С.ЛОЧИН ГЭЖ ХЭН БЭ?
Зохиолч С.Лочин гуайг би эртнээс танина аа. Түүнийг “Үнэн” сонинд сурвалжлагч байх үеийг л илүү мэдэх юм. Тэр олон роман тууж бичсэн том зохиолчийн нэг. Миний хувьд жирийн оюутан байсан болохоор тулаад ярилцаж байсангүй л дээ. Зиндаа хол зайтай юм чинь. Тухайн үед зарим хүний ярих нь Лочин их эсэргүү нөхөр байгаа юм. Бусадтай онол булаалдаж, санаа зөрж савчиж явдаг гэж. Хурц зантай ч юм шиг л харагддаг байж билээ.
Угаасаа тийм хүн юм болов уу гэж боддог байлаа. Тэгээд саяхан түүнтэй уулзах завшаан олддог юм. Удаан ч ярилцлаа. Лочин зохиолчоос эсэргүү үг ер сонссонгүй. Харин үнэн хийгээд урьд нь хэнээс ч дуулж мэдээгүй олон юмыг тэр ярьсан. Яагаад заримд эсэргүү үгтэй гэж тодорхойлогдсон юм бол гэдгийг эргэцүүлбэл өөрөө их чамбай мэдлэгтэй болохоор санаа нийлээгүй зүйлийнхээ талаар бас мэддэггүй байж мэддэг хүн болж ярьдаг, бичдэг нөхдийн өөдөөс юу ч гээд хэлчхэж мэднэ. Тэр хэлүүлсэн хатуу хөтүүхэн үгийг нь ойлгоогүй хүн л эсэргүү гэж хэлсэн биз. Миний нэг танил нэгэн:
-Лочин бол зохиол бүтээлээ мэдлэгээрээ “зодож” хийдэг хүн дээ гэж. Ахархаан ярилцах зуурт л сүрхий өргөн мэдлэгтэй нь илт мэдрэгдэж байсан шүү.
Миний багш нар гайхамшигтай хүмүүс байсан гэж өөрөө ярьдаг. Га багш гэсэн үг яриан дунд нь олон ордог юм билээ. Тэр нь Монголын утга зохиолын санд ихийг хийж үлдээсэн эрдэмтэн зохиолч Мятавын Гаадамба. Ч.Лодойдамба гуайг ч бас дурсаж байналээ. Орос хэлд дөнгүүр болох эх суурийг тавьж өгсөн С.Галсан багш, эрдэмтэн зохиолч Л.Түдэв нарыг олонтаа нэрлэхийг нь сонссон. Тэгэхээр сайн багш нарын сайн шавь болж таарч байгаа юм. Лочин жирийн зохиолч биш сэтгүүлч, орчуулагч бас судлаач гэсэн “хос морь”- той хүн. Тийм болоод ч олон чиглэлээрээ үзсэн дуулсан, уншсан мэдсэн нь их гэж болох.
Зөвхөн утга зохиол биш гүн ухаан, сэтгүүл зүй, урлагийн талаар үнэндээ гүйцэгдэмгүй хэнээс илүүг ярих юм билээ. С.Лочин гуайг өнөөгийнхөн тэр дотор залуучууд тун бага мэдэх байх. Мэдэх нэг нь мартангуй байгаа ч болов уу. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдорж судалгаагаар ихийг хийсэн цөөн хүний нэг. Дэд доктор хамгаалсан сэдэв нь Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай байсан гээд бод доо. Судалгаа дотроо нэгэн шинэ зүйл гаргаж ирсэн нь бичвэр судлал. Эрдэм шинжилгээний бүтээл туурвилийн гол зэвсэг нь тэр бичвэр судлал болж байгаа юм билээ.
Түүнд нь С.Лочин гэсэн автор тавьж ч болох. Сүүлд Монголын уран зохиолын хөгжлийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Бас уран зохиолын хамгийн том төрөл роман олныг бүтээснээрээ том зохиолч гэж хэлж бас болно. Түүн шиг 10 гаруй роман бичсэн зохиолч тийм олон гэж үү. Ингээд бодохоор нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлэглэснээр “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” гэснийг санаж алт шиг үнэлэгдэхээр сайхан хүмүүсээ мартахгүйгээр хайрлаж, бүтээлийг нь алдаршуулж явахсан гэж хэлмээр байна л даа.
НОМОНД ДУРЛАСАН БАГА НАС
“Амьдралын тойрог”- ийн маань гол баатар эрдэмтэн, зохиолч Сономын Лочин бусдын адил жирийн намтартай юм билээ. Говь-Алтай аймгийн Дарви суманд төрж Сутай хайрхан уулынхаа нөмөрт өсч өндийсөн нэгэн. Ижий нь Д.Халтар гэж хүн байж. Миний намтрыг баяжуулах хүн нь Бадрангуйн Соном гэж тухайн үедээ ном эрдэмтэй хүн байсан нь аав минь. Тонхилийн Есөн зүйлийн хүрээнд 20 жил суусан томоохон лам хүн байж.
Төвд, монголтойгоороо бусдаас хавьгүй илүү хүн байсан гэж С.Лочин гуай ааваа дурсаж ярихдаа “Би хар багаасаа номын дуунд уярч өссөн. Аав ном уншаад би амтархан сонсоод л. Энэ маань эрдэм номын мөр хөөх эх суурийг тавьж өгсөн гэж онцолж байв.
Соном ламтан 1930- аад оны бариа тавианы үед бас л баригдсан гэх. Харин хүргэгдэж явахдаа Улиастай орчмоос азаар бусдын гараас мултарсан түүх байдаг аж. Тэгээд хожим нь хар болж сумандаа агентын албатай байж. Тэр үеийн тэмдэглэл нь бас содон гэдгийг Лочин гуай хэлэхдээ “Аавын данс нь төвд, монгол сүүлд шинэ үсгээр гээд олон янз байсан” гэж. Багын юм санаанд содон байдаг юм.
Тэр тэмдэглэгээ надад сурах бичиг шиг санагддаг юм гэж ярьсан. Аавынхаа дэргэд сонссоор суугаад цагаан, ногоон дарь эхээс эхлээд олон уншлагыг нь бяцхан Лочин цээжилчхээд өөд, уруугүй уншдаг ч байж. Бас гэрт нь унь холбосон хэц дээр сонингууд байх. Тэр дотор юу бичээстэй байгааг мэдэхсэн гэсэн хүсэл нь оргилох. Сүүлд сургуульд суугаад өөрөө бичигтэн болоод бусдад ном дуудаж өгдөг болж. Тийнхүү аавынхаа нөлөөнд номд дуртай нэгэн болжээ.
Тэгээд Дарвидаа бага, Тонхилд дунд сургууль дүүргэж. Аймгийн арван жилийг төгсгөж сурлагадаа сайн, бичиг сайхантай хүүхэд тооны хичээлд жаахан дургүй ч амиа борлуулдаг сурагч байлаа гэж Лочин гуай хэлж байв. Зургадугаар ангид байх үеэсээ зохиолч болохсон гэсэн бодол тээдэг болж. Түүнээс хойш гурван жилийн хойно есдүгээр ангид байхдаа анхны өгүүллэгээ бичжээ.
Тэр нь “Уран үгсийн чуулган” сэтгүүлд гарснаар бөөн баяр болсон гэдэг. Бас номын хэнээтэй гэхээр хүүхэд Лочингоос өөр үгүй байсан шиг аймгийн номын санд суух хүн ховор. Лочин л сууж байх. Ямар сайндаа номын сангийн хүнээр цоожлуулчихаад өдөржин уншдаг байсан гэх. 1959 онд анхны шүлгээ бичиж. Тэр нь бүр “Үнэн” сонинд гарсан байдаг. “Мөч хугацаа” нэртэй шүлэг. Санаа нь мөч хугацаа өнгөрч байна гэж баярлах хэрэггүй. Тэр чамайг үхэл рүү чирч байдаг юм шүү гэсэн утгатай. Шүлгийн сүүлчийн дөрвөн мөр нь
Цагаа болохоор
Цагаан толгойтой чамайг
Царс модоор өлгийдөөд
Цаашаа аваад явна гэж байсныг харин хасаад хэвлэсэн байсан тухай дурсаж ярив.
Дунд сургуульд байхад хоёр гайхамшигтай багш байсан гэж ярихдаа “Орос хэлний гэдгээрээ алдаршсан С.Галсан багшийн шавь байлаа. Бүр анги даасан багш. Хичээлээ ой тойнд ортол заахын гадна энэ хүн шиг сайхан хүн болохсон гэмээр чамин эр байх. Хүрэн савхин дээлтэй. Түүнийгээ мөрөн дээрээ тохчхоод л явах. Түрийгий нь олон нугалсан тоногтой цагаан эсгий гутал жийсэн. Ёстой л санаанаас гарамгүй ганган эр.
Хичээлээ заана гэж оросоор “бөөлжиж” өгнө. За тэгээд аймагт ирээд бас нэг сайхан багшийн гарт орсон нь Л.Түдэв. Монголын уран зохиол, бас орос хэл заадаг байлаа. Орос хэлний хичээл дээр Монголоор нэг ч үг дуугарахгүй. Тэр нь их сонин байж билээ” гэсэн дурсамжийг ярихдаа Лочин гуай үг бүрээ сонгож, шилж байх шиг санагдав. Ер нь Лочин гуайн яриаг сонсохуйд нэгэн сайхан тууж уншиж буй мэт бодогдож билээ. Сайн аав, сайхан багш нарынхаа нөлөөгөөр хожмын Лочин бий болсон гэж хэлсэн үг бас түүнийх.
Аравдугаар ангиа төгсөөд хуваарь авсан чинь ЗХУ-д холбооны сургууль байлаа. Зохиолч болно, хэл уран зохиолын ангид сурна гэсэн мөрөөдөлтэй байсан Лочинд тэр хуваарь таалагдаагүй ч явахаас аргагүй л байж. Оросод очоод хоёр жил болоод сургуулиа орхичхож. Мөрөөдөлдөө үнэнч байсан болоод тэр байх л даа. Гэхдээ тэнд байсан хоёр жилд сургуулийн номын сандаа цагаа бардаг байв. Тэгсний хүчээр дэлхийн утга зохиол гэдэг аугаа юмтай нэлээд сайн танилцаж чадсанаа олз байсан гэдэг юм билээ. Орчуулагч болох зам нь ч эндээс эхтэй аж. Хоёр зуу гаруй хэвлэлийн хуудас ном орчуулсан хүн л дээ.
-Зохиолч бас орчуулагч, сэтгүүлч гээд олон юм руу савчсан ч аль алинаас нь би юм олж авсан юм шүү гэж Лочин гуай ярьж байна. 1970-аад оноос хойш олон роман бичиж. Шил шилээ дагаж гарсан романууд голдуу С.Лочин гэсэн автортой байсныг тэр үеийнхэн андахгүй дээ. Анх Налайхад байхдаа “Газрын дуун” гэдэг туужаа бичсэн байдаг.
Түүнээсээ хойш л тэр олон романаа бичсэн юм билээ. Анхны роман нь “Сэтгэлийн өнгө” бол “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Нүглийн далайд зугаацахаар одсон нь”, “Сүйрэл” гээд л явж өгнө. “Нүглийн далайд зугаацахаар одсон нь” гэдэг роман нэрнээсээ эхлээд уншигчдын хорхой хүргэж байсан гэдэг. Бас сүүлд бичсэн “Антироман” нь огт шинийг өгүүлсэн болоод ч тэр үү хэн ч сайшаагаагүй бас шүүмжлээгүй гэх юм билээ.
Уншсан утгыг нь тайлахыг оролдсон хүн байгаагүй ч байж магад. Энд нэгийг дурсахад ГовьАлтайн гаралтай С.Лочин, С.Пүрэв, Т.Очирхүү гэсэн ихэр гурван зохиолч төрж. Тэд Налайхаас эхний бүтээлээ туурвисан гэдэг нь сонин байлаа. Ер нь Говь-Алтай аймгаас олон зохиолч төрсөн байдаг. Түүний нэг нь Сономын Лочин яахын аргагүй мөн. Гэхдээ өөрийгөө тэдний дээд хэсэгт оруулж хэлэхэд тун дургүй юм билээ. Бас асуулаа л даа хэргээр. Танаас эхлээд Говь-Алтайгаас мөн ч олон мундаг зохиолчид төржээ гэвэл:
-Би өөрийгөө том зохиолч гэж хэлүүлэх дургүй. Ер нь ч мундаг нь би биш. Манай аймгийн алдартайхан нэрт зохиолч гэвэл Ч.Лодойдамба, Л.Түдэв, М.Цэдэндорж гэж хэлж болно. За яахав нэмэгдвэл С.Пүрэвийг оруулж болох. Тэднээс дооших нь маний анзааны бүр муухан гэхээр нь олоон олон. Нэг дурсамж хэлье. Би Говь-Алтай гурван мундаг зохиолчтой дээр нь гучин муу зохиолчтой гэж бичээд заримд буруудаж сүүлд нь гурван мундаг зохиолчтой, 300 муу зохиолчтой гэж тооны залруулга хийж байлаа гэж ярив.
С.Лочин гуай нас өндөр боллоо гэж хойш суух хүн огт биш юм. Энэ зун гэхэд “XIIIXX” зууны Монголын уран зохиолын дурсгалт бичгийн гол баатрын дүрийн хувьсал” нэртэй томоохон бүтээлээ хийж дуусгаад байна. Энэ бүтээл нь “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн эрхи”, “Шар тууж”- аас эхлээд өнөө үе хүртэл Чингис хааны дүрийг хэрхэн дүрсэлж ирснийг “300 дайчныг дарсан домог”-оос эхлээд бичжээ. Сүүлийн үед Чингисийн тухай бичихдээ холион бантан болгосон юм их байгааг эндээ дурьдсан байна.
ЗОХИОЛЧ С.ЛОЧИНГИЙН БҮТЭЭЛ ОЛОН ӨНГӨТЭЙ
Тэнгэрийн солонгыг долоон өнгөтэй гэдэг. Асар олон өнгөтэй юмыг л тэр солонготой зүйрлэдэг юм. Тэгвэл Лочин гуайн зохиол бүтээл долоо байтугай түүнээс олон өнгөтэй гэж хэлэх гээд байна л даа. Хүний амьдралын алхам тутамд сонин содон үйл явдал тоолж барамгүй. Тэр бүхнийг хуулбар маягаар бичнэ гэвэл зохиол сайн болдоггүйг Лочин гуайн бүтээл туурвилаас мэдэж болно. Болж байгаа үйл явдлыг, амьдралыг мэдэрч бичих ёстой гэж тэр хэлж байналээ. Бас зохиолын гол баатруудынхаа дотоод сэтгэл санааг гаргахын төлөө бичихийг эрхэмлэдэг нь түүний зохиол бүтээлийн чанд чиг шугам юм л даа.
Нэг өвөрмөцийг нь хэлэхэд зохиолын эерэг, эсрэг ч бай аль ч талын дүрийг мөн чанарыг тодруулахдаа үзэл баримтлал, таашаал, эгдүүцэл бүгдийг шингээж чаддаг нь нөгөө л уран зохиолын онол мэдлэгээр “зодож” байж зохиолоо зохиол болгодог зохиолч бол Лочин гуай гэж хэлж болмоор доо. Тэр өөрөө “Би бүтээлдээ урьд өмнөхөө давтахгүйг хичээдэг” гэсэн. Энэ нь зохиол бүрээ өөрөөр зохиомжилдог. Тэгснээр өөрийгөө хэзээ ч давтахгүй байх эхлэл болдог байна. Нөгөө талаар олон талын мэдлэгтэй болох тусам дахин хэлэх давтах шаардлага гардаггүй. Басхүү өмнөх зохиолуудаараа хэлж чадаагүйгээ дараагийнхдаа бичдэг гэж байналэээ. Залууст сургамжтай юм ч бас хэлж байсаан.
Мэдлэг оюунаа тэлэхгүй бол явцуу сэтгэлгээтэй болдог. Зохиолч ч бай, сэтгүүлч ч бай үнэнийг чангахан хэлэхээс айх хэрэггүй. Айвал бүү бич. Айж бичсэн үлбэгэр бүтээлийг чинь хэн ч уншихгүй шүү дээ гээд Лочин гуайн толгой сэгсэрч хэлсэн бас нэг үг нь өнөөгийн хүмүүсийн оюуны түвшин сүрхий доошилсон гэсэн харамсал. Тиймээс алт, гууль хоёрыг ялгаж чадахаа байсан шигээр зохиол бүтээлийн дэнслэл ч муу байна. Үүнийг ашиглаад мэдэхгүй мөртлөө мэддэг царайлагчид олширлоо гэсэн юм. Энэ ч үнэн шүү дээ.
-Та Монголын уран зохиолын өнөөгийн дүр төрхийг хэрхэн харж байна даа гэсэн асуултад тэр хариулахдаа -Юу ч гэхэв дээ. Утга зохиол, уран зохиол гэдэг хоёр ойлголтыг одоо ялгаж салгаж ярьдаг хүн ховордож. Залуучуудын дунд бол үүнийг мэдэх хүн байгаа гэж үү. Зохиолын чанар чансааны хувьд хэлэхэд Дашдоржийн Нацагдорж шиг хүн төрөхгүй нь бололтой. Тэр сод хүн учир тийм анзааны хүн төрөхгүй ч байж мэднэ.
И.Ядамсүрэнгийн “Гурван хүүхэн” шиг тууж ер нь алга. Яруу найргийн хувьд Б.Явуухулан шиг, Д.Пүрэвдорж шиг шүлэглэгчид байна уу. С.Эрдэнээгийн өгүүллэг шиг өгүүллэг хэн бичиж байгаа юм гээд хэлэхэд нэг их буруудахгүй байх. Залуу үеэс Г.Аюурзанын гүн ухааны шүлгүүд их сайн. Роман нь ч догь. Гэтэл Г.Аюурзана “Одоо би шүлэг бичихгүй” гэсэн байна лээ.
Харамсмаар. Б.Галсансүхийн модерн шүлгийг би эхэндээ их тоодог байлаа. Сүүлийн үед шүлэг нь магтаалд ташуурсан юмдаг уу. Арай сул санагдах болсон. Г.Бадамсамбууг гайгүй шүлэг бичих нүү гэж горьдсон чинь аялгуут шүлэг бичихээ байгаад аялан тэнэгч болчих юм. За даа муу өвгөн бусдыг дүгнэж цэгнэхээ үүгээр дуусгая. Ойлгодоггүй нь муу хэлж магад гэлээ. Уг нь би үнэнийг хэлэхээс хулчийдаггүй. Өөрийн сурсан мэдсэний хүчинд л явдаг хүн дээ гэж нэмж хэлнэлээ.
С.Лочин гуайд нэг содон чанар бий. Ямарваа нэг зохиол роман ч бай эхлээд толгойдоо яг “биччихээд” сүүлийн өгүүлбэрийг бодчихоод л цаасан дээр буулгадаг гэх юм билээ. Энэ бас түүний мэдлэг, оюуны чадамж сайных байх л даа. “Үргэлжлэлтэй долоон өдөр” романаа тэгж тархиндаа гүйцээчихээд ердөө 12 өдөр бичсэн гэнэлээ. Тэгээд ч бусдад байхгүй бас нэг чанар нь өөрийнхөө зохиолыг гаргаад дараа нь дахиж ер уншдаггүй юм билээ.
Энэ нь бас л өөрийгөө давтахаас сэргийлсэн хэрэг биз. Зохиолч маань нас нэлээд ахьсан ч бодол, сэтгэлгээ нь залуугаараа. Өнөр бүлийн өрхийн тэргүүн нь. Сууцных нь өрөө бүрт ном. Өглөөд тэр дундаа жаахан алхана. Тэгээд комьютерийнхээ ард суучихна. Бүтээлээ ундруулна. Эхнэр нь Х.Цэрэнрагчаа гэж насаараа цэцэрлэгийн тогооч байсан олон мянган хүүхдийг хооллож ундаалсан буянтай буурал байна. Тэднийх дөрвөн сайхан хүүхэдтэй. Хамгийн том нь Ишжамц. Энэ нэр Лочин гуайн аавынх нь хайрласан нэр. Утгачилбал Оюунихт гэсэн нэр юм. Тэгээд дараагийн хүүхдүүдээ Ишдорж, Ишханд, Ишцог гэсэн нэр өгсөн байна. Иш гэдэг нь билгэ онол гэсэн үг аж.
Д.НАЦАГДОРЖ XIX ЗУУНЫ СОД ҮЗЭГДЭЛ БАЙЛАА
Доктор, зохиолч С.Лочин гуайтай уулзсандаа олзуурхахын далимд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай зарим зүйлийг асууж лавлав.
-Та Д.Нацагдорж судлалаар эрдмийн ажлаа хийсэн хүн. Тэгэхээр хэдий үеэс тэр судалгаагаа хийсэн бэ?
-Би 1973 оноос Д.Нацагдоржийн тухай судалсан даа. Яагаад судлах санаа төрсөн бэ гэвэл Содном гуайн эмхэтгэж гаргасан түүвэр зохиолоос нь “Учиртай гурван толгой” жүжгийг нь уншаад үзсэн чинь учир утгын авцалдаагүй юм тааралдаад болдоггүй.
Тэгэхээр нь хэл зохиолын хүрээлэн дээр очоод Нацагдоржийн гар бичмэлийг үзсэн чинь зөндөө алдаа, буруу юм оруулчихсан байлаа. Энэ нь Монголд бичвэр судлал гэдэг шинжлэх ухааны ойлголт хөгжөөгүй байсных ч юм уу мэдэхгүй тийм алдаа гарсан юм билээ. Ингээд би тэр бичвэр судлал гэдэг юмыг Монголд анхлан хэлсэн хүн.
“Га” багш ( М.Гаадамба), Ч.Лодойдамба гуай хоёрын маргаан ч бас үүнээс үүдэлтэй. “Ламбугайн нулимс” өгүүллэгийг нь эхээс буулгахдаа Лодон гэвш Цэрэнлхам дээр ирэхдээ гэртээ ирсэн. Цэрэнлхамд хөөгдөөд босгоо тэвэрч уйлсан гэхийг өөр хүнийд ирсэн мэт болгож айлын босго тэвэрч уйлсан шигээр номд оруулсан дээр тэдний маргаан гарсан байдаг.
-Та тэр бичвэр судлалын тухайд ном хийсэн үү?
-Хийсээн. Бичвэр судлал гэсэн сурах бичиг хоёрыг гаргасан.
-Д.Нацагдорж гэдэг хүнийг сүүлийн үед мартагнаж багйаа юм биш үү дээ. Тэр хүн асар богинохон насласан ч Монголын уран зохиолд ямар их юм хийв гэдгийг мэдүүлмээр байдаг юм. Гайхамшигтай тэр хүн ер нь цагаа олж төрсөн юм уу. Харин цагтаа төрөөд тухайн үеийнхээ нэг гоц үзэгдэл байв уу?
-Зарим хүн цагаасаа түрүүлж төрсөн хүн гэдэг. Миний бодоход т өрөх цагаа олоод төрсөн тэр чигээрээ нэг содон “ертөнц” байгаа юм. Д.Нацагдоржийн гол гавьяа бол шинэ үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч нь байв. Үүнийг бат нот болгох баримт бий. 1924 онд сайн жүжиг бичсэн зохиолчийг шагнахад Д.Нацагдоржийг 50 лан мөнгөөр шагнасан байдаг.
Ямар жүжиг бичсэн нь бүрхэг байсан бол сүүлд судалдаагаар “Чингис хааны явдлууд” гэсэн жүжиг байсныг тогтоосон бий. Энэ бол чухал баримт даа. 1921 онд Нацагдорж 15-тай хүүхэд байв. Дараа нь Д.Сүхбаатарын дэргэд бичээч, дараа нь цэргийн яаманд очсон бол Намын төв хороонд орон тооны нарийн бичгийн дарга байсан хүн л дээ. Гэтэл Германд сургуульд яваад ирэхэд нь Төмрийн заводад орчуулагчаар өгсөн нь муухай доош оруулсан хэрэг байв. Улс төрийн хавчлага цагдалт эндээс эхэлсэн байдаг.
-Яагаад тийн хавчиж байсан юм бол...?
-Учир шалтгаансаад байх ч юмгүй. Тэр үед гадаадад суралцаж байсан бүхэн л тагнуул, туршуулын тоонд орж баригдаж шоронд сууж байлаа шүү дээ.
-Д.Нацагдорж гэж ер нь гоц авьяастай хүн байжээ дээ?
-Гоц гэхэд ч чамлагдана. Гайхамшигтай гэвэл ононо байх. Ердөө 31 насласан ч мөнхийн бүтээлүүд гаргасан. “Учиртай гурван толгой” дуурийг үзээгүй хүн Монголд байхгүй. “Миний нутаг” шүлгийг нь чээжээр унших хүн дэндүү олон. “Их авхай”, “Би биш” энэ тэр гээд таван жүжиг бичсэн.
-“Цэнхэрлэн харагдахуул” дууны үгийг Д.Нацагдорж 17-хон настайдаа бичсэн гэж сонсож байлаа?
-Тийм ээ. 16, 17-тойдоо л бичсэн гэгддэг. Бас л гайхамшигтай дуу. Харин сүүлийн үед өөр дуулагддаг. Яг эх нь бол үг нь ч, ая нь өөр байсан юм билээ.
-“Миний нутаг” шүлгийг хэдэн онд бичсэн юм бол...?
-Ер нь гол бүтээлээ 1932-1934 онд хийсэн хүн л дээ. “Миний нутаг” алдартай шүлгийг 1932 онд зохиосон гэж би үздэг. Энэ тухайд Ц.Дамдинсүрэн гуай Дожоогийн Цэдэв бид гурав маргалдаж л байлаа.
-Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Саруул талын ерөөл” кино бий. Уг кино түүний амьдралтай хэр нийцсэн байдаг юм бэ?
-Тэр киног Дашдооров бичлүү дээ. С.Эрдэнэ юм уу. Сайн мэдэхгүй байна. Бодит байдлаас их тасархай хэт уран сайханжсан кино л байсан даа.
-Ховорхон авьяастай сайхан хүнийг тухайн цаг үе огт хайрлаагүй байсаар тэр хүн ч сайн сайхныг үзэлгүй “яваад өгсөн” юм гэдэг.
-Тэсвэрлэхийн аргагүй мөрдлөг, хавчлага дунд байсан хүн. Хоёр ч удаа шоронд хийсэн. Түүнээс нь болоод хувийн амьдрал нь өөдлөөгүй. Өндөр боловсролтой томоохон сэхээтэн байсан эхнэр Пагмадулам ч Нацагдоржтой муудаад салаагүй. Хэн хэнийг нь мөрдөж хавчиж байснаас болж салсан байдаг юм.
-Пагмадуламаас хойш нэг орос хүүхэнтэй сууж байсан гэдэг билүү?
-Норжмаа ч гэж хүүхэн байсан. Сүүлд Нина гэдэг орос хүүхэнтэй амьдарсан. Бас л амьдралын хачин таагүй байдлаас болоод гэрийн хаалган дээрээ “Амьдрах арга алга. Намайг хийх хэрэггүй шүү” гэж биччихээд оргож салаад явчихсан. Герман цустай Латви хүүхэн л дээ. Анх О.Намнандорж гуай Оросоос авчирсан гэдэг юм. Сүүлд 1940-өөд онд Ш.Нацагдорж гуайд хаягласан Нинагийн захидал байдаг. Түүнийг би орчуулсан.
Уг захидалд “Нацагдорж минь чамайг амьд гэж би бодохгүй байна. Хэрэв амьд бол би Нана охиноороо захиа бичүүлэхэд бэлэн байна. Миний охин Нана сургуульд сайн сурч байна. Хүндэт үнэмлэхээр шагнуулсан” гээд л бичсэн байсан юм. Ананда Шири гэж байсныг хүмүүс мэдэх байх. Сүүлд Монголд ирж байгаад бас л учир битүүлгээр нас барсан даа.
-Д.Нацагдоржийн зохиолыг уншихад эр зоригтой, шударга хүн байсныг нь мэдэж болохоор санагддаг. Өмнөх нийгэм, түүнээс тогтож бий болсон бурангүй ёсыг ч зад шүүмжилдэг байсан байх?
-Их шударга. Үнэнийг хэлэхээс айдаггүй байсан хүн. Нэг баримт хэлэхэд баричвлагдаад байцаагдаж байхдаа “Зөвлөлтийн мэргэжилтэн гэж хэн юм бэ. Яахав ажил хийе гэсэн нь байдаг л байх. Зарим орос муу хувцастай ирж баяжаад өмсөж зүүхээ сайжруулаад буцаж байна” гэж байв. Тухайн үед Зөвлөлтийн эсрэг ингэж хэлнэ гэдэг их зориг шүү. Түүхийн архивт Д.Нацагдоржийн шоронд байхдаа чихрийн цаасан дээр бичсэн захидал байсан юм билээ. Түүнийг алга болгочихсон гэдэг юм.
-Д.Нацагдоржид атаархагчид олон байсан гэхийг бас сонссон юм байна?
-Нэр бүхий нөхөд байсан л даа. Ямар сайндаа тэр 1932 оны шинэ жилийг тэмдэглэх ёслол дээр Нацагдоржийн зургийг Германд хамт сурч байсан нөхөр аваад НАХЯ-д өгч байхав дээ.
Бидний яриа өндөрлөх үед Лочин гуай бодож төлөвлөсөн юм ихээ. Нас, бие гүйцвэл бичих хийх юмаа яг төлөвлөсөн байгаа. Энэ зун ганцхан том бүтээлийнхээ ард гарлаа. Цэвээн Жамсраановын тухай ном бичиж байгаад орхисноо гүйцээх ажлаа ирэх долоо хоногоос эхэлнэ. Дараа нь хэдэн өгүүллэг бичих бодол бас бий. Өнөө үеийн бэртэгчингийн тухай сэдвээр нэг роман толгойдоо бичж л явна гээд махир гаансаа шуналтайхан соров. Зохиолч С.Лочин Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
Д.Цэрэннадмид