УИХ дээр гацаад байсан дөрвөн томилгооны нэгийг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар нэг тийш болгов. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцээд гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин батлав.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан С.Ламбааг сайдаар томилсноор найман сар удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай болж байгаа юм. Хэдийгээр нэг сарын хугацаатай сайдыг томилж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шинэ сайдад хандан халаа сэлгээ хийхгүй байхыг анхааруулж байсан юм.
Ё.Отгонбаяр:
- Энэ богино хугацаанд боловсон хүчний өөрчлөлт хийхгүй байх гэж найдаж байна. Мөн Ц. Нямдорж, З. Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл гишүүний санаачилсан эмчийн эрүүгийн хариуцлагын асуудлыг түргэн шийдэхгүй бол есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлнэ. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.
Ө.Энхтүвшин:
-Нэг сарын настай Эрүүл мэндийн сайд болж байна. Монгол Улсад Геннисийн ном гэж байдаг бол түүнд баттай орно. Бүтэн найман сар салбарын сайдыг нь яагаад томилоогүй вэ гэдэг зүйлийн зангилаа одоо тайлагдаж байна. Мэргэжлийн хүмүүсийг оруулаад ирэхээр түүнийг нь ямар нэг шалтгаан хэлээд унагасан. Томилохгүй байсаар байгаад яг сонгуулийн өмнө сайдаа томилж байна.
Энэ салбарт их хүйтэн хандаж байгаа. Мэргэжлийн хүмүүсийг нь томилдоггүй. Харин байлгаж байгаад эгзэгтэй үеийг нь тааруулж байгаад томилгоо хийж авдаг. Үүний цаана сонгуульд зориулсан ажиллагааг С.Ламбаа сайдаар тэнд хийлгэх гэж үүрэг, даалгавар өгчээ гэж харж байна.
Ц.Даваасүрэн:
-Эрүүл мэндийн сайдын томилгоо хуулийн хугацаа хэтэрч, хууль зөрчиж байгаа талаар хэдэн сарын өмнө бие даагчдын зөвлөлөөс гаргаж байсан. Тэр үед энэ тухайд таг чиг байсан. Хууль зөрчихийг ердийн зүйл мэт ханддаг болсон байна. Хууль зөрчсөн асуудлыг юу ч болоогүй юм шиг хэлэлцээд сууж байна гэдэг бол өнөөдрийн бидний нүүр царай юм. Төрийн түшээд өөрсдөө хуульд заасан томилгооны хугацааг үл тоон сууж байж бид яаж иргэдээсээ хууль биелүүл гэж шаардах билээ гэв.
Ингээд ЭМС-ын сайдаар С.Ламбааг томилсон юм. Мөн энэ өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай шинэчилсэн найруулга, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийсэн бол Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн дийлэнх дэмжсэн.
Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Д.Гэрэл