Монголд ч ийм нэр томьёонд хамаарах хүмүүс хэдэн жилийн өмнөөс бий болсон
Сири, Афганистан, Ирак, Газ, Гайти, Сахарын цаад хэсэг болон хойд Африкийн бүсээс дайжиж буй дүрвэгсдийн тоо 60 саяд хүрэв. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн ихэд тооцогдож буй гэдгийг олон улсын хэвлэлүүд бичсээр. Тэгвэл Ойрхи Дорнод, Африкийн бүсээс хүмүүс сая саяараа дүрвэж буйд уур амьсгалын өөрчлөлт бас нөлөөлсөн талаар “The New York Times” сонин онцолсон байна. “Дайн дэгдэх үед Сирид ган гачиг нүүрлээд байсан бол Сахарын цаадах Африкт хүн оршин суух нөхцөл улам хумигдсаар байна.
Далайн усны түвшин дээшилсний улмаас Бенгалын булан нэг удаагийн хүчтэй шуурганаар усанд автахад бэлэн. Цаашлаад Бангладеш газрын хөрснөөс арчигдан, олон сая хүн орон гэргүй болохоор байна” хэмээн дурджээ. Дүрвэгсэд, тэр дундаа экологийн дүрвэгсдийн тоо цаашид ч нэмэгдэхээр байгаа нь олон улсын санааг чилээсэн асуудал болоод байна.
Нутагтаа үлдсэн хүмүүсийн дийлэнх нь ядуу гэсэн ангилалд багтав
Энэ бол сая сая дүрвэгсдийн мөрөөдөл болсон Европт л хамаатай сэдэв гэвэл өрөөсгөл. Монгол Улсад ч ийм нэр томьёонд хамаарах хүмүүс хэдэн жилийн өмнөөс бий болсон гэж үздэг. Хамгийн сүүлийн тодорхой хоёр жишээ татъя. 1999-2002 онд нүүрлэсэн ган, зуд 11 сая малыг авч оджээ. Энэ үеэр 10 гаруй мянган айл 100 хүрэхгүй малтай үлдсэн бол 2369 өрх ганц ч малгүй хотоо харлуулсан түүхтэй. Мал гэдэг өнөөдөр алдаад маргааш бий болчихдог зүйл биш. Тэр олон айл өрх амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй болсон тул аргагүйн эрхэнд төв суурин газар бараадсан байдаг. Зөвхөн Улаанбаатар хот руу шилжиж ирсэн хүмүүс л гэхэд 2003 онд 82 мянгад хүрсэн статистик бий. Энэ нь өмнөх арван жилийн шилжилт, хөдөлгөөний дунджаас даруй зургаа дахин их дүн юм.
Харин нутагтаа үлдсэн хүмүүсийн дийлэнхийнх нь амьдрал ядуу гэсэн ангилалд оров. Тухайн жилд хөдөөгийн ядуурлын түвшин 43.5 хувьд хүрч, 1998 оныхоос 33 хувиар нэмэгдсэн албан тоо байна. Тэр жилүүдийн ган зуд Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувийг хамарснаас тэр. Учир нь малчдын амьдрал цаг уураас шууд хамааралтай учраас нэг удаагийн ган зуд орон нутгийг бүхэлд нь нэрвэх эрсдэлтэй. Үүний дараа 2009-2010 онд болсон ган, зуд өмнөхөөсөө гурав дахин олон өрхийн хотыг харлуулж, 65 мянган малчин нийслэлийг зориход хүргэсэн гашуун түүх бий.
ТЭД АРЧААГҮЙДЭЭ ДАЙЖДАГГҮЙ
Тэд арчаагүйдээ ч юм уу, дургүйдээ орон нутгаа орхисон хэрэг огт биш. Үнэхээр газар нутаг нь амьдрах аргагүй болж, тэр тусмаа цаг уур, экологийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг ёсондоо нутгаасаа дайжихад хүрсэн хэрэг. Тиймээс тэднийг экологийн дүрвэгсэд хэмээн нэрлээд байгаа юм.
Тэгвэл экологийн дүрвэгсэд гэж чухам хэн бэ? Энэ бол харьцангуй шинэ нэр томьёо хийгээд өнөөг хүртэл энэ талаар тодорхойлж, баталгаажуулсан бичиг баримт алга. 1951 онд Дүрвэгсдийн конвенцыг баталж, цаг үеийн шаардлагаар өөрчлөн баяжуулсаар ирсэн ч энэ талаар мөн л тусгаагүй хэвээр. Харин ямар нэгэн улс төрийн шалтгаан, дайн тулаан, улс төрийн хямрал, хавчлага, шашин шүтлэг, эсвэл олон нийтийн бүлэглэлд хамрагдсан гэдэг шалтгаанаар дүрвэх тухай багтаажээ.
Экологийн дүрвэлт гэдэг 10-20 хүний тухай ярьж буй хэрэг бус. Тэнд хэдэн зуун мянга, сая сая хүний эрх ашгийг хэрэгтэй болно. Хамгийн гол нь ийм шалтгаанаар дүрвэж өөр нэг оронд ирсэн хүмүүс улс төр, эдийн засгийн улмаар ирсэн хүмүүсээс статусын хувьд доогуур байдаг. Тиймдээ ч хүлээж авсан орон нь анхаарал халамж төдийлөн тавьдаггүй. Олон улсад угаас энэ талаар ямар нэг зохицуулалт байхгүй байгаа нь тэднийг ямар ч хамгаалалтгүй хохирогчид болгон хувиргах нөхцөлийн эх суурь юм.
2050 он гэхэд экологийн дүрвэгсдийн тоо 200 саяд хүрнэ хэмээн төсөөлөв
Экологийн шалтгаанаар дүрвэхэд таван хүчин зүйл нөлөөлдөг талаар Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал ярьсан. Хамгийн эхэнд мэдээж уур амьсгалын өөрчлөлт. Дулаарлын улмаас далайн түвшин дээшилж байгаа нь жижиг арлуудыг усанд автуулахад хүргэж, газар нутаггүй болох төлөвийг эрдэмтэд хэдийнэ баталсан. Тухайлбал, Малдивын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2.4 метрт оршдог. Хэрэв далайн усны түвшин энэ эрчээрээ нэмэгдвэл тус улсын олон жижиг арал усанд автах аюултай. Иймд хүмүүсээ байршуулах боломж байгаа, эсэх талаар Австрали, Энэтхэг зэрэг улсад хэдийнэ санал тавьж эхэлжээ. Арлын зарим орон устахгүй ч амьжиргааны гол эх үүсвэр болсон газар тариалангаа усанд автуулахад л олон хүн дүрвэхээс аргагүй байдалд хүрэх нь.
Дараагийн нэг шалтгаан нь мөнх цас, мөсөн голын усны түвшин. Тухайлбал, Гималайн нуруунаас олон томоохон гол эх авч, Зүүн өмнөд Азийн олон орны сая сая хүнийг ундаалдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Гималайн нурууны мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж буй нь бүсийн хэмжээнд усны хомсдол үүсэх аюул дагуулж буй. Энэ нь манай улсын усны нөөцтэй ч хамаатай.
Дөрөв дэх шалтгаан бол эх газрын гүний цөлжилт. Цөлжилтөөс болж тухайн нутгийн иргэд газар тариалан эрхлэх, мал маллах боломжгүй болж, амьдрах аргагүйд хүрнэ. Дүрвэх шалтгааны хамгийн том голомтоор Африкийн Сахарын цөл нутгийг нэрлэж болно. Олон жил дараалан болсон ган гачгийн улмаас хүмүүс сая саяараа өлсгөлөнд нэрвэгдэж, өнөөг хүртэл дүрвэх явц үргэлжилсээр.
Харин сүүлийн шалтгаан бол Гринландын мөс эрчимтэй хайлж, далай руу их хэмжээний цэнгэг ус түрж буй явдал. Үүний улмаас давстай орчинд амьдардаг зарим төрлийн загас устах аюул нүүрлээд байна. Энэ нь далайд түшиглэн хоол хүнсээ залгуулдаг хүн амд мөн сөргөөр нөлөөлөх болжээ.
МОНГОЛ Ч ХАМААТАЙ
Энэ шалтгаанууд Монгол Улсад ч хамаатай болохыг дээрх жишээнүүд хангалттай харуулж байна. Учир нь манай оронд агаарын температур сүүлийн 60 жилийн хугацаанд хоёр градусаар нэмэгдсэн нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр тоо. Үүний нөлөөгөөр цөлжилт нийт нутгийн 70 гаруй хувийг хамарч, мөнх цас, мөс хайлах явц эрчимжсэн гээд уур амьсгалын нөлөөгөөр бий болсон өөрчлөлтүүдийг олноор дурдаж болно. Тухайлбал, Алтайн нурууны мөнх цаст уулсын мөсөн бүрхүүл сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж байна. Хэрэв мөсөн бүрхүүл энэ байдлаараа эрчтэй хайлсаар байвал Хархираа, Түргэний голын ус 50 жилийн хугацаанд татрах аюул ч нүүрлэж болохыг судлаачид анхааруулсан. Хэрэв үнэхээр тийм байдал үүсвэл баруун аймгийн иргэд амьдрах нөхцөлгүй болж ч мэдэх аюул нэг их холгүй аж.
Монгол орны эдийн засгийн багагүй хэсгийг бүрдүүлэгч мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг орон нутгаасаа дайжихад хүргэх бас нэг том шалтгаан бий. Энэ бол хур тунадасны араншин хувирч буй үзэгдэл. Манай орны хувьд зун орох хур тунадасны хэмжээ буурч буй атлаа бороо аадар хэлбэрээр орох нь давамгайлах төлөвтэй. Энэ нь хур бороо хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэй үер усны гамшиг дагуулах нигууртай гэсэн үг. Харин өвөл орох хур тунадасны хэмжээ ихсэхийн зэрэгцээ агаарын температур тасралтгүй нэмэгдэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, их хэмжээгээр орсон цас хайлж, шөнөдөө хөлдсөнөөр газар нутгийн ихэнх хэсэгт тодорхой хэмжээгээр мөсөн бүрхүүл үүснэ. Нимгэн ч гэсэн мөсөн бүрхүүл тогтсон л бол мал өвс ногоо олж идэх бараг л боломжгүй. Энэ нь цаагуураа малчдад амьдрахад улам хүнд нөхцөл бий болно гэсэн үг.
Тэгэхээр орон нутгаас иргэд “зугтаж”, хот суурин газар руу тэмүүлэх хандлагыг дээрх шалтгаанууд хангалттай бий болгох нь. Одоогоор дэлхийн зарим улс орон энэ байдлыг урьдчилан тооцоолж, экологийн хэчнээн дүрвэгч бий болох магадлалтай талаар тооцоолол гаргажээ. Тухайлбал, 2050 он гэхэд экологийн дүрвэгсдийн тоо 200 саяд хүрнэ хэмээн төсөөлсөн аж. Үүний дотор Бангладешийн 22-23 сая, Хятадын 73 сая иргэн эх орондоо болоод бусад улс орон руу дүрвэхээр байгааг судлан гаргажээ.
Тиймээс экологийн дүрвэгч хэмээх ойлголтыг албажуулж, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсныг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Манай улс ч гэсэн энэ нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, сэргийлэх арга замаа одооноос тодорхойлоход илүүдэхгүй л болов уу. Яагаад гэвэл уул уурхайн олборлолтын нөлөөгөөр иргэд, тэр дундаа говийн аймгийнхан орон нутгаа орхиод хэдийнэ дүрвэж эхэлсэн. Тэрчлэн ойрын 10-20 жилд цөлжилт зүүн бүсийг бүхэлд нь хамрах дүр зураг бий. Нэгэнт Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудад данслагдаж буй энэ нөхцөлд хэтдээ иргэдээ хаана суурьшуулж, байршуулахаа эртнээс төлөвлөх шаардлага тулгарч байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.
Р.Оюунцэцэг