Шинэ оны анхны өглөө үүрийн таван жингээр босов. УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооноос зохион байгуулдаг “Шинэ оны анхны нар харах аялал”-д явах гэж энэ. 4:30 цагт гэрээс гарвал ердөө урд шөнө хуучирч хайлмагтсан цасны ормоор халтайж байсан орчин тойрон, байшингийн дээвэр, замыг нимгэн цас бүрхэж өнгө засчээ. Бүх юм шинэ санагдах аж.
5:00 цагтай уралдан вокзал хүрэхэд хөл хөдөлгөөн алга. Галт тэрэг 6:00 цагт хөдөлнө. Шинэ оны нар харах аялалд анх удаа явах гэж байгааг хэлэх үү, би л яарсан бололтой. Бас байнгын хэвшил болсон замын түгжрэл бодогдож, хоцорчих вий гэж хэмээн санаа чилээж явсных биз. Суух ёстой 492 дугаар галт тэргээ хайж цуваа даган нааш, цааш 20-оод минут гүйсний дараа олж суулаа. Хүмүүс ч уван цуван ирсээр. УБТЗ-ынхан, Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, хэв журам сахиулах цагдаагийн албан хаагчид, онцгой байдлынхан, сэтгүүлчид, нийслэлийн иргэдээс гадна хаа холоос зорьж ирсэн жуулчид тал талаас цуглан удалгүй аяллын хамт олон бүрдэв.
“Шинэ оны анхны нар харах аялал”-ын “Нарны галт тэрэг” 6.15 цагт дохиогоо дуугарган хөдөллөө. Бидний очих газар нийслэлээс зүүн урагш 95 км-ийн зайд орших Багахангай дүүргийн нутаг “Хангай” өртөө юм. Дорнын ард түмний зан заншил, өв соёлын утга агуулгад түшиглэсэн өвөрмөц аяллын энэ чиглэлийг УБТЗ-ынхан 17 дахь жилдээ зохиож байгаа аж. 1999 онд тус газар дэргэдээ “Аялал жуулчлалын хамтын ажиллагааны төв” /одоогийн Аялал жуулчлалын товчоо/ -тэй болжээ.Анхны аялалд 2-3-хан вагон явсан гэхээр оролцсон хүний тоо цөөхөн гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл жилээс жилд хүрээгээ тэлж брэнд болтол хөгжжээ. Оролцох хүний ч тоо нэмэгдэж өдгөө “Нарны галт тэрэг”-ний урт цуваа хөвөрч байна. Бас аяллыг зорьж Япон, Солонгос, АНУ, ОХУ, Европын орнуудаас тогтмол ирдэг жуулчидтай ч болж. 2016 оны байдлаар л гэхэд УБТЗ 10 мянган жуулчин хүлээж авсан судалгаа гарчээ. Галт тэрэгний купонд буриад үндэсний дээл өмсч, хурган малгай хулгавчилсан өвгөжөөр эрхэм хамт явж таарав. Ахмад төмөр замчин, “Шинэ оны анхны нар харах аялал”-ын анхны зохион байгуулагчдын нэг Д.Лхагвасүрэн гуайтай ингэж танилцлаа. Тэрээр “Анхны аялалд арван хэдхэн хүн явж байлаа. Одоо 15-16 вагон бүхий галт тэрэгний цуваа явдаг болсон.
Гадаадын жуулчдаас гадна Улаанбаатар дахь Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд, АНУ, Япон, Солонгосын Элчин сайдын яамд тогтмол оролцдог. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын үе үеийн гишүүд, төмөр замчид, сүүлийн үед иргэд идэвхтэй оролцдог боллоо. Өөрийгөө ариусгаж, нарандаа залбирч, хүслээ, шивнэж жилээ шинждэг аялал цаашид өргөжиж нэг зөрлөгөөр тогтохгүй хөндий дүүрэн хүн цугладаг болох байх. Янз бүрийн үзүүлбэр нэмэх, аялагчдын сонирхлыг татаж, хүлээлт үүсгэх байдлаар хийх зэргээр сонирхолтой болговол цаашид улам амжилт олно” хэмээн дүгнэж байлаа.
Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа дэлхий, нар, сараа дээдлэн шүтэж бас учрыг нь танихыг оролдож ирсэн түүхтэй. Аварга амьтан нар, сарыг ээлжлэн залгидаг, өдөр, шөнийн учир тэр гэж ойлгодог байсан балар эртний үед ч, шинжлэх ухааны суурийг тавьсан соён гэгээрлийн зуунд ч, нууцын оньсыг тайлсан хөгжлийн эринийг өртөөлж ирэхдээ хүн төрөлхтөн, улс үндэстнүүдийн таньж мэдсэн зүйл асар их.
Хуримтлуулсан туршлага ч зузаан. Харин тэр дотор ээлт наран, эх дэлхийгээ хайрлах, дээдлэх, тахиж шүтэх үзэл мөнх байсаар ирэв. Дорно дахины ард түмний уламжлалт соёл, заншлаар бол тухайн жилийн мандаж буй анхны нарыг харж, ажил хөдөлмөр, амьдрал үйлстээ цацрагийг нь шингээн, эрч энергиэр цэнэглэгдлээ гэж бэлгэддэг. Тэр дундаа хөх тэнгэр, наранд ойрхон монголчуудын хувьд бүр эртнээс нарыг эрхэмлэн үздэг. Чингис хааны үед уул, усаа тахихын сацуу нарны тахилгыг тусгайлан хийдэг байжээ.
Түүх, домгийг түр азнан өдгөө европ тооллоор XXI зууны 2017 оны анхны нар харсан тахилгыг зураглаваас бас л сонин дүр төрх харагдаж байна. “Нарны галт тэрэг” 8.15 цагт төмөр замын “Хангай” өртөөнд дохиолон зогсохуйд аялагчид буулаа. 2-3 газар том түүдэг асааж, тайз маягийн тавцан засчээ. Цагдаагийн албан хаагчид талбайг тойруулан олс татаж, оролцогчид тойрон зогслоо. УБТЗ-ын төлөөлөгчид, аялал жуулчлалын товчооныхон аялалыг нээж үг хэлсний дараа ТЗДБЧ-ын уран бүтээлчид “Уяхан замбуу тивийн наран”-г эгшиглүүлэн цамын бүжиг бүжиж, хүндэт зочид Төрийн далбаагаа мандуулав.Зохион байгуулагчид нар харах аялал, наранд мөргөх ёслолын хөтөлбөрийг ч, бэлтгэл ажлыг үнэхээр ягштал сайн базаасан байлаа.
Харуй бүрийд тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ ягаарч, аажмаар өнгө нь засран шаргалтавч наран гарч ирдэггүй. Ийнхүү хүлээлт үүсгэх нь тэрүүхэндээ дуншиж, тунирхан байх шиг бас л сонин мэдрэмж. Байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж буй хүн төрөлхтөнд шинэ оны нар “Дэлхий ижийгээ хайрла” гэж хэлсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Ер нь бол үүлэрхэг үед нар бараг харагддаггүй л дээ. Зорьж ирсэн зочдод нар харагдахгүй бол сэтгэл тиймхэн байх сан. Энэ эргэлзээ, тээнэгэлзээ дунд 8:44 цагт тэнгэрийн хаяанаа өвлийн туниа муутай нар ёлтойх нь тэр. Хурсан олон сүү, идээ, будааны дээжээ өргөн хурайлав. Тэнд төрийн далбаандаа нарыг залсан Япон улсын жуулчид ч, нараа шүтдэг монголчууд ч гараа дэлгэн залбирч байв. Харин нэг л юм өөр байв. Японы жуулчид нар руу харан алгаа дэлгээд нүдээ анин залбирч, хүслээ шивнэж буй бололтой чимээ анир үл гаргах. Зарим нь газар сөгдөөд духаа газарт наан мөргөх.
Манайхны олонх нь том, том савтай сүү гаргаж ирээд палхийтэл хаа хамаагүй цацчих юм. Нэг харсан бүх хүний өмссөн хувцас тарлан эрээн болчихож. Өөрсдөө тэрэндээ дассан байж болох ч гадны жуулчид юу гэх бол. Орчуулагчид нь юу гэж тайлбарладаг юм бол доо. Арай “Энэ их сайн. Бид ингэж л шүтдэг. Наранд өргөсөн сүүний дусалд оногдвол тэр хүнийг азтай гэдэг” гэж хэлдэг юм биш байгаа. Бас цөөн ам бүлтэй айл өлхөн хоол хийчих хэмжээний цагаан будааг уутаар нь цацчихаж байгаа хүн ч таарна лээ. Өргөхдөө бус мөргөхдөө, сүүг хаа хамаагүй цацахдаа бус сүслэхдээ гол учир байх буй за. Ингээд болохоор бидний соёлд бас ухамсарт өөрчлөх зүйл асар их байх шиг.
Буцах замд хүмүүсийн яриаг сонсч явах нь ээ, бүгд л сайхан байна гэцгээх. Албаны хүний үгийг сонсохоор шинэ оны анхны нар харах аялалд анх удаа оролцсон УБТЗ-ын удирдах газрын дотоод хяналт, шалгалт, аудитын албаны дарга н.Пунцагтай уулзахад “Аялал зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо. Шинэ санаа оноогоор дүүрэн буцаж байна. Аяллаа улам өргөжүүлмээр санагдлаа. Галт тэрэгнийхээ цувааг нэмэгдүүлж, урьдчилсан захиалга авах, эртнээс сурталчилгаа, мэдээлэл явуулах хэрэгтэй юм байна.
Шинэлэг зүйлийг агуулж байж аялагчдын сонирхлыг татна. Жишээ нь, түүх соёлын жил гэх юм уу, тухайн жилийнхээ онцлогийг агуулсан байвал сонирхолтой. Иймд ирэх жил зохиох аялалаа сурталчлах, таниулах, хүмүүсийг татах талд эртнээс анхаарахыг хамт олондоо уриалъя. Хамт олондоо шинэ оны мэндийг дэвшүүлж, ажилд нь амжилт хүсье” гэсэн юм.
Нар манддагаараа л мандана. Харин түүний хэлснээр, жуулчдыг татах шинэ сонин зүйлүүдээр хачирлавал, орчин үед “Ивэнт” гэж яриад байгаачлан “Шинэ оны анхны нар харах аялал” энэ чиглэлд урт настай, тун сонирхолтой бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой. Эцэст нь тэмдэглэхэд, шинэ оны анхны нар хэрхэн мандсаныг “орчуулваас” эвтэй бай, эх дэлхийгээ хайрла гэсэн шүү, монголчууд аа. Омогшвоос бид чинь европ тооллоор, мөн монгол зурхайнхаа хэмнэлээр шинэ оны анхны нарыг хоёронтоо харж сүсэглэдэг хосгүй ард түмэн билээ.
Ч.Үл-Олдох