Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлээд найман жил болж буй. Энэ хугацаанд хамтын засаглал буюу компанийн засаглал төдийлэн сайжраагүй, цөөн компанийг эс тооцвол засаглалыг төлөвшүүлэх үйл явц удаашралтай байгааг Компанийн засаглалын хөгжлийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Байлыхүү тэмдэглэв. “Компанийн сайн засаглалыг манайхан бүтээлчээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бус, нэр төдий авч яваа. Энэ өөрсдийнх нь өсөлт, хөгжилд саад болж байна” хэмээн тэрбээр тоймлон хэллээ. Засаглалын кодекс нь тулгасан дүрэм журам биш, харин бүтээлчээр ашиглах зөвлөмж юм.
Компанийн засаглал нь удирдлагын зохистой бүтцийг бий болгон, компанийг удирдан чиглүүлэх тогтолцоо.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын засаглал “балчир” түвшинд яваа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ нь компанийн сайн засаглал огт хэрэгжээгүй гэсэн үг биш юм. Харин хөгжих нөөц боломж байгааг нэг талаар илэрхийлнэ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ойролцоогоор 215 компани өдгөө Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд эдгээр компанийн засаглалын үзүүлэлт тун тааруу байгааг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр учирлалаа.
Компанийн засаглалын хөгжлийн төв саяхан Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэх компаниудын засаглалыг сайжруулах, чанартай тайлагналын тогтолцоог бий болгохоор зорьжээ. Энэ нь мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаална гэсэн үг юм. “Компанийн засаглал гэдэг зөвхөн хууль тогтоомжийг дагаж мөрдөх асуудлаар хязгаарлагдахгүй гэдгийг компаниуд ойлгох хэрэгтэй” хэмээн эдийн засагч Ж.Үнэнбат өгүүллээ. Тэрбээр “Компанийн засаглалыг зохих ёсоор хэрэгжүүлэхийн тулд хуулийг мөрдөхөөс гадна стандартын шаардлага хангах нь чухал” гэв.
Компанийн засаглал нь удирдлагын зохистой бүтцийг бий болгон, компанийг удирдан чиглүүлэх тогтолцоо. Сайн засаглал нь урт хугацаанд компанийн хөрөнгө, нэр хүнд, ашиг орлогыг нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, таны эрхэлж буй бизнесийн “нас”-ыг уртасгадаг. Хамтын засаглал нь манайд шинэ ойлголт биш. Компанийн засаглалын талаар 2000 оноос эхэлж эрчимтэй ярьж эхэлсэн бөгөөд өдгөө эрх зүйн орчин тогтворжоод байгааг Ж.Үнэнбат онцлов. Сайн засаглал нь итгэлцлийн хэмжүүр. Тиймээс “Компанийн засаглалын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг төрөөс баталж, бодлогын түвшинд анхаарах болсон.
Компанийн сайн засаглалыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж арилжааны банкнаас хямд өртөгтэй зээл авах, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, хувьцаа нь хөрөнгийн зах зээлд эрэлттэй байх гээд давуу тал цөөнгүй аж. Засаглалыг онцолсон үндэсний хөтөлбөрийг батлаад таван жил болж буй. Манайхан дээр дурдсан боломжийг ашиглах тал дээр хойрго ханддаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд бий болж байгаа баялаг Хөрөнгийн биржээр дамжаад иргэдийн хамтарч бүтээдэг баялаг болоосой. Олон нийтийнх болоосой. Бизнес гэхээр л гэр бүлийнх байх юм. Улс төр нь намуудын өмч шиг байх юм. Намууд нь фракцуудын өмч шиг байх юм. Төр нь албан тушаалтнуудын өмч шиг байх юм. Тиймээс бизнесийг үнэхээр амжилттай хөгжүүлье гэвэл олон нийтийн болго л доо” хэмээн Монголын эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдсэн.
Монголын бизнесийн дээд хэмжээний анхдугаар уулзалтын үеэр компанийн сайн засаглалын асуудлыг мөн хөндөж байлаа. Энэ нь Ерөнхийлөгч компанийн тунгалаг засаглалд ихээхэн анхаарал хандуулж буйн илрэл болов уу. Ерөнхийлөгч ямар ч компани Улаанбаатарын хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд хувьцаагаа зардаг болох тухай өгүүлсэн. Ийм боломж нь сайн засаглал дээр цэцэглэдэг байна. Дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалах давхар бүртгэл нэвтрүүлэх үүд хаалга нээлттэй бий. Харин ийшээ нэвтрэх засаглалын шаардлагыг дотоодын компаниуд сайтар хангаж байвал хямд өртөгтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтыг босгох боломж нээлттэй байгааг дуулгая.
Ингэж ил тод, ойлгомжтой, зах зээл эрүүл байх “хөрс” нь компанийн сайн засаглал. Компанийн тухай шинэ хууль хэрэгжиж буй. Эрх зүйн энэхүү баримт бичиг нь засаглалын чанар дээшлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг салбарынхан онцолдог. Гэхдээ компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус, ил тод байдал хангалтгүй, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах эрх орчин хуулиар бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Товчхондоо, хөтөлбөр хэрэгжиж, эрх зүйн орчин бүрдсэн ч сайн засаглалыг хөгжүүлэх итгэл үнэмшил сул байгаа аж. Дээр дурдсан хуулиас гадна Үнэт цаасны тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж байна. Мөн ирэх оноос Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна татварын шинэчлэл үргэлжилж буй.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгийн бирж дээр гарсан компани олон нийтийн статустай компани байдаг. Үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод тайлагнадаг, хяналт тавьдаг байх ёстой” гэв. Компаниуд засаглал муутайгаас зарим бизнес нь амжилттай шинэ компаниуд Хөрөнгийн зах зээлийн босгыг давдаггүй аж.
Санхүүгийн зохицуулах хорооноос үндсэн шаардлага хангахгүй байгаа зарим компани, аж ахуйн нэгжийг Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах болсон. Ихэнх тохиолдолд, компанийн засаглал тааруу гэсэн үндэслэлээр хасагдаж буй компаниуд хөрөнгийн зах зээлд “тоглогч” байх боломжоо өөрсдөө алддаг байна. Хэрвээ тухайн компани өөрийн засаглалаа сайжруулж чадахгүй бол хэзээ ч дэвжиж чадахгүй. Ингэснээр хөрөнгөө өсгөж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжоо үргэлж бусдад булаалгаж байдаг аж.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа шударгаар тайлагнах соёлд суралцаж, мэдээллээ ил тод нээлттэй байлгах нь сайн засаглалтай байгаагийн илрэл” хэмээсэн. Энэ нь хөрөнгийн зах зээл төгөлдөржих суурь юм.
Б.Баяртогтох