Энэ оноос зурагтаар монгол кино, нэвтрүүлгүүдийг голлон үзэж эхэлнэ
Таны хамгийн дуртай кино юу вэ? Телевизийн ямар төрлийн нэвтрүүлэгт шимтдэг вэ? Хүүхдүүдийн тань шүтдэг баатар хэн бэ?
“Залуу хүмүүс юу үзэж харна, тийм болж хувирдаг. Ялангуяа хувь хүний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж бүрэлдэж байгаа өсвөр насны хүүхдүүд болон залуу үеийнхний хувьд үзэж буй кино, сонсдог хөгжим зэрэг нь шууд нөлөөлж, даган дуурайх сэдлийг төрүүлдэг” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн ярьж байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгч Г.Ариунзул дипломын ажлынхаа хүрээнд телевизийн сувгуудын нэвтрүүлж буй гадаад бүтээгдэхүүнийг тооцож гаргасан нь бий. “Монголын хамгийн их үзэгчтэй телевизүүдийн тоонд ордог “Боловсрол суваг” гэхэд энэ оны нэгдүгээр улиралд нийт 1674 цагийн хөтөлбөр нэвтрүүлсний 66 хувь нь дан гадаад кино, нэвтрүүлэг байжээ. Тэр дундаа гадаад контентуудын дийлэнх хувийг буюу 502 цагт нь Америк олон ангит кино болон шоу нэвтрүүлгүүдийг гаргасан байна. “Монгол HD” телевизийн хувьд ч мөн адил энэ оны эхний улиралд нэвтрүүлсэн гадаад контентуудын дийлэнх хувийг Америкийн кино, нэвтрүүлгүүд эзэлж байсан” хэмээн тэрбээр мэдээллээ.
Иргэд үндэсний соёл, хэл, зан заншлаа дээдлэх, үндэсний уран бүтээлчдийн бүтээлийн эрэлт хэрэгцээ сайжирна
Үүн дээр нэмээд багагүй шүүмжлэл дагуулдаг БНСУ-ын олон ангит кинонууд бараг бүх сувгийн хөтөлбөрт бий. Судлаачдын үгийг батлахын тулд ердөө зурагтын удирдлагаа дарахад л хангалттай. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хүүхэд, залуу үеийнхний бахархал, үнэт зүйлийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй кино, нэвтрүүлгийг яаж “Монгол” болгох вэ?
Үүний хариултыг хууль тогтоогчид Соёлын тухай шинэчилсэн хуульд шингээж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлгийг 2014 оны арванхоёрдугаар сард салбарын төлөөллүүдийн дунд явуулсан билээ.
Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-д “Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монголд бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг заасан байдаг ч өнөөдөр хэрэгжихгүй байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд үндэсний соёл, хэл, зан заншлаа дээдлэх, үндэсний уран бүтээлчдийн бүтээлийн эрэлт хэрэгцээ сайжирна” хэмээн тус байнгын хорооны дарга Д.Батцогт ярьж байв.
Уг хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийг боловсруулахдаа Франц, Бельги зэрэг орны туршлагыг судалсан тухайгаа хэлсэн нь бий. Тухайлбал, Франц улсад телевизийн нэвтрүүлгийн 40 хувийг үндэсний, талаас илүүг Европын агуулга эзлэх ёстой байхаар заасан байдаг аж.
Ийн Соёлын тухай хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд баталсан юм. Шинэчилсэн хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлж буй. Хуулийн гол шинэчлэл нь 19 дүгээр зүйл буюу Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалтад өөрчлөлт оруулсан явдал юм.
Үүнд Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхыг заажээ. Тэгвэл бүртгэлтэй бусад телевизийн хувьд уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх аж.
Энэ хууль кинотеатруудад ч хамаатай
Кинотеатруудад ч энэ хууль хамаатай. Тус зүйлийн долдугаар хэсэгт, “Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз (Ай-Пи телевиз)-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40-өөс доошгүй байх” тухай тусгасан юм.
Хууль батлагдсан нь төрөөс зөв зохицуулалтыг хийсэн сайшаалтай хэрэг болов уу. Гэхдээ нөгөө талд бүтээлийн чанарын тухай асуудал урган гарч ирнэ. Одоогоор ихэнх телевизийн монгол хөтөлбөрүүд үзэгчдийг урдаа уяж чадахгүй л байна. Нөгөө талаас өрсөлдөөн дунд сайн, чадварлаг нь тунаж үлдэх нь энэ хуулийн зохицуулалтын өөр нэгэн давуу тал байж болох юм.
Б.Эгшиглэн