Өвлийг өнтэй давж энх улирал ирж буйг билэгдэн сар шинийн баяраа айл хотлоороо хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай монгол түмэн маань XVII жарны "Нүүр муут" хэмээх Гал мичин жилтэй учран золгож байна.
Ёс заншил, дэг жаяг, уламжлалыг өөртөө агуулдаг энэ баяраар үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ.
Гэвч өдөр тутамдаа үндэсний хувцас өмсдөггүй болсон өнөө цагт дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай Монгол Улсын мастер оёдолчин, "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөсөн юм.
МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ДЭЭДЭЛДЭГ АРД ТҮМЭН
Монгол хүн дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм.
-Монголчууд билэгдлийн ард түмэн. Шинэ сар гарахад монгол хүн дүүрэн жаргалтай, төвшин ерөөлтэй байхын билэгдэл болгож гоё хувцаслах ёстой. Өндөр настнууддаа төвшин сайхан хувцас өмсүүлээд тохойг нь өргөөд золгодог уламжлалтай.
Монгол хүн хэзээнээсээ төрт улсын хүндэтгэлтэй ард түмэн. Эр төвшин бол гэр төвшин гэдэг. Эр хүн төвшин сайхан хувцастай байх нь их чухал. Хубилай хаан хувцсыг хуульчлаад заяа нийлвэл зүс нийлнэ гэж үзсэн байна. Тиймээс өнөө цагт нэг гэрийн хүмүүс хос хувцас өмсдөг болж.
ЦАГААН САРААР ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁХДОО АНХААРАХ ЗҮЙЛС
-Манай үндэсний хувцас хүний хүмүүжилд их нөлөөтэй. Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй. Орчин цагт юу ч хамаагүй өмсдөг болж. Үндэсний сайхан уламжлалаа дэлгэрүүлж, монгол хүн дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм.
Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй юм. Монгол хүн түүхэндээ хэзээ ч тал мөртэй хувцас өмсөж байгаагүй. Мөн болж өгвөл өвдөгнөөс доогуур урттай хувцас өмсдөг. Эмэгтэй хүн хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг.
Биднийг залуу байхад үсээ задгай тавихыг хатуу хориглодог байсан. Монгол дээл өмсөөд үсээ задгай тавьчихаар тохирохгүй болчихно.
Эрчүүд өвлийн цагт үстэй дээлний дотуур урт түрийтэй гутал, монгол өмдөө өмсөнө. Ноолууран өмд дээр үстэй дээл өмсчихвөл хоорондоо зууралдаад болохгүй. Тийм учраас зузаахан өмд өмсөөд гадна талаар нь брюкэн шарваар, монгол цамцаа өмсчихвөл үстэй дээлэнд наалдахгүй.
ҮНДЭСНИЙ ХУВЦАС ЗОХИДОГГҮЙ ГЭЖ БОДДОГ БОЛ ӨӨРТӨӨ ХЭРХЭН ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ ВЭ
-Зарим өөр шашинтай хүмүүс буруу гэж бодож магадгүй. Би өөрөө дөрвөн ногоон мэнгэтэй хүн. Миний аав ээж ногоон өнгө бол байгалийн өнгө, өнгө дууддаг өнгө гэж хэлж байсан нь миний сэтгэлд хоногшсон юм. Миний охин монгол хүн учраас ямар ч юм өмссөн зохино гэж билээ.
Тэгэхээр хүмүүс өөрийн төрсөн жил мэнгийг мэдэх хэрэгтэй. Өнгөрч байгаа жил гурван хөх мэнгэтэй хонь жил байсан. Иймд хонь жилд төрсөн хүүхдийнхээ анхны дээлийг хөх дээлээр эхлүүлж болно. Хүний жил мэнгийг өөрчилж болдоггүй юм. Дээл өмсөж үзээгүй хүн бол мэнгэнийхээ өнгийн дээл өмсөж үзээд толинд харах хэрэгтэй.
Орчин цагт үндэсний хувцаснаас холдсон учраас л сэтгэлгээ нь ийм болчихсон. Монгол хүнд үндэсний хувцас зохихгүй байна гэж огт байхгүй. Монголчууд сайхан өргөн цээжтэй, нүд дүүрсэн хүмүүс.
ДЭЭЛИЙН ЗАГВАР
Богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтой.
-Хувцас бол цаг үеийн түүх. Одооны хүмүүс хотжоод бие барьсан бэлхүүс нарийнтай хувцас сонгодог болж. Тэр нь залуучуудад гоё харагдана л даа. Тэр бол залуу насны гоёо. Бие барьсан, энгэр товчтой ямар ч загвар сонгож болно. Гэхдээ мода эргээд байдаг. Намайг 1980-аад онд сургуулиа төгсөх үед нэвсгэр пальто, пиджак моданд орж байлаа. Одоо “Торго”-ын хувцаснуудыг харж байхад сул загвартай, тансгийг харуулсан загвартай болж. Загварын хувцаснууд сул чөлөөтэй, өргөн ханцуйтай болох хандлагатай байна. Монголчууд үеийн үед биеэ барьсан хувцсыг таашааж байгаагүй. Хөдөлгөөнд саадгүй, чөлөөтэй хувцас өмсдөг байсан.
Монгол дээл чанар чансааг илтгэдэг. Дөрвөлжин энгэртэй, нум энгэртэй, мөөрөлжин /лам захтай гэж нэрлэдэг/ захтай гээд олон загвар бий. Богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтой.
Мөн Монголчууд дээр үеэс 33 үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Буриад хүн буриад, баяд хүн баяд хувцсаа өмсөх хэрэгтэй.
ДЭЭЛИЙН ӨНГӨ СОНГОХДОО
-Өндөр настнууд эрт дээр үеэс даруу төлөв өнгөтэй, шаргал, тосон бор өнгөтэй хувцас өмсөж ирсэн. Залуучууд өөртөө зохисон, ногоон, цэнхэр зэрэг тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой. Эзэн Чингис хаан намрын загсаасан өрөмний шаргал өнгө бол төрт ёсны хүндэтгэлийн өнгө гэж хувцасны өнгөний талаар хэлсэн байдаг. Дараа нь элгэн хүрэн өнгийг оруулдаг.
Өвлийн улиралд цав цагаан дээлтэй гадаа явж болохгүй шүү дээ. Тийм учраас нар шингээдэг, бараан өнгийг сонгодог бол зундаа бараан өнгөнөөс татгалздаг. Нас болон улиралдаа тааруулаад дээлийн өнгөө сонгоорой.
ТОРГОНЫ ХЭЭ СОНГОХ
-Орчин цагт торгоны сонголт арвин болсон. Хийж байгаа хувцаснаасаа шалтгаалаад том жижиг хээтэй торгоор оёх хэрэгтэй. Гадуур хүрмийг ганц хээтэй торгоор хийнэ. Охид хүүхнүүд жижигхэн цэцгэн хээ, 40 нас дөхсөн хүн дугуй хээтэй дээл өмсвөл нүнжигтэй харагддаг.
Хурган дотортой үстэй дээлний хөрс их нимгэн байдаг ч сайхан үйтэн хуар дээлтэй байхад тэрийгээ 10 жил толгой өвдөхгүй өмсөнө. Нэг насандаа хурган дотортой дээлийн өнгийг ихдээ л гурван удаа сольдог. Үстэй дээлний өнгийг хамгийн сайхан чанартай материалаар хийдэг юм.
МАЛГАЙГАА ТОХИРУУЛАН ӨМСӨХ
-Үстэй малгайг үстэй эсвэл ноолууран дээлэн дээр өмсөнө. Тэрлэг өмсчихөөд лоовууз өмсөж болохгүй. Харин дээлнийхээ гадна талаар хүрэм өмсвөл өвлийн хувцас болно. Хувцсаа улиралдаа тааруулах хэрэгтэй.
Сүүлийн үед бүсгүйчүүд дээлэн дээрээ толгойн гоёлоо зүүдэг болсон. Цагаан сувдаар голцуу гоёдог ч хааяа шүр хэлхэж хийлгэнэ. Бүсгүйчүүдэд маань их сайхан зохидог.
Эрчүүд зун манайхны нэрлэдгээр “Жавхлан” буюу жонон малгайгаа өмсдөг. Нимгэн тэрлэг дээр өмсчихөөд нарнаас хамгаалсан сайхан малгай болдог. Өвөл заавал үстэй малгай өмсөнө. Монгол хүн толгой нүцгэн гардаггүй. Зулайнаас салхи авахуулахад бүх бие өвчин орооно.
Эрэгтэй хүн баруун талдаа цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлнэ.
Харанхуй шөнө муу юм дайрах вий гээд толгой нүцгэн гарахгүй, дээлээ өмсөөд бүсээ бүслээд гараарай гэж дээр үед аав ээж минь хэлдэг байсан. Лоовууз бол уламжлалт монгол малгай. Хурганы арьс, үнэг, туулайны ангийн үс гэх мэтчилэн юугаар л бол юугаар л хийж болно.
БҮСЭЭ ЗӨВ БҮСЛЭХ
-Бүс бол нандин эд. Монголчууд хийморь сүлдээ бүсэндээ дуудуулаад дэрлэж унтдаг байсан. Их дээгүүр тавьж хүндэтгэлтэй ханддаг. Эрэгтэй хүн баруун талдаа цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлнэ. Миний насны эмэгтэй хүн дундаа шүртэй мөнгөн бүс бүсэлж болно. Монгол бол есөн эрдэнийн орон. Монгол хүн нүнжиг зааж хувцаслаж байсан. Бид маш их хэмжээний баялагтай ард түмэн учраас тэрийгээ эргүүлэх хэрэгтэй.
Монголчууд дээр үеэс алт мөнгөн товч, бүс гээд их сайхан юм хэрэглэдэг байсан. Одоо дарьганга хийц, олон сайхан хийцийн юм одоо сэргэж байгаад би баяртай байдаг.
Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж байгаагүй. Тийм учраас манай ард түмэн дэлхийд толгой дээгүүр явсан юм.
ХҮҮХДЭЭ ҮНДЭСНИЙ ХУВЦСААР ГОЁХДОО
-Хүүхдэдээ бага наснаас нь монгол дээл өмсгөж сурах хэрэгтэй.
Монголчууд хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг хувцас өмсгөж ирсэн. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг юм. Хөвөнтэй баривчтай байхад огт даарахгүй.
Би өөрөө хөдөө өссөн малчин айлын хүүхэд. Эхээс есүүлээ. Хөвөн ховор байхад тэмээний унгасыг дээлэнд хийж бидэнд өмсгөдөг байлаа.
Бас хөлдөө эсгий гутал өмсчихнө. Бидэнд хоолойны өвчин байгаагүй. Гэтэл одооны хувцаслалт ер болохгүй байна. Хүүхдээ дулаан хувцаслаж байх хэрэгтэй.
ХҮҮХДЭЭ ӨХӨӨРДӨӨД ЭХНЭР ХУВЦАС, НОЁНЫ ДЭЭЛ ӨМСГӨХ НЬ ХЭР ЗӨВ БЭ
Дээр үед хүүхдэд их үнэтэй цайтай юм өмсүүлдэггүй байсан. Даавуун дээл өмсгөдөг байж.
-Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хүр хорхойн шүлсээр хийсэн цэвэр торгоор дээл хийлгэе гэж барьж ирдэг. Дээр үед хүүхдэд их үнэтэй цайтай юм өмсүүлдэггүй байсан. Даавуун дээл өмсгөдөг байж. Одоо бол цаг үе эргээд “Үнэтэй цайтай хувцас өмсөх юм бол том болоод сайн хүн болно” гэх энергиэр ханддаг болж. Манайх их үнэтэй торгоор хүүхдийн хувцсыг хийдэггүй. Цэвэр торгоор л хийдэг.
Хүмүүс хутагт хувилгаадын малгайг дуурайлгаж хийгээч гэдэг. Жаахан хүүхэд өмсчихсөн байхад их хөөрхөн харагддаг л даа. Энэ бол буянаа барчих байх гэж би бодохгүй байна. Урьд цагт хурган дотортой дээлийг нялх, гурваас доош настай хүүхдэд хийдэггүй байсан. Нялх амьтны үсийг нялх амьтанд хийдэггүй байлаа. Өмсүүлж байгаа нь буруу биш байх. Гэхдээ эд нь хэврэг эзэн нь мөнх байгаасай гэж дээр үеэсээ хэлдэг байсан.
Монголчууд 25 насанд нас бие гүйцнэ гэж ярьдаг. Эхлээд хямд төсөр юм өмсөж байгаад 25 нас хүрээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг байсан.
МОНГОЛЧУУД ДЭЭЛ ХУВЦСАА УЛИРАЛДАА ЗОХИЦУУЛАН ӨМСДӨГ
-Энэ жил маш хүйтэн өвөл болж байна. Монгол хүн хувцсандаа анхаарал тавьж ирсэн. Малчин хүн нэг дулаан нэхий дээл, ширэн ултай эсгий оймстой монгол гуталтай, нэг хүрэмтэй байхад идэр гурван есийн хүйтэнд даарахгүй. Одоо манай малчид куртка өмсчихсөн хониндоо явж байдаг. Энэ болохгүй. Малчин хүн ямагт монгол хувцсаа эрхэмлэх хэрэгтэй.
Дээлийн гадна сайхан хүрэм өмсдөг болсон. Хүрмээ айлд ороод тайлчихдаг. Манайд эмэгтэйчүүд өмсөж байсан шубээ авчраад үйтэн хуар татуулаад нөхөртөө сайхан булган хүрэм хийлгэж байна. Өвлийн хүйтэнд үстэй дотортой дээл хийж байна. Цаг ууртайгаа зохицож байгаа нь энэ шүү дээ.
МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁЖ, ЁС ЗАНШЛАА ДЭЭДЭЛЖ БАЙГААСАЙ
-Би гадагшаа явахдаа үргэлж монгол дээлээрээ гоёдог. Монгол хувцас бол дэлхийд гайхуулж байгаа хувцас. Намайг онгоцноос буухад л “Чингис, Монгол уу?” гэдэг. Би товчны шилбэ авч яваад сонирхуулахад гадныхан их сонирхдог юм. Гэхдээ товч зангидаад үзүүлэх гэхээр сурдаггүй. Монгол хүний ур ухаан илүү шүү.
Чингис хаан Алтан улсыг эзэлж аваад уран хүмүүсийг амьд үлдээсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол орон уран хүмүүсээ дээдлэх цаг болжээ. Уран хүн өөрийгөө, хань ижлээ, үр хүүхдээ, ахан дүүгээ, байгууллагаа авч явдаг.
Би үндэсний хувцсаа түгээн дэлгэрүүлэх юмсан гэж үргэлж бодож явдаг. Хүн бүхэн дээл хувцсандаа их ач холбогдол өгөөсэй гэж боддог юм. Солонгосчууд хуримаа хийхдээ заавал үндэсний хувцсаа өмсдөг шиг Монголчууд ч бас тэгэх хэрэгтэй. Монголчуудын бусдаас ялгагдах онцлог нь үндэсний хувцас байхгүй юу.
Бид 13-р зууны үеийн мөөрөлжин энгэртэй, ханцуй нь бариу, хуниастай дээлийг сэргээж байна. Монгол хүн баруун гарыг буяны гар гэж үздэг учраас баруун талаасаа энгэртэй байдаг. Гэтэл сүүлийн үед зах дээр Хятадаас орж ирсэн буруу энгэртэй дээл зардаг болж. энэ маш буруу юм шүү.
Бид үндэснийхээ хувцсыг
Мандах төрийн малгай
Бүтэх төрийн бүс
Дэвжих төрийн дээл
Тулах төрийн гутал
Хан төрийн ханжаар /хантааз/ гэж нэрлэж ирсэн сайхан уламжлалтай.
Монголчууд үндсэрхэг үзэлтэй баймаар байна. Дээлээ өмсөөд, товчоо товчлоод, бүсээ нар зөв ороох хэрэгтэй. Миний Монголын ард түмэн жил ирэх тусам үндэсний ёс заншил, өв уламжлалаа дээдэлж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хүсэн ерөөе.