Урд хөрш маань социалист улс гэж нэрлэгдэхгүй байх төсөөлөл бууж байна
Саяхан Бээжинд чуулж дууссан XIII сонгуулийн БХАТИХ- ын чуулганы хуралдаан дээр лут лут тоо, баримт ил болсон. Юу гэвэл өмнөх сонгуулиас хойших таван жилд 68 сая хүн ядуурлаасаа салсан (2012 онд 99 сая ядуу хүн байсныг 2017 оны эцэс гэхэд 30 саяд хүргэсэн), Хятадын эдийн засгийн хүчин чадал шинэ шатанд гарсан, дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юаниас 82.7 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 30 гаруй хувьд хүрсэн.
Хурдны төмөр зам, цахим худалдаа, хөдөлгөөнт холбооны төлбөр тооцоо зэрэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүллээ. Хурдны төмөр зам 9000 км байсныг 25 мянга гаруй км-т хүргэж, дэлхийн нийт хурдны төмөр замын гуравны хоёр хувийг Хятад эзэллээ.
Экологи, байгаль орчин аажмаар сэргэж, том том хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар багасгаж чадлаа гэх мэт. Ядуурлыг эдийн засгийн гол үзүүлэлт болгож байгаа нь хөгжил дэвшлийн уг үндэс бол хүн юм, хүний аж байдал сайжирч байж улс орон өөдөлнө гэсэн Хятадын эдийн засгийн шинэчлэлийн бодлогын гол баримтлал ажээ. Хүнийг хөгжүүлж, хүн өөрөө баяжиж хөлжиж, гэгээрч, эрүүлжиж, тэр стандартаараа дэлхийд өрсөлдөх тухай яриа юм.
Хэрэв анги бүлгээр авч яривал нийгмийн дундаж давхарга нь бараг 100 хувь болох тухай бүдүүвч юм. 2012 онд ХКН-ын XVIII Их хурлаас томоохон зорилт дэвшүүлсэн. Юу гэвэл 2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулна, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор социалист орчин үеийн орон болж шат ахина гэжээ. 2049 он гэдэг нь Хятад улсын нэг дэх 100 жил дуусаж байгаа нь тэр.
Хоёр дахь 100 жил эхлэхэд л дэлхийд тэргүүлэх улс болчихсон байх холын стратеги юм.Харин 2017 онд хуралдсан ХКН-ын XIX Их хурал эл хоёр зааг хугацааг “Хос зуу” хэмээн нэрлээд ойрын 100 гаруй жилийн төлөвийг тодорхойлохыг зорьжээ. Ирээдүйд социалист орчин үеийн тэр улсыг хэрхэн бүтээн байгуулах вэ? Ийм төсөөлөл буухаар намын Их хурлын илтгэл орсон байна.
Үүнд 2020 оноос энэ зууны дунд үе хүртэл хоёр шаттайгаар хөгжинө. Нэгдүгээр шатанд 2020-2035 оны эхний 15 жилд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр социалист орчин үеийн болох бүтээн байгуулалтаа үндсэнд нь биелүүлэх. Хоёр дахь шатыг 2035 оноос дахин 15 жил зарцуулж энэ зууны дунд үе хүртэл гэж тооцоод тэр үед орчин үеийн бүтээн байгуулалтаа дуусгасны үндсэн дээр Хятад нь цэцэглэн хөгжсөн, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан орон болгон бүтээн байгуулах болно.
XXI зууны эцэс гэхэд Хятад улсын биелүүлэх зорилтод шинэ томъёолол нэмэгдэж орлоо. Тухайлбал, өмнө нь дэвшүүлж байсан “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэснийг 2050 оноос цааш “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” хэмээн өөрчилсөн байна.
Өөрөөр хэлбэл, XXI зууны хоёрдугаар хагасаас өмнөд хөрш маань социалист улс гэж нэрлэгдэхгүй болохоор төсөөлөл бууж байна. “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн Дэн Сяопиний томъёоллоор Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, хүмүүсийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг асуудлыг энэ 2021 он гэхэд бүрэн шийдчихсэн байх ба хамгийн либераль шинэчлэл явуулснаар нийгмийн бухимдал, тэсрэлтийг намжааж, сүйрлээс сэрэмжилж, ард түмнээ хөлжүүлж, гэгээрүүлж, нийгмээрээ чинээлэг дундаж анги болж чадсан бол социалист гэх тодотгол чухал биш л дээ.
Үзэсгэлэнт, хүчирхэг гэдэг хоёр зорилт нэмж шинээр дэвшүүлсэн нь Хятадад экологийн соёлыг чухалчилж, бүтээн байгуулалтын зорилтоо гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулах гэж байгааг илэрхийлсэн хэрэг юм. “Цэлмэг тэнгэр цэнгэг агаартай өдөр олшруулах” кампанит ажил тасралтгүй өрнөх нь ээ.
Хятад есөн салбарт хүч, анхаарлаа төвлөрүүлж ажиллана
Агаарын бохирдлын зарим нэг статистикаас сонирхуулбал, байгалийн салхиар агаар цэвэршсэн өдөр 30 хувь, хүний хүчээр цэвэршүүлсэн өдөр 70 хувийг эзэлж байна. Нийт 338 хотын агаар мандлын чанарын стандарт хангасан хэмжээ 3/1 хувьд ч хүрэхгүй байна. Тэгэхээр бохирдол ноцтой хэмжээнд хэвээр байна гэсэн үг. Агаарынхаа бохирдлоор Хятад нь дэлхийд толгой цохиж яваа бол түүнийг ариусгаснаар бас толгой цохино гэсэн лут зорилго дэвшүүллээ Агаараа хэрхэн цэвэрлэх вэ гэдэгт бэлээхэн хариулт (манайд туршлага болно) олжээ.
Гол нь аж үйлдвэр эрчим хүч болон зам харилцааны бүтэцдээ ухаалаг өөрчлөлт хийнэ гэнэ. Юуны өмнө нүүрсэнд хэт түшиглэсэн эрчим хүчний бүтцийг өөрчлөх ба гол бүс нутгуудын нүүрсний хэрэглээний ерөнхий хэмжээг бууруулна. Зам харилцаандаа хүнд даацын автомашины тээвэрлэлтийг багасгана.
Хурдны төмөр замын тээврийг өсгөнө, хүнд даацын автомашины утаа ялгаруулахыг хатуу хянах, хориглох руу шилжинэ. Ийм ажлуудыг тусгасан 2020 он хүртлэх агаарын бохирдлыг арилгах гурван жилийн хөтөлбөр зарлажээ. Дээрх лут зорилтуудыг нийлүүлж базаад, түүндээ хүрэх арга замыг оролцуулаад “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулах Ши Жиньпиний үзэл санаа” хэмээх шинэ үзэл баримтлал гаргаж ирэн, ХКН-ын дүрэмдээ суулгаж, саяхан чуулсан Ардын төлөөлөгчдийн их хурлаараа хэлэлцэн дэмжиж, шинэ эриндээ БНХАУ- ын дарга тодорхой хугацаанд баригдахгүйгээр (“5 жил+5 жил” гэснийг цуцалсан) ажиллахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Хятад нь шинэ эрин үедээ есөн салбарт хүч, анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Үүнд
- эдийн засаг,
- улс төр,
- соёл,
- иргэдийн амьжиргаа,
- нийгмийн засаглал,
- экологи,
- батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалт,
- эх орны нэгдэл, гадаад харилцаа,
- намын байгуулалт байх ажээ.
Энэчлэн төддүгээрт гэсэн заалт намын Их хурал, саяын чуулганаас олныг зааж өглөө. Зах зухаас нь дурдвал, хувиралтгүй хоёр, хөгжлийн хоёр үе шат, гурван баримтлал, дөрвөн аугаа их, намын дөрвөн хүчин зүйл, чинээлэг нийгэм байгуулах долоон стратеги, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл бодлын найман тодорхойлолт, төр-засаг барих найман ур чадвар, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулахад баримтлах 14 зарчим гэх мэт.
Заримаас нь дурдвал, тэрхүү “Дөрвөн аугаа их” гэдэг нь аугаа их тэмцэл, төсөл, ажил үйлс, мөрөөдөл болох аж. Задалбал, өнөөдөр Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хамгийн ойр зааг үед ирсэн байгаа, түүндээ ч итгэлтэй байна.
Аугаа их тэр мөрөөдлийг биелүүлэхэд аугаа тэмцэл, их төслийн лут бүтээн байгуулалт хийж, тэгснээрээ аугаа их үйлсийг бүтээнэ хэмээн тайлбарлажээ. Харин долоон стратеги гэдэг нь хэрэгжүүлэх бодит арга замыг заасан зорилтууд аж. Үүнд
- Шинжлэх ухаанд түшиглэн улс орноо мандуулах;
- Хүний нөөц, хүний хүчин зүйлээр улсаа хүчирхэг болгох;
- Инновацийг хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги гэж үзэх;
- Хөдөө орон нутгийг тусад нь авч үзэн хөгжүүлэх;
- Бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг барих;
- Хөгжлийг огт сааруулахгүй хөгжүүлсээр байх;
- Цэрэг, ард түмэн уялдан нэгэн зэрэг хөгжих гэж томъёолжээ.
Мөн 14 зарчим гэдэг нь урт хугацаанд баримтлах, мөрдөх, хэрэгжүүлэх бичигдээгүй хууль мэт дуулдахаар юм. Үүнд:
- Коммунист намаас бүх ажил үйлсийг удирдах
- Ард түмнээ төвдөө тавих
- Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх
- Хөгжлийн шинэ үзэл бодол дэвшүүлэх
- Ард түмэн эзэн, ард түмэн эрх эдлэх зарчим баримтлах
- Хуулийн дагуу засаглах
- Социализмын байгууллын үндсэн өртгийн үзлийг баримтлах
- Хөгжлийн дагуу ард түмний амьжиргааг сайжруулах, тийм баталгаагаар хангах
- Хүн төрөлхтөн, эх дэлхийн эв найрамдалтай хөгжлийг хангах
- Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах
- Коммунист намаас цэрэг армийг удирдах
- “Нэг улс-нийгмийн хоёр байгуулал”-Хятадын нэгдлийн үзэл баримтлалыг баримтлах
- Хүн төрөлхтний нийтлэг хамтын хувь тавиланг цогцлуулах
- Коммунист намыг бүх талаар чанд засан цэгцлэх гэж заажээ.
Энэ их зорилт заалтуудаа азнаж, Монголд маань хэрэгтэй байж мэдэх биет мэдээллээс толилуулъя. Өмнөх бидний төсөөлдөг шиг Хятад нь бэлэн бараагаар дэлхийг дарж, экспортод л гаргаж байвал юу ч хамаагүй гэдгээ больж байгаа юм билээ.
Хятадын Чанар, хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Жи Шүпин гэдэг даргын ярьснаар Хятадын барааны чанар чансаа тасралтгүй дээшилж, олон улсын стандартын шалгуурт нийт барааны 85.47 хувь нь тэнцэж байна гэжээ.
Өнгөрсөн таван жил барааны чанар дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулсаар Хятад нь чансаатай хөгжлийн цаг үеийн шаардлагад хөл нийцүүллээ гэх дүгнэлтийг тэр дарга хийжээ. Өөрөөр хэлбэл, брэнд брэнд гэж үхэлддэг манайхны хувьд энүүхэн хаяанаас, Эрээнээс брэнд бараагаа дэлхийн дундаж үнээр худалдан авах цаг айсуй.
80 хувийг бүрдүүлдэг салбарт ердөө 20 сая хүн ажиллаж байна
Хятадын Худалдааны яамны дэд сайд бөгөөд олон улсын худалдааны хэлэлцээний орлогч төлөөлөгч Ван Шөүвэнээс эшлэе. Хятад нь дэлхийн 24 улс орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 16 хэлэлцээрт гарын үсэг зурсан, олон талт худалдааны хэлэлцээг дэмжсээр байх болно гэжээ.
Чөлөөт худалдааны түнш бус улс орнуудтай тогтоосноос илүү хурдтайгаар чөлөөт худалдааны түншүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа хөгжиж байна гэсэн нэг дүгнэлт анхаарал татлаа. Хятадын өнөөгийн эдийн засаг гадаад зах зээлээс ихээхэн хамаардаг нь мэдээж. Экспортоороо дэлхийд нэгдүгээр цохиж явдаг айл.
Тус улсын валютын орлогын 80 хувийг экспорт нь бүрдүүлдэг. Тэр 80 хувь дотор манайхны жин оролцоо ч чамгүй бий. Гэтэл улс нь валютын орлогынхоо 80 хувийг бүрдүүлдэг салбарт ердөө 20 сая хүн ажиллаж байгаа нь тайлагдашгүй оньсого. Бас аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 20 хувийг гадаад зах зээлд гаргадаг гэхээр бас нэг толгой эргэм оньсого.
Экспортын бараа бүтээгдэхүүн гэвэл 50 мянган нэр төрөл. Цаашлаад бүр гайхам тоонууд ярайна. Дэлхийн 182 улс оронтой худалдааны харилцаатай, тэдгээрээс 80-тай нь Засгийн газар хоорондын хэлэлцээр, протоколтой. Энэ 182-оосоо бараг 120-д нь худалдааных нь гол түнш Хятад гэгдэж яваа.
Худалдааны гол түнш нь хөгжингүй капиталист бүх орон. Юуны өмнө Япон, АНУ, Өрнөд Европын орнууд, тэдэнд Хятадын гадаад худалдааны эргэлтийн 55 хувь ногдоно. Энэ бүхнийг манай худалдаа, эдийн засгийн эрх баригчид, хувийн худалдаачид анхааралдаа авах биз ээ.
Учир нь манай улс бол Хятадтай хуурай газраар маш том хилтэй, хил орчмоороо олон боомттой, иргэд ердийн ба ганзагын худалдаа эрхэлдэг, Монголын бүх хот Хятадын бараанд дарагдсан гэж үзвэл Хятадын гадаад худалдааны талаар маш цэгц ойлголт мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шүү!
Олхонуд Баярхүү