Үргэлжилсэн их нүргээн, үл зогсох халуун урсгалыг санахад одоо ч чих дөжирч, толгой манарч байна. Өдөр, шөнөгүй нүүрс залгилж, утаа уугин, уур савсах. Тасралтгүй гэгээ цацан, илч түгээх... Амьдрал энд л буцалж байна.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” хэмээн ажлынхаа хувцасны ард хадчихаж. Станцын ажилчид ногоон цамцаар жигдэрч, шар хамгаалалтын малгайгаар ижилсжээ. Хэсэг нь хянах самбарын ард сууж, зарим нь станцын турбины ойр хавьд ажиллана. Бид Дорнод дулааны цахилгаан станцад хүрэлцэн ирээд буй нь энэ. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан Ажлын хэсэг Зүүн бүсийн цахилгаан, дулааны бэлэн байдалтай танилцлаа. Энэ хүрээнд бүсийн эрчим хүчний системийн тулгуур Дорнод дулааны цахилгаан станцад зочилсон юм. Тус станц нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ийн нэг хэсэг.
2020 он гэхэд зүүн бүсийн эрчим хүчний эрэлт 104 мегаваттыг давах тооцоо гарчээ
Албаны хүний өгсөн мэдээллээр энэ системийн эрчим хүчний нийт ачаалал өмнөх оны сүүлч 2016 оны эхний байдлаар 36.1 мегаватт-д хүрч, хүчин чадалдаа тулсан. Мөн дулааны үйлдвэрлэл нь өссөөр, хүчин чадлынхаа 77 хувьд хүрээд байгаа аж.
Учир нь зүүн бүсийн эрчим хүчний эрэлт тасралтгүй өсөн, нэмэгдэж байгаа. Нар мандах нутаг гэгддэг энэ бүсэд “Шанлун”, “Петрочайна Дачин Тамсаг”, “Цайрт менирал”, “Шинь-Шинь”, “Улааны орд” зэрэг уул уурхайн томоохон компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс цахилгааны ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх онд гэхэд цахилгааны хэрэглээ 35.5-36.5 мегаватт-д хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, яг хүчин чадалдаа тулна гэсэн үг.
Гэтэл энэ хугацаанд гэмтэл, саатал гарвал систем бүхэлдээ доголдож, эрчим хүчний дутагдалд орж болзошгүй. Ийм эрсдэл хүлээж байгаа аж. Тиймээс уул уурхайн томоохон хэрэглэгчдийн эрчим хүчний эрэлтийг хязгаарлахаар тусгаад байгаа юм билээ.
- Урд хөршөөс цахилгаан дамжуулах шугам барих хүсэлт тавьжээ.
- Урд хөршийн “Жунхай” группээс Дорнод аймгийн Баян-Түмэн суманд байрлах хүрэн нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц барих санал тавьжээ.
- Багануурын уурхайн олборлолт болоод нийлүүлэлт хэвийн байна.
2020 он гэхэд бүсийн эрчим хүчний эрэлт 104 мегаваттыг давах тооцоо гарчээ. Өсөн нэмэгдэж буй эрэлт өнөөгийн хүчин чадлыг давна гэсэн үг. Иймд цахилгаан станцыг өргөтгөх шаардлага тулгарч байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд багтаан цахилгаан станцын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан. 2018 онд гэхэд хүчин чадлыг 50-100 мегаваттаар өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Энэ ажилд нийт 90 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо ч гарчээ. Гэвч улсын төсвийн нөхцөл байдлаас шалтгаан энэ ажил урагшлаагүй байна.
Угтаа бидэнд яаравчлах шалтгаан бий аж. Учир нь урд хөршөөс Дорнод аймгийн боомтуудаар дамжуулан цахилгаан дамжуулах шугам барих хүсэлтээ тавиад байгаа юм билээ. Эрчим хүчний дэд сайд Т. Гантулга ч энэ ажлыг яаравчилахаа амлав.
Дорнод бол өргөн боломжийн өлгий. Урд болон хойд хөрштэй зэрэг хиллэдэг. Худалдаа, арилжаа, хөдөө аж ахуй хөгжих боломжтой нутаг. Үүнээс гадна газрын тосны хайгуулын ажил ч үргэлжилсээр байна. Тэрчлэн тус аймагт хиллэдэг урд хөршийн мужуудад эрчим хүч дутагдалтай хэвээр байгаа аж. Иймд байгалийн баялагтаа түшиглэн эрчим хүч экспортолж, орлого олох боломж бий. Урд хөршийн “Жунхай” группээс Дорнод аймгийн Баян-Түмэн сумын нутагт байрлах хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн том чадлын цахилгаан станц барих санал тавиад байгаа аж. Одоо яриа хэлэлцээ үргэлжилж байна. Тус компани экспортын чиглэлийн 3000-5000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөжээ.
Тэрчлэн Дорнод Дулааны цахилгаан станц нь нэгдсэн системээс тусдаа, бие дааж ажилладаг. Тус системийн өндөр ачаалалтай шугамуудад гэмтэл гарсан тохиолдолд системийн тогтвортой ажиллагаа алдагдаж, ослын байдалд шилждэг байна. Иймд Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн цахилгааны шугам барьж, нэгдсэн системтэй холбох зайлшгүй шаардлагатай байгааг аймгийн удирдлагууд уламжлав. Эдгээр эрсдэлийг эс тооцвол Дорнод аймаг дулаан, цахилгааны өвөлжилтийн бэлтгэлээ базаажээ. Тэрчлэн аймгийн дийлэнх суманд цасан бүрхүүл тогтсон. Цагаан зудархуу байдалд шилжжээ. Тус аймгийн Баян-Уул, Баян-Дун зэрэг хойд талын суманд 25-30 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Энэ зун бороо хур оройтож орсон, ургамлын гарц сийрэг байсан. Иймд зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа ч хүндэрсэн тохиолдолд энэ нь 1-2 хоногийн нөөц болохыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярилаа. Энэ өвөл Дорнод аймагт нийт 4000 өрхийн 1.6 сая толгой мал өвөлжинө. Үүнээс гадна төвийн бүсийн илч, гэрлийн эх үүсвэр Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Тус уурхай төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг. Нийслэлчүүдийн цахилгаан, дулааны голомт юм. 812 сая тонны нөөцтэй тус уурхай энэ онд 3.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байна. Олборлолт болоод нийлүүлэлт хэвийн байгааг “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр ярилаа. Багануур өвөлд бэлэн байгаа ажээ.
ШИВЭЭ-ОВООГ СОЛОНГОРУУЛНА
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайхан өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Эднийх Улаанбаатар хотын ДЦС IV-ын нүүрсний эрэлтийн тал хувийг дангаараа хангадаг. 564 сая тонн нүүрсний нөөцтэй энэ уурхай 25 жилийн хугацаанд 23 сая тонн нүүрс борлуулаад байна. Оны эхнээс 1.4 сая тонныг нийлүүлээд байгаа. Энэ оныг дуустал 300-400 мянган тонн нийлүүлэх хүлээлттэй байгаа аж.
Дорнод аймгийн дийлэнх суманд цасан бүрхүүл тогтсон
Шивээ-Овоо компани уг нь 2014 онд хоёр сая тонн нүүрс борлуулж түүхэн дээд амжилтаа тогтоожээ. Гэвч борлуулалт нь жилээс жилд хумигдаж байна. 2015 онд гэхэд л нүүрсний нийлүүлэлт нь 100 мянган тонноор буурчээ.
Компанийн гол худалдан авагч ДЦС IV өнгөрсөн онуудад хүчин чадлаа өргөтгөж, технологио шинэчилсэн. Ингэснээр тус станц өндөр илчлэгтэй нүүрс ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл Шивээ- Овоогийн нүүрсний илчлэг харьцангуй бага буюу 2750-3000 калори.
Бас Шивээ-Овоо нь Баганууртай харьцуулахад нийслэлээс алслагдмал. Хоёр дахин хол зам туулж, ДЦС IV-д хүрдэг. Тиймээс тээвэрлэлтийн зардал нь өндөр байгаа ажээ.
ДЦС IV ирэх онд Шивээ- Овоогоос авах нүүрсний татан авалтаа бууруулах санал тавьсан байна. Тодруулбал, тус уурхайгаас 1.32 сая тонн нүүрс авах санал тавьжээ. Энэ нь өмнөх онуудаас 300 мянган тонноор багассан дүн. Компанийн борлуулалт ийнхүү буурахаар орлого нь шууд багасаж, санхүүгийн байдал суларна гэдгийг Шивээ- Овоо компанийн удирдлагууд учирлаж байна. Тиймээс тэд төрийн бодлогоор зохицуулж, худалдан авалтыг тогтвортой түвшинд байлгах хүсэлтийг Эрчим хүчний яамныханд тавилаа. Тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү энэ асуудлыг шийдэж, Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нийлүүлэлтийг тэнцвэртэй хадгалж ажиллахаа хэлсэн юм.
Гэвч энэ байдлаар удаан явах боломжгүйг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хэлж байна. Тиймээс Шивээ-Овоогийн уурхайд түшиглэж, станц барих нь зүйтэй гэдэгт компани болон яамны удирдлагууд санал нэгдэж байна. Уурхайд түшиглэн 9240 мегаваттын хүчин чадал бүхий станц барихаар Хятадын талаас санал тавьсан. Том чадлын, экспортын чиглэл бүхий станц барихаар сүүлийн жилүүдэд идэвхтэй хэлэлцэж байгаа юм. Энэ он дуусахаас өмнө Хятадын талаас станцын техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яаманд танилцуулах товтой байгаа аж. Мөн хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзана гэдгийг тус яамнаас мэдээлэв.
Шивээ-овоо хувьцаат компанийн Тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар “Станцын авлага, өглөгө их байна. Говь-Сүмбэр аймгийн төлбөр тооцооны төлөлт тааруу. Харин Улаанбаатарын ДЦС IV-ынх сайн байгаа. Манайх 500 гаруй ажилтантай. Нүүрсний борлуулалтаа өсгөж, аль болох ажлын байраа хадгалж үлдэхээр хичээж байгаа" хэмээн хэллээ. Мөн валютын ханшийн нөлөөлөл дарамт болж, сэлбэг хэрэгсэл авахад хүндрэл учруулж байгааг ч хэлсэн.
Өвөлжилтийн бэлэн байдлыг хангахын тулд Төрийн сангаас Шивээ-Овоо, Багануур компанид нийт 20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа ойртож байгаа ч санхүүгийн нөхцөл байдал амаргүй байгааг Шивээ-Овоо компанийн удирдлага тайлбарлалаа. Тиймээс зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт тавив.
Тус уурхайн хөрс хуулалт төлөвлөгөөнөөс хоцорч байгаа аж. Учир нь уурхайн ашиглалтын нэгдүгээр ам усанд автжээ. Тиймээс олборлолт оройтож байна. Үүнээс гадна зарим тоног, төхөөрөмж сул зогссон. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө авсан нүүрсний чийглэгийг бууруулах төхөөрөмж ч зогсчээ. Технологийн горим нь тохирохгүй байгаа учраас технологио өөрчлөх шаардлага байгаа аж.
Уурхай, станцууд хамтран өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна
Эдгээр шалтгааныг бодлого төлөвлөлттэй холбоотой гэж Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хэлж байна. Иймд бодлогоо сайжруулах, төлөвлөлт, тооцоог нягталж, цэгцлэх хэрэгтэйг тэрбээр хэлсэн. Энэ чиглэлээр салбарын яам, Эрдэнэс Монгол компанитай хамтран анхаарч ажиллахаар болов.
Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү "Шивээ-Овоогийн ирээдүйг зөвхөн нүүрсээр төсөөлдөггүй. Тус компани илүүдэл усаа хуримтлуулж нуур байгуулсан. Нууранд түшиглэн загас үржүүлж, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий. Үүнээс гадна зарим түүхий эдийг ашиглан бордоо үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр уурхай жилийн дөрвөн улирлын турш ажиллаж, орлого олох боломж бий. Шивээ-Овоог солонгоруулна гэж хэлсэн юм.
Уул уурхайн яам, Эрдэнэс Монгол компанийн хамтарсан ажлын хэсэг Зүүн бүсийн эрчим хүч, дулааны бэлэн байдалтай танилцлаа. Зүүн бүсийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Гэвч уурхай, станцууд хамтран өвөлжилтийн бэлтгэлээ базаасаар байна.
Г.Байгал