Монголын төр ажил үйлс, амжилт бүтээлээрээ салбартаа болоод улс үндэстэн даяар, улмаар дэлхийн тавцанд тэргүүлсэн иргэдийнхээ хөдөлмөр, зүтгэлийг үнэлж төрийн одон медаль гардуулж, цол олгож урамшуулдаг нь сайхан.
Хүртсэн хүмүүс ч төрийн хишиг хэмээн дээдэлж түмэн олны дунд толгой өндөр явдаг нь монголчуудын хувьд нэр төрийн хэрэг байдаг.
Томоохон ой, төрийн баяруудаар “За энэ удаа хэн ямар шагнал авах нь вэ” гээд зурагтаа манаж суух нь бас л нэгэн өвөрмөц хүлээлт.
Саяхан шинэ он гарахаас өмнө Төрийн ордонд шагналын хур буулаа. Нүдээ олсон нь ч олон байлаа.
Спортынхноос ажил үйлсээр манлай найман хүн Монгол Улсын гавьяат цолтон болсон юм. Тэр дунд боксын олон улсын гурван одтой шүүгч Ц.Нандигжав Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Гавьяат болсон нь сайн хэрэг, сайхан ч санагдаж байв.
Гэхдээ “Яагаад гавьяат дасгалжуулагч гэж” гэсэн асуулт байн байн “босч ирээд” байлаа. Ц.Нандигжавыг гавьяат цол хүртэх гавьяагүй гэсэнгүй. Монголын боксчид сүүлийн жилүүдэд олимп, ДАШТ-д олон гайхалтай ялалт байгуулахад энэ эрхмийн нөлөө, гавьяа их байсан.
Дэлхийд, боксын спортод шүүгчгүй орны баг явдаггүй нь бараг бичигдээгүй хууль болсон. Энэ үүднээс авч үзэхэд өөрийн хөдөлмөр, зүтгэл, эрдэм, боловсролын үрээр дэлхийн шүүгчдийн эгнээнд ажиллаж явна гэдэг энэ хүндтэй цолтон байхын хангалттай үндэслэл. Гэхдээ түүнд гавьяат дасгалжуулагч цол хүртээсэн нь нэг талаас оновчгүй.
Тэрбээр дэлхийд дасгалжуулагчийн бус, харин шүүгчийн ажлаар үнэлэгдэж яваа нэгэн билээ. Тэгэхээр энэ чиглэлээр нь ажлыг нь үнэлж цэгнэн цол хэргэм хүртээсэн бол илүү ойлгомжтой, үнэлэмжтэй байх байлаа. Гэтэл үнэндээ манайд урлагийн гавьяат зүтгэлтэн гэдэг лугаа спортын гавьяат зүтгэлтэн гэдэг цол байдаггүйгээс нөхөр Ц.Нандигжав гавьяатай гэдгийг нь цаг үед нь тодруулах, урамшуулах, төрийн хишиг хүртээх үүднээс гавьяат дасгалжуулагч гэсэн цол олгосон бололтой. Учир мэдэх хүн өөрөө ч гайхаж байгаа байлгүй дээ. Яагаад “гавьяат дасгалжуулагч байдаг билээ” гэж.
Өөр жишээнүүд ч бий. Монголын баг тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн наадамд гайхамшигтай амжилтууд үзүүлсэн түүх өнөө хэр тод.
Уг олимпийн дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, тухайн үеийн БТСУХ-ны дарга байсан Ч.Наранбаатар гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Д.Загдсүрэнг эмч мэргэжилтэй, үүгээрээ цөөнгүй жил ажилласныг нь олон хүн мэдэх байх.
Ч.Наранбаатар ч гэсэн Монгол Улсад софт теннисний спортыг оруулж ирж, суурийг нь тавьж, олон шавь бэлтгэн гаргасан. Гэхдээ Д.Загдсүрэнг эрүүлийн мэндийн салбарт, Ч.Наранбаатарыг дасгалжуулагчийн албанд ажилласныг нь үнэлж эдгээр цолыг өгөөгүй. Харин Монголын баг тамирчдыг олимпийн наадамд амжилттай бэлтгэж, зохион байгуулж оролцуулсныг нь үнэлж дээрх цолыг олгож байлаа.
Угтаа бол тэдэнд спортын гавьяат зүтгэлтэн цол гэж байгаад хүртээсэн бол илүү оновчтой, тодорхой болох байлаа. Тэгэхээр спортын салбарт оюун ухаан, нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, цаг заваа зориулж явдаг багш биш, дасгалжуулагч биш, тамирчин биш гайхамшигтай монгол хүмүүстээ олгож байх спортын гавьяат зүтгэлтэн гэсэн цол яах аргагүй үгүйлэгдэж байгаа юм.
Ийм цол байж болох нь бусад салбарт олгож, хүртээж байдагтай дүйцүүлэхэд ч ойлгогдоно. Соёлын гавьяат зүтгэлтэн, урлагийн гавьяат зүтгэлтэн гэж байдаг. Тийм болохоор спортынхон энд бичсэнийг дэмжиж байгаа бол асуудлыг нэгэн дуугаар дээш нь өргөн баривал болохгүй, бүтэхгүй гэх зүйлгүй байх.
Сүүлийн жилүүдэд спортын аль ч салбарт ивээн тэтгэгчдийн дэм тус, өөрөөр хэлбэл сэтгэл санааны болоод санхүү хөрөнгийн бодит дэмжлэгээр амжилт ирэх нь элбэг болсон. Тамирчид нэг, хоёр удаа тэмцээн уралдаанд оролцохоор явахад зардал хөрөнгө гаргаж дэмжихийн зэрэгцээ тасралтгүй үйл ажиллагааг байнга дэмждэг мөнхийн ивээн тэтгэгч ч цөөнгүй байх болсон.
Ийм, Монголынхоо спортыг, Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, хариу нэхдэггүй спортын зүтгэлтнүүдийг шагнаж урамшуулах хэрэг гарвал ямар цол хүртээх вэ. Бизнес эрхлэгч ивээн тэтгэгчид гавьяат дасгалжуулагч гэсэн цол олгох уу, эсвэл нэр томъёоны хувьд таарахгүй юм байна гээд өнжөөгөөд, хойш тавиад, эсвэл тойрч давхиад байх уу.
Тиймээс бүгдээрээ хэлэлцээд Монгол Улсын спортын гавьяат зүтгэлтэн гэсэн цолтой болъё гэсэн санаачилга гаргаж улсынхаа Ерөнхийлөгчид хүргэе ээ.