ЭРДЭНИЙН ЧУЛУУНД СИЙЛБЭРТЭЙ ЗАГВАР ДАВАМГАЙЛЖ БАЙНА
ШУТИС-д эрдэнийн чулуу шинжээчээр мастер хамгаалах гэж буй Ч.Энхболдтой ярилцлаа. Монголын геологи, эрдэс баялгийн музейд түүнтэй ярилцахаар биднийг очиход тэрбээр өнгөлж, зассан төрөл бүрийн үнэт эрдэнийн чулууны цуглуулгаа дэлгэн угтсан юм.
-Энэ бор өнгийн чулуу ямар нэртэй вэ?
-Утаат болор. Болор чулуу маш олон төрөл байдаг. Нэр төрөл нь ч шинээр нэмэгдэж байгаа. Эрхий хурууны өндөг шиг хэмжээтэй энэ болор бол хэвийн хэмжээнээс том. Хэдийгээр эрдэнийн чулуу байгаль дээр элбэг байдаг ч ингэж зассан нь ховор. Хүмүүс ч ийм том хэмжээтэйг эдэлж хэрэглэх нь ховор. Онцгой тохиолдолд л ийм томоор засаж янзлуулдаг.
-Та бүгдийг нь өөрөө зассан уу. Хэзээнээс ийм ажил хийдэг болсон юм бэ?
-Би Хөвсгөлийн хүүхэд. 12 настайгаасаа гар урлалын эд зүйлс хийж, жуулчдад борлуулдаг байлаа. Харин яг чулуу засаж эхэлсэн нь 14 настайгаасаа. Тэр үед чулууны тухай сайн мэдэхгүй. Хятадаас л авчирч засаж, янзалдаг байсан.
Харамсалтай нь, удалгүй бүгд хуурамч байсныг мэдээд үнэхээр их сэтгэлээр унасан.
Тэр цагаас хойш жинхэнэ эрдэнийн чулуу судалдаг, засаж янзалдаг хүн болохоор шийдсэн. Энэ мэргэжлийг эзэмшихээс өмнө санхүү, менежментээр бакалавр эзэмшсэн боловч миний хүсэл сонирхол байгаагүй ээ. Тухайн үед хоол ундаар дутахгүй байх л гэж сонгосон байх.
Харин дараа нь Тайландад эрдэнийн чулуу засдаг мастерт шавь орж суралцсан. Миний багш дэлхийн хэмжээнд эрдэнийн чулуу заслын үлгэр дуурайл болж, талстны чиг хандлагыг тодорхойлдог 20-30 хүний нэг. Удахгүй АНУ-д Жонни Бэлли, Кижей Кард гээд олон мундаг мэргэжилтэн дээр очих төлөвлөгөөтэй.
Тэр хүртлээ эндээ чулуугаа засаж янзлаад, мөнгөө цуглуулаад л байна даа. Бас ШУТИС-д эрдэнийн чулуу шинжээчээр магистрын зэргээ хамгаална. Мөн дэлхийн эрдэнийн чулууны хамгийн том хангагч улс болох Энэтхэгт очиж туршлага хуримтлуулна. Швейцар, Герман гээд томоохон хөгжилтэй орнууд бүгд Энэтхэгээс түүхий эдээ авдаг. Энэтхэг улс л эрдэнийн чулууны стандартыг бий болгодог. үүнийг хүмүүс сайн мэдэхгүй байх.
-Эдгээр чулууг засаж өнгөлөхөд хэдий хугацаа зарцуулсан бэ. Борлуулдаг уу?
-Дөрвөн жилийн хөдөлмөр. Одоохондоо энтрепренёр болохоор үйлдвэрлэлийн хэмжээнд чулуу засаж, янзлахгүй байгаа. Ганц нэг захиалагчийнхаа хүсэлтээр л үйлчилж байна. Эдгээр чулуу ижил хатуулагтай учраас зурагдчихаж магадгүй тул тусад нь ялгаж хийдэг.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Монголоос бол 60 хувийг л хангаж байгаа. үлдсэнийг нь мэдээж гадаадаас авна. Монголд хамгийн их олдоцтой нь төрөл бүрийн болор. Бүр маш их бий.
-Та ярианы эхэнд зориг гаргаж томоор нь зассан чулуу ховор гэж байсан. Чулуу засах нь нарийн атлаа түвэгтэй ажил уу?
-Би түвэгтэй гэж хэлнэ. Эрхий хурууны өндөгийн чинээ чулууг гэхэд би бүтэн долоо хоногийн турш геометрийн бодлого бодож байж зассан. Хүмүүс чулууг шингэн түрхээд л өнгөрдөг гэж ойлгодог ч үнэндээ бол 20 гаруй төрлийн зүлгүүр дамжиж байж чулуу гялтганадаг. Зүйрлэвэл, эмэгтэйчүүд маникюрт хумсаа янзлуулахдаа толиог нь өнгөлүүлдэгтэй л адил бүдүүнээс нарийн ширхэгтэй зүлгүүрээр өнгөлнө дөө.
-Хаягдал их гарах уу?
-Их гардаг. тухайлбал, нэг шуудай болороос хумсны дайтай дунд зэргийн талст гарах 20-30 чулуу л байдаг. Гэхдээ чулуу бүрийг тусгайлан материал боловсруулах аргачлалаар талст гарах эсэхийг нь тооцдог. Ямар ч ан цавгүй, “үүлгүй” буюу тув тунгалаг хэсгийг нь сонгож байж хийдэг гэсэн үг.
Харин талст бүр тэгш хэмтэй байдаг шалтгаан нь геометрийн хуулиас гадна гэрлийн ойлтыг тусгаж чулууг гоё гялалзаж харагдуулдагтай холбоотой.
Чулуу ойлт ихтэй байх тусам гэрэл цацруулж буй мэт илүү гоё харагддаг. Нэг чулууг засахад бараг тал хэсэг нь хаягдал болдог. өндөр хөгжилтэй орнууд бол энэ хаягдлаа дахин хайлуулж чулуу гаргаж авч чаддаг.
Харин Монголд тийм боломж одоогоор байхгүй. Би багаасаа чулуу зассаар байгаад бараг хобби болсон. Одоо бол чулуу харахаар л баясал төрөөд байдаг юм. Орчин нөхцлийг нь бүрдүүлээд ургуулсан хиймэл чулуу давамгайлж байна.
-Чулуу болгон харилцан адилгүй хатуулагтай, засаж өнгөлөхөд ч гэсэн өөр өөр байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Чулууны хатуулгийг 1-10 хүртэл хэмждэг. хамгийн хатуу нь алмаас буюу очир-эрдэнэ. Харин корундын төрөл буюу бадмаараг, индраанил зэрэг чулууны хатуулгийг есөөр хэмждэг. Молор эрдэнэ буюу топазын хатуулаг найм, мана, болорын хатуулаг зургаа гэх мэт тоо нь багасах тусам чулууны хатуулаг багасдаг.
-Иргэдэд чулууны боловсрол олгомоор байна гэж та ярьж байсан. Чулууны боловсролтой болохын тулд юу мэддэг байх шаардлагатай вэ?
-Чулууны талаар мэдэхийн тулд хүмүүс PODST гэдгийг мэддэг байх ёстой. PODST гэдэг нь англиар Powder, Original, Diet, Synthetic, Treated гэсэн үгийн товчлол. Powder гэдэг нь гурил, элс шиг болсон чулууны үйрмэгүүдийг нийлүүлээд өндөр температурт хайлуулах замаар гаргаж авсан чулууг хэлдэг.
Харин байгалийн чулууг original гэдэг.
Diet нь байгалиасаа гунигтай өнгөтэй байсан чулууг гараараа сэргээж будсаныг хэлж байгаа юм. Мөн орчин нөхцлийг нь бүрдүүлээд ургуулсан чулууг synthetic буюу хиймэл, treated гэдэг нь чулууны байгаль дээр үүссэн ан цав, шалбархай, өөг нь эмчилж, толийлгосон чулууг хэлдэг.
Харамсалтай нь монголчууд үүнийг сайн мэддэггүй учраас хагас эрдэнийн чулуу руу бөөнөөрөө хошуурдаг. Өөрөөр хэлбэл, хөөрөгний чулуугаар хийсэн гоёл чимэглэлийг үнэтэй гэж ойлгодог.
-Дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн бол байгалийн бус өндөр температурт хайлуулсан элс гэх мэдээлэл та нийтийн сүлжээгээр цацсан байсан. Энэ мэдээлэл үнэхээр баттай юу?
-Томоохон үйлдвэрлэгчдэд бизнесийн нууц мэдээж бий байх. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хувьд бол хүмүүсийн үнэт чулуу гэж итгэдэг, худалдан авдаг брэндүүд бол powder, synthetic аргаар гаргасан чулуу. хүмүүс үүнийг мэдэхгүй учраас худалдаж авдгийг нь харахад надад гуниг төрдөг.
-Тэгвэл чулууг жинхэнэ, хиймэл гэдгийг яаж таних вэ?
-Байгалийн эрдэнийн чулууг таних хамгийн энгийн арга бол гартаа барихад хүйтэн байдаг. Гэхдээ нарны гэрэлд усан болороос бусад бүх чулуу халдаг. Мэдээж гартаа удаан барихад дулаан дамжина л даа. Энгийн хүн бол дээрх таван аргаар гаргаж авсан чулууг хараад таних боломжгүй. Бид тусгай багажаар ялгадаг.
Байгалийн үнэт чулуу тийм элбэг биш, маш ховор гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй.
Магадгүй чулууныхаа үнийг өсгөхийн тулд дээрх таван аргуудыг хооронд нь холиод ч бий болгосон байхыг үгүйсгэхгүй. Хуурамч чулууны худалдаа бол маш том бизнес. Би мэтийн хүмүүс хашгираад, хэлээд өөрчлөх боломжгүй. Яг л цаг уурын үзэгдлийг яаж ч чаддаггүй шиг.
-Иргэд нэгэнт л хуурамч эсэхийг нь таньж чадахгүй юм байна. Тэгсэн алтаа үнэт чулуу хэрэглэх хүсэлтэй. Тэгвэл чулууны боловсролтой болох ер нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Чулууны боловсрол яагаад хэрэгтэй вэ гэдгийг эхлээд хэлье. Маш олон чулуун дотроос нэг нь таныг анхаарлыг эрхгүй татаж байвал тэр чулуунд агуулагдаж байгаа эрдэс бодисууд таны биед дутагдаж байна гэсэн үг. Тухайлбал, шар өнгийн цитрин чулуу таны анхаарлыг татаад байвал танд D аминдэм, нарны эрчим хүч дутагдаж байна гэсэн үг.
Гэхдээ энэ чулууг зүүгээд D аминдэмийн дутагдлаа хангана гэсэн үг биш, тодорхой хэмжээгээр л нөхнө. Байгалийн чулуу нь эмийн ургамалтай адилхан хүний биед хэрэгтэй зүйлийн нэг гэсэн үг.
-Чулуу энергитэй гэж ярьдагийн учир энэ үү. Эсвэл өөр утга учир байдаг уу?
-Энерги нь бас тусдаа ойлголт. хүнээр яривал сүнс, бие хоёр салахад хүн үхдэг. Махбод, сүнс хоёр нийлж байж амьд бие болдог. тэгэхээр энерги гэдэг нь чулууны амь л гэсэн үг.
Чулуунд энерги яагаад чухал вэ гэхээр, одон орончид тухайн хүний төрсөн он, сар од гарагийн эрхшээлээр ээлтэй чулууг нь тогтоосон стандарт гэж байдаг. Дэлхийн Эрдэнийн чулууны академи одон орон судлаачидтай нийлж боловсруулсан юм.
Уг стандартаар нэг ордод ээлтэй нэг л чулуу бий. Харин 11, 12 дугаар сард төрсөн хүмүүс л хоёр чулууны сонголттой.
Чулуунд тодорхой хэмжээний нөлөөлөл байдаг учраас хүмүүс их утга учиртай мэт ойлгодог. тухайлбал, зүрх, бөөр гээд биеийн аль нэг эрхтэнд эерэг нөлөөлснөөр тухайн хүн эрч хүчтэй, ажил төрөл нь амжилттай байхад нөлөөлдөг. Турмалин буюу халтмар чулууны онцлог бол өөрөөсөө асар их хэмжээний хасах цэнэг ялгаруулдаг.
Харин энэ хасах цэнэг гар утас, компьюьер, утасгүй сүлжээ, электрон бараа гэх мэтээс бидний эргэн тойронд асар их хэмжээгээр ялгарч байгаа нэмэх цэнэгийг саармагжуулдаг.
Нэмэх цэнэг ихэдвэл хэт ягаан туяаны хордлого болдог. Тиймээс электрон бараатай нөхөрлөдөг, томоохон тоног төхөөрөмж дээр ажилладаг хүмүүст ийм хасах цэнэг маш их хэрэгтэй байдаг.
Дээрээс нь хасах цэнэгийг усанд хийхэд ионжуулж, усны шүлтлэгийн хэмжээг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, биедээ дутагдаж байгаа эрдсийг чулууны тусламжтай нөхсөнөөр таны эрүүл мэнд сайжирч, арай эрч хүчтэй ажиллаж байна гэсэн үг. Түүнээс биш энэ чулууг авснаар мөнгөтэй болно, эрүүл болно гэсэн юм байхгүй. Харамсалтай нь үүнийг хүмүүс мухар сүсэг талаас нь хүлээж авдаг хандлагатай.
-Одоо эрдэнийн чулууны засал чимэглэлд ямар технологи давамгайлж байна вэ?
-талсттай хэвээр боловч маш уран сийлбэртэй, эсрэг талаасаа уран зураг мэт харагддаг загварууд давамгайлж байна. Маш жижигхэн талст дээр ч сийлбэр хийж байна. хөгжингүй орнуудад компьютерээр өгөгдлөө оруулаад л лазераар сийлдэг.
- Хүмүүс чулууг шингэн түрхээд л өнгөрдөг гэж ойлгодог ч үнэндээ бол 20 гаруй төрлийн зүлгүүр дамжиж байж гялтганадаг.
- Чулуу бүрийг тусгайлан материал боловсруулах аргачлалаар талст гарах эсэхийг нь тооцдог.
- Байгалийн чулуу нь эмийн ургамалтай адилхан хүний биед хэрэгтэй.
-Чулууны эх үүсвэрүүдийг хараад байхад дэлхийн улс орнуудад чулууны үйлдвэрлэл их хөгжиж байгаа юм шиг байна?
-Тийм шүү. Засгийн газар нь дэмждэг улс оронд бол мэдээж маш сайн хөгжсөн. Бидэнд олддоггүй чулууг янз бүрээр, том томоор нь ургуулаад л брэнд болгож байна. Нөгөө талаар, дэлхийн эрдэнийн чулууны экспо дээр хүмүүс байгалиасаа бүтсэн, уран зураг мэт өвөрмөц, давтагдашгүй тогтоцтой чулуунуудыг маш их сонирхож, худалдан авч байна.
Хятад улс гэхэд манайхаас худалдаж авсан чулуунуудаас өвөрмөц тогтоцтойг нь дэлхийн эрдэнийн чулууны экспо дээр асар өндөр үнээр, хэдэн тэрбумаар зарж байна шүү дээ.
Мөнгөтэй хүмүүст тухайн чулууны үнэ хэд хүрэх нь хамаагүй, үнэ цэнэ нь онцгой тогтоцод нь л байдаг.
Гэтэл Монголд одоо үнэт чулууны хайгуул хийдэггүй, энэ салбар мартагдах гэж байна. Геологичид ашигт малтмал зэрэг төрийн дэмжлэгтэй хайгуул хийгээд л явж байна. Монголд эрдэнийн чулуу судалдаг хүн надаас гадна хоёр л бий.
Нэг нь нас өндөр болсон, одоо АНУ-д аж төрдөг. Нөгөө нэг нь сорьцын хяналтын төвд байцаагч хийдэг. Миний хувьд энэ салбарыг устгахгүй байхын төлөө л явж байгаа нэгэн.
-Чулуунд тайлагдаагүй нууц бий юу?
-Байгаа. Би энэ салбарыг нэгэнт сонгосны хувьд заавал хийх ёстой нэг зүйл бий. Чулуунаас бүхэл бүтэн цөмийн зэвсэг гаргаж авч байна. Чулууны ид шидийг муу зүйлд ашиглаж байна гэсэн үг.
Харин би хүний биед хэрэгтэй, сайн сайхан нээлтүүдийг чулуунаас гаргаж авах юмсан гэж зорьдог. Үүнийг шинжлэх ухаан талаас нь судалж, хөгжүүлэхэд цаашаа явна, нарийн судална. Хүмүүст хэрэгтэй зүйл бүтээх нь миний амьдралын зорилго.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.