Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.
Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гандантэгчэнлин хийдийн Тамгын дарга лам н.Эрдэнэхүү Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Оюунбаатар болон орон нутгийн удирдлагууд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Эзэн Чингисийн намтар цадиг, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан, хаан төрийн сүлд шүтээн-Халдун хайрхан уул нь монгол түмний мандал буурлын аль ч үед итгэлийн гал болж сэтгэлийн гүнд бадамласаар ирсэн билээ. Монгол омогшил бахархал, монголын цог золбоо, хийморь сүлд, монгол ухаан, эр зориг, сэтгэл оюуны ундарга чухам энэ л уул хангай, орон газрын эрчмээс эхтэй гэлтэй. Тиймийн учир 2013 онд Бурхан Халдун хайрханыг "Монгол түмний үндэсний бахархалт хайрхан" уул хэмээн өргөмжлөн зарлигласан билээ.
Их эзэн Чингис хаан, Бурхан Халдун хайрхан уул хоёрын алдарын түүх үүнийг нотолно. Халдун хайрханы өвөр нөмөр, өмгөөлөл хамгаалал дор Тэмүжин хүү татуужин торниж, бусдын дэмжлэг итгэлийг хүлээж бүгдийн хаан болсон. Хаан болсон ч их үйл хэргийг эхлэх, шийдвэрлэх, алс холын аян дайнд мордохын өмнө Чингис хаан их Хайрханыхаа оройд гарч, Мөнх хөх тэнгэрт хүсэл зоригоо айлтгаж, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж мөргөн залбирдаг байсан тухай түүх шашдирт олонтоо өгүүлдэг. Хааны үйл хэрэг бүтэж, нэр алдар түгэхийн хэрээр Бурхан Халдун хайрхан ууланд буман олны сүсэг шингэж, алдар суу, аврал илгээл нь даянд алдаршиж, дархлагдаж хүндлэгджээ. Энэ бол гайхамшиг.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-ийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байгааг хэлж, байгаль орчноо хамгаалж, өв уламжлалаа дээдлэн явахын чухлыг өгүүлэв.
Эх сурвалж: www.president.mn