Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадулам гэж хэн бэ. Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг 1924 онд байгуулагдахад тэр анхны даргаар нь ажиллаж байв. Ардын гэгээрүүлэх яамны томилолтоор 1925 онд Ленинград хотын Дорно дахины дээд сургуульд сурахаар явсан, 1926 онд Франц, Герман улсад анхны 35 хүүхэд, залуусыг сургахад мөн нөхөр Д.Нацагдоржийн хамт явсан Монголын анхны өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл. Д.Пагмадулам Германд Эмэгтэйчүүдийн сургуульд сурч байхдаа дуудагдан, 1929 онд нөхрийн хамт буцаж иржээ. Эх орондоо ирснээс хойш эмэгтэйчүүдэд шинэ үсэг заахын зэрэгцээ өрнөдийн соёлын зах зухаас сургаж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, улс төрийн идэвхийг сэргээхийн төлөө манлайлан ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн байжээ.
Д.Нацагдорж хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсоноор эхнэр Д.Пагмадулам мөн буруутгагдан, баригдаж таван жилийн хорих ялаар шийтгэгдэн, хилс хэрэгт хэлмэгдсэн түүний богинохон амьдралын бараан түүхийг цагаан болгосон хүн бол Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан. Тэрбээр 2015 онд Д.Пагмадуламын нэр төрийг сэргээлгэхээр цагаатгуулах үндэслэлийг бичиж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2019 оны 12-р сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Пагмадуламыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан юм. 1924 онд байгуулагдсан Бүсгүйчүүдийг боловсруулах тасгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Пагмадулам” нэртэй уран сайхны кино бүтээж, дэлгэцнээ гаргаж буй энэ үед судлаач Х.Мэндсайхантай ярилцлаа. Тэрбээр энэ түүхэн хүний амьдралын хувь заяаны талаар архивын баримт, материалд тулгуурлан "Пагмадулам" нэртэй ном бичиж хэвлүүлжээ.
-Монголын анхны боловсролтой эмэгтэйчүүдийн нэг Д.Пагмадуламын байгуулсан гавьяаг та судлаачийн хувьд хэрхэн тодорхойлох вэ?
-Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадулам нь Орос, Герман улсад суралцсан орос, герман хэлийг зохих түвшинд эзэмшсэн тухайн нийгмийнхээ эмэгтэйчүүдийн дунд мэдлэг боловсролтой нэгэн байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Аман мэдээгээр тэр үеийн Амгаланбаатарт амьдарч байсан учраас бага зэрэг хятад хэл мэддэг байсан бололтой. Амгаланбаатар хотод тэр үед хятад худалдаачид олноор суурьшиж монголчуудын өргөн хэрэглээний зүйлийг нэг талдаа хангаж байсан юм.
Архивын баримт мэдээнээс үзэхэд Пагмадулам Монголын эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэднийг соён гэгээрүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулсан тэр үеийн дэвшилтэт үзэлтэй бүсгүйчүүдийн нэг байсан. Тодруулж хэлбэл, эмэгтэйчүүдийн тэгш эрх, гэгээрэл боловсролын төлөө дуу хоолой нь болж чадсан манлайлан удирдагч эмэгтэйчүүдийн нэг байсан гэж хэлж болно. Түүний энэхүү үзэл санаа бүрэлдэхэд Их зохиолч Д.Нацагдорж бас нөлөөлсөн байх гэж би судлаачийн хувьд дүгнэдэг.
-Та Д.Пагмадуламыг төр, нийгмийн зүтгэлтэн хэмээн тодотгожээ. Ингэж тодруулах ямар үндэслэлүүд байна вэ?
-Монгол Улс 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эмэгтэйчүүд сурч боловсрох, сонгох, сонгоход эрх чөлөөтэй болсныг тэр үеийн Пагмадулам, Хаснавч, Янжин зэрэг бүсгүйчүүд бодитоор хэрэгжүүлэх зорилгоор олон ажил зохиож байгуулж байж. Үүний нөгөө талд МАХН-аас эмэгтэйчүүдийг татан оролцуулж, эгнээгээ тэлэх бодлого хэрэгжүүлж, бүсгүйчүүдийг намын гишүүнээр элсүүлж, тэднийг төр, захиргаа, олон нийтийн ажилд томилон ажиллуулах болсон байна.
Ингэж ажиллуулахын тулд бүсгүйчүүдийг бэлтгэх шаардлагатай болж, тэдэнд бичиг үсгийн боловсролтой нийгмийн идэвх зүтгэл сайтай, бусдыг манлайлан удирдах авьяас чадвартай эмэгтэйчүүдээр хичээл заалгасан. Тэдний нэг тод төлөөлөл нь Д.Пагмадулам юм. Түүхийн баримтад тэмдэглэснээр бүсгүйчүүдэд намын үзэл бодлыг ухуулахаас гадна “Дэвшүүлэх эмэгтэйчүүдийг бэлтгэх зургаан сарын түр сургууль” байгуулж тэдэнд монгол бичиг, тоо бодлого, дэлхийн байдал ба эдийн засгийн дэлхийн байдал, улс төр, эдийн засгийн бодлого, Монголын түүх, Зөвлөлтийн тухай, намын байгуулалтын тухай зэрэг 17 төрлийн хичээл зааж байв.
Мөн Бүсгүйчүүдийг боловсруулах тасгаас сургууль байгуулан Пагмадулам Гадаад Монголын бүсгүйчүүдийн тухай, Хаснавч Дотоод Монголын бүсгүйчүүдийн тухай, Гармаа, Бадамжав нар Буриад Монголын эмэгтэйчүүдийн байдлын тухай хичээлүүдийг тус тус заасан байдаг. Гэвч энэ сургууль санхүүгийн шалтгаанаас болсон уу, их удалгүй үйл ажиллагаа нь зогссон юм билээ. Энэ бүхнээс харахад Пагмадулам бол зөвхөн Монголын бүсгүйчүүд төдийгүй Өвөр Монгол, Буриад Монгол зэрэг монгол овогтны бүсгүйчүүдийн аж байдлыг судлан тэдний эрх тэгш байдлын төлөө оюун санаагаа зориулсан төр, нийгмийн зүтгэлтэн байжээ.
-Та Д.Пагмадуламын талаар яагаад судлах болсон бэ? Ямар боловсролтой хүн байв?
-Хүмүүсийн дунд Их зохиолчийн гэргий Пагмадуламын тухай ямар ойлголт байдгийг ярья л даа. Түүнийг МАХН-ын Суртлын хэлтсийн дэргэдэх Бүсгүйчүүдийг боловсруулах тасгийн анхны эрхлэгч, Монголын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, манлайлагч байсан талаар хүмүүс бараг мэддэггүй л дээ. Зохиолч, сэтгүүлчид Д.Пагмадулам, Д.Нацагдорж хоёртой хамт сурч ойр байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн гээд олон хүнээс Пагмадуламын тухай асуухад тодорхой зүйл хэлдэггүй байсан гэдэг. Ард олны дунд "Пагмадулам хар тамхичин, хятад хүнтэй суусан" гэх яриа л байдаг, одоо ч хэвээрээ шиг байна.
Д.Нацагдоржийн тухай “Саруул талын ерөөл” кинонд Пагмадуламын дүрийг ерөөсөө гаргадаггүй нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой байсан болов уу. Тэр кинонд Нацагдорж, Пагмадулам хоёрын хайр сэтгэлийн тухай хэсэг оруулсныг хасуулсан гэдэг. Тэгэхээр Пагмадулам иймэрхүү бүрхэг бүдэг түүхтэй хүн л дээ. Энэ бүхэн Пагмадуламыг судлах сонирхол татсан хэрэг. Нэг ёсондоо яагаад өдийг хүртэл зохиолч, судлаачид Пагмадуламын талаар судлахгүй орхив гэдэг асуулт гарч, түүнд хариулт олох гэж судалсан юм.
Манай нэрт эрдэмтэн Бямбын Ринчин гуай Нацагдорж, Пагмадулам хоёр болон нийт 20-иод хүүхэд 1925 онд Орост сурч байх үед нь очиж уулзсан тухай дурсамждаа “Д.Нацагдоржийн дайтай түүх бичиг үзсэн хүн тэдгээр оюутнуудын дотор дөрөв таваас илүү байхгүйн дунд Нацагдоржийн гэргий Пагмадулам гэдэг эмэгтэй монгол бичиг сайн мэддэг, ном их үзсэн залуусын тоонд ордог байлаа. Романы баатрын тухай ярилцахад Пагмадулам ана мана л ярилцдаг байсан” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь Пагмадуламыг уран зохиол нэлээд уншсан, бичиг үсгийн боловсролтой нэгэн байсныг батална. Мөн судлаачид Нацагдорж, Пагмадулам нарыг хятад хэлээр ойр зуур ярьдаг. Манж хэлээр ном уншдаг Нангиад-Монгол толь бичгийг ашигладаг байсныг ч тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээд Орос, Германд суралцсан гээд бодохоор хятад, манж, орос, герман хэл эзэмшсэн, түүх, уран зохиол их уншсан хүн байж л дээ.
ГЕРМАН, ФРАНЦАД СУРСАН АНХНЫ СЭХЭЭТНҮҮДЭЭС Д.ПАГМАДУЛАМ ГАНЦААРАА ЦАГААТГАГДААГҮЙ ХАР ТҮҮХТЭЙ ҮЛЛСЭН БАЙВ
-Д.Пагмадуламын хэлмэгдсэн нэрийг төрийг сэргээн, цагаатгуулах асуудлыг Та хөндөж, шүүхэд хандсан. Нэрийг төрийг сэргээлгэх нэхэмжлэлийг Та хэнд гаргаж байв. 2019 онд цагаатгасан. Шүүх хуралтай холбоотой ямар үйл явц өрнөсөн бэ?
-2015 онд миний бие Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Д.Пагмадуламыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн үндэслэлийг бичиж цагаатгаж, нэр төрийг нь сэргээх хүсэлт гаргасан юм. Уг нь энэ хүсэлтийг хуульд зааснаар хэлмэгдэгч өөрөө, түүний үр хүүхэд, ач зээ, садан төрлийн хүмүүс нь гаргах ёстой. Пагмадуламын хувьд түүний үр хүүхэд, ач зээ садан төрлийг нь архивын хүн амын тооллогоос шүүлгэж үзэхэд холбогдох эзэн олдоогүй. Иймд нөхөн олговорт хамаатуулалгүйгээр зөвхөн цагаатгаж нэр төрийг нь сэргээх хүсэлт гаргасан юм.
Тэр үед хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох хуулийн хугацаа дууссан учраас шүүх хурал хийх боломжгүй болсон юм. Гэтэл 2018 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэрвээ энэ хууль дахин сунгагдаагүй бол түүнийг цагаатгах боломжгүй болох байв.
Шүүх хуралдааанд Монголын зохиолчдын ахмад үеийг төлөөлж, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай оролцсон.
Харин ийм боломж тохиож, 2018 онд дахин цагаатгуулах хүсэлтээ комисст дахин хүргүүлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар, Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж цагаатгасан. Цагаатгуулах ажилд уг комиссын мэргэжилтэн С.Энхбаяр, Н.Мэндбаяр, мөн Монголын зохиолчдын ахмад үеийг төлөөлж Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай оролцсон. Мөн одоогийн МАН-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Герман, Франц улсад суралцсан залуусын тухайд гэвэл тэднийг 1930 оноос Дотоодыг Хамгаалах Газраас мөрдөн мөшгөж байгаад 1932 онд хувьсгалын эсэргүү хэргээр их, бага Нацагдорж, Гомбо, Лооройсамбуу, Намдаг, Намнандорж нарын 14 хүнийг баривчлан хорьсон байдаг. Дараа нь 1941 онд Герман улс харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин ЗХУ-д гэнэт довтолсныг далимдуулан Коминтерны тулгалт шахалтаар Германд сурсан залуучуудыг 1943 онд “Герман улсыг магтдаг, тэндхийн тагнуулын байгууллагатай холбоотой гэсэн хэргээр Н.Бат-Очироор удирдуулсан групп хэрэг үүсгэн тэднийг баривчилсан.
Энд бидний сайн мэдэх зохиолч Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нар болон бага Т.Нацагдорж, Д.Гомбо Г.Цэвээн, С.Лхүндэв зэрэг бусад олон хүмүүст хорих ял оноосон. Монголд ирсний дараа “35-ын бүлэг”-ийнхэн гэгдсэн Франц, Германд сурсан хүүхэд, залуус бүгд хувьсгалын эсэргүү, Германы тагнуул хэмээн хилс хэрэгт гүтгэгдсэн ч хожим бүгд цагаатгагдаж гэм зэмгүй нь тогтоогдсон. Тэдний дундаас Пагмадулам л хар түүхтэй үлдэж, нэгэн зууныг өнгөрөөсөн байв.
-1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг байгуулахад Д.Пагмадулам анхны даргаар нь сонгогдон ажилласан. Энэ үедээ ямар ажлуудыг санаачлан хийсэн бэ?
-Пагмадулам нэн тэргүүнд эмэгтэйчүүдийг боловсролтой, бичиг үсэгтэй болгох, цаашлаад нийгмийн ажилд татан оролцуулахад тэднийг бэлтгэх ажилд голлон оролцсон хүн. Түүний тод жишээ нь Эрүүлийг хамгаалах яамны сайд асан Долгорын Пунцаг гэж эмэгтэй байна. Тэр дурсамж яриандаа Пагмадуламаар бичиг үсэг заалгаж, мөн түүний заавраар олон нийтийн ажилд оролцож, тэр дундаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд туслалцаж явсан тухайгаа дурсан ярьсан байдаг.
Мөн Пагмадулам нийгмийн идэвхтэй, эмэгтэйчүүдийн их, бага хуралд оролцож үг хэлж хүмүүсийг уриалан дууддаг, бүсгүйчүүдэд монгол бичиг заадаг байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэн Монголын бүсгүйчүүдийг соёл, боловсрол хөтөлсөн хүн болохын нотолгоо юм.
Пагмадуламын Москвад болох эмэгтэйчүүдийн бага хуралд оролцох мандат буюу эрхийн үнэмлэх нь Үндэсний төв архивын хөмрөгт хадгалагдаж байна. Харин хуралд оролцож ирсэн мэдээлэл олдоогүй. Судлаачид энэ хуралд түүнийг тодорхой шалтгаанаар оролцоогүй гэж бичсэн байдаг. Энэ талаар Оросын архивт холбогдох баримт байж болох талтай.
-Пагмадулам, Нацагдорж нар хэдэн онд гэрлэсэн бэ. Пагмадулам хэдэн онд нас барсан бэ. Энэ талын баримт материал Та олж үзсэн үү?
-Үндэсний төв архивт хадгалагдаж буй 1924 оны хүн амын тооллогоор тайж Дашдоржийн ам бүлд Нацагдорж, Пагмадулам хоёр бүртгэгдсэн байдаг. 1924 онд Б.Содном гуай дурдатгалдаа, “Хуучин Маймаа хот буюу Амгаланбаатар хотод 1924 оны ханш нээсэн өдөр Пагмадуламын ах Санжаагийн хамтаар Нацагдоржийнхоор орсон юм. Тэгэхэд Нацагдорж, Пагмадулам хоёр гэр бүл болсон байсан юм. Санжаа Пагмадуламыг Нацагдоржтой гэрлээд хоёр жил болж байна” гэж ярьж байсныг дурсан бичсэн байдаг. Эндээс үзэхэд тэд 1922 онд гэр бүл болсон боловч арай өрх тусгаарлаагүй, эцэг Дашдоржийн ам бүлд бүртгэлтэй байсан бололтой.
Мөн Герман, Францад суралцаж байгаа сурагчдыг 1927 онд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэлд тэр хоёр Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууных (одоогийн Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сум) гэж бичсэн байдаг. Дашдоржийнх Баяндэлгэр сумын айл шүү дээ. Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутай энэ суманд байдаг. Энэ бүхнээс үзэхэд Пагмадулам Дашдоржийн ам бүлд бүртгэлтэй байсан нь тодорхой харагдана. Харин тэдний нас барсан талаар ялангуяа Пагмадуламыг хэдэн онд нас барсан талаар олон янзын яриа бий. Архивын баримтад тэмдэглэснээр, Германы тагнуул Бат-Очирын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй харилцаатай байсан 10 хүний нэрсийн бүртгэлд Пагмадулам 1937 онд нас барсан гэж бичсэн байдаг. Тэд 1943 онд амьд байсан бол Германы тагнуул хэргээр бусдынхаа адил баривчлагдах байсан болов уу, баривчлагдсан хүмүүсийн дунд Пагмадуламын нэр байдаггүй.
Д.НАЦАГДОРЖ ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ ХЭРЭГТ ХОЛБОГДСОНООР ЭХНЭР Д.ПАГМАДУЛАМЫГ БУРУУТГАСАН
-Пагмадулам, Нацагдорж нар 1925 онд Ленинградад, 1926 онд анх Герман, Франц руу хүүхэд сургахад анхны 35 хүүхдийн тоонд орж хамт Герман руу сурахаар явсан талаар ямар баримтууд байна вэ?
-1925 онд Ардын Гэгээрүүлэх яамнаас Ленинград хотын Дорно дахины дээд сургуульд Пагмадулам болон нийт 10 сурагчийг суралцуулахаар явуулсан албан бичиг, тэдний анкет одоо Санкт-Петербургийн төв архивт хадгалагддаг. Нацагдорж Ленинградын Цэргийн академид суралцаж байсан.
Пагмадулам, Нацагдорж хоёр 1926 оны намар Берлинд очиж, зургаан сар хэртэй герман хэл бичигт суралцаад Нацаг Лейпциг хотын Сэтгүүлчдийн дээд сургуульд зочин сурагчаар анх орсон. Пагмадулам герман хэлний курсээ дүүргээд, Эмэгтэйчүүдийн сургуульд сурч байсан шиг байгаа юм. Тэдний багш Серге Вольфф дурдатгалдаа түүнийг эмэгтэйчүүдийн сургуульд сурч байсан гэж бичсэн байдаг. Нацагдорж, Пагмдулам хоёр Монголд ирснийхээ дараахан Герман руу буцаж сурахаар Намын Төв Хороо, Гэгээрүүлэх яаманд өргөдөл хүсэлт бичсэн боловч явж чадаагүй юм. Мэдээж улс төрийн шалтгаан нөхцлөөс болоод явуулаагүй байх л даа.
-Тэднийг яагаад Монгол руу буцаах болов?
-Герман, Францад сурч байсан хүүхдүүдийг Монгол рүү буцаах ажлыг Коминтерны шахалтаар гүйцэтгэсэн байдаг. Коминтерны шахалтаар барууны үзэлтэн Дамбадаржаа, Жадамба нарыг намын удирдах ажлаас халж, хэлмэгдүүлсэн үйл явцтай холбоотой юм. Тэд улс орныг хөгжүүлэхэд дан ганц ЗХУ-ын загварчлалаар явахгүй өөр гарц шийдлийг хайж байж. Тэр үед Германд Үндсэн хуульт хаант засаглалыг парламентын ардчиллаар сольсон үе байв. Тиймээс Герман руу залуучуудыг явуулж сургасан шиг байгаа юм. Архивын баримтад эдгээр хүүхэд залуусыг Баруун руу явуулсан нь тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны барууны талыг баримтлагчдын шийдвэр гэж бичсэн байдаг.
-Пагмадулам хэдэн онд баривчлагдсан бэ. Чухам ямар хэргээр буруутгагдсан бэ, энэ тухай архивын баримт олдсон уу?
-Түүнийг эхлээд тайж хүний эхнэр гэж 1931 онд сонгох сонгогдох эрхийг хассан. 1932 намын гишүүнээс хөөсөн, дараа нь хилс зохиомол хэрэгт тулгаж таван жилийн ял оноосон байдаг.
Нацагдорж хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсоноор эхнэр Пагмадуламыг буруутгасан. Хэлмэгдүүлэлтийн үед ингэж эхнэр нь давхар хэлмэгдсэн хэрэг нэлээд байдаг. Тухайлбал, Дэмид жанжны эхнэр Навчаа жирэмсэн байхдаа Японы тагнуул хэргээр цаазлагдсан байдаг. Үүнтэй нэгэн адил Пагмадулам хэлмэгдсэн юм.
ТҮҮХТ ХҮНИЙ ТУХАЙ УРАН САЙХНЫ КИНО ХИЙХДЭЭ ТҮҮХЭН ҮНЭНЭЭС ГАЖУУДУУЛЖ БОЛОХГҮЙ
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Пагмадулам” нэртэй УСК-г бүтээж, дэлгэцнээ гаргалаа. Судлаачийн хувьд түүхэн баримт болон уран сайхны тэнцвэр нь ямар түвшинд болсон гэж Та үзэж байна вэ?
-Эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар бүтээгдсэн энэ кинонд би зөвлөхөөр оролцоогүй, харин киног хийж дууссан хойно үзэгчдэд гаргахаас өмнө студид нь очиж үзсэн. Тэгээд хэдэн санал хэлсэн боловч “Киног нэгэнт хийж дууссан учир засварлах боломжгүй” гэсэн. Энэ киноны зохиолыг бичсэн болон найруулсан хүмүүсийг нэгдүгээрт түүхчдээс зөвлөгөө авах хэрэгтэй байсныг киноны нээлтийн дараа цахим ертөнцөөр хүмүүс санал бодлоо илэрхийлсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байна.
Уг нь киног Пагмадуламыг эмэгтэйчүүдийн байгууллагын анхны даргаар хэрхэн ажилласан, энэ байгууллагын чиг зорилго нь юу байв, бүсгүйчүүдийн тасгийн гишүүд юуг бүтээж, юуг өөрчилж чадсан, тэр үеийн нийгмийн төрх байдлыг харуулах талаас нь бүтээсэн бол зүгээр байж дээ. Энэ кинонд Пагмадуламын хувийн амьдралыг харуулахыг оролдсон төдийгүй зарим үйл явдал, дүрийг хэтэрхий зохиомол болгосон байна лээ. Мөн Пагмадуламын эцэг Дамдиныг тайж байснаар дүрсэлжээ. Түүнийг тайж байсан гэх баримт мэдээлэл олдоогүй, тэр ч байтугай Пагмадулам Дамдины ам бүлд бүртгэгдсэн хүн амын тооллогын мэдээ ч олдоогүй. Тэр хоёртой Германд хамт сурч байсан Д.Сурмаажав гуай Пагмадуламын эцэг “мужаан Дамдин” гэдэг хүн байсан тухай дурсамждаа бичсэн байдаг. Энэ киног зохиогч, найруулагчид “Пагмадуламыг тайж хүний хүүхэн” гэж бичсэнийг “тайж хүний охин” юм байна гэж ойлгосон байж мэдэх юм.
Тайж хүний эхнэр гэхийг архивын баримтад “хүүхэн” гэж бичсэн байдаг. Энэ мэт ташаа зүйлүүд нэлээд байна лээ. Мөн Пагмадуламын амьдралыг харуулахад Нацагдоржийн дүрийг гаргахгүйгээр, Нацагдоржийн амьдралын түүхэнд Пагмадуламыг дурсахгүйгээр тэр хоёрын тухай өгүүлбэл дутуу зүйл болох юм. Энэ кинонд Нацагдоржийн дүрийг Пагмадуламаас салсан бас улс төрийн хавчлага дарамтаас болж сэтгэл санааны гутралд орсон үеийг харуулсан байна лээ. Их зохиолчийг гэрэл гэгээтэй талаас бас харуулж болох л байсан байх. Нацагдорж Монголын эмэгтэйчүүдийг магтан дуулсан:
Монголын үзэсгэлэнт саран гуа
Намайг төрүүлсэн ээжий
Яруу сайхан эгшгээрээ
Бөн бөн бүүвэйлэн ээжий гээд олон шүлэг найраг бичсэн шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийг боловсрох гэгээрэх үйлсэд зохих хувь нэмэр оруулсан хүн юм.
Эцэст нь хэлэхэд, Пагмадуламын тухай кино бүтээж, ард түмэнд таниулахыг эрмэлзсэн Б.Оюунгэрэл даргатай Монголын эмэгтэйчүүдийн холбооныхонд талархаж буй ч киноны зохиолч, найруулагчид тэдний амьдралын түүхийг харуулахдаа зохиомол тал нь хэтэрч дэгсдүүлсэн бүтээл болсон юм шиг санагдсан. Түүхт хүний тухай уран сайхны кино хийхдээ түүхэн үнэнээс гажуудуулж болохгүй л дээ. Урлагийн алтан үеийнхэн болон хойч үеийнхний бүтээсэн түүхийн сэдэвтэй сайн хийсэн кино зөндөө бий. Тэндээс сургамж авч болно шүү дээ.
-Кинонд Пагмадулам, Нацагдорж хоёр Цэрэндулам гэж нэг охинтой гэж үзүүлсэн. Түүхэнд Д.Нацагдорж орос эмэгтэй Нина Чистяковагаас төрсөн Ананда-Шири-г гэж ганц охин гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр кинонд гарсан охинтой гэж баримт нотлогдсон уу?
-Нина Чистяковагаас төрсөн Ананда-Шири бол Нацагдоржийн охин гэдгийг монголчууд бид бүгд мэднэ. Энэ кинонд Нацагдорж, Пагмадулам хоёрыг Цэрэндулам гэдэг охинтой байснаар дүрсэлсэн байна лээ. Бидний сайн танил зохиолч Б.Бааст гуай 1988 онд Нацагдоржийн охин гэж өөрийгөө танилцуулсан Дамдины Цэрэндуламтай уулзаж ярилцаад “Цэрэндулам нь Пагмадуламын дүүгийн охин бөгөөд Нацагдорж тэр хоёрт үрчлэгдсэн юм” гэдгийг түүний ярианаас мэдлээ гэж бичсэн байдаг. Мөн Нацагдоржийг судалсан Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Содном, Д.Цэдэв, Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын судалгаанд Цэрэндуламыг Пагмадуламын охин гэж үзээгүй байдаг. Тэгээд ч архивын хүн амын тооллогоор охин нь гэж батлах нотолгоо байхгүйг би түрүүнд ярьсан. Гэхдээ тэдний охин мөн гэдгийг үгүйсгээгүй, нотлох баримт одоогоор алга л даа. Шүүх нотлох баримт л шаарддаг.
Д.НАЦАГДОРЖ, Д.ПАГМАДУЛАМ НАР ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН ТУХАЙ БАРИМТ ОЛДООГҮЙ
-Судлаач хүний хувьд Нацагдорж, Пагмадулам нарын амьдралын он цагийг хөөж үзэхэд хүүхэд төрүүлж, өсгөх цаг хугацааны боломж хэр харагддаг вэ?
-Тэр хоёрын амьдралын түүхэн хугацааг хөөж үзэхэд үр хүүхэдтэй болох боломж тааруу байсан юм шиг санагддаг. 1925 онд Орос руу явсан. 1926 онд Герман яваад 1929 онд ирсэн. Ирээд удалгүй Нацагдорж эсэргүү хэргээр баригдсан, дараа нь 1932 онд Пагмадулам баригдаж таван жилийн хорих ял авсан. 1937 онд нас барсан гээд үйл явдлыг хөөж үзэхээр хүүхэд төрүүлэх сайхан үе тэдэнд олдоогүй мэт харагддаг.
Германд сурч байхдаа Пагмадулам өвдөж хагалгаа хийлгэх шаардлагатай болсон юм билээ. Тэгээд Нацагдорж Ишдорж багш руугаа “Пагмын эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна” гэсэн захидал бичсэн байдаг. Тэгээд эмчилгээнд нь мөнгө шилжүүлсэн, хагалгаанд орсон талаар ямар нэг баримт, захиа олдоогүй. Бодвол мөнгө шилжүүлээгүй бололтой. Нацагдорж захидалдаа “Пагмын эмчилгээний зардал одоо хүртэл ирээгүй” байна гэж бичсэн байдаг. Шилжүүлсэн бол Нацагдорж мөнгө хүлээн авсан, эмчилгээний үр дүнгийн талаар багшдаа захиа бичих л байсан байх.
Нацагдорж Монголд ирснийхээ дараа Гэгээрүүлэх яаманд мэдэгдсэн бичигт “Намайг язууртны этгээдийг татахад оролцуулсан бас өр үүтгэв” гэж дуудсан тухайгаа бичсэн байдаг. Монголын талаас тэнд сурч байсан сурагчдад мөнгөн тэтгэмж олгож байсан боловч тэр нь хүрэлцдэггүй тухайгаа Ишдорж багшдаа бичсэн захидлууд Гадаад яамны болон Үндэсний төв архивын сан хөмрөгт бий. Нацагдоржид Пагмадуламын эмчилгээний зардал, бусад хэрэглээ гээд мөнгөний асуудал их байсан шиг байгаа юм. Тэгээд Германд байхдаа нэлээд өр зээл тавьсан мэдээ байдаг. Тэднийг Монгол руу буцаасан гол шалтгаан нь Коминтерны шахалт байсан. Нацагдорж Гэгээрүүлэх яаманд мэдэгдэхдээ намайг нутаг буцаасан нь “язгууртны этгээдийг татахад” гэж бичсэн байдаг.
-Зохиолч Б.Бааст 1988 онд Д.Цэрэндуламтай уулзан, ярилцлага хийж “Цэрэндулам нь Пагмадуламын дүүгийн охин бөгөөд Нацагдорж тэр хоёрт үрчлэгдсэн” гэдгийг мэдлээ гэжээ. Ийм баримт олдсон уу?
-Ийм баримт ч олдоогүй.
-Пагмадуламын амьдрал учир кинонд Нацагдоржийн талаар дурдагдах нь зүйн хэрэг. Кинонд Нацагдоржийг Пагмадуламаас салснаас хойш архинд орж, уруудан доройтсоор эцэст нь гудамжинд нас барсан мэтээр үзүүлсэн. Энэ нь бодит үнэнд нийцэх үү?
-Нацагдоржийг архичин болсон гэсэн аман яриа байдаг. Түүнтэй ойр байсан хүмүүс тэгтлээ архинд орчихсон хүн байгаагүйг дурсамж яриандаа бичсэн байдаг. Тухайлбал, Наваан-Юндэн, Намдаг, Содном гээд ойр байсан хүмүүс энэ талаар дурссан зүйл байхгүй. Гудамжинд нас барсан тухай архивын баримт олдоогүй, тийм яриа л байдаг.
-Орчин үеийн хүүхдүүд ном унших нь ховор болсон гэж шүүмжилдэг. Энэ киноноос авсан мэдээллээ бодит түүх гэж ойлгож эндүүрэх вий гэсэн болгоомжлол байна уу?
-Энэ киногоор дамжуулж Их зохиолч Нацагдоржийг шүлэг найргаа бичиж уншиж байгаагаар, мөн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах талаас нь дүр гаргасан бол ач холбогдолтой болох байжээ гэж бодож байна. Түүний ойр байсан хүмүүсийн дурсамж тэмдэглэлээс үзэхэд Пагмадулам бол тэр үеийн нийгмийн идэвх сайтай, удирдан зохион байгуулах авьяастай, бусдыг манлайлан дагуулагч, хурдан гавшгай, хурц ухаантай, Нацагдоржийгоо уран бүтээлээ туурвихад нь их нөлөө үзүүлдэг, сэтгэлийг хөглөж чаддаг эмэгтэй байсан шиг байгаа юм. Академич Б.Ринчен гуай түүнийг мэдлэг боловсрол сайтай байсныг дурсан бичсэн байдгийг түрүүхэн ярьсан даа.
Д.ПАГМАДУЛАМ ХОЖИМ ХАР ТАМХИНД ОРСОН, ХЯТАД ХҮНТЭЙ СУУСАН ГЭХ ЯРИА БИЙ Ч НОТЛОХ БАРИМТ БАЙГААГҮЙ
-Пагмадулам, Нацагдорж хоёр ямар шалтгаанаар салсан бэ. Салснаас хойш Нацаг архинд, Пагмадулам хар тамхинд орсон, нэг хятадтай амьдарч байсан мэтээр зарим баримт болон энэ кинонд өгүүлдэг. Энэ үнэн үү?
-Тэдний туулж өнгөрүүлсөн богинохон амьдралын түүхээс үзэхэд Нацагдорж, Пагмадулам хоёр хайр сэтгэл нь хөрж салсан юм биш, улс төрийн шалтгаан нөхцлөөс болж аргагүй эрхэнд хөндийрсөн юм. Коминтерны бодлогоор Монголын үндэсний үзэлтэй хүмүүс болон Чингис хааны угсааны тайж нарыг үндэсний үзэлтэй, Японы тагнуул, туршуул хэргээр хилс хэрэг тулгаж байсан. Энэ хэрэгт Нацагдоржийг тайж гаралтай, үндэсний өв соёлоо хөгжүүлэхийн төлөө зохиол бүтээлээ туурвиж байсан зэрэг нь хэлмэгдүүлэлтэд өртөх шалтгаан болсон хэрэг. Тодруулж хэлбэл, Монголын төрийг хэргийг Чингис хааны угсааны хаад, ноёд угсаа залгамжлан удирдаж байсан.
Тиймээс Коминтерны зүгээс алтан ургийн угсааг таслах бодлого хэрэгжүүлсэн юм. Иймд Нацагдорж тайж гаралтай хүн учраас хэлмэгдэх нэг шалтаг шалтгаан болсон. Хувьсгалын эсэргүү учраас байнгын хараа хяналтад байж, маш их ганцаардаж, сэтгэл санаагаар гундах гутрах зэрэг их зовлонг туулсан. Энэ байдал нь түүнийг хааяа бор дарс хүртэх шалтгаан болсон байх. Нацагдоржтой хамт суралцсан, ойр байсан хүмүүс нь түүнийг хааяа нэг балгадаг байсан тухай ярьсан байдаг. Пагмадуламын хувьд бол хар тамхинд орсон, Цагаан гэгч хятад хүнтэй суусан гэх зэрэг аман яриа бий.
Түүнтэй холбогдох архивын баримтыг судлах явцад хар тамхитай холбоотой баримт байгаагүй, харин түүнийг байцаасан хэргийн мэдүүлэгт Пагмадулам Цагдан сэргийлэхэд байцаагчаар ажилласан тухайгаа мэдүүлсэн байдаг. Мөн Амгаланбаатарын хятадуудын дунд орж ажиллуулан гэмт хэрэг илрүүлэх даалгавартай байсан тухайд тэмдэглэсэн нь бий. Тэр үед хятадууд мөрийтэй тоглох, хар тамхины ургамал тарих, татах зэрэг хэрэг их гарч байсан юм билээ.
Нацагдорж, Пагмадулам хоёр хайр сэтгэл нь хөрж салсан юм биш, улс төрийн шалтгаан нөхцлөөс болж аргагүй эрхэнд хөндийрсөн.
Пагмадулам хар тамхинд орсон бол тухайн үед хар тамхины хэргээр ял шийтгэл хүлээх байсан биз. Түүнийг хар тамхинд орсон гэдэг нь баталгаа нотолгоогүй ам дамжин цуу яриа юм. Бат-Очироор толгойлуулсан германы тагнуул хэрэгт сэжиглэгдэн хүмүүсийн нэрсийн жагсаалт болон хаана юу хийж байгааг тагнасан мэдээлэлд Пагмадуламыг хятадтай суусан гэх сурагтай гэж бичсэн байна лээ.
Тухайн үед Нацагдорж, Пагмадулам нар улс төрийн хардлага сэрдлэгээс болж нийгмээс гадуурхагдаж байсан, тэр үед хятад айлд орогнож байсан байж болох юм. Тодотгож хэлбэл, 1932 онд үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү гэж их, бага Нацагдорж, Гомбо, Лооройсамбуу, Намдаг зэрэг 14 хүнийг баривчлан байцаасан. Мөн онд Пагмадуламыг намын гуравдугаар шатны шалтгалтаар язгууртан тайж хүний хүүхэн, бусадтай зүй бусаар харьцдаг, доод ардыг дарладаг гэсэн шалтгаар намын гишүүнээс хөөсөн байдаг. Иймд Пагмадулам хараа хяналтад өртөхөөс зайлсхийсэн байж болох талтай юм. Түүнийг хятад хүнтэй ханилсан талаар нотлох баттай баримт олдоогүй байна. Пагмадуламын тухай кинонд хятад хүнтэй байгаагаар үзүүлсэн байна лээ.
-Пагмадулам улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж, амьдрал нь хардлага сэрдлэг, зовлон зүдгүүр дунд өнгөрчээ дээ?
-Пагмадулам Монголын эмэгтэйчүүдийг мэдлэг боловсролтой, эрүүл энх, нийгэм улс төрийн ажилд тэднийг оролцуулах, МАХН-ын үйл хэрэгт бүсгүйчүүдийг татан оролцуулахад хүчин зүтгэсэн тухайн үеийн эмэгтэйчүүдийн манлайлагчдын нэг мөнөөс мөн. Гэвч нөхөр Нацагдорж улс төрийн хилс хэрэгтэн болсноор тэр хоёрын амьдралын эмгэнэлт хар өдрүүд эхэлсэн юм. Түүнтэй хамт Германд суралцсан Б.Содном гуай “1930 оны зун Пагмадуламтай Улаанбаатарт уулзахад тэр Европын боловсон хүүхнүүд шиг намбатай мэдлэг сайтай ёстой л юм үзэж, нүд тайлсан хүн шиг байж билээ. Тэр Монголын эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, соёлоор зэвсэглэж төрөл бүрийн мэргэжилтэй болгоход шаргуу ажиллах хэрэгтэй байна” гэж ярьсныг дурсан бичсэн байдаг. Ингэж эмэгтэйчүүдийг хөгжүүлэхийн төлөө тэмцэж яваад тайж хүний эхнэр гэсэн хэргээр намын гишүүнээсээ хөөгдөж, сонгох сонгогдох эрхээ хасуулсан түүхтэй.
-Эцэст нь асуухад Пагмадулам богино наслахдаа Монголын нийгэм, улс төрийн түүхэнд эмэгтэй хүний байр суурь, дуу хоолойг хүргэж, нийгэмдээ нөлөөлөгч байжээ. Цаашид энэ хүний амьдралын тодорхойгүй түүхийг тодруулах шаардлагатай нь харагдаж байна. Үргэлжлүүлэн судлах нь ямар ач холбогдолтой гэж Та үзэж байна вэ?
-Тийм, тэр үнэхээр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө дуу хоолой нь болж чадсан. Пагмадулам, их зохиолч Нацагдорж хоёрын Орос, Германд суралцаж байсан үеийн нөхцөл байдал, Германаас тэднийг Монголдоо ирэхэд ямар уур амьсгал угтсан, тэдний амьдралын гэрэл гэгээтэй, хар бараан түүхтэй он жилүүдэд холбогдох баримт мэдээг лавшруулан судлах шаардлага бий.
Тэр үед хамт суралцсан хүмүүс нь улс төрийн шалтгаанаар Нацагдорж, Пагмадулам хоёрын талаар ам нээгээгүй явсаар мөнх бусыг үзүүлсэн дээ. Германд суралцсан залуусыг хөрөнгөтний үзэл сурталтай болсон гэж хавчих дарамтлах мөн социалист үзэл суртлаар хүмүүжүүлэх сургалт хийх тухай хүртэл яригдсан байдаг. Тэд эх орондоо ирээд соёлын үрийг тарьсан, хойч үедээ их зүйлийг үлдээсэн. Энэ түүхэн ой санамжийг мартуулахгүйн тулд тодорхой ажил хийх хэрэгтэй гэж бодож байна.
-Өөрийн судалсан түүхэн үнэнийг уншигчдад хуваалцаж, цаг гарган ярилцсан Танд баярлалаа.