Эдийн дээд хадаг, идээний дээж архи гэнэм. Хоёулаа л Монголд элбэг байна. Элбэгээр зогсохгүй аль алиныг нь ад үзэх хэмжээнд хүртлээ олширчээ. Ер нь ч манайхан хадгийг нэг их тэгж дээр үеэс хүндлээд байсан юм уу даа бүү мэд. "Авч, өгч л байдаг халтар самбай" гэсэн үг тийм ч аятайхан сонсогддоггүй шүү дээ. Харин Ардын хувьсгал ялж, хүрээ хийдээ тоносноос хойш хадаг нүдний гэм болж ирсэн нь үнэн. Ялангуяа лам нараа хядан, бурхан тахилаа шатаагаад эхэлсэн үед түүнийг эдийн дээд гэхээсээ илүү шашны эд зүйлс гэдэг талаас нь үзээд хэрэглэхийг нь тас хориглож эхэлжээ.
Одоо буюу Монголчуудын үзэж байгаа хоёрдахь хувьсгалын дараа хадаг элбэгшлээ. Учир нь нөгөө хүрээ хийд маань жаахан сэргэх янзанд орж, лам нараа ад үзэхээ больсонтой холбогдон урд зүгээс хадган урсгал гол мөрөн мэт цэнхэртэн орж ирсэн юм. Түүнтэй давхцаад нэр хүнд нь өдөр бүр унасаар байв. Хаана л бол хаана хадаг уяастай. Хүн болгон түүнийг барина. Хүзүүндээ хадаггүй мал үгүй болов. Машин бүхэнд хадаг зүүнэ. Ер нь социализмын үед ихээхэн эрэл сурал болж байж ганц хадаг олон, хурим хийж байгаа хүүгийнхээ гэрийн тооно, байшинд бол гэрлийн бүрхүүлээс нь зүүдэг байлаа. Одоо тэгвэл хаа сайгүй хадаг. Булаг шанд, овоо тахилга нил хадаг. Ойгоос жаахан зайдуу ургасан ганц мод бол хадгаар битүү хучаастай. Тэр ч бүү хэл гүүр гарц хүртэл дүүрэн хадаг, Гэрлийн шонгоос хүртэл уячихсан байх жишээтэй.
Сүхбаатар аймгийн алдарт Шилийн Богд өнөөдөр хадгандаа дарагдан бага зэрэг хотойгоо юу даа гэмээр харагддаг. Харин тэдгээрээс салхинд хийсч ирснийг нь тэр хавьцаа хилийн харуулд гардаг цэргүүд түүж аваад хөлөө ороодог гэнэ. Их ч дулаахан байдаг хэмээн хөөрөв. Ийнхүү ерөнхийдөө хадаг үнэ хүндээ алдаж, түүнийг хүндлэн дээдлэх бус зүгээр л ингэх ёстой, өргөх ёстой гэсэн үүднээс хандах болжээ, манайхан.
Өнөөдөр алд цэнхэр хадаг бариад ороод ирж байгаа хүнийг тийм ч их сэтгэл догдлон хүлээж авах хүн байгаа юм уу. Би л лав үгүйдэг.
Одоо далбааны тухай. Нэг хэсэг төрийн далбааг зөвхөн тэнд, энд хадна, мандуулна гэсэн хуулирхуу юм байсан шүү. Үүнийг өөрчлөөд хэн дуртай нь хүссэн хэмжээгээрээ хийж, түүнийгээ хаана ч мандуулах эрхтэй болсон юм. Үүнд би л лав баяртай байгаа. 1982 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд сурч байсан Монголчууд төрийн далбаа урлаад дотуур байрныхаа орой дээр залчихснаас болоод консулын газраас дарга нар ирж тэр хэдэн хүүхдийг эгээ л сургуулиас нь туучихаагүй юм даг. Америкчууд тэгэхэд төрийн далбаагаа гэрийнхээ үүдэнд залах нь битгий хэл түрсийк хийгээд өмсчихсөн Олимпийн наадмын дэвжээн дээр нармайгаа нээлцээд зогсч байх нь наад захын явдал. Америкийн төрийн далбааны зурагтай бэлгэвч хүртэл бий. Харин бид одоохондоо хараахан өмд хийгээгүй байгаа ч цамцныхаа ар өвөрт хадаж байгаа. Энэ бол давшилт. Өмд рүүгээ л дөхөөд байгаа хэрэг шүү дээ.
Олимпийн аваргууд төрөхөд манай нийслэл л лав төрийнхөө далбаанд умбасан юмдаг. Ялангуяа Бээжингийн дэвжээн дээр үзэгчид маань тэр аяараа төрийнхөө далбааг барьчихсан байсныг харахад ямар урамтай байсан гэж санана. Баярлаад л. Бахархаад л. Ёстой л омогшоод л.
Энд би төрийн далбаагаа дээдлэе, хамаа намаагүй хэрэглэхээ больё гэж байгаа юм биш шүү. Огт эсрэгээр, тун баяртай байгаа. Хэдий болтол бид төр хэмээх хий хоосон юмны төлөө залбиран шүтэж, манийгаа нэг л нартай өдөр "Маргад эрдэнийн оронд" аваачих тухай үлгэрт итгэн мөргөж суух вэ дээ. Тэртэй тэргүй төр чадахгүй юм чинь. Харин бид өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л өөрчилж чадна.
Одоогоос 20-иодхон жилийн өмнө бид монгол хүн, Монголын иргэн гэдгээ гадаад оронд очоод хэлэхээсээ ичдэг байсан нь худлаа биш. Одоо больсон. Бид чинь түүхтэй, Чингистэй, өөрийн соёлтой, ахуй амьдралтай, бахархах юмтай, охид хөвгүүд нь авьяас чадвартай, хүчтэй ард түмэн юм байна гэдгийгээ ямар ч байсан мэдрээд орхилоо. Арлын Япон, Олимпийн дэвжээн дээрээс мэдрэв. Тэр ч бүү хэл өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд болсон хэрэг явдалд ч баяртай байдаг. Манай залуучууд номхон морины ногт болохгүй гэдгээ харууллаа. Бас Монгол орон ардчилсан орон үнэхээр мөн юм байна гэдгээ хэдийгээр хүний амь эрсдэж, олон хүн гэмтэж бэртсэн ч дэлхий дахинаа баталсан гэж хэлж болно. Түүнээс биш тэр нэг муу цагаан байшин, хэдэн машин энэ тэр юу ч биш. Энэ дэлхийн ардчилсан орнуудад болдог л нэг үймээн. Тэнд иймэрхүү үймээн самуун байн байн дэгдэнэ шүү дээ. Тэр үеэр байшин сав гэмтэж, машин тэрэг эвдэлж шатаахад эзэд нь инээгээд л зогсч байдаг. Яагаад гээч. Бүгд даатгалтайдаа тэр. Харин даатгалаар бизнес хийдэг нөхдөд л жаахан тиймхэн тусдаг ч үүнийгээ бизнесийн эрсдэл гэж үзээд тоодоггүй юм шүү дээ.
Нэг үгээр хэлбэл, бид төр гэдэг юмнаас алхам алхмаар холдсоор байгаагийн нэг хэлбэр. Баяртай байна. Төр гээд баахан дарга төвтэй биш, харин иргэн төвтэй нийгэмд шилжсэнээ одоо ухаарах цаг болж. Иргэнээ хүндэлдэг төр байхаас бус төрөө дээдэлж байна гээд духаа халцартал мөргөж, баруун сугаа цэврүү үсэртэл цай сүүнийхээ дээжийг өргөж ирсний шан юу байв. Юу ч байсангүй.
Монголд хадаг, төрийн далбаа хоёр олширлоо. Наадмын маргааш өглөө зориуд Төв цэнгэлдэхийг тойрч үзэв. Энд тэндгүй төрийн далбаа. Яг хадаг шиг хөсөр хаягджээ. Энэ бол удахгүй бид түүгээрээ түрсийк хийж өмсөхийн эхлэл юм. Яг Америкчууд шиг.
Д.Баасанжаргал