Ираны ариун дагшин газар Имам Реза дахь сүмд Ибрахим Раейзи хурсан мянга мянган мөргөлчдөд нийгмийн өмнө хүлээсэн үүргийг нь сануулан сургааль айлдаж байна. Исламын сүм хийдийн консерватив төлөөлөгч тэрбээр Ираны эртний дайсан АНУ-ын зүг яриагаа чиглүүллээ. “АНУ-ын хүчээр түрий барих дэглэм болбоос дээрэлхүү, бие тоосон, хорон муу санаатай. Палестинчуудаар жишээ авахад л ард түмнийх нь эрхийг 70 жил уландаа дэвсэллээ” хэмээн хар тюрбан, хүрэн өмсгөлтэй Раейзи сүсэгтэн олондоо өгүүлэв. Тэрбээр “Дарлуулагсад эрхээ эдлэх цаг ирнэ” хэмээн айлдсан юм.
Түүний номлол нь Ираны санваартан, шүүх засаглал, элит Хувьсгалт гвардийнхний доторх эрс байр суурь баримтлагчдын үзэл бодлыг тусган харуулж байна. Ираны хоёрдахь гол хот Машхад нь хатуу байр суурь баримтлагчид шийт радикализмын үзэл санааг сурталчлах суурь болон хувирсаар.
Иран улс тавдугаар сард болох сонгуульд бэлдэж буйтай уялдан төвч үзэлт Ерөнхийлөгч Хассан Рухани дээр өгүүлсэн эрс байр суурь баримтлагчдыг зайлуулж, хоёр дахь удаагаа сонгогдохоор бэлдэж буй үед санваартан Раейзи сургааль айлдлаа.
Машхад нь шийт сүсэгтнүүдийн өгөөмөр өргөлийн ачаар хөгжин цэцэглэсэн шашны хот. Гэхдээ тус хот нь нийслэл Иранд болдог улс төрийн элдэв явууллагаас хол хөндий байсаар өдий хүрсэн түүхтэй. Гэвч саяхнаас Машхад нь Иран дахь шашны элдэв урсгалын улс төрийн тэмцлийн шинэ талбар болж эхэллээ. Эрс байр суурь баримтлагчид тус хотод ноён Руханид ойр улстөрчид ухуулга хийхэд нь саад учруулж, концерт тоглохыг хүртэл хориглосоор хэдэн сар өнгөрч байна. Сири, Иракийн мөргөлдөөнд оролцож буй дайчдад хандив өргөх тусгай хайрцгийг Хувьсгалт гвардийнхны зүгээс санаачлан сүмийн хашаанд байрлуулжээ.
Орон нутгийн иргэд өнгөрсөн онд Имам Резагийн сүмийн тэргүүн, зөнч мэргэн Мухаммедийн угсаа гэгддэг Аббас Ваез-Табасийг эцсийн замд нь үдлээ. Ваез-Табаш нь 1979 оны Исламын хувьсгалыг зохион байгуулагчдын нэг бөгөөд зүүн умард Ираны маргашгүй удирдагчийн үүрэг гүйцэтгэсээр 30 гаруй жилийг өнгөрөөсөн юм. Ираны дээд удирдагч, Аятолла Али Хаменей нэг хүнд хэт их эрх мэдэл олгохоос сэргийлэн, Ваез-Табасийн залгамжлагчаар ганц хүн сонгохоос зайлхийж, албан үүргийг нь хэд хэдэн хүнд хуваахаар төлөвлөж байгаа.
Ноён Раейзи нь эдүгээ алтаар өнгөлсөн бөмбөгөр оройт аварга сүмийн гол сахин хамгаалагч болж хувирлаа. Тэрбээр Ираны хамгийн баян байгууллага “Астан-э Кодс Разави” хэмээх шашны санг мөн удирдах юм. Уг сан нь тус сүмийн шашны үйл ажиллагааг эрхлэн хөтлөхийн зэрэгцээ Машхад төдийгүй бусад газарт орших үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэн нь. Раейзийн хадам эцэг Ахмад Аламолхода нь Машхад дахь дээд удирдагчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, баасан гарагийн мөргөлийг удирддаг.
Нас барсан санваартны эрх мэдлийг хэд хэдэн хүнд хувааж өглөө ч Машхад хотын шинэ удирдагчдаас Ираны улс төрд оролцох хүслийг багасгаж дийлэхгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Ираны дээд удирдагч, эдүгээ 77 настай ноён Хаменей таалал төгсөх цагт эрх мэдлийг нь залгамжлах хүнийг 86 гишүүнтэй Шинжээчдийн зөвлөлөөс томилно. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд ноён Раейзи, Аламолхода нар ч багтдаг. Юутай ч одоогоор хамгийн чухал асуудал нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль.
“Машхадад шинэ журам тогтох шилжилтийн үе эхэллээ” хэмээн өдөр тутмын, консерватив “Кhorasan” сонины редактор Али Алави тайлбарлав. “Хувь хүний өвөрмөц шинж, бодлогынхоо ачаар Машхад хотыг улс төрийн тэмцлээс хол байлгаж байсан Аятолла Ваез-Табаси нас барсан нь Ираны хамгийн тайван хотын хүчний тэнцвэрийг алдагдууллаа” хэмээн тэрбээр өгүүллээ.
Нийт гурван сая оршин суугчтай Машхад хотыг жил бүр 27 сая мөргөлчин зорьж ирдэг. Эдгээр мөргөлчин ч дараагийн шинэ засаг захиргааг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулийн үеэр Машхад хот нийслэл нь болдог Хорасан- Разави муж ноён Руханиг идэвхтэй дэмжсэн юм. Гэтэл өнгөрсөн жил болсон парламентын сонгуулийн үеэр хатуу байр суурь баримтлагчид хотын захиргааны нийт таван суудлыг бүгдийг нь авчээ.
Машхад хотын дундаж анги ноён Руханиг улс төр, соёлын шинэчлэл өрнүүлнэ хэмээн хүсэн хүлээж байсан нь талаар өнгөрсөн тухай социологийн судалгааны мэргэжилтэн Захра Кезри тайлбарлав. Тус хотын баялаг өөрсдийнх нь амьдралыг сайжруулахад ямар ч нэмэргүй талаар ядуу оршин суугчид гомдол тавьдаг. Машхадын оршин суугчдын гуравны нэг нь тус хотын захын суурингуудад ажилгүй, ядуу зүдүү нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм.
Ноён Руханийг унагахад чухам энэхүү нөхцөлийг ашиглахаар хатуу байр суурь баримтлагчид төлөвлөж байна. Засгийн газраас нь хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого болон дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй 2015 онд байгуулсан тохиролцоо нь энгийн иранчуудад өгөөжөө хайрлаагүй хэмээн Руханитай өрсөлдөгчид шүүмжилдэг. Ираны улс төрийн бодлогын талаар ноён Раейзи олон юм дуугардаггүй. Харин ноён Аламолхода улс төрийн бодлогод эрс хатуу байр суурь баримталж байгаагаа нуудаггүй. “Ираны хувьсгалт үндэстэн дотоодын салан тусгаарлагчдын өрнүүлж буй хөдөлгөөнийг ч АНУ-ын савраас өөрцгүйд үзнэ” хэмээн тэрбээр саяхан мэдэгдсэн.
Ноён Руханийн гол холбоотон, урьд нь тус улсад ихээхэн нөлөөтэй Ерөнхийлөгч байсан Акбар Хашеми Рафсанжи саяхан нас барсан нь шинэчлэл өрнүүлэгчдэд цохилт боллоо. Хот улам бүр радикалжиж байна гэсэн таамгыг Ираны Засгийн газраас тус мужийн захирагчаар томилсон Алиреза Рашидиан үгүйсгээд, иргэдийг соёлын хувьд улам эрх чөлөөтэй болгохыг уриаллаа.
Юутай ч хоёр дахь удаагаа сонгогдвол үр өгөөжийг нь амсана гэдгийг ноён Рухани тавдугаар сард болох сонгуулиас өмнө Машхад хотын сонгогчдод ойлгуулах шаардлагатай. Машхадын ойролцоох Шахид Ражаи сууринд амьдардаг арав гаруй хар ажилчин өдөрт 300 мянган риалын (есөн ам.доллар) хөлстэй барилгын ажил олдож магадгүй хэмээн байнга зам сахиж өнжинө. “Рухани юу ч хийгээгүй” хэмээн 2013 онд түүнд санал өгсөндөө харамсах залуу эр хашхирч байв. “Цөмийн хэлэлцээр бидэнд юу өгсөн юм? Би тэрүүгээр чинь гэрийнхнээ тэжээх юм уу?” хэмээн өөр нэг нь уурсав.
Нажме Бозоргмер