Бээжин, Бнагкокийн хооронд удтал яригдсан 873 километр урт Меконг төмөр замын төсөлд хүндрэл гарч болзошгүй байна. Тайландад Хятадын хөрөнгө оруулалтаар тавих хурдан галт тэрэгний замын төсөл Бээжингийн бүс нутгийн нөлөө болон Бангкокийн генералуудын хойд хөрштэйгээ харилцаагаа өргөжүүлэх хүслийн сорилт болох төлөвтэй. Шүүмжлэгчид хэдийнэ “Хаа ч хүрэхгүй галт тэрэг” гэж нэрлээд буй уг төсөлд 5.2 тэрбум ам.доллар зарцуулахаа зарласан ч эхний шатанд 3.5 км зам тавих тухай яригдаж байгаа нь хамрах хүрээ, өртөг зардал, үр ашгийн талаар олон асуулт үүсгэв.
Хятад улс газар нутгийн маргааныг намжаах, Вашингтонтой муудсан харилцааг нөхөх зорилгоор Зүүн Өмнөд Азид оролцоогоо нэмэгдүүлэх стратегийн хүрээнд худалдааны замууд байгуулахыг эрмэлзэж байгаа. Гэвч Меконгийн төсөл нь Хятадын ноёрхлыг эсэргүүцэх үзлийн улмаас хойшлогдох, зөрчилдөх байдалтай болов. Түүнчлэн ойрын болон алсын хөршүүдтэй замаар холбогдох “Нэг бүс, нэг зам” гэгдэх Бээжингийн санаачилгад саад учирч болзошгүй юм.
Бангкок дахь Таммасатын их сургуулийн Хятад судлаач, эдийн засгийн профессор Аксорнсри Панишсарн хоёр тал уг төслөөр 10 гаруй удаа хэлэлцээ хийсэн боловч том асуудалд санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүйг мэдээлэв. Голыг нь дурдвал, санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх, Хятадаас олгох зээлийн нөхцөл гэх мэт. Ноён Панишсарн “Хоёр улс хэн хэндээ ашигтай байдлаар үнэн сэтгэлээсээ ажиллаж чадвал бэрхшээлийг давах боломжтой” гэж үзэж байна.
Меконгийн төмөр замын төслийг Хятад болон 600 сая хүн амтай Зүүн өмнөд Азийг холбосон тээвэр, худалдааны сүлжээ байгуулах хүчин чармайлтын гол тулгуур гэж үзсээр ирсэн. Уг зам өмнөд Хятадын Куньминээс гарч, Лаосын нийслэл Вьентьянаар дамжин Бангкок хүрч, улмаар Тайландын нефть химийн аж үйлдвэр байрладаг Рэйонг мужид хүрэх юм. Хоёр тал эхний ээлжинд Бангкокоос Тайландын төв нутагт хүрэх 250 км замыг барихад 5.2 тэрбум ам.доллар төсөвлөх тохиролцоонд хүрснийг тус улсын тээврийн яамнаас мэдээлжээ. Барилгын ажилд тендер зарлах хуваарь гарсан ба анхны 3.5 км замыг арваннэгдүгээр сард тендерээр олгож, оны эцэс гэхэд ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
Анхны тендерийг ийм богино замд олгох тухай зарласныг зарим сэтгүүлч дооглох янзтай байгаа бол Тайландын Тээврийн яамны төлөөлөгч Наронгсак Сангуансин энэ хэсэг дээр техникийн бэрхшээлийг илрүүлж, засах ёстойг онцолсон юм. Тэрбээр “Энэ бол Тайланд улсад анх удаа баригдах хурдан галт тэрэгний замын төсөл. Иймээс олон зүйлийг зохицуулах ёстой” хэмээв. Гэхдээ төслийн статус тодорхойгүй хэвээр үлдлээ. Тайландад хийх хөрөнгө оруулалтын талаар мэддэг Хятадын эх сурвалж ярихдаа Бангкоктой гэрээг үзэглээгүй байгааг тэмдэглээд “Тэд урьтаад зарлаад байх юм” гэжээ.
Үүний зэрэгцээ, өнгөрсөн арванхоёрдугаар сард сүржин эхлүүлсэн Хятад, Лаосын төмөр замын долоон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл ахисан юмгүй байгаа. Хятадын санхүүжүүлэгч банкуудын шаардлагаар төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг дуусгатал ажил түр зогсоод буйг Вьентьян долдугаар сард мэдэгдсэн. Тайландын генералууд 2014 онд засгийн эрхийг авснаас хойш Бээжинтэй харилцаагаа нягтруулах чигийг сонгосон билээ. Тэд цэргийн эргэлтийг шүүмжилсний улмаас АНУ-тай харилцаа хүйтэрсэн нөхцөлд саарсан эдийн засагтаа түлхэц өгөхийг эрмэлзэж байгаа юм.
Харин Бээжингийн хувьд Зүүн өмнөд Азийг нээх боломж нь Хятадтай газар нутгийн маргаан үүсгэдэггүй цэргийнхэнтэй хамтрах арга хэмээн үзэж буй агаад 2017 онд Тайландад болох сонгуулийн дараа ч нөлөөгөө хадгалах найдвар бий. Гэвч энэ төслийн стратегийн болон арилжааны учир холбогдол тун бага. Бээжин дэх Жиаотонгийн их сургуулийн эдийн засгийн профессор, Хятадаас гадагш хурдан төмөр зам барихыг эрс эсэргүүцдэг ноён Жао Жиан ярихдаа уг төслийг “Алдагдал- алдагдал” гэж нэрлээд Хятадын тал илүүг алдана гэсэн юм. Тэрбээр “Тэнд ачаа эргэлт гэж бараг байхгүй. Энгийн төмөр зам ч бараг алдагдал хүлээнэ. Тэд ямар ч баталгаа өгөхгүй тул алдагдлыг Хятад улс үүрнэ” хэмээн шүүмжилжээ.
Зарим ажиглагч дотоодод захиалга ховордсон цагт томоохон төмөр замын төсөл нийлүүлэлтийн сүлжээний чадамжийг дээшлүүлэх тул Хятадад ашигтай гэж үздэг. Хятадын жишээгээр хөрш зэргэлдээ орнууд баяжих үед зам, тээврийн эрэлтийг төмөр зам барьснаар хангах боломжтой гэж Бээжин тооцож байгаа аж. Бээжинд байрладаг эдийн засгийн стратегич Мей Шинью “Тайландын хүн ам, санхүүгийн нөөцийн нягтрал Бангкокт маш өндөр. Хэрэв дэд бүтэц баривал хөрөнгө нөөц түүнийг дагана. Хөгжөөгүй бүсэд зам дагаад хөгжил ирнэ” хэмээн өгүүллээ.
Майкл Пил, Люси Хорнби