Монгол орны бэлчээр, түүний төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн, Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, Экосистемын судалгааны төвийн эрхлэгч, доктор, профессор Ж.Ундармаа сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр мэдээлэл өгсөн юм.
Тэрээр, "Манай улс дэлхийд бэлчээрийн талбайгаараа эхний 11-д багтдаг бэлчээрийн мал аж ахуйн орон. Үүн дотроо өндөр уулын, уулын ойт хээрийн, хээрийн, уулын ойн цөлийн хээрийн, цөлийн, бүс бүсийн гэсэн бэлчээрийн өвөрмөц онцлогтой.
Манай орны бэлчээр нь гандуу бүсэд оршдог буюу гаднын нөлөөлөлд туйлын эмзэг. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, малын бэлчээрлэлт, хүний үйл ажиллагаатай холбоотой бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан бэлчээр маань нөлөөнд өртөөд буй. Эдгээрээс хамгийн том нөлөөлөгч хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болон малын бэлчээрлэлтийн байдал юм.
МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛАА ҮНЭЛЭХЭЭ БОЛЬСОН
Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь бэлчээр байснаас 66.4 хувь болж өөрчлөгдөөд буй. Тэгвэл 2011 оны байдлаар нийт бэлчээрийн 22.6 хувь буюу дөрөвний нэг орчим хувь доройтсон. Нийт доройтсон бэлчээрийг 100 хувь гэвэл 35.8 хувь нь бага зэрэг, 46.9 хувь нь дунд зэрэг, 15.6 хувь нь хүчтэй доройтсон.
Яагаад 14 жилийн өмнөх судалгааг дурдаад байна гэвэл тухайн цагаас хойш Монгол Улс бэлчээрийн нөхцөл байдлаа үнэлэхээ больсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл газар дээр нь хянан баталгаа хийхээ больсон. Хоёр удаа хянан баталгаа хийсний нэг нь 2006-2010 он бол нөгөө нь 2000-2005 оных юм.
Хянан баталгааг хийхдээ сум бүрд улсын төсвийн мөнгөөр мэргэжлийн багууд ажиллаад бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, хөрсний элэгдэл, эвдрэлийг тодорхойлдог байсан. Одоо зайнаас тандан /сансраас авсан зураг/, мониторингийн аргаар үнэлэхийг оролдож буй. Гэвч үр дүнд нь дээрх шиг дүн мэдээ гарахгүй байгаа юм.
Тэгвэл хамгийн их хүн ам төвлөрсөн бүсэд буюу уулын ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд бэлчээр хамгийн их доройтсон. Хангайн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 81.9 хувь, малын 52.4 хувь нь оршдог. Харин хээрийн бүсэд хүн амын 10.4 хувь, малын 26 хувь нь бий. Үүнээс харвал хүн амын 90 хувь, малын 80 орчим хувь тухайн бүсэд төвлөрч бэлчээр доройтжээ.
Дээр дурдсанчлан бэлчээрийн зохисгүй ашиглалт болох уур амьсгалын өөрчлөлт хамгийн их нөлөөлж байна. Зурагт уулын хээр болон уулын заагийн хялганатай сайхан бэлчээрийг 2009-2019 онд хэрхэн өөрчлөгдсөн харуулж байна.
Арван жилийн дотор нөгөө сайхан бэлчээр маань нэлэнхийдээ шарилж зонхилсон буюу малын махан тарга авахуулдаг ургамлууд туйлын цөөрсөн. Ийм бэлчээр нь цаашдаа бороотой жилд зөвхөн лууль л ургахаас өөр ургамал ургаж чадахаа байдаг.
Харин хамгийн сүүлийн шатандаа мал төдийлөн иддэггүй ургамал зонхилж ургадаг. Гантай жилд зүү доод булангийн зураг шиг нөхцөл байдалтай, бороотой жил нь лууль ургадаг болж хувирдаг. Тиймээс л бэлчээр доройтно гэдэг нь асар их сөрөг үр дагавартай юм.
Мал сайн иддэг ургамал хэвийн гарцтай үедээ зурагт харагдаж байгаачлан үндэсний систем сайтай байдаг. Ийм ургамлыг мал идэхэд иш навч болон үндэсний систем нь тэлж сайхан ургадаг.
Эхний удаа идэхэд сэргэж ургах боловч анхны хэмжээндээ хараахан хүрэхгүй. Эргэж анхны хэмжээндээ хүрэхийн тулд уулын ойт хээрийн бүсэд бол хамгийн наад тал нь нэг сар, хээрийн бүсэд нэг сар хагасын хугацаа хэрэгтэй.
Гэтэл нэг дор маш их хэмжээний мал төвлөрчихсөн учраас ургамалд эргэн төлжих нэг сарын хугацаа өгөх боломжгүй байгаа юм. Мал нь бэлчээртээ тогтохоо байлаа, дараагийн айлын мал ирж идлээ гэсэн л нөхцөл бий. Тиймээс ургамлын өсөлт нь саарчихдаг.
Тэгвэл тухайн ургамлыг хоёр дахь удаагаа мал идэхэд үндэсний систем нь богиносоод эхэлдэг. Учир нь үндэсний тэжээгч нь газрын дээрх иш навч юм. Тэжээгч нь байхгүй болонгуут зогсонги болж, хөрснөөс ус, эрдэс тэжээлийн бодис шингээж авах үүрэг бүхий үндэс нь үзүүрээсээ мөхөж, богиносно. Тэгвэл өөртөө байгаа бодисоо иш навчийг ургуулахад зарцуулдаг.
Монгол Улс агаарын температурын жилийн дунджийн дулаарлаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Үүнийг дахиад мал идэхэд газрын дээрх иш навч нь багасаж, үндэс нь ч богиносдог юм.
Ийм нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлт хам нөлөө үзүүлж эхэлнэ. Монгол Улс агаарын температурын жилийн дунджийн дулаарлаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал дэлхийн дундаж 1.5 бол манайх 2.4 градусын дулааралтай байна. Үүнийг бага юм биш үү гэж хүмүүс бодох нь бий.
Гэтэл энэ нь 30 градусаас дээш халуун өдрийн тоо нэмэгдэх, намар орой болтол дулаан байх, хөрсний чийг алдагдах, хавар эрт дулаарах, ургамалгүй байх үед хөрсний өнгөн хэсэг гэсэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай.
Ингээд уур амьсгал халангуут хөрсний өнгөн хэсэг хатна. Үндэс гүнээс чийг авдаг байтал гандалтын бүсэд үндэс нь ороод ирдэг. Улмаар ургамал хатаж, шарлаж, дахин сэргэж ургах боломжоо алддаг.
ХОВОР БАЙСАН ТӨЛИЙН БУЛЧИН ЦАЙРАХ ӨВЧИН СҮҮЛИЙН ҮЕД ИХСЭЖ БУЙ
Манай эрдэмтдийн судалгаа, тэр дундаа геопотаникч Н.Лхагважавын судалгаагаар манай оронд маш өргөн тархсан байгаль хялгана гэх ургамлыг нэг зуны туршид долоон удаа идэхэд тэр ургамал мөхөж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингээд ургамал мөхөж, зурагт харуулсан шиг хоосон тав үлдэнэ. Тав нь эхэндээ хатуу байна. Учир нь богиноссон үндсээ тэжээгээд байж байна гэсэн үг. Аажмаар үндэс мөхнө. Мөхөнгүүт өнөөх нь тав нь хөвсийгөөд гараад ирнэ.
Ингээд хаврын нэг удаагийн салхиар хийсээд, огт ургамалгүй юм шиг болдог. Иймэрхүү байдлаар мал сайн иддэг ургамлууд мөхөж, нүцгэн халцгай газар бий болно. Харин халцгай газарт сайн ургаж чаддаг, мал иддэггүй, бидний хэлдгээр бэлчээрийн хог ургамлууд газар авдаг.

Энэ доройтол нь нүдээр харахад бэлчээрийн ургац буурна, мал сайн иддэг ургамлын зүйл нь цөөрнө. Улмаар бэлчээрийн тэжээлийн шимт чанар буурч, мал махан тарга авахаа больж, өөхөн тарга авдаг. Ингээд намар тийшээ мал нүцгэн шахуу хавирга дээрээ өөх хуримтлуулна гэсэн үг. Мөн олон зүйлийн ургамал идэж байсан мал цөөн зүйлийн ургамал идэж эхлэхээр эрдэс бодисоор дутагддаг. Үүнээс улбаалж орон нутгийн шинж чанартай, индэмик өвчнүүд ихэсдэг. Ховор байсан төлийн булчин цайрах өвчин сүүлийн үед ихсэж буй
Мах идэж уураг авдаг байсан бид өөхөн тарга авсан малын идэхээр буюу дан өөх идэхээр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Муу холестерол хуримтлагдаж, судас хатуурч, таргалж, цусны даралт ихсэж, зүрх судасны өвчин үүсэх зэргээр хүний эрүүл мэндэд давхар сөргөөр нөлөөлдөг.
Мөн шарилж лууль ихсэхээр малчид, хот суурин газрын хүмүүс төрөл бүрийн харшилтай болдог. Эцсийн үр дүнд мал төдийгүй өвсөн тэжээлтэн амьтад тэжээлийн хомстолд орж, мал хорогдоно. Ингээд малчны амьжиргаанд сөргөөр нөлөөлнө. Энэ сөрөг үр дагавар эргээд л яваад байх нь маш аюултай. Орон нутагтаа мал хариулаад амьжиргаагаа залгуулах хязгаарлагдаж хот суурингийн хүн ам механикаар нэмэгдэж, нийгэм эдийн засгийн байдалд олон сөрөг үр дагавар авчирдаг.
Доройтсон бэлчээрийн ургамал ийм байдалд хүрдэг бол хөрс нь ямар болдгийг яръя. Ганц настай ургамал зонхилсон хөл газрын ургамлын үндэс хөрснийхөө гүн рүүгээ ургахаа больдог. Ганц настай ургамлын онцлог нь газрын дээрх иш навчийг ургуулж, үрийг гөвөөд л дуусдаг. Тиймээс хүчтэй үндэсний системийг огт хөгжүүлдэггүй. Улмаас хөрсний бүтэц муудаж, нягтшил ихсэж, ус муу шингээж, үржил шим нь муудна.
Харин олон наст буюу бэлчээрийн үндсэн ургамлын үндэс нь хөрсийг барьж байдаг. Энэ нь хөрс элэгдэхээс хамгаалж, сайн бүтэцтэй, сийрэг болно. Бороо их хэмжээгээр ороход усыг сайн шингээнэ. Мөн үндсээр нь байнга бодисууд ялгарч байдаг тул хөрсний үржил шимийг тэтгэнэ. Түүнчлэн үндэс нь байнга шинэчлэгдэж байдаг тул хөрсний үржил шим улам сайжирдаг.
Сүүлийн жилүүдэд үерийн аюул их болоод буй. Энэ аюулын бас нэг цаад шалтгаан нь тухай үер болж байгаа газрын эргэн тойрны уулын бэлчээр муудсантай холбоотой. Өөрөөр хэлбэл хөрс нь усаа шингээж чадахгүй болсны улмаас хөрсний гадаргуу дээгүүр урсац үүсгээд үер болоод байгаа юм. Энэ нөхцөл байдал бол Төв аймгийн Лүн сумд байн байн болдог. Энэ нь Лүн сумын эргэн тойрны хөрсний бүтэц муудсантай холбоотой.
Ургамалтай, соргог сайн бэлчээр байвал доройтсон бэлчээрээс тав дахин илүү их хэмжээний ус шингээдэг. Тодруулбал, соргог бэлчээр 10 минутад 15 мм хур тунадас шингээж байхад доройтсон бэлчээр мөн хугацаанд 3.6 мм тунадас шингээдэг. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ ургамалтай байна төдий чинээгээр үер болох аюулаас хамгаална.
Нөгөө талаас үерийн дараа гол горхины ус хүрэн улаанаараа эргэлддэг дээ. Энэ нь хөрсний өнгөн хэсгийн үржил шимтэй хэсгийг ус урсгаад аваад явчихад байна гэсэн үг. Ингээд гол болон жижиг горхины усыг бохирдуулдаг. Өөрөөр хэлбэл, усаа бохирдуулна, хөрс маань усны элэгдэлд орж байгаагийн шинж юм.
Түүнчлэн доройтсон бэлчээ шороон шуурганы эх үүсвэр болдог. Монголоос их хэмжээний шороон шуурга үүсдэг гэж зүүн урд талын хөрш орнууд ярьдаг. Энэ нь нэг талаас температурын дулаарлаас хамааралтай. Өмнө гурав болон дөрөвдүгээр саруудад хөрс гүйцэд гэсэж амжаагүй байхад хүчтэй салхи шуурганы үе өнгөрдөг байсан.
Гэтэл одоо дулаарлын улмаас хөрс эрт гэсдэг болсон. Үүнийг малчид, "Хоёрдугаар сард хөрсөнд гадас зоож болж байна" гэдэг болсон. Нөгөө талаас намаржингаа дулаахан байхаар хөрс чийгээ алддаг.
Чийг алдахаар хөрс хөлдөхөө больдог. Энэ хоёр хүчин зүйлийн улмаас хавар ургамалгүй, 15 метр секундээс дээш хурдаар салхилахад хөрсний өнгөн хэсгийн хамгийн жижиг хэсгүүд хийсдэг. Энэ нь агаарын дээд урсгалаар дамжаад тэнгэр баганадсан улаан шуурга гэх зүйл болдог.
Үүнээс болж бид хөрсний хамгийн шим тэжээлтэй хэсгээ алдаж, хохирч байгаа юм. Энэ шороон шуурга бусад орнуудыг очихоороо их хэмжээний тоосжилтыг үүсгэж, зарим тохиолдолд Бээжин, Сөүлийн онгоцны буудлууд түр хугацаанд онгоц хөөргөх, хүлээж авах боломжгүй болдог. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн сөрөг үр дагавар, алдагдал хүлээдэг. Мөн их хэмжээний тоосжилт үүсэхээр амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Ингээд эрүүл мэндийн даатгалын системд нь сөрөг дагавар үүсдэг.
Манайхаас гадна Хятадын хойд хэсгээс маш их хэмжээгээр шороон шуурга хийсдэг. Ямар нэгэн хэмжээгээр бүс нутгийн асуудал учраас яаж бууруулах вэ гэх байгаль орчны шийдвэл зохих том асуудал болоод буй юм.
СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛИЙН ДОТОР БОГ МАЛЫН ГУЛУУЗНЫ ЖИН 14 ХУВИАР БУУРСАН
Хөрс, бэлчээрийн доройтлоос шалтгаалан мал дутуу идэштэй болдгийг дурдсан. Бүтэн идэштэй мал бол авах ёстой тарга тэвээргээ 100 хувь авдаг. Гэтэл идэж буй ургамлынх нь шимт бодисын агууламж муу, махан тарга авахуулахгүй байхаар шим тэжээлээ авахын тулд мал их хэмжээгээр явах болно. Үүнээс шалтгаалж малын тарга хүч нь 40 гаруй хувиар буурч байна.
Мөн сүүлийн 30 гаруй жилийн дотор бог малын гулуузны жин 14 хувиар буурсан гэсэн дундаж мэдээ бий.
Бэлчээрийн даацын хэтрэл, архаг дутагдлаас үүдэлтэйгээр малын ашиг шим, үнэ цэн буураад байна. Энэ нь цаашдаа малчдын амьжиргаанд болон малын тэсвэрт чанарт маш муугаар нөлөөлдөг. Өөхөн тарга авсан бол хоёр гурван өдрийн өл даахгүй, өвөл өөхөн тарга нь маш хурдан хайлаад хорогдох үндсэн шалтгаан болдог.
Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдаас бэлчээрийнхээ талаар, зохистой ашиглах талаар ямар мэдлэгтэй байна вэ гэдэг асуулгатай судалгааг хийсэн. Жишээлбэл, хаврын аль үед нь бэлчээрээ ашиглах вэ, зусландаа гарахад бэлчээрээ чөлөөлөх үү, үгүй юу, бэлчээр сайжруулах аргаа мэдэж байна уу, бэлчээр ашиглалтыг хэн зохицуулах юм бэ? гэж судалсан. Дорнод аймгийн малчдын хариулснаар үзвэл, 25 орчим хувь нь л бэлчээр зохистой ашиглах талаар мэдэж байна.
Монголчууд 5000 гаруй жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн асар их туршлагатай. Төв Азийн маш хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон малтай, ургамалтай монголчууд яагаад бэлчээрээ зохистой ашиглахаа мэдэхээ байв гэтэл... Энэ нь малчдын залуу халааг бэлтгээгүйтэй холбоотой. Одоогоор малчдын цөмийг бүрдүүлж буй хэсэг нь 35-55 насныхан байна.
Гэвч тэдний уламжлалт мэдлэгтэй цөөн, орчин цагийн мэдээлэл төдийлөн сайн биш байна. Үүнд тохирсон арга хэмжээг авах шаардлагатай.
Бэлчээрийн зохистой ашиглалтыг зохицуулах удирдлага мэргэжилтнүүдийн мэдлэг ямар байна вэ? гэхээр малчдаасаа ч муу байсан. Өөрөөр хэлбэл 18 орчим хувь нь яг зөв мэдэж байна. Мөн дээрээс нь сайжруулах аргуудаа бага зэрэг мэддэг ч гэсэн газар дээр нь хэрэгжүүлдэггүй юм байна. Жишээлбэл, сумын бэлчээр ашиглах төлөвлөгөө хэн боловсруулах вэ гэдгийг нийт хүмүүсийн 50 орчим хувиас нь бусад нь мэдэхгүй байна.
Төлөвлөгөөгөө хэнтэй хамтарч гаргахаа ч мөн мэдэхгүй. Малчидтайгаа хамтраад тухайн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргаад, хэрэгжилтийг нь сумын засаг дарга, мэргэжилтнүүд хянах ёстой гэдгийг нийт иргэдийнх нь 13 хувь орчим нь мэдэж байна. Бусад юу хийх ёстойгоо мэдэхгүй байна.
Энэ байдлаас шалтгаалж уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй өрнөөд байхад бид нар эсрэг арга хэмжээгээ авч чадахгүй байдалд хүрчээ гэдэг нь судалгаанаас харагдсан" хэмээн ярьсан юм.
Нийтлэлийн үргэлжлэл болгон 2023-2025 оны бэлчээрийн даацын нөхцөл байдал болон бэлчээрийг сайжруулах аргыг хүргэх болно.