-Цар тахлын эсрэг хуульд нийт дөрвөн удаагийн өөрчлөлтөөр 39 хэсэгт засвар оруулжээ-
ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛСОН НЬ
Бүтэн хоёр жилийн турш цар тахал гэх айдас дарамттай нүүр тулан амьдарсан олон нийт шинэ жилийн баяр тэмдэглэн догдлохын хамт удаан хугацааны хорионоос өндийн, бухимдал, стрессээ тайлах боломжийг атгаж буй өдрүүд өнгөрч байна. Улс орон даяараа он гарах баярт мөчөө хүлээн догдлох өдрүүд. Гэхдээ айл бүрийн гэрт дулаахан, хүн бүрийн зүрхэнд оч байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь бид өнгөрсөн хоёр жил олон зүйлтэй нүүр тулсан.
Баярын энэ өдрүүдэд Засгийн газар зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулна гэх чихрээр хуурч, жолоо цулбуургүй авирлах визээ дахин 6 сараар сунгахаар болоод байна. Угаасаа эдийн засаг, санхүүгийн хувьд доройтсон монголчууд зээлийн эргэн төлөлт хойшлуулахыг баярлан хүлээж суугаа ч үүний цаана олон эрх нь зөрчигдөж, монголчуудын ирээдүйн олон боломжийг булааж байгааг анзаарах сөхөөгүй.
2021 оны эхний найман сарын байдлаар ХЭҮК-т цар тахалтай холбоотой 800 гаруй гомдол мэдээлэл ирсэн нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Түүний дотор төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг задруулсан, зорчих эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхсан гэх зэрэг гомдлууд түгээмэл иржээ.
Монгол Улсад ковидын дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн бөгөөд нэн даруй хөл хорио тогтоож, цар тахлын эсрэг хуулийг баталснаар ард түмний хувьд ковидтой аль эсхүл Засгийн газрын хоржоонтой шийдвэрүүдтэй нүүр тулах хүндхэн тулаан эхэлсэн. Оксфордын их сургуулиас явуулсан “Ковид-19 цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ”-ний индексээр Монгол Улс 69.91 хувийн үзүүлэлттэй гарсныг Хүний Эрхийн Үндэсний Комисс тайландаа онцолсон бөгөөд хууль баталсан мөчөөсөө эхлэн Монголын төр мордохын хазгай гэгч нь болсон. Зөвхөн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 39 зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсон байна. Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр #Эрхээ_эдэлье аяныг зохион байгуулж буй “Фиделитас Партнерс” ХХН дээрх хуулийн төслийг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангасан байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд хуулийн төсөл боловсруулахдаа хэрэгцээ, шаардлагыг урьдчилан бүрэн тандан судлаагүй, төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагаа хийгээгүй, хэрэгжих боломжийг тооцоогүй болохыг онцлон зөвлөмж хүргүүлжээ.
Тус хуулиар “хүний эрхийг хязгаарлах” эрх шилжүүлж авсан захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхэд халдсан шийдвэрүүдийг дурдаад баршгүй. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар ХЭҮК-т цар тахалтай холбоотой 800 гаруй гомдол мэдээлэл ирсэн нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Түүний дотор төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг задруулсан, зорчих эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхсан гэх зэрэг гомдлууд түгээмэл иржээ. Гэрийнхээ хаалганд “ковидтой” гэсэн бичиг наалгасан айлууд, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан иргэд, гадаадад гацсан олон зуун иргэдийн тохиолдлууд энэ бүхнийг гэрчилнэ. Зөвхөн тусгаарлан ажиглах хугацааг л гэхэд нэг жил зургаан сарын хугацаанд нийт есөн удаа өөрчилсөн нь тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна гэснийг хэрэгжүүлээгүйн илрэл болж байна.
ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ БУС ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭВ
Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулна хэмээн мэдэгдсэн. Чингэхдээ төсвийн орлогоос гадна Дэлхийн банк, ДЭМБ, Азийн хөгжлийн банк болон АНУ, БНХАУ тэргүүтэй орнуудаас их хэмжээний хандив тусламж, хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд 2020 онд олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 418.9 сая ам.доллар буюу 1.1 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулсан байна. Харамсалтай нь Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөг тараах, вакцин тариулсан иргэдийг 50 мянган төгрөгөөр урамшуулах зэргээр бэлэн мөнгө тараах бодлого баримталж, оновчгүй хөл хориог таван ч удаа хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдээ туйлдуулж энэ оны эхний хагас жилд Засгийн газрын нийт өр 4.5 хувиар, гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөн, нийт өрийн хэмжээ 27.1 их наяд болсон байна. Мөн инфляц өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн дүнтэй байна. Чухам эндээс л тус хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн сүржин нэр хэрэгжээгүй болохыг харж болно.
ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛЖ, ЭДЭЭ ЦӨЛМҮҮЛСЭН МОНГОЛЧУУД
2020 оны 12 дугаар сарын 6-ны байдлаар цар тахалтай тэмцэхэд зориулж иргэд олон нийт 427,157,842 төгрөг, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд 3,172,416,104 төгрөгийг Улсын Онцгой комисст хандивласан талаар covidmongolia.mn сайтад байршуулсан бөгөөд 3.6 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хандиваас гадна 3.9 тэрбумын үнэ бүхий бараа материалын хандив цугларсан байна. Гэвч хандивын зарцуулалт өнөөг хүртэл бүрэн дүүрэн ил тод биш байгаа бөгөөд саяхан буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр /12.10/ ОУВС-аас цар тахлын үеэр цугларсан хандив тусламжийн мэдээллийн ил тод байдлыг бүрэн дүүрэн хангаагүйг шүүмжлэн, Монгол Улсын ЗГ-т зөвлөмж хүргүүлсэн билээ.
ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ-ын Ковид-19 цар тахалтай холбоотой хүлээн авсан 2020 оны хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн байдалд аудит хийж, бүрэн мэдээлээгүй болохыг тогтоожээ
Мөн “Эрхээ эдэлье” төслийн багийн Үндэсний аудитын газарт гаргасан гомдлын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ-ын Ковид-19 цар тахалтай холбоотой хүлээн авсан 2020 оны хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн байдалд аудит хийж, бүрэн мэдээлээгүй болохыг тогтоон, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж ажиллах албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ нь мөн л цар тахлын эсрэг хуулийн зөрчил бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдсан үйлдэл юм.
Тухайлбал, тус хуулийн 15-р зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орноос өгч байгаа хандивыг Улсын онцгой комисс болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгаж, нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна” хэмээн тусгасан.
ЖОЛООГҮЙ ЗАСГИЙГ АРГАМЖИХ АРГАГҮЙ БОЛЖЭЭ
Он дуусахтай зэрэгцэн цар тахлын эсрэг хуулийн хугацаа дуусгавар болох байсан ч омикрон хувилбарын тархалт жолоогүй засагт дураараа авирлах боломжийг дахин нэг олгов. Жолоогоо татуулахаас айсан Засгийн газар жороолохоор шийдэж, хуулийн хугацааг зургаан сараар сунгах төсөл өргөн барьсныг МАН-ын бүлгээс дэмжсэн.
Ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр 1036 хүнийг төрийн албан тушаалд томилжээ.
Тус хуулийн 3.2-т “...олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” хэмээн заасан бөгөөд уг заалтад үндэслэн ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр 1036 хүнийг төрийн албан тушаалд томилжээ. Тэдгээрээс Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга гурав, агентлагийн дарга 17, яам, агентлаг, хэлтэс газрын даргаар 90 орчим хүн түр томилогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод буй. Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалыг хүссэн этгээддээ бэлэглэх боломжтой болсон нь Засгийн эрх мэдлийг хэтийдүүлж, мерит зарчмыг алдагдуулан улмаар хүний эрхийн зөрчлийг даамжруулж байна.
Боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд тэргүүтэй бүх л салбарууд нь мөхлийн ирмэгт ирж, тоолж барамгүй олон хүний эрх зөрчигдөн, сая хүн ам тутамд ногдох нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлоор дэлхийд 44 дүгээрт эрэмбэлэгдэн, өдөрт бүртгэгдэх тохиолдол 1000 давах хэмжээнд хүртэл нөхцөл байдлыг хүндрүүлсэн Засгийн газар, УИХ тэргүүтэй төрийн эрх барих, гүйцэтгэх байгууллагуудад хариуцлага тооцох цаг хэдийн ирсэн. Тиймээс ч жолоогүй давхисан Засгийн газар хурдаа хасаж, бодлого шийдвэрээ эргэн харна гэж найдъя.