УИХ-ын даргад өчигдөр /2015.10.20/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив.
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй. Энэ хууль батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ.
Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм байна. Хуулийн төсөл нь
- Монгол Улсын Үндсэн хууль,
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,
- Гадаад бодлогын үзэл баримтлал,
- Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай үүсэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж
2.1. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, харилцааг үл хөндөх бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. “Байнга төвийг сахих” гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
Монгол Улс байнга төвийг сахих бодлого, үндсэн зарчим
5 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлого
5.1. Монгол Улс бусад улстай энхийг эрхэмлэсэн, байнга төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого явуулж, бүхий л салбарт эрх тэгш, тэнцвэртэй харилцана.
5.2. Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтална.
5.3. Монгол Улс аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.
6 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд
6.1. Монгол Улс өөр улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй.
6.2. Монгол Улс бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана.
6.3. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй.
6.4. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд зааснаас өөр тохиолдолд гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй.
6.5. Монгол Улс нутаг дэвсгэр, агаар мандлаа дайны зориулалтаар аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй бөгөөд цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид байлгана.
6.6. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосноос бусад хориг арга хэмжээнд оролцохгүй.
7 дугаар зүйл. Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрх
7.1. Монгол Улс гадны халдлагаас өөрийгөө хамгаалах болон бусад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тусламж хүсэх бүрэн эрхтэй.
7.2. Монгол Улс зөвхөн гадны халдлагаас өөрийгөө хамгаалахад чиглэсэн батлан хамгаалах бодлого явуулж, зэвсэгт хүчнээ бэхжүүлнэ.
7.3. Монгол Улс дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана.
8 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа
8.1. Монгол Улс даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
8.2. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоно.
8.3. Дайны үед энх тайван тогтоож, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэлэлцээ хийх бололцоог хангах эрхтэй.
8.4. Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ.
Бусад зүйл
9 дүгээр зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах
9.1. Монгол Улсын Их Хурлаас тодорхойлсон төрийн дотоод, гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг тайлбарлаж, түүнтэй холбоотой байр суурийг тодорхойлно.
10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
11.1. Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.