Нийгмийн даатгалын ерөнхий газрын сар сарын статистик мэдээ миний өмнө байна. Эндээс харвал 2016 оны зөвхөн дөрөвдүгээр сард 6.9 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. Үүнд зориулж улсаас 9.5 тэрбум төгрөг зарцуулчихаж.
Иргэд ажил, орлогогүй бол буруу замаар будаа тээх тал руугаа ордог
Энэ дүнг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаа гарч ирнэ. Тодорхой хэлбэл, 2011 оны тавдугаар сард улс энэ төрлийн тэтгэмжид 524 сая төгрөг зарцуулсан байх юм. Хэдхэн жилийн дотор ажилгүйдлийн тэтгэмж 18 дахин өссөн байгаа биз. Ажлын байр ийнхүү хомсдож, лааз өшиглөх иргэдийн тоо гэрлийн хурдаар өссөнийг дээрх статистикаас харж болно.
Уул уурхайн том төслүүд зогсож, гадаадын хөрөнгө оруулалт татарч, ажлын байр хомсдсоны сөрөг талыг бид зөндөө ярьж, бичсээр байгаа.
Гэхдээ ажилгүйдлээс урган гарах нэг том асуудлыг хайхралгүй орхиод байх шиг. Энэ бол гэмт хэргийн гаралт.
Угаас ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн орлого хумигдахын хэрээр гэмт хэрэг өсдөг нь бичигдээгүй хууль. Товчхондоо бол энэ хоёр асуудал нэг зоосны хоёр тал гэсэн үг. Мэдээж ажил, орлогогүй хүн амьдрахын тулд, ар гэрээ тэжээхийн тулд мөнгө олох шаардлагатай. Хэрэв олдохгүй бол зарим нь буруу замаар будаа тээх тал руугаа орох нь тодорхой.
Далайн чанадын оронд тохиолдсон зүйл манайд ч давтагдаад байгаад учир бий
Америкчууд элдэв төрлийн судалгаа хийхдээ гаргууд улс. Хүмүүсийн хүссэн бүх л төрлийн судалгаа энд бий. Тэгвэл 1971-1997 оны хооронд Америк даяар ажилгүйдэл болон гэмт хэрэг хоорондын уялдаа холбоо ямар байсныг судалжээ. Дээрх 18 жилийн хугацаанд АНУ дахь дээд боловсролгүй эрчүүдийн 20 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн аж. Үр дүнд нь бусдын эд хөрөнгөд халдах гэмт хэрэг 21 хувиар өссөн байна.
Түүнчлэн хүн амь, хүчирхийллийн хэрэг 35 хувиар өссөн аймшигтай дүн гарчээ. Харин 1993-1997 оны хоорон дахь мөчлөгийг үзвэл илүү таатай дүр зураг харагдана. Тэрхүү дөрвөн жилд Америкийн эдийн засаг сайжирч, ажлын байр нэмэгдэж, иргэдийн цалин ч өсөв. Энэ үед гэмт хэрэг буурсан дүн гарч байв. Энэ нь хэдийгээр 20-иод жилийн өмнөх дүн хэдий ч ач холбогдлоо огтхон ч алдаагүй. Учир нь ажилгүйдэл, гэмт хэргийн хоорондын хамаарал өнөө ч хэвээр байна.
Өөр нэг судалгаа танилцуулъя. Детройт бол АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн нийслэл хэмээн нэрлэгдэж, мандан бадарч байсан хот. Гэвч америк машин дэлхийн зах зээлээс шахагдахын хэрээр тус хотын хувь заяа бүрхэг болж, өдгөө улсынхаа хамгийн ядуу бүсийн нэг болсон. Хүн амын 38.1 хувь нь улсынхаа ядуурлын дундаж түвшингээс ч доогуур амьжиргаатай. Тэр хэрээр Детройт гэмт хэргийн гаралтаар АНУ-д тэргүүлдэг аж. 100 мянган хүн тутамд 2072 гэмт хэрэг бүртгэгддэг нь тун өндөр үзүүлэлт юм.
Холын америкчуудын амьдрал бидэнд ямар хамаа байна гэж бодох нэгэн байж магадгүй. Гэхдээ далайн чанадын оронд тохиолдсон зүйл манайд ч давтагдаад байгаад учир бий.
Залуус нийлэн банк дээрэмдлээ, настай хөгшнийг зодож, цүнхийг нь булаажээ, Дорнод аймгийн төвд зэвсэглэсэн залуус шатахуун түгээх станц дээрэмдлээ гэх мэдээлэл сүүлийн үед их сонсогдох болсныг та анзаарсан байх. Гэмт хэрэг үнэхээр нэмэгдээд байна уу, эсвэл сошиал ертөнц ялихгүй зүйлийг дэвэргээд байна уу. Үүнийг ялгаж салгахын тулд дахиад л албаны тоо баримттай танилцах шаардлагатай болох нь.
Цагдаагийн ерөнхий газрын статистикаас харвал 2016 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 9919 гэмт хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 5.1 хувиар буурсан сайн мэдээ байна. Гэхдээ дотор нь задлаад үзвэл арай өөр дүр зураг бууж ирнэ. Тухайлбал, хувийн өмчийн хулгайн хэрэг 15.5 хувиар өссөн бол бусдын эд хөрөнгийг залилах хэрэг 8.6 хувиар дээшилжээ. Ажилгүйдлийг дагаад амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүмүүс олширдог холын Америкийн жишээ Монголд ч давтагдаж байгаа биз.
АНУ-д ажилгүйдэл 20 хувиар нэмэгдэхэд гэмт хэрэг 21 хувиар өсчээ
Манай Монгол харьцангуй тайван орон. Бид элдэв ноцтой хүн амины хэрэг, зэвсэгт дээрмийн талаар барууны киноны хэмжээнд л мэднэ. Гэтэл байсхийгээд л банк, ШТС дээрэмдлээ гэж сонсогдох болсон нь сайны дохио яавч биш. Орон байр, халаасны хулгай, дээрэм зэрэг жижиг хэрэг бол ердийн үзэгдэл болсон. Энэ бүхний уг үндсийг хөөгөөд үзвэл ажилгүйдэл гэсэн танил сэдэвтэй л холбогдож байна.
Хэрэв хүмүүс ажил орлоготой, амьдралдаа санаа зовох шалтаггүй бол гэмт хэрэг хийж, өөрийгөө болоод өрөөлийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Харамсалтай нь, энэ бүхэн эсрэгээрээ эргэх болсныг бид сэтгэл зовнин харахаас хэтэрч чадахгүй нь. Мэдээж гэмт хэрэг хийсэн этгээдийг зөвтгөх учиргүй. Гэхдээ иргэдээ хангалуун сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангаад өгвөл гэмт хэрэг аяндаа буурдаг болохыг дэлхийн жишиг бидэнд харуулж байна.
Ё.Лхагвасүрэн: Архидалтын үндсэн шалтгаан нь ажилгүйдэл
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Ажилгүй иргэн олон байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж ярьдаг. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гардаг л даа. Нийслэлийн хэмжээнд хоногтоо 5000 орчим дуудлага ирж байна. Эдгээр дуудлага, мэдээллийн 70 гаруй хувь нь архидан согтуурснаас үүдэлтэй.
Архидалтын үндсэн шалтгаан нь ажилгүйдэл. Тиймээс дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч нар үүнд онцгой анхаарал хандуулж, цагдаагийн байгууллагад хоёроос дээш удаа дуудагдсан ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, тэдэнд сургалт явуулах, төрийн болон ТББ-уудтай хамтран мэргэжил олгох сургалт зохион байгуулж байна.
Улмаар тэднийг дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан ажлын байраар хангах ажлыг үе шаттай хийж байгаа. Мэргэжилтэй болгож, ажлын байраар хангахаар нөгөө хүн архидан согтуурах нь харьцангуй бага болдог. Ер нь цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх гэсэн үндсэн гурван үүрэгтэй. Энэ бол урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлын өчүүхэн хэсэг нь.
Дээр нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал удирдлагуудын хэмжээнд анхаарлын түвшинд байдаг. Улаанбаатар хотын цагдаагийн газарт энэ чиглэлийн тусгай нэгж байгуулж, бодлогын хэмжээнд авч үзэж байгаа. Үүний хүчинд сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 30 орчим хувиар буурсан нааштай тоон үзүүлэлт байна.
-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн иргэдийг ажлын байраар хангана гэдэг чухал асуудал байна. Үр дүн гарч байна уу?
-Тухайн хүн ямар нэг хэрэг түвэгт орооцолдоод цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байж болно. Гэхдээ тэднийг “Чи өмнө нь гэмт хэрэг хийж байсан” гэж ад үзэхийн оронд боломж олгож байгаа юм. Ингэснээр тухайн хүний амьдрал дээшлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр том ахиц болно.
Бид дүүргүүдийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтраад Улаанбаатар хотын хэмжээнд зарлагдсан сул ажлын байранд ямар мэргэжил илүү эрэлттэй байгааг судалдаг. Тэгээд мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтраад ажилгүй иргэдийг мэргэшүүлж, ажлын байранд зуучилдаг.
Архи ууж, хэрэгт орооцолдоод байгаа хүмүүс “Уугаад байгаа шалтгаан нь ажил, орлогогүй байгаатай холбоотой. Ажил, мэргэжилтэй болчихвол гоё сайхан амьдарна” гэдэг. Энэ боломжийг нь хангах үүднээс албан байгууллагуудтай тухайн иргэнийг зуучлан холбож өгч байгаа л хэлбэр. Энэ ажил сайн хэрэгжсэн газар цагдаагийн байгууллагад ирдэг дуудлага багассан жишээ ч байна.
-Сүүлийн үед ямар төрлийн гэмт хэрэг анхаарал татаж байна вэ?
-Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Энэ нь иргэдийн өмчийг залилан мэхэлж авах, булаах, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг гэсэн үг. Ер нь олон нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр бусдын өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг.
Оютун сурагчдыг сургуулиа төгсөх, элсэх үед залилангийн хэрэг, хонхны баярын үеэр дээрмийн хэрэг ихсэх жишээтэй. Хамгийн гол нь иргэд анхаарал болгоомжтой байж, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах хэрэгтэй.
Г.Баярсайхан