Налгар намрын өдрүүд шувтарч, нар холдох улирал айсуй. Монголчуудын хэлдгээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цаг хэдийнэ иржээ. Хувьсах байгалийн үзэгдэл ийн хүйтний өдрүүдийг авчрах үед хамгийн түрүүнд хэрхэн дулаахан өвөлжих вэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэр тусмаа гэр хороололд амьдардаг айл бүхний өмнө тулгардаг энэ асуултад хариулт хайгаад үзье.
Албан мэдээллээр нийслэлийн нийт хүн амын 60 орчим хувь буюу 197 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэх тодотголтой Улаанбаатарын гэр хорооллынхон дулаан өвөлжихийн тулд хэрэглэж буй олон аргаас “дулаалах уу”, “дулаацуулах уу” гэсэн хоёр сонголтыг харьцуулж үзлээ. Тодруулбал, амьдарч буй сууцаа дулаалан цахилгаанаар халаах, эсвэл нүүрс түлж дулаацуулж болох хоёр аргын өртөг зардлыг хамтдаа тооцъё.
Эхнийх нь уламжлалт гэж хэлж болох нүүрс түлэн дулаацуулах. Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь энэ аргыг хэрэглэдэг. 8х8 буюу дундаж талбайтай байшинд амьдардаг айл жилд дунджаар гурван портер машин нүүрс түлдэг. Жилийн жилд л өсөж байдаг нүүрсний үнэ энэ жил ч нэмэгдэх төлөвтэй. Гэхдээ баталгаажуулах үүднээс түлээ нүүрсний төвлөрсөн захыг зорьсон юм.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах түлээ, нүүрсний “Цайз” захын замын нэгдүгээр эгнээг нүүрс ачсан портер машинууд эзлэн зогсжээ. Мөн шуудайнд савласан жижиглэн худалдаа ч замын хажууд гарсан байна. Шуудай байтугай тор гэж хэлэхэд ч багадам савлагаатай нүүрс 2000 төгрөг. Харин нэг портер нүүрсийг 130-140 мянган төгрөгөөр борлуулж байгааг ченжүүд хэлэв. “Гэхдээ энэ бол одоогийн ханш. Харин ид хүйтнээр 200 мянгад хүрэх байх” гэдгийг давхар дуулгалаа. Нийслэлчүүдэд нийлүүлдэг нүүрснээс хамгийн хямд буюу Багануурын уурхайн нүүрсний үнэ ийм байна. Тэгэхээр нийслэлийн гэр хорооллын нэг өрх дунджаар 420-600 мянган төгрөгөөр нүүрснийхээ хэрэглээг хангаж, дулаацах нэг сонголт байна.
Нэг айл жилд 4608 кВт.цаг цахилгаан хэрэглэнэ
Харин цахилгаанаар халаахаар шийдсэн бол танай сууцны дулаалга хамгийн чухал. Хэдийгээр цахилгаан халаагуур нь нүүрс шиг утаа тортог, үнс нурам гаргахгүй ч, гэрийн дулаалга тааруу бол хэцүүднэ. Нүүрс түлсэн шиг илт төөнөх илч танайд мэдрэгдэхгүй. “Mon power” компани 2009 оноос хойш шалны халаалт болон сайжруулсан түлш, цахилгаанаар хослон ажилладаг зуух нийлүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Тус компанийн инженер Г.Сүх-Очир “Гэр хорооллынхон хамаг дулаанаа хаалга, цонх, дээврээрээ алддаг гэдгийг мэддэггүй. Бүр нарийн тайлбарлавал гэрийн дулааны 15-20 хувь дээвэр, 20-25 хувь цонх, 10-20 хувь агааржуулалт, 5-10 хувь шал, 20-25 хувь хананаас хамаардаг. Харин халаалт бол ердөө 30-35 хувь л байдаг юм. Гэтэл сууцаа дулаалахгүй байж нүүрсээ нэмж түлээд байхыг чухалчлах нь буруу” гэсэн юм.
Харин одоо гэрийн дулаалганд хэдэн төгрөг зарцуулж болох талаар тооцоод үзье.
Цонхны дулаалга наалт барилгын материалын “Big” зах дээр 1500-3500 төгрөг /даваа гарагийн ханшаар/. Хэрэв вакум цонхоо хаачихаад байхад завсар гаран сийгээд байгаа бол наалт хэрэглэх шаардлагатай. 3500 төгрөгийн үнэтэй нэг наалт 45 метр. Харин ерөнхийдөө хийц нь тааруу болчихоод наалтуудаараа дулаан алдаад байгаа бол силикон шахахыг барилгын материалын худалдаа эрхлэгчид зөвлөж байна.
Тэгвэл хаалга, цонхны дулаалга буюу хөөс, силикон 3000-5000 төгрөг. Мөн дээврээ дулаалахад шилэн хөвөн, үртэс, хар цаас зэргийг ашиглаж болох бөгөөд зах зээлийн үнэ нь шилэн хөвөн боодлоороо 13,000-19,000, хар цаас орос нь 25,000, хятад нь 6000 төгрөг байна. Шилэн хөвөнгөө дэвсчихээд үртэс цацчихвал бүр ч илүү дулаан болдог ажээ.
Хананы тухайд хөөс болон шилэн хөвөнгөөр голдуу дулаалдаг. Байшингийн ханыг гадна талаас нь шилэн хөвөнгөөр дулаалахыг санал болголоо. Бас дотор талд нь эрдэс хөвөн хадах ёстой аж. Үнэ нь 40 мянган төгрөг. Учир нь шилэн хөвөн хүний биед харшил өгч, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул зөвхөн дээвэр болон гадна дулаалгад ашигладаг юм. Дээр хэлсэнчлэн, 8х8 хэмжээтэй байшингийн хананд дөрвөн боодол шилэн хөвөн хүрэлцдэгийг барилгын материалын худалдаачид зөвлөсөн юм.
Хэрэв дулаалгынхаа асуудлыг шийдсэн бол цахилгааныхаа зардлыг тооцъё. Баттай мэдээлэл авахын тулд Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооныхонтой очиж уулзлаа. Тэнд бэлэн судалгаа ч байна билээ. Уг судалгаагаар гэр хорооллын нэг айлыг цахилгаанаар халаахад 2.4 киловатт эрчим хүч зарцуулах гэнэ. Шөнө найман цаг халаалт авна гэж тооцоход шүү дээ. Халаалтыг хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд найман сар буюу 240 хоног цахилгаанаар өгнө гэж тооцъё.
Ингээд бодохоор нэг айл жилдээ 4608 кВт.цаг цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг цахилгааны үнийн тарифт нь үржүүлэн тооцвол 524 мянган төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, та ямар нэгэн цахилгаан халаагуураар өвлийн турш дулаацуулбал 524 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Эндээс харахад танд санал болгосон хоёр сонголтыг үнийн зөрүү тийм ч их биш байна. Мэдээж нүүрс түлэхэд шаардагдах гар ажиллагаа, хаягдал зэргийг цахилгаан халаагууртай харьцуулах аргагүй. Гэхдээ дулааны асуудлаа хэрхэн шийдэх нь таны сонголтоос шалтгаална.
Б.Энхжаргал