Экспорт, импорт хоёр уралдан уруудаж байна. Хэн, хэн нь хоцрохгүйг хичээн, уналтын хурдаа улам нэмсээр. Гэвч энэ өрсөлдөөн дунд Монгол Улсын гадаад худалдаа танигдахын аргагүй болтлоо татарсныг та анзаарав уу. Хуанлийн хуудсыг хоёр жилээр ухраавал гадаад худалдаа бараг нэг дахин хумигдчихжээ.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт жилийн хугацаанд 58 хувиар дээшилсэн
Түүхий эдээ экспортолж, хэдэн “ногоон” олоод, түүнийгээ төд удалгүй өргөн хэрэглээний бараа болгоод гадагш урсгачихна. Ийм голдирол бүхий мөнгөн урсгалтай Монгол Улсад гадаад худалдаа нь яах аргагүй эдийн засгийн зүрх. Харамсалтай нь, эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй худалдааны салбар ийн хумигдаж байна. Экспорт хэдэн саяар багасаж, импорт өндөр хувиар буурлаа. Ийм өгүүлбэрийг сүүлийн 1-2 жил уншигч та олонтаа сонссон биз. Гэхдээ олон сая ам.доллар, том, бүхэл тоогоор илэрхийлэхээр худалдааны нөхцөл байдал уншигч таны санаанд тодорхой буухгүй байж мэднэ.
Иймд улиг болсон том тооноос түр зайлсхийе. Гэхдээ орхихын аргагүй өөр нэг том тоог одоо өгүүлье. Энэ бол Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ. Оны эхний есөн сарын байдлаар уг дүн 5.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад энэ нь 10 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин хоёр жилийн өмнөхөөс даруй 34 хувиар хумигджээ.
Уналтыг импорт тэргүүлж байна. 2014 онтой харьцуулахад хилийн чанадыг чиглэсэн Монголын худалдаа даруй хоёр дахин татарчээ. Жилийн өмнөхөөсөө 14.3 хувиар буурсан байна. Монголчуудын хилийн чанадаас зөөдөг худалдаа төдий хэмжээгээр багассан гэсэн үг. Энэ мэдээж үйлдвэрлэгч орон болохоор зориг шулуудсан Монгол Улсад эерэг утга зааж буй уналт байж болох, нэг талаас.
Гэхдээ баярлах болоогүй. Учир нь импортын уналтыг задлаад харвал арай өөр дүр зураг бууна. 14.3 хувийн бууралтыг салбар тус бүрээр нь ангилбал есөн хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний уналт бүрдүүлжээ. Машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, барилгын материал тэргүүтэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд багтана. Өөрөөр хэлбэл, эдгээр нь бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн орц.
Бас нефтийн бүтээгдэхүүний татан авалт үлэмж хумигдаж, бараг 40 хувиар буурчээ. Гэтэл шатахуун, түлш мөн л үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд. Энэ дунд сонирхол татмаар нэг үзүүлэлт бий. Тодруулбал, үл ялиг өсөлтийг эс тооцвол 2013 оноос хойш шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа.
Тэгвэл энэ хугацаанд хилийн чанадаас худалдаж авдаг үнэ бараг гурав дахин буурчээ. 2012 оны сүүлчээр Монгол Улс нэг тонн нефть бүтээгдэхүүнийг 1270.6 ам.доллараар худалдан авч байсан бол үүнээс хойших дөрвөн жилийн дотор эл үнэ бараг гурав дахин хямдарсан байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар л гэхэд 499 ам.доллараар худалдан авч байна. Хилийн үнэ ийн буураад байхад хэрэглэгчдэд хүрдэг ханш хэр хямдарсан билээ? Бодох л асуудал.
Импорт хумигдсан нь гадаад худалдаанаас ашиг хүртэх боломж олгосон. Гэхдээ энэ нь манай үндэсний үйлдэрлэл сэргэж, импортыг орлож буйгаас бус, хэрэглээ, тэр дундаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын эрэлт хумигдсанаас үүдэлтэй болохыг сануулъя. Импортын хэдэн үзүүлэлтийг сөхөхөд л бүтээн байгуулалт, үйлдвэрлэл саарч, бизнесийн орчин тамирдсаныг харж болохоор байна.
Нефть бүтээгдэхүүний хилийн үнэ жилд гурав дахин буурсан
Харин одоо экспортын талаар ярилцъя. Энэ үзүүлэлт мэдээж буурсан. Гэхдээ өсөлт зааж буй нэг үзүүлэлт бий. Оны эхний есөн сарын байдлаар гадаад руу гаргадаг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт өсчээ. Жилийн хугацаанд 58 хувиар дээшилсэн байх юм. Энэ өсөлт 100 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Түүхий эдэд түшиглэсэн эдийн засагтай манай улсын экспортод эзлэх уул уурхайн жин суларч, оронд нь аж үйлдвэрийн хувь түрж байгаа юм. Байгалийн баялгаа түүхийгээр бус, боловсруулж, нэмүү өртөг шингээн борлуулахаар зорьж буй Монгол Улсад үүнээс өөр сайн мэдээ гэж юу байх билээ.
- Гадаад худалдаа 2014 оныхоос 34 хувиар татарчээ.
- Зэсийн баяжмалын экспорт 441.8 сая ам.доллараар буурчээ. Харин нүүрсний экспорт 76.9 сая ам.доллараар ахисан байна.
- Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 5.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Орхиж боломгүй бас нэг дүн бий. Монгол Улсад үйлдвэрлэсэн машин, тоног төхөөрөмжийн ангилалд багтах бүтээгдэхүүний экспорт өссөнийг Монголбанкны тайланд дурджээ. Бас л сайн мэдээ. Бид чинь мэдлэг, инноваци шингэсэн эдийн засгийг цогцлоохоор зорьж буй шүү дээ.
Түүхий эдийн тухайд зэсийн баяжмал, нэхмэл бүтээгдэхүүний худалдаа буурсан нь экспортын орлогод том цоорхой үүсгэсэн. Зэсийн баяжмалын экспорт 441.8 сая ам.доллараар буурчээ. Харин нүүрсний экспорт 76.9 сая ам.доллараар ахисан байна.
Г.Байгал