэх болсон. Хэдийгээр есдүгээр сар гарснаас хойш ам.долларын ханш буурч байгаа ч өндөр хэвээр байна.
Бодлогын залгамж халааг хадгалахыг хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газраас хүслээ
Арав дахь жилдээ зохион байгуулагдсан “Invest Mongolia- 2016” чуулганд оролцсон гадаадын зочид Монголд ховордоод байгаа ам.доллараар төлбөр хийсэн нь лавтай. Тэд чуулга уулзалтад саатах хоёр хоногт чамгүй ам.доллар зарцуулсан байгаасай гэж итгэнэ. Энэ нь дотоодын эдийн засагт, тэр тусмаа борлуулалт саарсан худалдаа, үйлчилгээний салбарт бичил “хөрөнгө оруулалт” болж чадсан байх.
Гадаад валютын ханшийг бууруулахад хөрөнгө оруулагчдын үүрэг, оролцоо их гэдгийг ам.долларын ханш өнөө илэрхийлэх болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд эрдэс түүхий эдийн үнийн өсөлтийг харзнах нь лавтай.
Хэрэв коксжих нүүрсний зах зээл дэх үнийн сэргэлт тогтвортой үргэлжилсэн тохиолдолд дотоодын компаниудын санхүүгийн үзүүлэлт сайжирна гэсэн үг. Ингэснээр цомхотголд өртсөн иргэд ажилтай болж, өрхийн орлого нэмэгдэж, нийгмийн ажилгүйдэл болон ядуурлын түвшин буурна. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэх тусам эдийн засагт эерэг үзүүлэлт гарах нь дамжиггүй.
“Invest Mongolia-2016” чуулганд оролцсон хөрөнгө оруулагчид эрдэс түүхий эдийн зах зээлийн хандлагаас илүүтэй Монголын засаглалын тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад ямар боломж, дэмжлэг үзүүлэхээр байгааг тандах нь их. Шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж ирсэн уул уурхайн салбарт хэрхэн хандахаар байгааг сонжсон маягтай. Гэвч бодлого тодорхойлж, шийдвэр гаргах түвшний оролцогчид энэ удаагийн чуулганд бас л бараагаа харуулсангүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан байхыг үгүйсгэхгүй.
Манай улсын гадаад валютын улсын нөөц энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь импортын 4.6 сарын хэрэгцээг хангах хэмжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш чууллаа. Тэд боломж, бололцоог эрэлхийлж, бодлогын залгамж халааг нэн тэргүүнд хадгалж үлдэхийг шинэ Засгийн газраас хүсэв.
4.1 тэрбум ам.долларт хүрээд байсан валютын нөөц гурван жил дараалан буурсан. Тэгвэл энэ нь хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдал болон ашигт малтмалын үнийн уналттай холбоотойг “Женерал Электрикс” компанийн Монгол Улс дахь захирал Ц.Түмэнцогт тайлбарласан юм. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байвал хөрөнгө оруулалт богино болон дунд хугацаанд сэргэх ирээдүй ойрхон байна” гэв.
Зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төлөв эерэг байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчдын хувьд Монгол сонирхол татсан хэвээр болохыг 10 дахь удаагийн “Invest Mongolia- 2016” чуулган илтгэлээ. Энэ удаагийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байгааг тус арга хэмжээг зохион байгуулсан “Frontier” компанийн захирал Маса Игата дурдсан юм. Чуулганд оролцогчдын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. Оролцогчдын тоо ийн өссөн нь хөрөнгө оруулагчдын хандлага нааштай эргэж байгааг энэ удаагийн чуулган нэг талаар илэрхийлэх аж.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОЛОМЖ
Зүүн хойд Азийн бүсэд багтдаг зургаан улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй энэ бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршдог. Тэд дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж байгаа. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй БНХАУ, БНСУ, Япон улсын тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний хангамж гэдгийг “Invest Mongolia- 2016” чуулганд оролцсон “Акуо Энержи” компанийн Монгол Улс хариуцсан захирал Б.Түвшин хэллээ.
Хөрөнгө оруулалтын чуулган энэ оны 12 дугаар сарын эхээр Японы Токио хотноо болно
Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эрчим хүч экспортлогчдын анхаарлыг ихээхэн татах болсон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалт татах шинэ итгэл болж байгааг “Ньюком” компанийн дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг тодотгов.
Тэрбээр Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы “Монгол Улс дахь ногоон хөгжил ба сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” хэлэлцүүлэгт оролцсон юм. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан бүс нутгийн эрчим хүчний хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглээний тодорхой хэсгийг хангах боломжтойг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хэлтсийн Эрчим хүчний нэгж хариуцсан захирал Шигэрү Ямамура онцоллоо.
ЯПОНД УУЛЗАНА ШҮҮ...
Чуулганд оролцсон шинэхэн түншүүд дээрх үгийг хэлээд гар барилцан салцгаалаа. Тэд Улаанбаатарт эхлүүлсэн бизнесийн түншлэлээ Токио хотноо бататгахаар тохиролцсон нь энэ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын чуулган энэ оны арванхоёрдугаар сарын эхээр Японы Токио хотноо болох юм. Энэ үеэр Монгол, Японы эдийн засийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт болон хоёр улсын хоорондох стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар ярилцах аж.
Мөн шинээр бүрдсэн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Японы хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөжээ. Бизнесийн хамтын ажиллагаанд цаг хугацаа хамгийн чухал байдаг. “Хамгийн завгүй гэж тодотгож болох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад амжилт хүсье” хэмээн Маса Игата онцоллоо.
Б.Баяртогтох