Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гүйцэтгэх засаглалын тэргүүн Шанхай хотод болсон “Хятадын олон улсын импортын VII экспо”-д зочноор оролцож, нээлтийн үг хэллээ.
Экспод дэлхийн 170 гаруй орны 2000 гаруй компани, олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон ба энэ үйл явдлыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулан хүргэсэн нь экспогийн ач холбогдлыг илтгэнэ.
ЕРӨНХИЙ САЙД УЛС ОРНУУД БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА
БНХАУ-ын дарга Ши Жинпиний санаачилгаар 2018 оноос эхлэн Шанхай хотод жил бүрийн 11-р сард 5-10-нд зохион байгуулагдаж хэвшсэн энэ экспог БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас зохион байгуулдаг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллага дэмжиж оролцдог. Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор танхим буюу 1.5 сая ам.метр талбай бүхий дэлхийд дээгүүрт тооцогдох томоохон талбайд улс орнууд үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ сурталчилж гадаад түншүүдтэйгээ холбоо тогтоож, бизнесээ тэлэх талбар болжээ.
Экспо хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдлаа.
Шанхайд зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ. Экспод Монгол Улсаас 10 гаруй ААН оролцлоо.
Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн ба 1-2 төсөл хэрэгжүүлсний дараа энэ үзүүлэлт 20 тэрбум долларт хүрэхээр байгааг Ерөнхий сайд экспогийн индрээс онцлов.
Ерөнхий сайд, Ази, Европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцсоноор хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар гурван гол шилжилт хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг зорьж байна. Монгол Улс дэд бүтэц, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн дэвшилтэт технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон зарлаж, ирээдүйд эдгээр чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Манай улс бусад улс орон, ААН-үүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж, нээлттэй ил тод ажиллахаа илэрхийлээд жил бүрийн долоодугаар сард Монголын үндэсний их баяр наадмын өмнө болдог “Эдийн засгийн форум”-д хүрэлцэн ирж, оролцохыг урьсан юм.
Дэлхийн олон орон, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг Хятадын импорт экспо, Шанхай хот нь 24 сая хүн амтай, БНХАУ-ынхаа ДНБ-ий 3.6 хувийг эзэлдэг, нэг хүн ногдох ДНБ нь 27 мянган ам.доллар бөгөөд энэ нь эх газрын Хятаддаа хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫГ ХОЛБОХ ХИЛ ДАМНАСАН ГҮҮР БАРИХ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ
Өмнөд хөршид хийсэн Ерөнхий сайдын айлчлал Шанхай хотноо Хятадын олон улсын импортын VII экспогоор эхэлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийх /2024.11.05/ албан ёсны уулзалтаар үргэлжлэв. Ерөнхий сайд Ли Чян-ы экспог зорин ирсэн Төр, Засгийн тэргүүнүүдтэй хийх албан ёсны уулзалтуудын нэг нь Монгол Улсын Ерөнхий сайдтай хийх уулзалт байх ба хөрш орнуудын Ерөнхий сайд нарын уулзалт бусдаас удаан буюу нэг цаг гаруй хугацаанд үргэлжлэв.
Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны найман баримт бичиг гарын үсэг зурж, баталгаажуулав. Олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ хоорондын хэлэлцээр баталгаажсан нь айлчлалын ач холбогдлыг тодруулна.
2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр Ерөнхий сайдын Шанхайн айлчлалын үеэр 11-р сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр боллоо.
БНХАУ-ын Ерөнхий сайд “Гашуунсухайт-Ганцмод боомтоо эхлээд холбоё. Дараа нь Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтыг холбоход бэлэн” гэдгээ илэрхийлжээ.
Засгийн газар хоорондын уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж буй юм.
Түүх сөхвөл, Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 2008 оноос эхэлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан.
Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт боомтыг урд хөршийн Ганцмод боомттой холбох хил дамнасан төмөр зам барих ажил хүлээлт үүсгээд байв. Хилийн хоёр талд ойрхон буй төмөр замыг холбох нь манай улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, 16 жилийг үдсэн урт настай төсөл хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтаар эцэслэн шийдэгдлээ.
Одоо Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж, УИХ-ын тогтоол батлуулснаар эрх зүйн орчин бүрдэж, төсөл үргэлжилнэ. Сүүлийн 16 жилд үе үеийн Засгийн газраар яригдаж асан энэ төсөл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед биеллээ олж байна. Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох тохиролцоонд хүрсэн ба Засгийн газар, холбогдох яамныхан шуурхай ажиллах болов уу. БНХАУ-ын Ерөнхий сайд “Гашуунсухайт-Ганцмод боомтоо эхлээд холбоё. Дараа нь Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтыг холбоход бэлэн байна” гэсэн байр суурь илэрхийлсэн нь бидний хувьд сайн мэдээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН ЖИЛ ГАЦАЖ, ДОМОГ БОЛСОН ТӨСЛҮҮДЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ерөнхий сайдын айлчлалын ач холбогдлыг илтгэж, хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд Шанхай хотод шийдэгдсэн бас нэг чухал асуудал нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. Эрчим хүчний салбарын эх үүсвэрийг нэмэгдүүлэх энэ төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдлээ.
90 МВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн үр дүнд баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангах ба оргил ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм байна.
Өнгөрсөн хугацаанд аль нам засгийн эрх барьснаас үл хамаарч Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдлын улмаас гацсан дэд бүтцийн томоохон төслүүд Шанхайн айлчлалын үр дүнд гацаанаас гарсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглээд, цаашид олон жил гацаж домог болсон төслүүдийг бүрэн хэрэгжүүлэх ёстой гэлээ.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, ард нь гарахаар зорьж буйгаа танилцуулсан бөгөөд Шанхай хотноо шийдэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөл уг мега төслүүдийн жагсаалтад багтаж буй билээ.
Манай улсын хувьд 20 жилийн өмнөөс яригдсан ч өнөөг хүртэл бүрэн хэрэгжээгүй төсөл олон бөгөөд бид үүнд улс төрийн дүгнэлт хийж, гацаанд орсон төслүүдээ ажил хэрэг болгох ёстой гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн Шанхай хотноо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон хэлсэн юм.