ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад ажлын айлчлал хийхдээ мах худалдан авч Баруун Сибирийн бүсэд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров нь “Танай улсын нийлүүлж чадах хэмжээгээр мах худалдан авахад бэлэн” гэж манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид дуулгаад буй.
Өмнө нь Оросууд манайхаас мах худалдан авахдаа Уралын нурууг давуулахгүй гэсэн бодлого барьдаг байв. Баруун Сибирийн бүсэд нийлүүлнэ гэж оноож өгсөн нь өмнөх бодлогынх нь үргэлжлэл бололтой. Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьснаар тэндээс худалдан авдаг махны хэмжээ 34 хувиар буурсан. Тиймдээ ч Оросууд манайхаас мах худалдан авах санал гаргаснаас зайлахгүй.
Эдийн засгийн хориг арга хэмжээгээр европчууд В.Путиний Украинд явуулж буй бодлогыг мухардуулахаар оролдсон юм. Тэгвэл мөнөөх хориг нь Европын холбооны биш, ОХУ-ын талд үйлчлээд эхэлжээ. Орост загас, гахай, үхрийн мах нийлүүлдэг Европын фермерүүдийн орлого багасаж, эзэд нь төр засгаа хараан зүхэх болсон гэнэ. Хориг арга хэмжээ нь Европын бизнесмэнүүдийг хямрааж буй бол манай махны салбарынхныг өндөлзүүлэх нь тэр.
Монгол Улс 60 сая малтай ч ердөө гуравхан сая үхэртэй. Нэг үхэр дунджаар 200 кг махны гарцтай гэж тооцоход 100 мянган тонн мах бэлтгэхэд жилд 500 мянган үхэр нядлах шаардлагатай болох юм. Тэгэхээр Оросууд манайхаас үхрийн мах их хэмжээгээр худалдаж авна гэж найдах хэрэггүй.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал “ОХУ-д их хэмжээний мах нийлүүлье гэвэл үхрийнхээ тоо толгойг өсгөх хэрэгтэй. Сүргийн бүтцээ хадгалах нь чухал учраас Оросуудад үхрийн мах нийлүүлэх боломж хомс байна” гэж ярьсан.
Тэгвэл Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба “ОХУ-д нийлүүлэх махны 80 хувь богийнх, 20 хувь нь бодын байх бодлого барих нь зүйтэй” гэв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “Махимпекс” компанид 120 тонн үхэр, 400 тонн адуу, 500 тонн хонины мах нийлүүлэх квот өгчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа “Үхрийн махаа Оросуудад нийлүүлээд эхэлсэн. Харин хонины махаа гадаад руу борлуулж чадахгүй болов уу. Арабууд ирээд авдаг байсан. Шүлхий гарснаас хойш сураггүй болсон” гэлээ.
Үнэндээ манайхан хонь, ямааны махаа ахиухан борлуулах сонирхолтой байгаа. Таван сая хонь, ямаа борлуулахад сүргийн бүтэц алдагдахгүй аж. Гэтэл Оросууд үхэр, гахайн махыг ихэвчлэн хүнсэндээ хэрэглэдэг. Тиймээс манай хонь ямааны махыг тоож худалдаж авахгүй гэх болгоомжлол бий. Энэ талаар богийн мах бэлтгэдэг “Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Л.Болорын байр суурийг сонслоо.
Тэрбээр “Мах авах саналаа ОХУ-ын ганц хоёр компани ирүүлээд байгаа. Манайх махаа Москва хүргэх шаардлагагүй. Сибирийн бүсэд борлуулахад л хангалттай. Энэ бүс нутгийн буриадууд хонины мах голдуу хэрэглэдэг. Тэгэхээр богийн мах борлуулах зах зээл хойд хөршид бий” гэж ярив.
Монголын махны холбооныхон салбарынхаа нөхцөл байдлын судалгааг урьдчилсан байдлаар тоймлон гаргажээ. Цаашид нарийвчлан судалж буй гэнэ. Манай улс мал нядлах 30 үйлдвэртэй аж. Эдгээр нь жилд 90 мянган тонн мах бэлтгэх хүчин чадалтай. Гэвч өдгөө нийт хүчин чадлынхаа 15-20 хувийг ашиглаж байгааг тэд дуулгав. Монголчууд ихэвчлэн гар аргаар нядалсан малын мах хүнсэндээ хэрэглэдэг учраас боловсруулах үйлдвэрийн хөгжил сул байдаг нь нууц биш.
Үйлдвэрийн удирдлагууд энэ жил 20, ирэх онд 40 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх боломжтой гэсэн тооцоог Монголын махны холбоонд хүргүүлжээ. Уг нь салбарын яамнаас 100 мянган тонн мах бэлтгэх нөөцтэй гэж мэдэгдсэн. Оросууд зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мах авах учраас хүчин чадал, экспортлох махны хэмжээгээ тогтоох бололтой.
Үйлдвэрийн удирдлагууд цаашид махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд нийт 180 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж танилцуулсан байна. Үүний 130 тэрбумаар мал, 50 тэрбум төгрөгөөр нь тоног төхөөрөмж, зориулалтын тээврийн хэрэгсэл худалдаж авч, барилга байшингаа засварлах гэнэ.
ОХУ руу мах экспортолсноор боловсруулах үйлдвэрүүд хөгжих, үйл ажиллагаа, техник технологи нь дэлхийн стандартад нийцэн, олон ажлын байр бий болох нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар Монголд “Мах маркет”, “Мах экспорт”, “Дархан меат пүүдс” гэсэн гуравхан үйлдвэр махны аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлээд буй.
Монголын 30 үйлдвэр бүгд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, малаа бүрэн эрүүлжүүлбэл зөвхөн Орос бус олон улсад экспорт хийх боломж бийг салбарынхан ярьдаг. Үйл ажиллагааг нь дэмжихийн тулд мах боловсруулах үйлдвэрт мал борлуулсан малчдад урамшуулал олгодог систем бий болгох хэрэгтэй гэж Монголын махны холбооныхон үзэж байна. Манай талаас ОХУ-ыг импортын мах, махан бүтээгдэхүүнээс авдаг татвараа тэглэх санал тавьсан.
Тус улсад мах экспортлоход 37 хувийн татвар, хураамж авдаг аж. Тиймээс тэдний бизнесменүүд өдгөө манайхаас үхрийн кг махыг 6000 орчим төгрөгөөр худалдан авч байна. Татварыг тэглэснээр энэ үнэ 30 хувиар нэмэгдэх нөхцөл бүрдэх гэнэ. Монголчууд татвар тэглэх саналыг удаа дараа тавьсан боловч ганц улсын хүсэлтийг онцгойлон шийдвэрлэх боломжгүй хэмээн хойд хөршийн эрх баригчид цааргалдаг байсан гэдэг. Энэ удаа татвар тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Манайхыг Гаалийн холбооны гишүүнээр элсүүлж магадгүй гэж эх сурвалж дуулгаж байна. Энэ холбооны гишүүд болох Казахстан, Беларусь ОХУ-д мах экспортлохдоо татвар төлдөггүй аж. Хонь, ямааны мах их хэмжээгээр нийлүүлэх гэрээ хийж чадвал хожил ойрхон байна. Дотоодын зах зээлд илүүддэг богийн махаа тэднийд боломжийн үнээр нийлүүлээд валют олж ирвэл эдийн засагт энгүй тустай. Жилд дөрвөн сая хонь, ямаа нядлахад манай үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар байна. Нэг хониноос 20 кг мах гарна гэж тооцоход шүү дээ. 50 мянган тонн мах өнөөгийн ханшаар (5000 төгрөг) тооцвол 250 тэрбум төгрөгийн орлого олох нь.
ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Хөдөө аж ахуйн орлогч сайд Анна Голышева “Байгал нуурын бүс нутгийнхан Монголоос мах авах шаардлагагүй, дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Харин Монголын махыг газар нутгаараа дамжуулан тээвэрлүүлж болох юм. Өвөр Байгальд мах нийлүүлэгчид өндөр үнээр худалддаг. Тиймээс Монголоос хямд мах авъя гэж байгаа болов уу. Уг нь дотоодын нийлүүлэгчидтэйгээ ярилцаад махны үнийг зохицуулж болно” гэж ярьсныг zabinfo.ru цахим хуудаст мэдээлжээ.
Тус бүс нутгийн иргэд энэхүү мэдээлэлтэй холбогдуулан “Монголоос хямд мах импортолж иргэдийг үнийн дарамтаас гаргах хэрэгтэй”, “Монголын мах манайхаас юугаар дутах билээ” гэх мэт дэмжсэн сэтгэгдэл үлдээсэн байв. ОХУ-ын Өвөр Байгалийн Хөдөө аж ахуйн орлогч сайд Анна Голышева Монголоос мах авахыг ийн эсэргүүцжээ. Гэхдээ түүний үг В.Путинийхээс хүчтэй гэж үү.
Т.Энхбат