Сүүлийн 20 шахам жилийн хугацаанд цахим шилжилтийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тасралтгүй ажиллаж, үйл ажиллагаандаа, үйлчилгээндээ технологийг нэвтрүүлж байна. Эдгээр үйл ажиллагаа, хүчин чармайлт, хөрөнгө, нөөцийг нэгдсэн зорилгын дагуу, нэг чиглэлийн дагуу зарцуулсан бол арай өөр дүр зураг гарах байлаа.
Өмнө нь салбар, салбарын хөгжлийн бодлогууд тусдаа гардаг, тухайн салбарын хүмүүс л зорьж уншдаг байсан бол 2020 онд батлагдсан “Алсын Хараа - 2050” бодлогын баримт бичиг нь салбаруудаар биш сэдвүүдээр бүлэглэж, нэгдсэн бодлого гаргаснаараа дэвшилттэй гэж үзэж болно. Тухайлбал тус баримт бичгийн “Засаглал” бүлэгт “Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)” гэсэн зорилт бий. Зорилтын нэрнээсээ эхлээд Төр, хувийн хэвшил, иргэн 3 хамтарч оролцох нь ойлгомжтой байх. Тус зорилт нь 3 үе шаттай 14 арга хэмжээтэй төлөвлөгдсөн.
Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд дараагийн түвшний баримт бичиг буюу хууль хэрэгтэй. Үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, боломжийг бүрдүүлэх, дагалдан бий болох эрсдэлээс сэргийлэхийн тулд шинэ харилцааг зохицуулсан хууль гаргах, хуучин зарим хуулийг шинэчлэх шаардлагатай байсан тул Цахим хөгжлийн багц хууль хэмээх нэрийн доор 4 хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 2021 оны 12 сард УИХ-аар батлуулж, саяхнаас буюу 2022 оны 5 дугаарын сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв. Эдгээр нь
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (1995 онд анх батлагдсан, шинэчилсэн найруулга)
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай (2011 онд анх батлагдсан, шинэчилсэн найруулга )
- Цахим гарын үсгийн тухай (2011 онд анх батлагдсан, шинэчилсэн найруулга)
- Кибер аюулгүй байдлын тухай (анхдагч хууль буюу шинээр боловсруулсан )
- Дагаж өөрчлөгдсөн бусад хуулиуд (Иргэний, Эрүүгийн, Зөрчлийн болон процессын хуулиуд гэх мэт 80 гаран хууль ) гээд үнэндээ 90 гаран хууль хөндөгдсөн томоохон өөрчлөлт юм.
Цахим хөгжлийн багц хуулиуд нь цахим шилжилтийн тулгуур хүчин зүйлс болох “өгөгдөл”, түүнийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглахад зориулсан “дэд бүтэц”, цахимаар ажил, үйлчилгээ явуулах боломжийг нээсэн “хэрэглээ” болон эдгээр бүх үйл ажиллагааны “аюулгүй байдал”-ыг зэрэг багтаасан цогц зохицуулалт юм. Түүнчлэн зарим төрлийн зохицуулалт, хөгжлийн чиглэлийг дээрх хуулиуд нийлж цогц байдлаар тусгасан тул зөвхөн нэг хуулийг хараад хүссэн хариултаа олохгүй байж болох юм.
Хууль тус бүрийн агуулгаас товчхон дурдвал:
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
1995 оны хууль нь хувь хүний нууцад ямар мэдээлэл хамрагдах тухай дурдаж, хувь хүн нууцаа өөрөө хамгаална гэсэн зарчимтай байв. Энэ үеэс хойш мэдээллийн технологийн хөгжил эрчимтэй явагдаж хүн бүрийн ажил, амьдралд цахим технологи нэвтэрч, хурдан шуурхай болж байгаа ч үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хувь хүний мэдээлэл ихээр цугларч, цугларсан мэдээллийг цааш нь төрөл бүрийн зорилгоор ашиглаж ашиг хонжоо олох, тэр байтугай улс орны сонгуулийн үр дүнд нөлөөлсөн бодитой тохиолдлууд гарсан байдаг.
Европын Холбоо энэ асуудалд нухацтай хандаж, мөн “GDPR - General Data Protection Act” болгон 2018 оноос мөрдөж эхэлжээ. Тус зохицуулалтын үндсэн зарчим нь хувь хүн мэдээллийнхээ эзэн байх бөгөөд мэдээллийг үе шат бүрд хянах, шаардлага тавих эрхтэйд оршино. Энэхүү зарчмыг Монгол Улсад нутагшуулж, хүний хувийн мэдээллийг бүх үе шатанд нь хамгаалах боломжийг тусгасан хуультай болсноор Монгол Улсын хувьд GDPR-тай төстэй зохицуулалт бүхий цөөхөн орнуудын нэг болоод байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
2011 оны анх батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь нийтийн мэдэх эрхийг хангасан, төрийн үйл ажиллагааг ил тод болгоход хувь нэмрээ оруулж ирсэн сайн хуулиудын нэг юм. Мөн л төрийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн хөгжлийг дагаад тус зохицуулалтыг сайжруулах зүй ёсны шаардлага бий болсон байв. Тус хуулийг шинэчлэн найруулахдаа төрд байгаа мэдээллийг 3 ангилж, төрийн нууцаас бусад мэдээллийг олж авах боломжтой байдлаар, хязгаарлалттайгаас бусад бүх мэдээлэл ил тод байхаар зааж өгсөн. Мөн заавал ил байх, тогтмол нийтэлж байх мэдээллүүдийг тусгайлан зааж өгч, opendata буюу нээлттэй өгөгдөл болгох боломжийг нээж, зохицуулж өгсөн. Хуулийн хоёр дахь хэсэгт дээрх нийтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах дэд бүтцийг зааж, төрийн мэдээлэл солилцооны систем, мэдээллийн сангуудын уялдааг хангаж, давхардал хийдэлгүй байх нөхцөлийг зааж өгөв. Мөн төрийн үйлчилгээний цахим нэг цонх нь “e-Mongolia” байхаар тусгасан. Түүнчлэн нийтийн мэдээллийн дэд бүтцээс олж авах боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс нэхэхгүй буюу төр өөрт байгаа мэдээллийг хүнээс нэхдэг, нэг байгууллагаас лавлагаа болгон гаргаж, нөгөө байгууллагад аваачиж өгдөг үзэгдлийг шийдвэрлэх боломжийг нээж өгснөөрөө дэвшилттэй болж байна.
Цахим гарын үсгийн тухай
Энэхүү хууль нь хүчин төгөлдөр болоод 10 жил болсон ч хэрэгжилт хангалтгүй байсантай ихэнх хүн санал нийлэх байх. Хуулийн зохицуулалт хангалтгүй гэхээс илүү иргэд бэлэн эсэх, цахим гарын үсгийг хэрэглэх системүүд төдийлөн олон байгаагүйтэй холбоотой гэж болно. Багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тус хуулийг 2014 оны Европын холбооны EIDAS зохицуулалтай нийцүүлж, цаашдаа Монгол Улсын болон бусад улсын цахим гарын үсгийг харилцан хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай техник технологийн шаардлага болон эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд хүн, хуулийн этгээдийг цахим гарын үсэг авах, хэрэглэхэд хүртээмжтэй болгож хялбаршуулснаараа онцлогтой.
Кибер аюулгүй байдлын тухай
Цахим шилжилт нь олон давуу талыг бий болгож, аливаа улс үндэстнийг бүхий л салбарын хамт урагш хөгжүүлэх хурдасгуур болдог боловч бас сул тал авчирдаг болохыг санаж байгаа байх. Кибер аюулгүй байдлыг хангах асуудал нь аль хэдийн хувь хүн, байгууллагын түвшнээс халин гарч улс орнуудын хоорондох дайны хэлбэртэй болох хандлагатай байна. Иймд үндэсний аюулгүй байдлыг цахим орчинд хангах зорилгоор олон улс орнууд кибер аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой болж, үндэсний аюулгүй байдлын асуудлуудаа тусгасан байдаг. Монгол Улсын хувьд кибер аюулгүй байдлын олон улсын индексээр 2020 онд 120-р байранд орсоны гол шалтгаан нь хууль тогтоомж, чадавх, техник технологи, зохион байгуулалтын хэсгүүд сул байсантай холбоотой.
Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль нь эдгээр сул талуудыг бүгдийг сайжруулахаар тусгасан бөгөөд тухайлбал Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон иргэд хэрхэн кибер аюулгүй байдлаа хангахыг тус бүрчлэн зааж, үндэсний хэмжээнд ямар бүтцээр кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг зааж өгсөн чухал зохицуулалт юм.
Эдгээр хуулиуд нь Монгол Улсын цахим хөгжлийн суурь эрх зүйн зохицуулалтыг дор хаяж 5 жилийн харж тусгасан бөгөөд зөв ойлгож, хэрэгжүүлж чадвал бүхий л салбарын цахим хөгжлийг эрчимжүүлэхээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг дээдлэх, ардчиллыг бэхжүүлэхэд томоохон ахиц болно.
Дараагийн нийтлэлүүдээр хууль тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргах болно.