АКТАЛСАН МУЗЕЙГ 50 ГАРУЙ ЖИЛ АШИГЛАЖ БАЙНА
Улсын хэмжээнд өнөөдөр 36 музей үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл үүний 50.6 хувь нь музейн үйл ажиллагаа явуулах боломжгүй балгас шиг барилгатай болжээ. Монгол улсад музейн барилга байгууламжийг шинэчлэх ажил 1990-ээд оноос хойш огт хийгдээгүй гэвэл та итгэх үү. Яагаад гэвэл 1970-аад оны үед "Сэргээн засварлах газар" гэж байсан ч 1990-ээд онд өмч хувьчлалын үеэр монголчууд бид устгаж хаясан юм.
Үүнээс хойш түүхийн дурсгалт барилгыг сэргээн засварлах байгууллага, судлаач, түүхч, ажиллах боловсон хүчин үндсэндээ байхгүй болсон. Харин арай ядан 1996 онд “Монгол цэргийн музей”-г барьснаас өөр ямарч түүхийн болон музейн барилга байгууламжийг 2000 оноос өмнө ашиглалтад оруулсан сайхан мэдээ алга.
Нөгөө л гадаад улсын гар хардаг жишгээр 2009 онд Япон улсын Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлж Хархорум музейг барьж өгсөн удаатай. Харин бид Турктэй хамтран 2010 онд хөшөө цайдам музейг ашиглалтад оруулжээ.
Гэвч манай улс музейн барилга байгууламжаа стандартад нийцүүлэн барьж чаддаггүй улс аж.
1950, 1960-аад оны үед төв хороо, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үг дуугүй биелүүлэхийн тулд орон нутагт чулуу, хямд төсөр материалаар “босгомор алдсан” байшинд музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Тиймээс өнөөдөр дэлхий нийтэд тавигддаг стандарт шаардлага хангадаг музей өдгөө Монголд даанч алга.
Саяхан төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн эзэмшдэг барилга байгууламжид мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийхэд Байгалийн түүхийн музей, хөшөө цайдам музей, Баянхонгор, Булган, Говь-алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймгийн музейн эзэмшиж буй 12 барилга үнэхээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, заримд нь бүр их хэмжээний засвар үйлчилгээ яаралтай хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Түүнчлэн түүх, соёлын дурсгалт хосгүй өвийг ямар ч шаардлага хангахгүй нөхцөлд хадгалсан болж байх юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд музейн зориулалтаар барьж, ашиглаж буй барилгуудад мэргэжлийн хяналтынхан олон удаа шалгалт хийсэн гэдэг.
Тэд бүр нэг музейд л гэхэд огт ашиглаж болохгүй, шууд хаах ёстой гэсэн 4-5 акт гаргаж байсан байгаа юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн музей 1956 онд ашиглалтад оронгуутаа 1957 онд шууд актлуулсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага олон удаа хаах тухай акт гаргасан боловч энэхүү музейг 50 гаруй жил ашигласаар өдийг хүргэсэн байх жишээтэй. Ашиглаж болохгүй гэсэн акт гарсан тохиолдолд үл хайхран үйл ажиллагаа явуулах нь эд өлгийн зүйлс устах болон музей үзэж байх үед барилга нурах, хүн гэмтэх маш аюултай хэмээн удаа дараа анхааруулаад ч сайныг эс олсон байна.
2018 оны байдлаар төрийн өмчийн есөн музейн эзэмшилд 27 барилга байгууламж, орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшилд 56 барилга байгууламж, нийт 83 барилгыг ашиглаж байна.
Төрийн өмчийн есөн музейн 27 барилга байгууламжийн дөрөв нь музейн зориулалттай, 16 нь сүм хийд, ордны зориулалттай, хоёр нь музейн сан хөмрөг, оффисын зориулалттай, тав нь орон сууц, агуулах, худалдаа үйлчилгээ, сургуулийн зориулалттай байна.
Харин орон нутгийн 19 музейн 56 барилга байгууламжийн 13 нь музейн зориулалттай, 27 нь сүм хийд, ордны, нэг нь музейн сан хөмрөг, оффисын, 15 нь орон сууц, зочид буудал, худалдаа үйлчилгээ, номын сан, гэрэл зургийн студи гэх мэт музейн зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулан аргацааж байна.
Тухайлбал, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Архангай аймгийн Заян гэгээнийг хийд, Архангай болон Хэнтий аймгийн музей зэрэг нь сүм дугануудад үйл ажиллагаа явуулдаг.
Сүм, дуган нь музейн зориулалтынх биш тул өвөл маш хүйтэн байдаг учир үзэж байгаа хүмүүст ая тухгүй байхаас гадна зохиомлоор халаавал үзмэрийн эд зүйлс эрсдэх онц аюултай байдаг гэнэ. Тиймээс эдгээр барилгуудад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн акт олон удаа гарсан байх юм.
Үүнээс гадна төрийн өмчийн музей атлаа өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламж түрээслэн Монголын театрын музей, Монголын уран зургийн галерей толгой хоргодож байна.
Мөн төрийн түүхийн музей төрийн өмчийн барилгыг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Орон нутагт ч ялгаагүй Говь-Сүмбэр, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн музей өөрийн гэсэн байргүй, өөр байгууллагын бөөрөнд хавчуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Жишээлбэл, Увс, Хөвсгөл аймгийн музей номын сангийн байшингийн нөгөө хаалгаар нь ордог байдалтай олон жилийн нүүр үзжээ.
2017 онд улсын төсвөөс музейн барилга байгууламжийн засварт 288 сая төгрөг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийслэл дэх музейнүүдэд БСШУСЯ хөрөнгө төсөвлөн, тендер зарладаг бол орон нутагт ч ялгаагүй ийм замаар засвар үйлчилгээ хийж байна.
Гэтэл өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” чуулганы үеэр мэргэжилтнүүд хуучны барилга байгууламжуудыг тендерээр сэргээн засварлаж огт болохгүй хэмээн анхааруулсан.
Учир нь тендерт мэргэжлийн бус байгууллагууд оролцохоос гадна хамгийн бага үнэ санал болгосон нь сонгогддог тул хямд, чанаргүй материалаар засвар хийсэн болоод нүд хуураад өнгөрдөг аж. Түүнчлэн түүхэн барилга, байгууламжийг сэргээн засварлах нарийн мэргэжлийн боловсон хүчин Монголд байхгүй гэдгийг ч дэлгэсэн юм.
Тиймээс мэргэжлийн боловсон хүчин яаралтай бэлтгэх шаардлагатайг дахин дахин учирлаж байв. Музейн барилга байгууламжийн ажил өөрөө энгийн барилга байгууламжтай адилхан биш. Тусгай нөхцөл шаардлага тавигддаг учраас өртөг зардал нь маш өндөр гардаг байна.
Гэхдээ хамгийн гол асуудал нь музейн засвар хийхдээ тухайн эд өлгийн зүйлс, үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлийг аюулгүй, шаардлага хангасан нөхцөлд хадгалах учиртай. Гэвч үйл ажиллагааг нь зогсоож байгаад засвар хийхэд төвөгтэй учир сан хөмрөгүүдийг хуваарилж хадгалахаас өөр аргагүй олон зовлонтой тулгардаг тул он удаан жил хаягдсаар ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Дэлхийг эзэлж явсан агуу түүхтэй улсын түүхийн музей, сан хөмрөг өнөөдөр нурсан балгас болчихоод байгааг нэн даруй анхаарах шаардлагатай байна.