Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Герман улсын боловсролын харилцаа тэртээ 1926 оноос эхлэлтэй гэж үздэг. 1926-1930 онд 35 монгол сурагч Герман, Франц улсад суралцахаар мордсон нь Монголын Өрнөдөд суралцсан сэхээтнүүдийн анхдагчид байв. Төр, засгийн бодлогоор улс орны хөгжилд хэрэг тус болох янз бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө гарган, анхны 35 сурагчийг 1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан тэргүүтэй төлөөлөгчид дагуулан Герман улсыг зорьсон нь энэ түүхийн эхлэл билээ.
ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан Өрнөдийг зорьсон анхны сурагчдын талаар өгүүлсэн “Д.Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөн, Германд сурахаар явжээ” хэмээх түүхэн баримтыг дахин нийтэлж байна. 2024 онд Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй юм.
/Анх 2024.01.18-ны өдөр нийтлэгдсэн/
1926-1930 онд 35 монгол сурагч Герман, Франц улсад суралцахаар мордсон нь Монголын Өрнөдөд суралцсан сэхээтнүүдийн анхдагчид байв. Төр, засгийн бодлогоор улс орны хөгжилд хэрэг тус болох янз бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө гарган, анхны 35 сурагчийг 1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан дагуулан Герман улсыг зорьжээ. Сурагчдыг Берлиний ойролцоох тосгоны нэгэн том байшинд зургаан сар орчим байлгаж, герман хэл заалгасан байна. Дараа нь сурагчдын заримыг Германд, заримыг нь Францад сургахаар хуваарилжээ.
Өрнөдөд суралцахаар алсыг зорьсон сурагчид, шинэ үеийн сэхээтнүүдийн тухай, тэдний ээдрээт хувь тавилан, харийн нутагт сурч мэдсэн эрдмээ эх орныхоо хөгжилд зориулсан ажил, амьдралыг баримт, судалгаанд үндэслэн нэхэн судалж, энэ цагийн бидэнд хүргэж буй хүн бол Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хүү, судлаач Ч.Болд юм.
Тэрбээр алсыг зорьсон сурагчдын тухай анхны тэмдэглэлээ 2008 онд бичиж, “Үнэн” сонинд нийтлүүлж байжээ. Ч.Болд сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч ХХ зууны Монголын боловсролын түүх судлалд хөндөгдөөгүй үлдсэн энэ сэдвийг 20-иод жилийн өмнөөс сонирхон судалж, тэрхүү судалгаандаа үндэслэн “Алс газар сурахаар одогсод” нэртэй цуврал ном бичиж, тэргүүн дэвтрийг 2015 онд, дэд дэвтрийг 2016 онд хэвлүүлсэн бол 2023 онд гурав дахь ботио өлгийдөн авчээ.
Тэргүүн дэвтэрт: 1926-1930 онд Франц улсад суралцсан Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч, тэдэн дээр нэмэгдэж очсон оюутан Ц.Бадамжав, Мэргэн гүн Гомбожав нар болон сурагч, оюутнуудыг удирдан явсан багш Д.Буддари, Г.Далай, захирал Б.Ишдорж, туслах захирал М.Гомбожав, эмч Д.Эрэгзэн нар болон энэ үйлсийг санаж сэдэн ажил болгосон МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Баруун Европ дахь Монголын Худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Даш Сампилон, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан нарын тухай баримт, судалгаанд тулгуурлан өгүүлсэн байна.
Дэд дэвтэртээ: 1926-1930 онд Герман улсад сурсан сурагч, оюутнуудын тухай өгүүлсэн бөгөөд үүнд Р.Аюурзана, Ц.Баатарсэнгэ, Ц.Бадарч, Г.Базарням, Б.Гомбо, Л.Гомбожав, Б.Доржсүрэн, С.Лувсандамдин, Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Д.Цэрэнханд, Г.Хаалаа, Б.Юмхүү нарын амьдрал, ажил бүтээл, хувь заяаны түүхийг бичжээ.
Гутгаар дэвтэртээ: 1926-1930 онд Герман улсад суралцсан Г.Батсүх, Дугаржав, Н.Наваан-Юндэн, бага буюу Т.Нацагдорж, Б.Содном, Д.Сурмаажав, Б.Сэдэд, Ш.Цэвэг, Б.Цэдэндамба нарын тухай өгүүлжээ.
Одоо тэрбээр сүүлийн буюу дөрөв дэх ботийг бүтээх ажилдаа идэвхийлэн орсон ба Герман улсад суралцсан С.Бавуу, М.Лувсаннамжил, Ц.Лувсанцэнд, Д.Нацагдорж, Д.Пагмадулам, Д.Санжаа нарын арваад сурагч, оюутны талаар бичиж буй аж. Судалгаа нь гүйцвэл Монгол Улс-ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2024 ондоо хэвлүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр “1926-1930 онд Герман, Франц улсыг зорьсон сурагч, оюутнуудын бага нас, ээдрээт амьдрал, олонх нь хэлмэгдсэн эмгэнэлт хувь заяа, заримынх амжилт дүүрэн намтрыг өнөөгийн хүүхэд залуус ойлгож мэдэхэд тус болоосой. Басхүү Өрнөд Европт анхлан суралцсан Монголын сэхээтнүүдийн талаар судлах, сурталчлах ажлыг социализмын он жилүүдэд санаатай бөгөөд санаандгүй байдлаар нуун дарагдуулж, зориуд үл хэрэгсэн орхиж ирсэн цагаан зайг нөхөхөд нэмэр болох болов уу” хэмээн зохиогч Ч.Болд энэхүү сэдвийг барьж авснаа тодотгон өгүүлсэн билээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Алс газар сурахаар явагч” шүлгийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” хэмээх шад гадаадад сурахаар зорьсон үе үеийн залуусын зүрхний дуудлага болж өнөө цагтай золгожээ.
МОНГОЛ СУРАГЧ, ОЮУТНУУДЫГ ГЕРМАНД ГАЗАРЧИЛЖ, ХЭЛМЭРЧИЛСЭН СЕРГЕЙ М.ВОЛЬФ
Германд очсон монгол сурагчдыг 1926 оны тавдугаар сарын 30-нд Штетин /Stettin/ хотын боомтод Берлинээс ирсэн нэгэн туранхай залуу тосож авчээ. Орос гаралтай түүний нэр Сергей М.Вольф /1902-1979/. Вольф 1925 оноос баруун Европ дахь Монголын худалдааны төлөөлөгчийн газарт орчуулагч, туслахаар ажиллажээ. Алс газар сурахаар одогсдын эхний хэсэг болох 35 хүүхэд 1926 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр баруун Европыг зорьсон бөгөөд түүнээс хойш уван цуван нэмэгдсэн байна. “1926 оны аравдугаар сард дөрөв, 1927 оны нэгдүгээр сард нэг, аравдугаар сард хоёр хүүхэд нэмэгдсэн” гэж Монгол оюутан, сурагчдыг хүлээн авч байсан Сергей Вольф тэмдэглэлдээ бичжээ.
Энэ хүн Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханыг 1926 онд Герман улсад очиход дагалдан явж, гэрээ байгуулах болон монгол бичгээр бичих бичгийн машин захиалах, ном, сурах бичиг, толь бичиг, газрын зургийн атлас, глобус, баримтат болон сургалтын кино, кино бүтээх багаж техник, дэлгэц даавуу гэх мэт хэрэгцээт зүйл худалдан авахад бүхий л ажилд тусалж байжээ. Сүүлд нь “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-ны захирал Б.Ишдоржийн хамт Германы хот тосгон, мужуудаар явж хүүхдүүдийг хаана, ямар сургуульд сургах талаар судлан сонгож, захирал багш нартай нь уулзан хэлмэрчилж явсан ач буянтай хүн аж.
Вольф дурсамждаа "...Монгол оронд очсон өдрөө ганцхан удаа л зочид буудалд унтлаа. Бусад бүх өдөр хэдэн шавь нар минь гэр гэртээ урьсаар байгаад дуусгалаа" гэжээ.
Германд сурсан залуучууд ноён Вольфийг “Багш аа” хэмээн хүндэтгэх агаад Ю.Цэдэнбал даргын зөвшөөрсний дагуу МЭТНБГХ-ны урилгаар 1964 онд Монголд анх иржээ. С.Вольф Монголд зочилсон 17 хоногийг сэтгэл дүүрэн өнгөрүүлснээ “Монгол оронд очсон өдрөө ганцхан удаа л зочид буудалд унтлаа. Бусад бүх өдөр хэдэн шавь нар минь гэр гэртээ урьсаар байгаад дуусгалаа. Буцахын өмнө Германд төгссөн шавь нар үдэшлэг хийж, монгол дээл бэлэглэснийг би тэр оройжин өмслөө. Энэ дээлийг үдэшлэгт ирсэн шавь нарын дунд байсан нэгэн эмэгтэй урлаж, шавь нар бүгд өөрийн гараар тэмдэг тавьсан” хэмээжээ.
С.Вольф энэ айлчлалынхаа талаар “Хөх тэнгэрийн орноор зорчсон минь” тэмдэглэл бичсэнийг 1970-аад оны эхээр “Англи-Монголын нийгэмлэг”-ийн сэтгүүлд хэвлүүлснийг орчуулагч Д.Алтанхуяг эх хэлнээ хөрвүүлэн 1993 онд “Засгийн газрын мэдээ” сонинд нийтэлж байжээ. Үүнээс хойш С.Вольф 1970 онд Монголд дахин уригдаж, Олон улсын Монголч эрдэмтдийн II их хуралд оролцсон байна.
АЛСЫГ ЗОРЬСОН АРДЫН ХҮҮХДҮҮД
“Алсыг зорьсон анхны сурагч, оюутан” хэмээн бичиж буйг уншигч эрхэм анзаарсан буй за. Тэдний бага нь дөнгөж гуравдугаар анги төгссөн 13-14-тэй хүүхдүүд, том нь 21-22-той залуус байв. Насанд хүрсэн оюутнуудын төлөөлөлд 1925-1926 онд ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид суралцсан их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нар багтах бөлгөө.
Тухайлбал, Германд суралцсан таван эмэгтэй сурагчийн нэг Г.Батсүх 1911 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Түүний эцэг Гунгаажав их жанжин Д.Сүхбаатартай эртний танил байсан бөгөөд жанжны зөвлөснөөр охиноо Нийслэл Хүрээний анхны бага сургуульд оруулжээ.
Хожим Ардын багш цол хүртсэн Г.Батсүх, “Бид 1926 оны 6-р сараас 1927 оны 1-р сар хүртэл Берлиний ойролцоох Фронау хотод Герман хэл заалгаж, бага сага ярьдаг, бичдэг болов. Биднийг Ажилчны сургуульд /техникум, ТМС/ Подстам, Берлин, Гамбург хотуудад хэд гурваар нь тараалаа. Хамгийн сүүлд насаар бага бидний арван хүүхдийг үлдээж, Тюрингийн Виккерсдорфийн бүрэн дунд сургуулийн тавдугаар ангид оруулав.
Хоол, унд, хувцас, хичээлийн хэрэгсэл цөмийг сургуулиас олгоно. Стипенд гэж авахгүй, сар бүр нэг марк өгдөг. Түүгээрээ голдуу чихэр авч иднэ. Бид зуны амралтаараа Берлинд цуглаж, тоглолт үзэж, зураг авахуулдаг, өвөл ч бас цугладаг байлаа” гэж дурсан ярьсныг уг номд оруулжээ.
БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин төлөөлөгч Г.Гүрсэд 1928 оны 9-р сард Герман, Франц улсаар зорчин тэнд сурч буй монгол хүүхдүүдийн аж байдалтай танилцаад, тайлан илтгэлээ Гадаад явдлын яаманд явуулжээ. Илтгэлд, “Виккерсдорф дахь хувийн сургуульд сурагч Батсүх, Сурмаажав нар долоодугаар ангид суралцаж байна. Эд нар ирэх жил хичээллээд сургуулиа төгсөх тул дараа нь хүний эмч болгохоор төлөвлөсөн...” гэжээ.
Гэвч Батсүх эмч болсонгүй. Германаас татагдан ирээд 1930-1931 Ардыг Гэгээрүүлэх яамнаа бичээч, 1931-1937 онд улсын ууган Нэгдүгээр сургуулийн багш гэх мэтээр насаараа багшилж байгаад хамгийн сүүлд 1969 оноос УБДС-ийн Газар зүйн тэнхимийн багш, эрхлэгчээр ажилласан ба 1982 онд өндөр насны тэтгэвэртээ суужээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 1946 онд Гавьяат багш, 1981 онд Ардын багш цолоор шагнасан байна.
БЕРЛИНИЙГ ЗОРИОД БУЦАЖ ИРЭЭГҮЙ ХҮҮГИЙН БУЛШ
Хөдөлмөрийн баатар, академич Базарын Ширэндэв, “Германд сурсан оюутнууд бол Монголд хувьсгалын дараах сэхээтнүүд дундаа сор нь болсон хүмүүс байлаа” хэмээн үнэлжээ. Алс газарт сураад татагдан ирсэн залуусын дийлэнх нь “Герман тагнуулын хэрэг”-т сэжиглэгдэн шалгагдаж, 1-2 удаа яллуулж, олон жил хоригдсон гашуун түүхээс номд тодорхой өгүүлжээ.
Хүүхдүүдийг нэг дор байрлавал хэл сайн сурахгүй тул герман хэл сайн сурах болуужин гэж дотуур байр болон герман айлуудад хуваан байрлуулжээ. Айлд суух амаргүй агаад эрдэм сурахын төлөө чамгүй тэсвэр тэвчээр гаргасан тухай зарим хүний дурсамжид бий.
Берлинийг зорьсон хүүхдүүдийн нэг Дугаржав хүнд өвчний улмаас 1926 оны 11-р сард нас баржээ. Энэ тухай ноён Вольф “Хөх тэнгэрийн орноор зорчсон минь” тэмдэглэлдээ бичжээ. Уг тэмдэглэлд, “Берлинд суралцахаар ирсэн монгол сурагчдын нэг Дугаржав хэмээх хүү гэнэт өвдөв. Салхинд цохиулсан байна, эмчийн хэрэггүй гэж надад утсаар хэлсэн юм. Төдөлгүй халуун нь хэт нэмэгдсэн тул даруй эмчид үзүүлтэл ноцтой өвдсөнийг мэдэв. Түүнийг эмнэлэгт хэвтүүлж, тархины үрэвсэл гэж оношлон мэс засал хийж байхад хөөрхий хүү нас барсан. Энэ явдал бүгдийг хирдхийлгэв. Түүний шарилыг орон нутгийн оршуулгын газарт нутаглуулан, Монголын Засгийн газрын заавраар булшин дээр нь хуучин монгол үсгээр нэрийг нь сийлсэн пайлуур чулуу босгосон. Магадгүй Чингис хааны үеэс хойш баруун Европт бий болсон цорын ганц монгол булш ч байж мэднэ” гэжээ.
Энэ эмгэнэлт явдлын тухай “Үнэн” сонины 1927 оны 3-р сарын 8-ны өдрийн дугаарт “Герман дахь монгол сурагчид” гарчигтай нийтлэлд “...Ариун зориг төгөлдөр бөгөөд насан идэр хайран сэргэлэн сурагч нөхрөө алдсанд үлдсэн бид нар нулимсыг цувруулсан ба бас ч тус улсын тулгуур боловсруулах хэрэгт гарзтай болсон буй за” гэсэн нь түүний тухай сүүлчийн мэдээ байжээ.
БААТАР ВАН Н.НАВААН-ЮНДЭН
1926-1930 онд Герман, Францыг зорьсон сурагчдын дунд угсаа залгамжилсан сурвалжит хошуу ноёны хэргэмтэй хоёр хүн байсан нь Дарва Бандидын хүрээний Мэргэн гүн Мөнх-Очирын Гомбожав, Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэн нар. Баатар ван Н.Наваан-Юндэнгийн харьяанд одоогийн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө, Шаамар, Зүүнхараа хот, Дарханы газар нутаг хамаарна. Баатар ван 1908 онд Түшээт хан аймгийн нутагт төржээ. Алс газарт сурахаар хилийн дээс алхахдаа тэрбээр 18 настай байжээ.
1926-1930 онд Герман, Францад сурахаар явсан сурагч, оюутнуудтай холбоотой албан бичиг, захидал, цахилгаан, өргөдөл зэрэг олон тооны сурвалж Монголын Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Сэтгүүлч Ж.Саруулбуян, Баатар вангийн гэргий Н.Лхамсүрэн нарын 1994 онд хэвлүүлсэн “Баатар ван Наваан-Юндэн” номонд Германд хамт сурч байсан С.Бавуугийн дурсамж бий.
Тэр дурсамжид, “Бид очоод зургаан сарын дотор герман хэл сурсан. Хэл суртлаа гадагш ер гардаггүй. Ялангуяа Наваан-Юндэн юм сурч мэдэх хүсэлтэй. Үг дуу цөөтэй, олон үг ярихгүй. Хааяа нэг “Та нар гарч явж болохгүй, хичээлээ давт” гэдэг. Тэр үгийг бид ч дор нь биелүүлнэ. Ардыг Гэгээрүүлэх яамны төлөөлөгч Чимид, захирал Буддари нар ирж биднээс,
-Та нар гэр орноо санаж байна уу, буцах уу? гэж асуухад Н.Наваан-Юндэн биднийг төлөөлж,
-Бид сургуулиа төгстөл буцахгүй. Нэгэнт ирснээс хойш сургуулийг дүүргэнэ. Зардал ч их гарна гэж хариулжээ.
Улс төрийн амьдрал өөрчлөгдөж Германд сурч байсан сурагч, оюутнуудыг эгүүлэн татаж эхлэхэд Наваан-Юндэнг эхний ээлжинд буюу 1929 онд эх орондоо ирэхийг тушаажээ. Энэ нь угсаа залгамжилсан хошуу ноён байсан түүнийг улс төрийн талаар сэтгэл хувиргаж мэднэ хэмээн болгоомжилсных.
Тэрээр сургуулиа төгсөж чадалгүй татагдан ирээд Ардыг Гэгээрүүлэх яамны Латин үсгийн зөвлөлд хэвлэн нийтлэх зүйлийг эрхлэх ажил хийж байхад нь 1932 оны 4-р сард “Тайж Нацагдоржийн банкет”-ийн хэргээр баривчлан хорьж, хэдэн сар мөрдөн байцаажээ. Дараа нь Москвад суралцаж байхад нь 1938 онд дахин дуудан ирүүлж баривчлаад, “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг”-т буруутган хорьж, мөрдөн байцаав. Удалгүй дэлхийн II дайн эхэлмэгц Японы тагнуул биш Германы тагнуул болгохоор тулган байцаах болжээ.
Н.Наваан-Юндэн ДЯЯ-нд 1932, 1938, 1940 онд баривчлагдан байцаагдаж, 1939 онд цаазын ял сонссон боловч бурхны авралаар 10 жил хорих болж өөрчлөгдсөн. Хэдэн жилийн дараа 20 жилийн ял сонсож, түүнээсээ 12 жил 6 сарыг өргөст торны цаана өнгөрүүлсэн гашуун түүхтэй.
1943 оны 12-р сарын 14-28-нд хуралдсан таслан шийтгэх хурлын тогтоолд “Наваан-Юндэн нар нь эх орноосоо урваж, Герман улсын тагнуулын байгууллагад элсэн оржээ. Монголд ирээд Германы тагнуулын байгууллагад гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр хувьсгалын эсэргүү, тагнуулын ажил хийж байжээ” гээд түүний хөрөнгийг хурааж, 20 жил хорих ялаар шийтгэсэн байна.
Тэрбээр хоригдож байхдаа хилс хэрэгт шийтгүүлснээ шалгуулахаар 1945, 1946, 1956 онд Дотоод явдлын яамны сайд, зөвлөх нарт болон МАХН-ын Төв Хорооны УТТ-нд өргөдөл гаргажээ.
Хожим ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Наваан-Юндэн ДЯЯ-нд 1932, 1938, 1940 онд баривчлагдан байцаагдаж, 1939 онд цаазын ял сонссон боловч бурхны авралаар 10 жил хорих болж өөрчлөгдсөн. Хэдэн жилийн дараа 20 жилийн ял сонсож, түүнээсээ 12 жил 6 сарыг өргөст торны цаана өнгөрүүлсэн гашуун түүхтэй” хэмээжээ.
Түүний гэргий Германд, хожим ЗХУ-ын Омск хотод хамт суралцсан Г.Хаалаа 1938 онд түүнийг мөрдөнд хоригдож байхад өөд болжээ. Наваан-Юндэн нь хожим АУДС-ийн оюутан Н.Лхамсүрэнтэй гэр бүл болжээ. Номын зохиогч, судлаач Ч.Болд Баатар вангийн хатан 86 настай Н.Лхамсүрэнтэй үр хүүхдүүдээр нь дамжуулан 2008 онд уулзаж, үнэ цэнтэй дурсамж яриаг нь авч амжжээ.
“Би Гавьяат багш Намсрай гэдэг хүний ганц охин. Аав минь МУИС-ийн орлогч захирал болоод намайг их сургуулийн бэлтгэлд оруулав. Би АУДС-ийн нэгдүгээр ангиа төгссөн 1950 оны гуравдугаар сард аавын хоёр найз манайд ирлээ. Тэдний нэг Цогт-Очир нь “Дүү маань шоронгоос гарч байгаа” гэж ярив. Шоронгоос гарсан ямар хүн байдаг бол гэж сонирхож байтал хэд хоногийн дараа өнөөх дүү нь манайд ирлээ. Тэр үед би 25-тай, манай хүн 43-тай байв. Манай өвгөн 20 жилээр таслуулаад 12 жил гурван сар суугаад гарсан. Нэг өдөр надаас “Чи миний эхнэр болох уу?” гэж асуув. Би ч “Мэдэхгүй” гэлээ, тэгээд л нийлчихсэн гэжээ.
“ГЕРМАНЫ ТАГНУУЛ, ГИТЛЕРЭЭС ДААЛГАВАР АВСАН БОЛГОХ ГЭЖ МЭТГЭНЭ"
Германд суралцаж байсан оюутнуудын дунд хоёр Нацагдорж байв. Нэг нь Берлин, Лайпцигт суралцсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж. Нөгөөх нь Виккерсдорфийн чөлөөт сургалтын нэгдлийн сурагч Төмөрийн Нацагдорж. Виккерсдорфод сурч байсан арван сурагчийн нэг болох Т.Нацагдорж “Норжмаагийн зам” /1936/, “Анхдугаар хичээл” /1940/ зэрэг уран сайхны киноны зохиол бичиж, найруулсан “Монгол кино”-ны ууган зүтгэлтэн, анхны найруулагч билээ.
Энэ хүн 1936 онд Монголын анхны Ардын уран зохиолч цол хүртжээ. Тэрбээр 56 наслахдаа гурван удаа ДЯЯ-нд баригдаж, 16 жил шорон гяндангийн хатуу харгислалыг туулжээ. Анх 1932 оны дөрөвдүгээр сард “Тайж Нацагдоржийн банкет” хэмээх хилс хэргээр Дотоодыг хамгаалах газарт баривчлагдаж, хоёр сар гаран хоригдож, мөрдөгдөөд долоодугаар сард уг хэрэгт холбогдолгүй хэмээн суллагдав.
Хоёр дахь удаа нь 1940 оны нэгдүгээр сарын 12-нд “хувьсгалын эсэргүү тагнуулын хэрэг өдүүлсэн” хэмээн буруутгаж, долоон сар хэртэй гянданд хорьсны дараа мөн л холбоогүй гээд суллав. Эцэст нь 1942 оны 6-р сарын 9-нд Улсын кино зургийн хороонд найруулагч хийж байхад нь “Герман тагнуулын хэрэг”-т холбогдуулан дайчлан баривчиллаа. ДЯЯ-ны Улсыг аюулаас сахин хамгаалах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс түүнийг улс төрийн хилс хэрэг тулгахын зэрэгцээ гянданд 563 хоног хорьж, 51 удаа мөрдөн байцаалт явуулжээ. Удтал хорьж байцаасны эцэст 10 жилийн хорих ял оноожээ. Тэрээр найман жил хоригдоод 1950 онд БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар өршөөгджээ.
Байцаагдаж байсан талаараа “Мөрдөгч, байцаагч нар ширүүлж нэг үзнэ, зөөлөрч аргадаж нэг үзнэ. Гол нь “Германы тагнуул” гэж хэлүүлэх, магадгүй Гитлерээс даалгавар авсан болгох гэж мэтгэнэ. Нэг удаа “Нөхөр Т.Нацагдорж эх оронд хэрэгтэй боловсон хүчний нэг болох тул өөрөөр нь илчлүүлээд, ял хэлэлцэхгүй гаргаж болно” гэж хуучин үсгээр таталган бичсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй цаас үзүүлэв. Маршал үнэхээр бичсэн үү, ногоон малгайтнуудын арга байв уу? гэдгийг би одоо болтол ухаараагүй яваа. Мөн 1942 оны 6-р сарын 9-ний тэр өдөр би ижийнхээ гарын хоолыг сүүлийн удаа амсаж, царай зүсийг нь сүүлийн удаа харах учиртай байж” гэж өгүүлжээ.
БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮД АРЫН ХААЛГААР СУРГУУЛЬД СУРАХ “ЯЛ”-ААС СУГАРЧ ҮЛДЭНЭ
Германд сурсан сурагч, оюутнуудын дунд нэг аймаг, хошууны хоёр хүн байжээ. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутай хэмээх газарт Д.Нацагдорж, Б.Содном нар төржээ. Хожим Д.Нацагдорж Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Д.Содном нь эрдэмтэн болж Д.Нацагдорж судлалын суурийг тавьжээ.
Б.Содном нутгаасаа албан журмаар хөөгдөж сургуульд явжээ. Уг нь нутгийн Гончиг тайжийн хүүг Нийслэл Хүрээний бага сургуульд сургах зар ирэхэд тайж хүүгийнхээ оронд хамжлага Содномыг дайчлан явуулжээ. Нутгийн баяны хүүгийн оронд сургуульд явсан нь зол болж, хүү Германд сурах анхны сурагчдын нэгээр шалгарчээ.
Өөрөө энэ талаараа түүх намтартаа, “Орон даяар сургууль танхим нээгдэж, ардын хүүхдийг сургах ажил ид өрнөж байв. Манай нутгаас нийслэл рүү сургуульд хүүхэд илгээх болоход эрх дархтан, баян чинээлэг хүмүүс элдэв арга саам гаргаж, хүүхдээ сургуулиас чөлөөлж байв. Ингээд жирийн малчин, ядуу ардын хүүхдүүд л явна. Ийм тохиолоор би сургууль сурахаар нийслэлд ирсэн” гэжээ.
Б.Содном Герман руу зүгээр нэг явчихаагүй, шалгарч явсан тухайгаа Төрийн соёрхолт, утга зохиолын судлаач, шүүмжлэгч Д.Цэндэд 1966 оны хавар дурсан ярьжээ.
“...Германы сургуульд явахын өмнөх шалгалтад би их жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж, тэднийгээ ялж шалгарсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага үнэхээр шударга байжээ” хэмээн хичээл зүтгэл хийгээд, өөрт заяасан азтай тохиолын талаар дурссан нь орчин цагийн бидэнд сонин содон агаад басхүү урам зориг авмаар жишээ баримт болон үлджээ.
Өнөөгийнхөөр бол Ерөнхий сайдын хүү, Батлан хамгаалахын сайдын хүүхэдтэй өрсөлдөн шалгарч, гадаадын сургуульд явдаг ядуу ардын хүүхэд гэж байх уу. Ийм зүйл биелсэн бол зүүдэллээ л гэж сэтгэх болов уу.
...Германы сургуульд явахын өмнөх шалгалтад би их жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж, тэднийгээ ялж шалгарсан юм гэж дурсан ярьж байжээ.
“Содном, Наваан-Юндэн, Бавуу гурав доктор, профессор Леонард хэмээх айлд суужээ. Тэр айл хоёр хүү, нэг охинтой. Хоол бэлэн болоход гурван монгол хүүг дуудна. Хичээл тараад цагтаа ирэхгүй бол өдрийн хоолонд орох эрхгүй. Ганц минут ч хоцрох эрхгүй” гэх Б.Содномын дурсамжийг Гавьяат эмч Ж.Раднаабазар 2008 онд бичиж үлдээжээ.
Монгол сурагчид герман хэлээр бараг герман хүн шиг ярьдаг болжээ. Тэд дунд сургуулиа амжилттай дүүргэв. Содномын суралцсан Подстам хотын дунд сургууль Берлиний их сургуулийн бэлтгэл ангитай ба тэр дээд сургуульд элсэх гэж байтал 1930 оны хавар гэнэт Монгол руу эгүүлэн татсан байна. Тэрбээр ирээд 1930 ондоо Шинжлэх ухааны хүрээлэнд нэг жил гаруй ажиллажээ.
Б.Содномыг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойроогүй. Түүнийг 1938 онд ДЯЯ-наас хилс хэрэгт ял тулган баривчлан ДЯЯ-ны шоронд хорьж, мөрдөн байцаасны эцэст 1940 оны дөрөвдүгээр сард хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Гэвч 1947 онд хоёр дахь удаагаа баривчилж, хоёр жил хорив. “Архивын баримтуудыг тулган шүүвэл Б.Содном нийт нэг жил 10 сар мөрдөгдөж, хоёр жил шоронд хоригдсон” хэмээн номонд өгүүлжээ.
Ер нь Германд сурсан хүүхдүүд ямар ч салбарт ажиллах чадварт суралцсан тул өөрсдийнх нь саналаар ажилд хуваарилжээ. Тухайлбал, Д.Намдаг театрын найруулагч, Намхайцэрэн барилгын инженер, Цэвэг газар зүйч, Наваан-Юндэн эмч болох зэргээр саналаа өгч, ажилд хуваарилагдав.
Герман, Францад суралцагчдын талаар мэдээ баримт тун хангалтгүй. Тэдний олонх нь дурдатгалаа бичиж үлдээсэнгүйд учир бий. Герман, Францаас татагдан ирсний дараа тэднийг гадуурхан, “цагаан захтнууд” хэмээн хочилж, 1932 онд заримыг нь “Тайж Нацагдоржийн банкет” гэх хэрэгт татан, урт богино хугацаагаар гянданд хорьж, эрүүдэн шүүв. Нэлээд олныг нь “Герман тагнуулын хэрэг”-ээр баривчлан хорьж, удтал байцаасны эцэст 3-25 жилийн ял оноожээ.
Германд сурсан оюутнуудын хувьд хар дарсан зүүд шиг он жилүүд үргэлжилжээ. 1938 онд Б.Гомбо, Б.Доржсүрэн, С.Лувсандамдин, Н.Наваан-Юндэн, Б.Содном нарыг улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, олон хоног сараар хорьж байцаасан бол Ц.Баатарсэнгийг цаазаар авсан гашуун түүх бичигдэн үлджээ.
“ОТГОНТЭНГЭРИЙН ОРОЙГООС ГЕРМАН РУУ МЭДЭЭ ДАМЖУУЛСАН” ГЭЖ НОГООН МАЛГАЙТЫГ ДААПААЛЖЭЭ
Д.Сурмаажав 1910 онд Говь-Алтай аймагт төрж, Алтайн хязгаараас эх, эцгийн хамт тэмээн жингээр Нийслэл Хүрээнд нүүж иржээ. Охин Хүрээний анхны бага сургуульд элсэн, улмаар бүрэн бус дунд сургуульд суралцан 1926 онд Герман улсыг зорив. Герман, Францад сурч байсан сурагч, оюутнуудын тухай 1931 оны тайланд: “Сурмаажав хоосон ядуу, бүтэн өнчин. Летцлингенд сайн суралцсан, герман хэл сайн мэддэг, бас англи хэлтэй. Маш хөдөлмөрч, цааш үргэлжлүүлэн сурах боломжтой” гэж тодорхойлжээ. Сурмаажав татагдан ирснээс хойш Гэгээрлийн яаманд хуулан бичигч хийж байв.
Тэрбээр Францад сурч байсан Л.Уртнасантай хайр сэтгэлийн холбоотой болж, 1930 онд ханилан суужээ. Нөхөр Л.Уртнасан нь Сэлэнгэ аймгийн харьяат ба 1912 онд төрсөн. 1921-1926 онд Нийслэл Хүрээний бага, дунд сургууль дүүргэж, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишлей-д суралцсан. Уртнасан Ардыг Гэгээрүүлэх яаманд 1930-1932 онд ажиллаж байгаад 1932-1935 онд Ленинградын Цэргийн эмнэлгийн академид суралцахад залуу бүсгүй Сурмаажав Ерөнхий сайд А.Амарын ач ивээлээр нөхрийн хамт Ленинградад сурах болсон ба 1931 онд анхны охин У.Батнасан нь мэндэлжээ. Охины хоёр насны төрсөн өдөрт зориулан тухайн үед Ленинградын Дорно дахиныг судлах институтэд суралцаж асан зохиолч Цэндийн Дамдинсүрэн “Хоёр настай Ро” хэмээх өхөөрдөм шүлгээ бичин, уншиж өгч байжээ. Энэ шүлгийн тухай ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлд үздэг билээ.
Л.Уртнасан Ардыг Гэгээрүүлэх яаманд 1930-1932 онд ажиллаж байгаад 1932-1935 онд Ленинградын Цэргийн эмнэлгийн академид суралцахад залуу бүсгүй Д.Сурмаажав Ерөнхий сайд А.Амарын ач ивээлээр нөхрийн хамт Ленинградад сурах болсон байна.
Бүсгүйн нөхөр, Ро охины аав Л.Уртнасан нь 1936 онд хүнд өвчний улмаас өөд болов. Сурмаажав нь их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд орон шоронд ороогүй ч гэсэн баригдаж, байцаагдаж явжээ. Энэ талаар түүний охин “Хоёр настай Ро” шүлгийн эзэн У.Батнасан, “Аав минь 1936 онд өвчнөөр өөд болсон. 1937 оноос хэлмэгдүүлэлт эхэлсэн. Ленинградад аавтай цуг сурч байсан Ш.Сүхэндамба нарын дөрвөн их эмчийг 1937 онд баривчлан, цаазалсан гэдэг.
Тэгээд л ээж минь “Танай аав азтай хүн. Хэрэв байсан бол яалаа гэж амьд үлдэх вэ” гэдэгсэн. Сүүлд, намайг сургуульд орсон хойно ногоон малгайтай хүн гэрт ирээд авдар дээр байгаа бурхан болсон аавын минь зургийг хараад “Энэ хүн хаана байна?” гэхэд нь ээж уурандаа “Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуурт байгаа” гэж билээ.
Ээжийг минь Германы тагнуул гэж хардан “Германд хэнтэй, яаж харьцаж байсан бэ” гэж байцаахад нь ээж адарч, “Отгонтэнгэрийн орой дээр гарч Герман улстай морзоор холбоо барьж байсан” гэжээ. Байцааж байсан ногоон малгайтан ам амдууллаа хэмээн олзуурхаж, орос сургагчдаа танилцуулахад сургагч нь “Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хэдэн зуун км давхиж очоод, Отгонтэнгэрийн оройгоос морзоор мэдээлэл дамжуулж байх уу? Чам шиг боловсролгүй юмнуудыг наад сэхээтэн хүүхэн чинь даапаалсан байна” гэж загнасан гэдэг.
Д.Сурмаажав нь 1941-1949 онд Улсын нийтийн номын сангийн тасгийн эрхлэгч, захирал, 1949-1962 онд хэлтсийн эрхлэгч, 1962-1968 онд ахлах номын санчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ.
Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНИЙ ГИНЖИЙГ ХИЙХЭД АЖИЛЛАСАН ТОКАРЬЧ Б.СЭДЭД
Б.Сэдэд 1910 онд Нийслэл Хүрээний Амгаланбаатар гацаанд мэндэлж, Хүрээний сургуульд ном үзээд 1926 онд алсыг зорьсон сурагчдын нэг. Тэрбээр Германд очоод нөхдийн хамт Тюрингин мужийн Виккерсдорф хотын чөлөөт сургуульд сурчээ.
Гамбург хотын Төмрийн фабрикт дадлагажигч, сурагчаар ажиллаж сурч байсан түүнийг 1930 оны 8-р сард бусад нөхдийн адил эгүүлэн татав. Ирээд мэргэжлийн дагуу Төмрийн заводод ажиллаж байхад нь 1938 оны нэг өдөр гэнэт ажил дээрээс нь дайчлан баривчилжээ.
“Сэдэд нь ажилдаа хариуцлагагүй, гологдол гаргадаг тул заавал эсэргүү байх ёстой” гэж ял тулган, Шүүх цаазны бичгийн 43, 45-р зүйлээр 10 хорих ял оноов. Тухайн үед Германаас худалдаж авсан токарь-фрезер, өрөм, точил зэрэг тоног төхөөрөмжийг ДЯЯ-ны Авто гражид суурилуулсан боловч ажиллуулж чадах хүнгүй тул ял эдэлж байхад нь шоронгоос авчирч, хоригдол ажилчнаар ажиллуулах болов.
Түүнийг 1940 оны 11-р сард хилс хэргээс цагаатгасан боловч сул чөлөөтэй тавьсангүй. Техникийн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадварыг нь ашиглахын тулд ДЯЯ харьяа байгууллагадаа ажиллуулав.
Тэрбээр 1942-1945 онд ДЯЯ-ны Авто гражид дэслэгч цолтойгоор авто машины эд анги шинээр зорох, боловсруулах ажил хийжээ. 1949 оноос Төмрийн заводдоо эргэн ирж мэргэжлийн дагуу токарьчин, цехийн дарга, эд шалгагч зэрэг ажил хийжээ. Улаанбаатар хотын Төв талбай дахь Д.Сүхбаатарын хөшөөний гинжийг хийхэд Б.Сэдэд оролцсон байна.
ГЕОЛОГИЧ МЭРГЭЖИЛТЭЙ Ч МОНГОЛ-ГЕРМАН ХЭЛНИЙ АНХНЫ ТОЛЬ БИЧИГ ЗОХИОГЧ Ш.ЦЭВЭГ
Монгол-Герман хэлний толь бичиг зохиогч, геологич Ш.Цэвэг Германы Летцлинген хотын Чөлөөт сургалт-Хөдөлмөрийн нэгтгэл сургуульд суралцсан дөрвөн сурагчийн нэг бөгөөд 1930 онд нөхдийн хамт татагдсан. ЗХУ-д суух Бүрэн Эрхт төлөөлөгч Г.Гүрсэд Гадаад яамнаа ирүүлсэн тайландаа: “Сурагч Цэвэгийг уурхайн инженер болгохоор төлөвлөсөн” гэж бичжээ.
Ш.Цэвэг нь 1931 онд Ардыг Гэгээрүүлэх яамны харьяа Хараа дахь ХАА-н техникумд тооны багшаар ажиллаж байгаад тухайн ондоо Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар шилжин ирж, 1932 онд СССР-ийн ШУА-д суралцахаар явсан.
1938 онд түүнийг татан “Герман тагнуулын хэргээр” ДЯЯ-наас баривчилсан боловч 1939 оны тавдугаар сард цагаатган суллав. Үүнээс хойш геологи хайгуулын чиглэлээр ажиллажээ.
1941 оны 8-р сард дээрх хэргээр ДЯЯ-наас дахин баривчилж, 1943 оны 12-р сар хүртэл мөрдөнд суулгасны эцэст холбогдолгүй хэмээн суллажээ.
“Анхны Монгол-герман толь бичиг зохиогоод Монголдоо хэвлүүлж чадахгүй Германы монголч эрдэмтэн Шубертын тусламжтайгаар Германд хэвлүүлсэн. Улсад 30 жил хөдөлмөрлөхдөө Судар бичгийн хүрээлэнгээс ШУА нэртэй болтол энэ байгууллагад эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийсэн.
Тухайн үед Ардчилсан Герман улсаас докторын зэрэг хамгаалах урилга ирж байсан боловч ДЯЯ-ны зөвшөөрөлгүйгээр Монголын хилээр гарах эрхгүй. Аав минь энэ болгонд цөхрөн гомдовч Монголын ард түмэндээ хэзээ ч гомдож байгаагүй” хэмээн хүү Ц.Батхишиг нь дурсан өгүүлжээ.
Ш.Цэвэг нь Монгол-Герман толь бичгийг анх зохиосон бөгөөд Германы доктор, профессор Ж.Шубертын нягталснаар 1961 онд БНМАУ-д анх хэвлэгдэж, 1976 онд дахин хэвлэгджээ. Мөн Орос-Монгол толь, Герман-Монгол толь, геологийн нэр томъёоны толь зэргийг зохиосон.
1944-1968 онд БНМАУ-ын бараг бүх сумаар явж, алт, зэс, хар ба цагаан тугалга, рашаан ус, эртний амьтдын үлдэгдэл яс, давс, шүү, нүүрс, бал чулуу, эрдэнийн чулуу, манган, хромит, уран, вольфрамит, хайлуур жонш, шаазангийн шавар зэрэг ашигт малтмал олж илрүүлэхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй, Польшийн палеонтологийн экспедиц, Газар хөдлөлтийг судлах экспедицтэй хамтран ажиллаж байсан геологич, эрдэмтэн байжээ.
ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ТОМИЛОЛТТОЙ Б.ЦЭДЭНДАМБА
Цэдэндамба 1908 онд Буриад улсын Хорийн аймгийн Хижингийн нутагт Базарын гуравдугаар хүү болж төржээ. Алс газар сурахаар одогсдын эхний 35 хүүхэд 1926 оны 4-р сарын сүүлчээр холыг зорьжээ. Түүнээс хойш уван цуван хүүхэд нэмэгдсэн бөгөөд “1926 оны 10-р сард дөрөв, 1927 оны 1-р сард нэг, 27 оны 10-р сард хоёр хүүхэд нэмэгджээ” гэж Сергей Вольф тэмдэглэжээ.
Сүүлд очсон хоёр хүүхэд нь Цэдэндамба, Баваасан нар бөгөөд гадаадын сургуульд явуулах хүмүүсийг шалгах комиссын гишүүдийн 1927 оны 8-р сарын 29-ний 20-р тогтоолоор тэр хоёрыг Герман улсын Штернберг хотын тоосгоны үйлдвэрт хуваарилав.
Германд сурсан сурагчдын үр дүнгийн тайланд, “Цэдэндамба буриад ядуу хүний хүү. Нэлээд чадварлаг, тэвчээртэй хүн гэдгээ харуулсан. Тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа, эвлэлийн гишүүн” гэжээ.
Техникийн мэргэжил олгох зорилгоор түүнийг илгээсэн ба Германд барилгын техникийн сургуульд дөрвөн жил суралцаж байхуйд олон улсын байдал хурцадсан тул мөн 1930 онд сургуулиа төгсөж чадалгүй татагджээ. Ирээд 1930-1933 онд мэргэжлийн дагуу Туйпуун заводод ажиллаж, 1934-1945 оны 10-р сар хүртэл Санхүү ба худалдааны техникумд багшилсан, тус сургуулийн анхны багш нарын нэг бөгөөд зуурдаар нас баржээ.
“Алс газар сурахаар одогсод” хэмээх судалгаа шингэсэн цуврал бүтээл нь нэгэн зууны тэртээ манай улсаас Герман, Франц улсыг зорин суралцсан залуусын намтар мэт боловч хөмөрсөн тогоон доторх лугаа ХХ зууны Монгол орны түүхийг бодит хүмүүсийн дүрээр төлөөлүүлэн гэрчилж үлдээжээ. Нийслэл Хүрээний сургуульд голдуу харц ядуу, хамжлагат ардын хүүхдүүдийг илгээж, эрх дархтай баяд ноёд нь хүүхдээ сургуульд оруулахгүй сугалан авч үлддэг байсныг хүний амьдралын замнал, бодит баримтаар нотлон өгүүлсэн нь нэн сонирхолтой. Харин 100 жилийн дараах өнөө цагт “түүх эргэж” дарга, сайд нарын хүүхдүүд төрийн сангийн зардлаар гадаадад, сурлага сайтай ч жирийн ардын хүүхэд гомдол цөхрөл тээн үлдэж байгааг “Боловсролын зээлийн сан”-гийн будлианаас бид бэлхнээ харж буй билээ.
Монголын боловсролын түүхийн ХХ зууны 20-30-аад оны цаг үеийг сонирхон судалж, “Алс газар сурахаар одсон” анхны сэхээтнүүдийн үр хүүхдүүдийг сураглан олж уулзаж, түүхч судлаачдаас нягтлан тодруулж, архивт сууж, ховор сонин баримтуудтай танилцаж, бүтээлдээ хөдөлшгүй баримт материалуудыг шигтгэн туурвигч, судлаач, сэтгүүлч Ч.Болд ахын эрэн хайх, бүтээн туурвих нөр их хөдөлмөрт амжилт хүсмү.