Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын мэргэжилтэн Шархүүгийн Чулуун-Эрдэнэтэй уулзахаар ОХУ-тай хил залгаа 24 цагийн ажиллагаатай олон улсын Алтанбулаг боомтыг зорилоо. Ш.Чулуун-Эрдэнэ энэ байгууллагад 2005 оноос эхлэн үйлчлэгчээр ажилласан хуучин хүн. Ажиллахын зэрэгцээ оройн цагаар “Газарчин” дээд сургуульд 2009-2013 онд суралцаж, багш, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь үргэлжлүүлэн Монголын Үндэсний их сургуульд магистрт суралцан төгссөнөөр мэргэжилтэн болж, эзэмшсэн мэргэжлээрээ 2017 онд тушаал дэвшин ажиллах болсон шинэхэн албан хаагч. Дээд боловсрол эзэмшсэнээс хойш ажлын гараагаа Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газарт захиргааны ажилтнаар эхлүүлж, зургаадугаар сараас мэргэжилтнээр томилогдсон төрийн албан хаагч юм.
Нас гуч нэлээд гарсан хойноо дээд сургуулийн оюутан болж, хүүхдийнхээ үе тэнгийн залуустай тохой нийлүүлэн оюутны ширээнд сууж хоёр ч дээд сургууль дүүргэн, 50 шүргэх насандаа төрийн албан хаагчийн тангараг өргөжээ. Улмаар эзэмшсэн мэргэжлээрээ томилолт аван Монгол Улсын хойд хилд ажиллаж буй үлгэр дуурайл болсон эгэл жирийн эмэгтэйн ажил, амьдралын замналыг хүргэхээр Улаанбаатараас 320 км-ийн зайд орших Алтанбулаг боомтыг зорьсон хэрэг ээ.
Биднийг очиход Ш.Чулуун-Эрдэнэ мэргэжилтэн ээлжинд гарч, Алтанбулаг боомтод ажиллаж байсан юм. 24 цагийн “хишиг өдөр” түүнтэй хамт хяналтын улсын байцаагч Б.Хадбаатар,
Л.Энх-Амгалан нар гарч байв. Ш.Чулуун-Эрдэнийг анх энд томилогдон ирэхэд Хойд бүс дэх газрын дарга Б.Мөнхбат мэргэжлээрээ хамгийн удаан ажилласан, туршлагатай, хяналтын улсын байцаагч Б.Хадбаатарт хариуцуулж, ажлын байранд дагалдуулан сургах үүрэг өгсөн бөгөөд манай баатар ч түүнийг “миний багш” хэмээн хүндэтгэнэ.
Алтанбулаг боомтоор өдөрт дунджаар 200-250 хүн нэвтэрдэг. Хилээр орох, гарах гадаадын иргэдийг бүртгэнэ, шаардлагатай бол ярилцлага хийнэ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсад оруулахыг үл зөвшөөрөх гэсэн заалт бий. Тэр заалтад Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бол, 16 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гадаадын иргэн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол гэх мэт долоон үндэслэлээр Монгол Улсад орохыг зөвшөөрдөггүй байна.
Дээрх төрлийн хүмүүстэй ярилцлага хийж, тэмдэглэл үйлдээд “Та Монгол Улсад нэвтрэх шаардлага хангахгүй байна” гээд буцаах эрхийг ажил үүргийнх нь дагуу энэ мэргэжилтнүүдэд олгосон байдаг. Арав гаруй жилийн өмнө дөө, Үндэсний телевизээр Гаалийн ерөнхий газрын “Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул” гэсэн уриатай, энхийн цагт тусгаар улсынхаа дархлаа, нүд чих, харуул манаач болсон гаальчдын ажлын сурталчилгаа нэг хэсэг тасралтгүй явсан. Гадаадын иргэн, харьяатын газрын хариуцсан ажил агуулгын хувьд гаалийнхантай төстэй. Тийм учир Алтанбулаг боомт хэмээх малгай, нэгэн дээвэр дор Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх дөрвөн байгууллагаас томилогдсон албан хаагчид ажилладаг юм билээ.
Нас гуч нэлээд гарсан хойноо дээд сургуулийн оюутан болж, хүүхдийнхээ үе тэнгийн залуустай тохой нийлүүлэн оюутны ширээнд сууж хоёр ч дээд сургууль дүүргэн, 50 шүргэх насандаа төрийн албан хаагчийн тангараг өргөжээ.
Гаалийнхан хилээр оруулах, гаргах эд бараатай холбоотой хяналт, шалгалт явуулж, татвар төлбөр тавьдаг бол Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид улсын хилээр орох, гарах гадаадын иргэдийн бичиг баримтын бүрдлийг шалган улсын хилээр нэвтрүүлэх, эс бол буцаах үүргийг Монгол Улсын нэрийн өмнөөс гүйцэтгэж буй төрийн тангараг өргөсөн албан хаагчид юм.
Ш.Чулуун-Эрдэнэ болон түүний хамт олны хариуцсан ажил энэ. “Алтанбулаг, Сүхбаатар боомтоор жилдээ нийт 30 мянган хүн зорчдог. Бид зөвхөн хилийн боомт шалгаад зогсохгүй Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийг давхар хариуцдаг. Тухайн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулах ажлыг мөн хариуцна. Бид саяхан төлөвлөгөөт шалгалтаар Сүхбаатар аймаг руу яваад ирлээ. Зам барилга, уул уурхайн чиглэлийн хяналт шалгалтаар сард 2-3 удаа явдаг. Жуулчлалын визээр ирээд хууль бусаар хөдөлмөр эрхлэх зөрчлүүд нэлээд гардаг. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Монгол Улсаас албадан гаргаж, буцаана гэж байв.
ЭЭЖ БАГШ, ХҮҮ НЬ ЭМЧ-ИЙН ДИПЛОМОО НЭГ ӨДӨР ГАРДАХ БАЯРТ МӨЧ
Энэ байгууллагад эгэл жирийн үйлчлэгчээс эхэлсэн ажил хөдөлмөрийн гараагаа дүрэмт хувцас өмсөж, Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс ажиллах болсон шоргоолж шиг хөдөлмөрч, шонхор шиг дайчин, туйлбартай эмэгтэйн түүхийг үргэлжлүүлэн өгүүлье. Энэ бол түүний ажил, амьдралын сүүлийн 10 жилийн хэмнэл, уйгагүй хөдөлмөр юм.
Ш.Чулуун-Эрдэнэ 2009 онд оюутан болсноос хойш өглөө 06.00 цагт хамгийн эхний автобусаар ажилдаа очиж, 08.30-д хүмүүс ажилдаа ирэхэд цэвэр цэмцгэр орчинд ажиллах боломжийг хангах үүрэгтэй хуучны нэр томъёогоор бол цэвэрлэгч хүн. Өдөр 12.00 цаг хүртэл ажлаа амжуулаад Яармагийн дэнж дэх ажлаасаа хотын зүүн хязгаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байдаг сургуульдаа явна. Хичээл тараад буцаж ажилдаа ирж, үлдсэн ажлаа амжуулаад гэрийн зүг.
Оюутны ширээнээс хөндийрөөд олон жил болсон түүнээс бие даалтын ажил, ар араасаа хөврөх шалгалтууд, гэрийн даалгаврыг гүйцэж, сурсан шиг сурахад асар их тэвчээр шаардсан нь мэдээж. Яг энэ хэмнэлээр дөрвөн жил явж, эхний дээд сургуулиа дүүргэн “Багш, эрх зүйч” мэргэжлийн дипломоо өвөртлөв. 2013 оны тавдугаар сарын 15-нд Ш.Чулуун-Эрдэнэ “БАГШ, ЭРХ ЗҮЙЧ”, түүний хүү Г.Дөлгөөн АШУҮИС-ийг “ЭМЧ” мэргэжлээр төгссөнийг гэрчлэх бакалаврын дипломоо гарджээ. Б.Ганхуягийн гэр бүлд нэг өдөр дээд боловсролтой хоёр хүн төрж, Аав, ээж хүү гурав цээжиндээ багтахгүй баяр хөөрт автсан амьдралынхаа аз жаргалтай өдрийг дурсахдаа нүдэнд нь баясал тодорно.
Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртсэн амьдралын ямар гэгээн дурсамж вэ...? Ийм сайхан түүхийг хуваалцан тэмдэглэж суугаа би ч тэдний өмнөөс догдлон баярлах, бахархах сэтгэгдэл эрхгүй төрснийг нуугаад яах вэ.
“Нас оройтвол сурах чадамж буурдаг” гэсэн ойлголттой хүн цөөнгүй. Ш.Чулуун-Эрдэнэ харин энэ талаар “Чин хүсэл байвал сурахад нас оройтдоггүй юм билээ” гэж итгэлтэй хэлсэн нь сурахыг хүсдэг ч өөрийгөө оройтсон мэтээр сэтгэж яваа нэгэнд урам зориг өгсөн хариулт байв.
2013 оны тавдугаар сарын 15-нд Ш.Чулуун-Эрдэнэ “БАГШ, ЭРХ ЗҮЙЧ”, түүний хүү Г.Дөлгөөн АШУҮИС-ийг “ЭМЧ” мэргэжлээр төгссөнийг гэрчлэх бакалаврын дипломоо гарджээ.
Эхний даваагаа амжилттай давж, эрдэм боловсролын эерэг энергиэр цэнэглэгдсэн Ш.Чулуун-Эрдэнэ магисрт сурахаар шийдэж, Монголын үндэсний их сургуулийн бямба гарагийн ангид бүртгүүлэв. Үйлчлэгчийн багахан цалингаар сургалтын төлбөрөө гүйцэлдүүлэх нь мэдээж амар биш. Гэхдээ л тэр яаж ийгээд болгосон. “Хүн ямар ч тохиолдолд цаг үеэсээ хоцрохгүй, өөртөө сурах боломжийг гаргаж байх ёстой” гэж хэлсэн билээ.
Дүрэмт хувцсаар жигдэрсэн эелдэг харьцаа хандлагатай залуус түүний бахархал, хүндлэлийг төрүүлж, цаашлаад дээд мэргэжил эзэмшиж, энэ “арми”-даа нэгдэх хөшүүрэг болсныг яриан дундаа өгүүлсэн юм. Хамт олны халуун дулаан уур амьсгал, сүр золбоот дүрэмт хувцас энэ бүсгүйг соронз лугаа татжээ.
Ажилчдаа үйлчлэгч, өлгүүрчин гэж дорд үзэлгүй хүсэл сонирхолд нь нийцүүлэн сурах боломж олгож, шат ахин ажиллах хаалгыг цэлийтэл нээж өгдөг Гадаад иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнгийн тухай энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хүн байгууллагынхаа үйлчлэгчээс эхлээд ажилтан бүртээ анхаарал тавьж, сурч боловсрох, мэргэжлээрээ өсөн дэвшихийг бүх талаар дэмждэг удирдагч болох нь энэ хичээнгүй эмэгтэйн жишээнээс илэрхий байна.
Ганц Ш.Чулуун-Эрдэнэ төдийгүй Гадаадын иргэн, харьяатын газарт тогооч байсан
Ц.Цэндсүрэн дээд сургуульд сураад Архивын эрхлэгч, Цайны газрын кассчин М.Өнөртуулыг санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэнийг нь харгалзан нярав, тооцооны нягтлан болгон дэвшүүлж, дээд мэргэжлээрээ ажиллах боломж олгосон байх жишээтэй. Тэтгэвэрт гарсан нэгэн үйлчлэгчийнхээ ар гэрийн байдлыг харгалзан, хүүхдийг нь няраваар ажиллуулж байгаа гээд энэ байгууллагын удирдлагын арга барил, шат шатны бусад албан хаагчдад ч нөлөө үзүүлж бусдынхаа төлөө гэсэн нэгэн цул хамт олныг бүрдүүлж чаджээ. Энэ байгууллагын эс ширхэг болсон жирийн үйлчлэгч хамт олны дэмжлэг, хичээл зүтгэлийнхээ ачаар төрийн жинхэнэ албан хаагч болж амьдралдаа том дэвшил гаргасан нь бахархал биш гэж үү.
Ш.Чулуун-Эрдэнэ хоёр дахь сургуулиа төгсөөд, төрийн албан хаагчийн шалгалтыг нэр төртэй давж чадсан. Тэрбээр энэ байгууллагадаа ажиллах хүсэлтэй байсан учир бакалаврын дипломоо авснаас хойш байгууллагынхаа удирдлагад энэ хүсэлтээ албан ёсоор тавьжээ. Хариу өгөөгүй, Ш.Чулуун-Эрдэнэ ч үргэлжлүүлэн суралцсаар байв. Тэр үйлчлэгчийн ажлынхаа хажуугаар байгууллагын ажилтнуудад зориулсан дотоод сургалтуудыг ч таслахгүй сууж, бичиж тэмдэглэсээр явсан аж. Эцэст нь түүний хүсэл биелж, Төрийн албан хаагч болов. 50 насандаа 2017 оны тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн нь түүний хувьд зүүд мэт, үүлэн дээгүүр дүүлэн нисэх мэт ер бусын гайхамшигт мэдрэмж өгснийг ил цагаахан хэлсэн билээ.
АРДЫН ХУВЬСГАЛТАЙ НАС ЧАЦУУ АЗАЙ БУУРАЛ ААВЫНХАА ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛСЭН НЬ
Ш.Чулуун-Эрдэнэ 1983 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн V сургуулийн есдүгээр ангийг төгсөөд Чех улсын Арьс, ширний техник мэргэжлийн дунд сургуульд арьс ширний химич үйлдвэрийн чиглэлээр 5 жил сурч төгсжээ. 1988 онд сургуулиа төгсөж ирээд Арьс ширний нэгдлийн харьяа Хром юртийн үйлдвэрийн Хиймэл ширний цехээс ажлын гараагаа эхэлжээ. Тухайн үед цехийн ажилтнуудыг 10 жилийн боловсрол эзэмшүүлэх болж, Ш.Чулуун-Эрдэнэ нийслэлийн Нэгдүгээр дунд сургуульд 10 дугаар ангиа дүүргэж, бүрэн дунд боловсролын диплом өвөртөлжээ.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр социализмын үед хэвийн ажиллаж байсан улсын томоохон үйлдвэрүүд 1990-ээд оны эхээр шил шилээ даран дампуурч байв. Хром юртийн үйлдвэр ч зах зээлийн тэр шуурганд өртөн 1999 онд хаалгаа барьж, Ш.Чулуун-Эрдэнэ ажилгүй болов. Амьдрахын тулд ажиллах хэрэгтэй, захад лангуу түрээсэлж ч үзэв. Юм юм хийж явсаар хуучнаар Авто тээврийн газарт үйлчлэгчээр ажилд орж, одоогийн байгууллагынхаа бууринд буужээ.
Хүний амьдралын мөчлөгүүд хоорондоо ямар нэгэн учиг сэжмээр холбоотой байдаг мэт. Ш.Чулуун-Эрдэнэ Чех улсад дунд мэргэжил эзэмшихийн зэрэгцээ чех хэл сурсан байв. Тэр мэргэжлээ дагавал үйлдвэрт ажиллах учиртай. Түүний аав Лувсангийн Шархүү 1921 онд төрсөн Ардын хувьсгалтай нас чацуу азай буурал бий.
Гадаадын иргэн, харьяатын газрын үндэс суурийг тавихад аав нь хүчин зүтгэсэн түүхтэй. Хожим нь энэ албанд Ш.Чулуун-Эрдэнэ зүтгэж, эхлүүлсэн замналыг үргэлжлүүлнэ чинээ азай буурал аав нь яахан санах билээ.
Аав нь цагдаагийн байгууллагад 39 жил ажилласан бөгөөд тэнд байхдаа Цагдаагийн байгууллагын харьяат Гадаад пасспортын хэлтэс байгуулахад анхнаас нь зүтгэжээ. Хятад, орос хэлтэй тул хятадуудыг хариуцсан байцаагч хийжээ. Монголд ажиллаж, амьдарч байсан хятад иргэдийн бичиг баримтыг шалгадаг, оршин суух үнэмлэх олгодог, зөрчил гаргасан бол хуулийн дагуу хариуцлага тооцох зэргээр өнөөгийн Гадаадын иргэн, харьяатын газрын үндэс суурийг тавихад аав нь хүчин зүтгэсэн түүхтэй. Хожим нь энэ албанд Ш.Чулуун-Эрдэнэ зүтгэж, эхлүүлсэн замналыг үргэлжлүүлнэ чинээ азай буурал аав нь яахан санах билээ.
Л.Шархүү гуай дараагийн ажилд шилжихдээ Цагдаагийн байгууллагад анх Эрэлч нохойн албыг байгуулан, тэндээ тэтгэвэрт гартлаа ажилласан баялаг түүхтэй буурал. Цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгч, байцаагчаас эхлэн шинэ шинэ алба хэлтэс байгуулахад санаачилга гаргаж, нэр төртэй ажилласан аавынх нь замнал Ш.Чулуун-Эрдэнийн үлгэр дууриал. Хожим нь түүний ах аавынхаа үндэс суурийг нь тавьсан Эрэлч нохойн сургуульд насаараа ажиллан тэтгэвэрт гарсан бол охин нь мөн л аавынхаа тавьсан замналыг үргэлжлүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллах болов. 50 шүргэх насандаа төрийн албан хаагч болж, тэр дундаа өөрийнх нь эхлүүлсэн албанд зүтгэх болсон охиндоо азай буурал аав нь баярлахын дээдээр баярласан гэдэг. Өндөр настай аав нь охиноо Алтанбулагийн боомтод томилогдон явах болоход Д.Мөрөн хурандаатай уулзаж, баярлаж талархсанаа илэрхийлсэн гэнэ лээ.
Ш.Чулуун-Эрдэнэ байгууллагынхаа ажлын онцлогт уялдуулан “Монгол Улс дахь иргэний хоёрдмол харьяаллын асуудал” сэдвээр бакалаврын дипломын ажлаа хийж, хамгаалсан. Монгол Улсын иргэн гадаадын иргэн болбол өөрийн улсынхаа харьяаллаас хуулийн дагуу татгалзана. Тэгвэл татгалзахгүй байх боломжтой юу гэж бодож судалгаагаа хийжээ. Энэ ажлыг хийхдээ гадны туршлагыг чамгүй судалжээ. Казахстан улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрч, гадаадад байгаа иргэдээ эргүүлэн татах чиглэлээр том бодлого хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Хэрэв гадаадад байгаа иргэдийг Монголдоо ажиллах боломжоор хангавал гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон монголчууд эх орондоо ирж ажиллах боломжтой гэж бодож судалсан аж.
Харин магистрын дипломоо “Монгол Улс дахь гадаадын иргэний эрх зүйн байдал” сэдвээр бичиж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна. Энэ сэдвийнхээ хүрээнд Киргиз, Англи, Америк, Казахстаны туршлагыг судлахын зэрэгцээ Монголынхоо холбогдох хууль тогтоомжуудтай танилцаж, дундаас нь өөрийн дүгнэлтийг гаргажээ. Дипломын ажил бол нийгэмд хөндөгдөж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гаргалгааг дэвшүүлж, хэрэгжүүлэх боломжтойг батлах зорилготой. Ийн уншиж судалснаар салбартаа тулгамдсан асуудлуудтай танилцаж, ажлын онцлогийг олж харах “бие халаалт” хийсэн хэрэг. Түүнд одоо сурсан, мэдсэнээ практикт ашиглах л үлдсэн байв.
Үйлчлэгч байсан Ш.Чулуун-Эрдэнэ 13 жилийн дараа Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн тушаалаар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Хойд бүс дэх газрын захиргааны мэргэжилтнээр томилогдлоо. Тэр тушаалыг уншсан Ш.Чулуун-Эрдэнэ хөл газар хүрэхгүй баярлахын зэрэгцээ төрийн нэрийн өмнөөс ажиллах хариуцлагатай үе ирснийг бодохуйд сүрдэн, тушаал барьсан цаастай гар нь үл мэдэгхэн чичирч байсан гэдэг.
Ш.Чулуун-Эрдэнэ цаашид ч суралцана. Одоо тэр англи хэлний мэдлэгээ сайжруулахаар ажлынхаа зав зайгаар суралцаж байна. “Ажлын шаардлагаар гадаад хүмүүстэй харилцдаг учир хэлний мэдлэг сайтай байх хэрэгтэй. Би Чехэд дунд мэргэжил эзэмшиж, 5 жил сурахдаа чех хэлтэй болсон. Оросоор ч ойлголцоно. Оюутан байхдаа англи хэл давхар үзэж байсан. Манай Хойд бүсийн Б.Мөнхбат дарга маань “Мөн хэлний мэдлэгээ сайжруулах шаардлага тавьдаг хүн учир бид нар дотроо орос, англи хэл заалгаж байна” хэмээсэн юм.
БИ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА
Улаанбаатар хотод төрж, өссөн Ш.Чулуун-Эрдэнэ одоо Сэлэнгэ аймгийн хүн болжээ. Шинэ албанд томилогдон шинэ газарт ирэхэд Сэлэнгэ нутгийнхан сайхан хүлээж авсан, байр байдлаа тохинуулахад маш их тусалсан, эвсэг хамт олон угтаж авсан гээд баяр, талархлын үгсийг ар араас нь асгаруулж байна.
Түүний өмнө ертөнц авхайн араншинг өөр өнгөөр харах шинэ цонх нээгдэв. Мэргэжлээрээ ажиллаад эхлэхэд цалин мөнгө нэмэгдэж, амьдрал нь ч сэвхийн сэргээд иржээ. Хүү нь эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад /резидент/ нойрсуулагч эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр сурч байна. Одоо түүнд санаа зовох зүйл алга, ар гэрийн байдал төвхнөж, амар жимэр тогтоод ирэхийн цагт ажлаа нэгдүгээрт тавих боломж бүрджээ. Тиймээс ч “Би аз жаргалтай байна” хэмээн Ш.Чулуун-Эрдэнэ итгэл дүүрэн хэлсэн биз ээ.
50 насандаа дээд боловсрол эзэмшиж, төрийн жинхэнэ албан хаагч болно гэдэг хүний амьдралд тохиох ховор хувь заяа, аз завшаан. Төрийн албан хаагч хүн хууль ёсны дагуу тэтгэвэрт гарч л таарна. Тэр хүртэл энэ сайхан ажил мэргэжилдээ сэтгэлээ зориулан ажиллана. Тэтгэврийн нас болсон нь хөдөлмөрийн чадварыг хязгаарлахгүй тул шинэхэн мэргэжилтэн Ш.Чулуун-Эрдэнэ цааш үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй. Энэ удаа хэлэхээс азнасан мөрөөдлөө дараагийн шатныхаа зорилго болгожээ.
Тэр бол дотоод хүч, нөөц бололцоогоо тооцож, өөрийгөө удирдаж сурсан, эрч хүчтэй эмэгтэй. Мөрөөдөөд бай, ажиллаад бай. Өмнө тань урт холын гэрэлт зам зурайж байна.
Гэрэл зургийг Э.Батзавъяа