Малын хотонд төлийн дуу цангинаж, малчдын ажил ундарч байна. Хаврын нарны бүлээн элчинд биеэ ээн хотондоо тааламжтайяа нойрсох нялх төлийн хөөрхнийг, бууцны үнэрийн сайхныг монгол хүн бүр мэдэх биз ээ.
Эхээсээ дөнгөж мэндэлсэн хурга дөрвөн мөч дээрээ дэнжигнэн уургаа амлахаар хошуу цорвойн тэмүүлнэ. Хэд хоногоор ах ижил төл нь төрөөд удаагүй бяцхан хургатай “Сайн уу” хэмээн мэндчилэх мэт дөхөж сонирхоно. Дэггүй ишгүүд энд тэнд цовхчин тоглоно, дэргэд ирээд гайхаж мэлэрнэ. Энэ бол малчны хотонд үзэгдэх урин цагийн дүр төрх.
Гэрийг нь чиглэн морьтой ирж яваа биднийг харсан нэгэн бяцхан хүү хаалгаараа шагайн “Та хэд мориороо хурга, ишиг гишгэчхэв ээ” хэмээн том хүн шиг анхааруулах нь хөөрхөн. Энэ бол малдаа хайртай монгол хүний зан. Түүнийг Ц.Энхмөнх гэдэг, тэр таван настай. Горхи-Тэрэлжийн Хар бургастай гэдэг газар төл малын гэрэл зураг авахдаа түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
- Чи өдөрт юу хийдэг вэ?
- Ээжүүд нь ирэх дөхөхөөр энэ хэдийг (хурга, ишгүүдээ заав) тэр жижиг гэрт хийдэг юм. Орой болохоор ээжид нь хөхүүлнэ. Бас эмээ үнээгээ саахад тугалыг нь барьж өгнө, тугалаа хариулна. Хааяа ахтайгаа ноцолдож тоглоно, хониндоо явна. Бас хүүхэлдэйн кино үздэг. Би “Маша Миша” хүүхэлдэйн кинонд дуртай.
- Танай ах хэдэн настай вэ?
- Миний ах 6 настай. Ах хониндоо явсан хойгуур жаахан уйдаад байдаг юм. Уйдахаараа хурга ишигтэйгээ, гөлөгтэйгөө тоглодог.
- Чи ямар гоё дээлтэй юм бэ?
- Эмээ дээл оёж өгдөг юм. Энэ эмээгийн ахад оёж өгсөн дээл. Би ахынхаа багадсан дээлийг өмсчихдөг. Би дандаа энд байж хөдөөний хүүхэд болоод байдаггүй л дээ. Жинхэнэ гэр маань Налайхт байдаг. Тэнд одоо аав, ээж, эмэгтэй дүү маань байгаа. Гэртээ байхдаа би ихэвчлэн зураг л зурдаг.
- Цэцэрлэг хаахаас өмнө чи цэцэрлэгт сурч байсан уу?
- Сурч байсан шдээ. Эмээ өвөөгийн гэрийн хажууд байдаг цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгт явдаг байхад гоё байсан. Одоо ч гэхдээ энд бас гоё байгаа л даа.
- Өглөө хэдэн цагт босдог вэ?
- Би өглөө 6 гээд л... Үгүй ээ, 5 цагт босдог. Эмээгээ дагаад босчихдог юм. Тэгээд галаа түлдэг. Бас ахтайгаа ноцолдож тоглодог.
- Том болоод юу хийдэг хүн болох вэ?
- Би том болоод юу хийх талаараа одоохондоо бодоогүй байна аа. Таныг дараа ирэхээр бодоод олчихсон, бас гөлөгтөө нэр өгчихсөн байж байя.
Биднийг ийн ярилцаж байхад хонь, ямаан сүрэг хот чиглэн холоос айсуй. Эхийнхээ дууг сонссон хурга, ишгийн майлах дуу чангарав. Ц.Энхмөнх хүү “Хүүе ээ, ээжүүд нь ирлээ. Хурга ишгээ бариарай” хэмээн ухасхын өөр шигээ бяцхан амьтдыг барьж авахаар тэднийг элдэн гүйлээ. Гүйж байхдаа зөөлөн бууцан дээр бүдчин уначхаад юу ч болоогүй мэт инээн босож дахиад л хөөнө. Эр хүн гэсэндээ ахтайгаа нийлэн хөөсөн болгоноо хашиж, гүйцэж аван хотонд барьсан жижиг гэртээ нэг нэгээр нь хийсээр түүний хэлсэнчлэн “ээжүүд” нь ирэхээс өмнө бүгдийг нь хашаад амжив. Монгол малчны хөдөлмөрч, сэргэлэн занг хүүгээс төвөггүй тольдож болохоор байлаа. Биднийг мордохтой зэрэгцэн Ц.Энхмөнх хүү шилбүүрээ барин хониндоо явсан юм.