Ч.Сайханбилэгийн танхим байгуулагдах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Засгийн газар байгуулагдлаа гээд янз бүрийн халаа солио хийх, ялангуяа мэргэжлийн, ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг халж, сэлгэж ерөөсөө болохгүй” хэмээн хатуу захиж байсан.
Гэвч Төрийн тэргүүний үгийг үл тоож, Шийдлийн Засгийн газрын гишүүд салбар салбартаа халаа сэлгээг хиаруулан хийж, өнөөдрийн байдлаар 500 гаруй төрийн албан хаагч нам дагасан улс төрийн томилгооны золиос болоод байна. Энэ бол зөвхөн Ч.Сайханбилэгийн бүрдүүлсэн Шийдлийн Засгийн газрын халаа сэлгээний үзүүлэлт гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Учир нь албан бус эх сурвалжийн мэдээллээр энэ тоо 700-д хүрсэн бөгөөд үүнээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 200 гаруй төрийн албан хаагчийн гомдол ирээд байгаа аж.
Засаг барих нам солигдох бүрт халаа сэлгээ хийдэг бичигдээгүй хуулиар зохицуулагддаг төрийн албаны нүүдэл, суудал эцэстээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг өнгөрсөн лхагва гарагийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо мэдэгдсэн.
Тэрбээр “Монгол Улс төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийг өөрчлөхдөө шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд үндэслэдэггүй бөгөөд хуулиар тодорхойлсон төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүй явж ирсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх” тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ Төрийн албаны зөвлөл төр, засгийн өмнө хүчин мөхөсдөж байгааг дуулгасан юм.
Ужиг болсон нам дагадаг улс төрийн томилгоо эцэстээ нам, фракц дотор өрнөж байгааг Шийдлийн Засгийн газрын шинэ бүтцээс харж болно. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулах үед Ардчилсан намынхан гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг фракц хоорондоо тэнцүүхэн наймаалцаж, албан тушаалын тохироо хийсэн. Гэтэл Ч.Сайханбилэгийн кабинет бүрдэх үед фракц хоорондын тохироо алдагдаж, АН-ын угшилтай гишүүд үй олноороо нам дагасан улс төрийн томилгоонд өртсөн нь намын зарим гишүүдийн бухимдлыг төрүүлснийг санаж байгаа байх.
Энэ талаар ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Намын дотоод асуудал, ялангуяа боловсон хүчний нөөцийн асуудлаар ярилцсан нь үнэн. Бүлгийн гишүүдийн зүгээс хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш яамдын бүтцэд орж байгаа өөрчлөлтүүдтэй холбоотойгоор боловсон хүчний нөөц алдагдах, халаа сэлгээг хомроголон хийх байдал ажиглагдаж байгааг шүүмжилсэн. Тодорхой яамдад өрнөж байгаа халаа сэлгээний асуудлаар тусгайлсан Ажлын хэсэг гаргаж, тухайн яаманд очиж ажиллах, асуудлыг нарийвчлан тогтоох, ялангуяа улс төрийн шахаагаар мэргэшсэн боловсон хүчнүүдийг ажилгүй болгохгүй байх асуудлыг Засгийн газартай зөвшилцөх шаардлагатай гэдгийг анхааруулсан” хэмээн дурдсан удаатай.
Энэ бол Төрийн албаны зөвлөл төр, засгийн өмнө гэхээс илүүтэйгээр улс төрийн намын өмнө хүчин мөхөсдөж байгаагийн тод жишээ. Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг жил бүр өөрчилж иржээ. Өнгөрсөн жилийн тухайд л гэхэд Засгийн газарт гурван ч удаа бүтцийн өөрчлөлт болсон. Үндсэндээ Монгол Улс гурван Засгийн газрын нүүр үзсэнээс ялгаагүй нөхцөл байдал үүссэн.
Өнгөрсөн оны эхний арван сард 2012 онд УИХ-аас баталсан бүтцийн дагуу Засгийн газар 16 яам, 30 агентлагтай үйл ажиллагаа явуулж байгаад есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. УИХ-ын намрын чуулганы нэн тэргүүнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсныг та бүхэн санаж байгаа байх. Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам болон Эрчим хүчний зургаан яамыг татан буулгаж, гурван яам болгон өөрчилсөн.
Гэтэл Засгийн газар шинэ бүтцийн дагуу өөрчлөн байгуулагдах үйл явц дуусаагүй байтал Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч, Шинэчлэлийн Засгийн газрыг татан буулгасан билээ. Ингээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын шинэ бүтцийг зурж, Их хурлаар баталгаажуулсан. Гэхдээ энэхүү гурван удаагийн өөрчлөлт нь шийдэл болж чадаагүй бөгөөд өмнөх бүтэцдээ эргэж шилжсэн тийм л үйл явц болоод өнгөрсөн. Яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтын энэхүү замбараагүй өөрчлөлтийн хоморгон дор Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Татварын ерөнхий газрын, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарыг хоёрхон жилийн дотор 2-3 удаа өөрчилсөн.
Үүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөхийн тулд 2012 оноос хойш дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Тэр ч бүү хэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа компьютерээ яаж асаахаа ч мэдэхгүй нөхөд төрийн албанд “хүч түрэн” орж ирснийг иргэд нотолно. Энэ мэт өөрчлөлт болон удирдах албан тушаалтныг богино хугацаанд удаа дараа сольсон нь төрийн албанд тогтворгүй байдал үүсгэж байна. Зөвхөн 2014 онд яамдыг салгах, нийлүүлэх, нэршлийг солих, агентлагийн харьяаллыг өөрчлөх зэргээр төрийн албаны тогтвортой, залгамж чанартай байх зарчмыг алдагдуулж буй юм.
Ийнхүү Засгийн эрхэнд гарахаараа айл гэрдэж тоглож буй мэт төрийн албан хаагчдыг дур зоргоороо хольж, сольсноос төрийн албан хаагчдын төрд итгэх итгэл болон үйл ажиллагааны эрч хүч суларч, хөдөлмөрийн бүтээмж буураад байгааг Төрийн албаны зөвлөлийнхөн ч тайландаа дурджээ. Уг нь Төрийн албыг төрлийн алба бус мерит зарчмаар буюу жинхэнэ чадварлаг, мэргэшсэн боловсон хүчний бодлогоор хөгжүүлэх гэж байгуулсан байдаг.
Харамсалтай нь улс төрийн тоглоомын “золиос” болсон хүчгүй, чадамжгүй төрийн алба манайд байгаа цагт шударга төртэй байна гэж мөрөөдсөний ч хэрэг алга. Улс төрийн нам төр, засгаас дээгүүр эрх ямба эдэлж байгаа энэ байдалд цэг тавьсан цагт л төрийн алба тогтвортой, цаашлаад гаднын нөлөөлөлд үл автах ургаа хад мэт бат бэх, ард түмэндээ уургын морь шиг уриалгахан уян үйлчилдэг тийм л тогтолцоонд шилжих боломжтой.
Б.Даваатогтох