АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзориг нар 2010 оны 3 сарын 5-ны өдөр “Өнөөдөр” сонины редакцийн уулзалтад оролцож, уншигчдаас ирүүлсэн асуултад болон сэтгүүлчдийнх нь тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлын талаархи мэдээллийг УИХ-д мэдээлж байхаар хуульд заасан. Мөн өнгөрсөн жилээс Авлигатай тэмцэх газар олон нийт, иргэдэд ажлаа мэдээлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийт, иргэдэд ажлаа мэдээлэх үйл ажиллагааг тогтмолжуулж байна.
АТГ авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах шалгах, бүртгэх, мөрдөн шалгах, судалгаа шинжилгээ явуулах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай хамт олон энэ үүргээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хэрэгжүүлэн, биелүүлж ажиллаж байна. Ажлын үр дүн ч тогтмолжиж байгаа.
Манай байгууллага улс орны хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг төрийн болон, төрийн бус байгууллага, иргэддээ түшиглэн явуулдаг. Засгийн газартай тодорхой чиглэлүүдээр тогтмол хамтран ажиллаж байна.
Манайх орон нутагт салбар, нэгжгүй байгууллага. Иймээс төрийн бус байгууллага, иргэддээ түшиглэн орон нутагт ч үйл ажиллагаа явуулдаг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Орон нутагт авлигатай тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
“Бизнес эрхлэгчдэд учирч буй ямар бэрхшээл байна вэ?” гэдэг чиглэлээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын саналын үндсэн дээр Засгийн газраас “Ил тод байдлын шалгуур үзүүлэлт батлах тухай” тогтоол гаргаж улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Гадаад харилцаагаа хөгжүүлэх чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж байна. Авлига гэдэг бол дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байгаа. Авлигатай тэмцэх ажил хил хязгааргүй. Авлигагүй болсон улс дэлхийд нэг ч алга. Ялангуяа хямрал болсон өнгөрсөн жилд авлигын асуудал хүндэрсэн. Дэлхийн бүх улс орны 42 хувьд нь авлигын индекс буурсан. Үүний дотор Монгол Улсын авлигын индекс тодорхой хэмжээгээр буурсан байгаа. Тиймээс бид олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцийн хүрээнд олон улсын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, ажиллаж байна.
Э.Амарбат /Мөрдөн шалгах хэлтсийн дарга/
-Мөрдөн шалгах ажил 2007 оны есдүгээр сараас эхэлсэн. Үүнээс хойшхи хугацаанд 359 эрүүгийн дугаар бүхий 1566 үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Эдгээр эрүүгийн хэргийн улмаас улсад болон аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол нь 64 тэрбум төгрөгөөр тооцогдож байна. Энэ 359 хэргээс 104 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Үүнээс 42 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад шилжүүлсэн эрүүгийн хэргүүдийг 2008, 2009 оны байдлаар харьцуулахад өнгөрсөн жил шүүхэд шилжүүлсэн, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо буурсан. 2008 онд шүүхэд шилжүүлсэн хэрэг 58 байсан бол 2009 онд 53 болсон. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 2008 онд 26 байсан бол 2009 онд 16 болж буурсан. Үүний шалтгаан нь Өршөөл үзүүлэх тухай хууль гаргасан явдал юм.
АТГ хуулиар найман төрлийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ёстой. 2009 оны долдугаар сарын 9-нд УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ найман төрлийн гэмт хэрэг үндсэндээ бүгд хамрагдсан. Ганцхан хээл хахууль авах гэмт хэрэг л хамрагдаагүй. Үүнтэй холбоотойгоор АТГ-т шалгаж байгаа хэргийн 80 хувь нь өршөөлд хамрагдахаар дүн гарч байсан.
Бидний гаргасан судалгаагаар 10 хэрэг мөрдөн байцаалтын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгсэхгүй болсон. Шүүх, прокурорын шатанд таван хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ бол бүхэлдээ хэрэгсэхгүй болсон хэргийн тоо.. Энэ хэрэгсэхгүй болсон хэргийн дотор 77 үйлдэл байгаа.
Мөн зарим хэргийн дотор үйлдэл холбогдол нь өршөөлд хамрагдаж байгаа.
Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох 53 үйлдэл бүхий 16 хэргийн 28 үйлдэл нь өршөөлд хамрагдаж байна. Одоо шалгаж байгаа 14 хэргийн 37 үйлдэл өршөөлд хамрагдахаар байгаа. Үүний цаана маш их хэмжээний хохирол яригдана. Тухайлбал, бүхэлдээ хэрэгсэхгүй болсон 10 хэргийн цаана 1.8 тэрбум, зарим үйлдэл нь хэрэгсэхгүй болсон хэргийн цаана 1.4 тэрбум, одоо шалгаж байгаа 14 хэргийн 37 үйлдлийн цаана 12.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдөхгүй үлдэж байгаа юм.
Өршөөл үзүүлэх тухай хуульд учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх нь өршөөлд хамруулахад нөлөөлөхгүйгээр хуульчилсан. Хохирол нөхөн төлөгдөөгүй байхад хэргийг өршөөлд хамруулах боломж бүрдсэн. Үүний цаана нийгэмд маш их хэмжээний хор хохирол учирч байна.
Дашрамд дурьдахад, иргэдийн АТГ-т итгэх итгэл нэмэгдэж, тэдний хандах хандлага хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх явдал манайд ирсэн гомдол, мэдээллийн тоон мэдээнээс харахад өсч байна. 2007 онд 217, 2008 онд 652, 2009 онд 682 эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл манайх хүлээн авч шалгажээ. Үүний цаана эрүү үүсгэсэн хэргийн тоо ч нэмэгдсэн.
Д.Дуламсүрэн /Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга/
-Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, арилгах, авлигыг таслан зогсоох цогц үйл ажиллагаа байдаг. Авлигыг үүсгэдэг шалтгаан, нөхцөлийн нэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртал чирэгдэл, төрийн алба хаагчдын ёс зүйн доройтол гэж үздэг.
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулахын тулд бид тодорхой бодлого, системтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, АТГ-аас бүх яам агентлагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгон ажиллаж байна. Төрийн байгууллагынхан эрсдэлээ өөрсдөө тодорхойлсон учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ зөв оновчтой төлөвлөсөн гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд нь АТГ-аас арга зүйн туслалцаа байнга үзүүлж байна.
Мөн төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг АТГ-аас санаачлан, Засгийн газрын тогтоолоор батлуулсан.
Соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх арга хэмжээг шат дараалан явуулж байна.
Б.Батзориг /Судалгаа шинжилгээний албаны дарга/
-Судалгаа шинжилгээний алба бол авлига хэмээх нийгмийн хорт үзэгдлийг судалж, оношлох үүрэгтэй. Авлигын хэлбэр, цар хүрээ, нийгэмд учруулах хор уршиг, шалтгаан, нөхцөлийг судлахын зэрэгцээгээр, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлж, цаашид хийх үйл ажиллагааны бодлого тодорхойлох, хийсэн ажлын үр дүнг үнэлж дараагийн үйл ажиллагаандаа ашиглахад шаардлагатай мэдээллээр АТГ-ын удирдлагыг хангадаг.
Манай улсын авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнг бие даасан хөндлөнгийн олон улсын судалгааны байгууллага дараах байдлаар үнэлсэн байдаг. “Улс орны өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудал юу вэ?” гэдэгт 2006 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 28.2 хувь нь авлига гэж үзэж байсан бол 2009 онд 11.4 хувь нь авлига гэж дүгнэсэн.
“Хахууль нэхвэл та яах вэ?” гэсэн асуултад 2007 онд өгнө гэсэн 51.7 хувь нь өгнө гэж хариулж байсан бол 2009 онд 30 хувь болтлоо буурсан байгаа.
“Ажлаа бүтээхийн тулд хахууль өгөхгүй” гэсэн иргэдийн тоо 2007 онд 36 хувь байсан бол 2009 онд 50.25 болтлоо өссөн.
НҮБ-аас дэлхий нийтэд уриалсан Авлигын эсрэг үгүй гэж хэлье гэсэн урианд Монгол Улс нэгдэж, иргэдийн дунд гэрэл гэгээ асч байна. Энэ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж болно.
Дэлхийн улс орнуудын 42.5 хувьд авлигын түвшин буурсан. Тэр дундаа 10-аад улсад авлигын түвшин огцом буурсан. Зарим улс оронд индекс буурсан шалтгааныг авч үзвэл, Грек улсад эдийн засаг улс төрийн байдал хүнд байгаа болон хууль тогтоомжийн хэрэгжилт муу байгаагаас авлигын индекс буурчээ. Малайзад улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол илэрхийлэгдэхээ больсон. Боливи улс эдийн засгийн өсөлт буурч, Засгийн газрын үйл ажиллагаа ил тод биш байгаа. Латвийн индекс буурсан шалтгаан нь 2008 оноос хойш авлигатай тэмцэх байгууллагынхаа үйл ажиллагааг доройтуулах чиглэлээр Засгийн газар нь эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой.
Монгол Улсын хувьд 0.3 нэгжээр авлигын индекс буурсан. Энэ нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 10 жил болоход батлахгүй байна. Оюутолгойг ашиглах гэрээ батлагдах үйл явц. Сонгууль шударга бус явагдаж байна, Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан нь Монгол Улсад авлигын индекс буурахад нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын судлаачид дүгнэжээ.
Ж.Батсайхан /Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга/
-Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэх, хадгалах үйл ажиллагаа байдаг. Энэ жилийн хувьд 54000 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 99.8 хувь нь гаргаад байна гэсэн үг.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ тодорхой шалтгаангүйгээр гаргаагүй хүний тоо 136, хожимдуулсан хүний тоо 15 байна. Үүнээс авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах 38 хүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй нь тогтоогдсон.
Нийтдээ 1149 байгууллага дээр хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, эднээс 923 салбар, нэгжид, төрийн албан газарт хадгалуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
-АТГ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Бид уншигчдынхаа дунд энэ газрын үйл ажиллагаанд та ямар байдлаар хандаж байна вэ гэсэн тандалт дунд явууллаа. Тэдний талаас илүү хувь нь хангалтгүй гэж үзэж байна. Энэ байгууллагаас асар их хүлээлт иргэд хүсч байсан. Яагаад хүссэн үр дүнд хүрэхгүй байна вэ?
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-АТГ-ыг байгуулах уу үгүй юу гээд анх асуудал эхэлсэн шүү дээ. Ямартай ч энэ байгууллагыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн, үйл ажиллагаа эхэлсэн анхны жилүүдэд шүүмжлэл асар өндөр ирж, АТГ-ыг татан буулгая гэх талаар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.
Намайг 2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд энэ байгууллагын даргаар томилогдож ирэх үед энэ шаардлага их байсан. Өнөөдөр үүнийг аваад үзэхээр шүүмжлэл байна уу гэвэл байна.
Хангалтгүй ажиллаж байна гэх шүүмжлэл байна. Гэхдээ татан буулгаж орвонгоор нь эргүүлье гэж өнөөдөр нийгэм, ард түмэн харьцангуй ярихаа больчихлоо. Тодорхой хүмүүс ийм яриа гаргаж байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ байгууллага ямар ч байсан нийгэмд хэрэгтэй, байх ёстой байгууллага юм гэдгийг нийгэм хүлээн авч байна гэж дүгнэж байна. Харин энэ байгууллага илүү, үр дүнтэй ажиллах ёстой гэж бид дүгнэж байна. Түүнээс биш 2007 оноосоо 2008 онд ажил нь жил бүр муудаад байгаа юм биш.
-Танайх үйл ажиллагаа явуулаад гурван жил гаруй боллоо. Энэ хугацаанд эрх зүйн орчин хангалттай биш байгаа. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлэг авахад банкнаас мэдээлэл авч чадахгүй, эрхгүй байх жишээтэй. Хууль эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр танайх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг бол том ажил. Авлигын эсрэг хуулийг батална гэдэг бол том ажил. Үүнийг батлах гэж улстөрчид олон жил болсон. Хууль баталсанаар улстөрчид маш том хүсэл зориг гаргасан. Урьд байгаагүй байгууллага шинээр байгуулагдаж ажиллахад хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Энэ хугацаанд бид ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг мэдсэн. Улмаар энэ ажлыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон ажлыг шат дараатай авч хэрэгжүүлсэн.
Жишээлбэл, НҮБ-ын Авлигын эсрэг олон улсын конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлагатай байна гэдгийг АТГ-аас боловсруулаад хуулиудын төслөө Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар зэрэг эрх бүхий субьектэд хүргүүлсэн байгаа. Сая та асуулаа. Банкнаас мэдээлэл үзэх гэхээр хаалттай байдаг гэж. Энэ чиглэлээр бид хуулийн төсөл боловсруулж, эрх бүхий субьектээр дамжуулан УИХ-д саналаа оруулснаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахад бид өөрийнхөө эрхзүйн статусыг тэнд оруулж өгсөн. Одоо бид банкнаас шаардлагатай лавлагаа мэдээллийн авах эрх зүйн орчноо нээсэн.
Улстөрчид ашиг сонирхлын зөрчилдөө хүлэгдсэн байна шүү дээ. АТГ-ынхан үүнд сэтгэл зовж хуулийн төсөл боловсруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох итгэл үнэмшилтэй гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гарч ирсэний дараа бид энэ хуулийн төслөө өргөн барьчихаад байгаа.
Энэ мэтээр авлигатай тэмцэх шударга ёсыг тогтоох, хүнд суртлыг арилгах чиглэлээр олон хуулийг санаачилж эрх бүхий субьектэд өргөн барьж батлуулж байна. Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль батлагдвал манай УИХ-д сонирхолын зөрчилдөө баригдан, асуудал эвгүй шийдэгддэг явдал цэгцрэх ёстой.
Д.Сундуйсүрэн /АТГ-ын дэд дарга/
-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид Үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна. Манай байгууллага Монгол Улсын Эрүүгийн хуулинд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай саналаа Ерөнхийлөгч болон Засгийн газрын түвшинд албан ёсоор хүргүүлсэн. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт миний бие орж ажиллаж байгаа.
Албан тушаалтнуудад ногдуулах эрүүгийн хариуцлагыг өндөр болгох, зарим үйлдлүүдийг авлигын гэмт хэрэгт тооцох зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан. Жишээлбэл: Одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуулинд хээл хахууль шаардсан, албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хэтрүүлсэний улмаас 5.400.000 төгрөгөөс доош хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгааг өөрчлөх зэрэг асуудлууд хуулийн төсөлд орсон байгаа. Энэ хуулийн төсөл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Иргэд ч саналаа өгөх хэрэгтэй. Хүмүүс авлигын гэмт хэрэг гэж зөвхөн хээл хахууль авах, өгөхийг ойлгоод байгаа. Гэвч НҮБ-ын Авлигын эсрэг конвенци болон Авлигын эсрэг хуулинд тодорхойлсноор албан тушаалын гэмт хэргүүд ч багтаж байгаа.
-Албан тушаалын хэрэг авлигатай салшгүй холбоотой. Албан тушаалын хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож оноох ялын хэмжээ бага, өршөөлд хамруулах явдал байна. Түүнийг хүнд төрөлд багтаах чиглэлээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг явуулж байгаа энэ үеэд танайхаас саналаа оруулсан уу?
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Албан тушаалын хэрэгт хамрах хүрээ явцуу, ялын бодлого санкц нь хөнгөн байгаа. Энэ бүгдийг судалж үзээд хүнд гэмт хэрэгт тооцуулах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан. Бидний санал боломжийн түвшинд тусгагдсан байна лээ. Бидний өгч буй саналууд яваандаа НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр бодлогоор хийж байгаа ажил юм. Цаашид энэ чиглэлээр үр дүнтэй яваад байвал бидний ажил гэрэл гэгээтэй, үр дүнтэй байх боломж бий.
-НҮБ-ын конвенцид үндэсний хууль тогтоомжийг нийцүүлснээр манай гишүүд энд тэндхийн казинод мөрийтэй тоглож байгаа баримтыг авах эрх нээгдэнэ гэсэн үг үү?
-Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон орнууд бие биедээ харилцан туслах, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг. Тэр агуулгаараа таны хэлсэн асуудлаар хандах эрх зүйн орчин нээгдэнэ гэсэн үг. Бид алхам алхамаар дотоод, гадаадад ажлаа ахиулаад байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол 2-3 жилийн дотор үр дүнд хүрдэг ажил биш. Авлигатай тэмцэх чиглэлээр асар их туршлагатай болсон орнуудын жишээнээс үзэхэд эхний 5-10 жил асар их бэрхшээлтэй тулгардаг гэдгийг хамтын ажиллагааны чиглэлээр Хонконг, Сингапурын ижил төрлийн байгууллагын удирдлагатай уулзаж байхад тэд ярьдаг. Сингапур улсын АТГ байгуулагдсанаас хойш 20 жилийн дараа 1973 онд эхний үр дүнд хүрсэн гэж тус газрын дарга ярьж байсан. Эхний 5-10 жилд авлигатай тэмцэх ажил өөрөө асар их эсрэг цохилтод орж байдаг. Магадгүй эрхзүйн орчноо бүрдүүлж чадалгүй, дэндүү их эрчимтэй ажиллах юм бол эрх мэдэлтнүүд, улстөрчид энэ байгууллагыг татан буулгах асуудал ч олон улсын практикт байдаг юм.
-Энэ байгууллагыг татан буулгачих вий гэсэн айдсын үүднээс АТГ хүчтэй ажиллаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Хүчтэй ажиллахын тулд бид эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, банкнаас мэдээлэл авах эрхгүй байж бид хүчтэй ажиллах гээд чадахгүй байлаа шүү дээ. Эрх зүйн орчноо бүрдүүлээд дараа нь зөв алхамуудыг нягт нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй байж хүний эрхэнд халдаад, хэлмэгдүүлээд, хууль зөрчвөл олон асуудал үүсч энэ байгууллага ганхаад эхэлнэ шүү дээ.
-Хэлмэгдүүлэх гэсэнтэй холбогдуулаад сүүлийн үед үүсээд байгаа асуудлын талаар асуулгүй өнгөрч болохгүй байна. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг танай ажилтан болон ТЕГ-ын ажилтан хамтраад хэлмэгдүүллээ гэж тэрбээр яриад байгаа шүү дээ. Үүнд та бүхэн ямар хариулт өгөх вэ?
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Монгол Улс нийгмээрээ том алхаж 21 дүгээр зуунд орсон. Энэ цаг үед хүний эрх аливаа зүйлд нэгдүгээрт тавигдаж байна. Өнөөдөр 1937 он биш. Тэр үе өнгөрсөн шүү дээ. Өнөөдөр бид хүний эрхийг яаж зөрчиж вэ гэдэг дээр ярих ёстой. Сая манай Мөрдөн шалгах хэлтсийн дарга ярьсан. Эрүүгийн хэргээс хэсэгчилэн хэрэгсэхгүй болгосон гэж. С.Отгонбаярын тухайд тэр хүн хэд хэдэн зүйл ангийн хэрэгт гэм буруутайд тооцогдож, сэжигтэн яллагдагчаар татагдаж шалгуулсан. Ийм зүйл ангийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгоё гэж шийдвэрлэсэн. Ийм зүйл ангийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэм буруутай байна гэдэг нь нотлогдсон. Үүнийгээ яллагдагч өөрөө болон түүний өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэж хүсэлт тавьж хамрагдсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дээр АТГ-ын ажилд хангалтгүй ажиллаж байна гэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн өөрөө ямар үндэслэлээр ийм дүгнэлт гаргах болов оо?
-Яагаад хангалтгүй гэж дүгнэсэн юм бэ гэдгийг би бас асуумаар л байгаа юм. Аливаа ажилд үнэлгээ өгөхдөө ажилтай нь танилцаж байж, судалгаа материалыг нь үзэж байж, үнэлэлт дүгнэлт гарах ёстой. Гэтэл Ерөнхийлөгч манай байгууллагын ажилтай ямар нэгэн байдлаар танилцаагүй. Биеэрээ ч тэр, ажилтнууд нь ч ирээд тэр манай байгууллагын ажилтай танилцаагүй шүү дээ. Тэгсэн атлаа үнэлгээ өгөөд байгааг нь гайхаад байгаа юм. Нөгөө талаас засаглалын хуваарилалт, тэнцвэртэй байдал хангагдаж байж урагшлах ёстой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тэнцвэртэй байж, нэг нь нөгөөгийнхөө дээр, дор байна гэж байхгүй.
Шүүх засаглалын ажлыг аль нэгэн засаглалаас нь хангалттай байна, хангалтгүй байна, сайн, муу гэж дүгнэх, үүрэг даалгавар өгөх ёсгүй. Нэг засаглал нь нөгөөдөө шахалт үзүүлэх процесс хүчтэй явагдвал ардчилсан зарчим алдагдаж, тотолитар систем, дарангуйлал тогтох хандлага буй болох онолын болон практик байдаг. Тиймээс ардчилсан улс оронд шүүх засаглалаа, шүүх засаглалын системын байгууллагаа хангалттай, хангалтгүй ажиллаж байна гэж үнэлэх, тэрийг шалга, үүнийг шалга гэж үүрэг даалгавар өгөх явдал байдаггүй. Шүүх засаглалын хараат бус байдлыг алдагдуулсан, түүний хараат бус байдалд хөндлөнгөөс эрх мэдэлтэн нөлөөлсөн байдал ардчилсан системийн орнуудад байдаггүй.
-Танайх Олон нийтийн зөвлөлтэйгөө хамтарч ажиллахгүй байна гэж тус зөвлөлийнхөн хэвлэл мэдээлэлд хандаад байгаа шүү дээ. Энэ зөвлөлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хамтарч ажиллахгүй байна гэдэг асуудал хуулийн хүрээнд л байхаас биш хуулиас гадуур хамтарч ажиллана гэж байхгүй. Ер нь бол Ерөнхийлөгчийн баталсан Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилох зарлиг, журам өөрөө хууль зөрчсөн. Тиймээс тэр зарлигийг нэгэн иргэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ерөнхийлөгч өөрөө зарлиг, журмынхаа хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгосон. Тиймээс асуудлыг Цэц хаасан байгаа.
Хууль зөрчсөн зарлиг, журмыг барьж ирсэн үед л хамтын ажиллагааны асуудал яригдсан. Бид хуулийн хүрээнд ажиллая, уг зарлиг хууль зөрчжээ, бид хуулийн байгууллагын ажилтнууд учраас хуулийн хүрээнд ажиллая гэсэн. Ингээд Ерөнхийлөгч зарлиг, журмын холбогдох заалтыг хүчингүй болгоод Олон нийтийн зөвлөлийнхөн манайд ирж уулзсан. Ингээд хамтын ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулъя, хаана хаанаа ажиллах орчноо бүрдүүлье, ёс зүйн дүрмээ боловсруулаад ирвэл хуулийн хүрээнд хамтын ажиллагаагаа явуулъя гэсэн. Ийм зарчмаар Олон нийтийн зөвлөлтэй ажиллаж байгаа.
-Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд иргэд бас нэлээд анхааралтай хандаж байна лээ. Дандаа улстөрийн хүчний үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүс байна. Тиймээс ашиг сонирхолын зөрчилд ороод байна уу гэх уншигч ч байна лээ. Үүнд та нар ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт Ерөнхийлөгч батлаад зарлигаар томилогдсон учраас төрийн байгууллагын ажилтан хүн би үүнийг шүүмжлээд тодорхой зүйл хэлээд яах вэ. Ард түмэн таны хэлсэн шиг харж байгаа байх.
-Олон нийтийн зөвлөлийнхөн ажил хийхэд дарамт учруулж, төвөг учруулдаг гэж ойлгож болох уу?
-АТГ өөрөө улс төрийн ямар ч өнгө аясгүй, ямар ч эрх мэдэлтэн албан тушаалтны захиалгаар ажилладаггүй, зөвхөн хуулийн дагуу ажилладаг байгууллага. Ийм зарчмыг хатуу барьсан манай байгууллагын хувьд таны асуусан шиг зүйл байсныг үгүйсгэхгүй. Таны асуусан шиг улстөржүүлсэн өнгөөр асуудалд хандаад байвал асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
-Танай байгууллагын ажлыг үр дүнгүй болгож харагдуулаад байгаа асуудал бол яах аргагүй улстөрчидтэй холбоотой хэргүүд. С.Эрдэнэ, С.Отгонбаяр, Л.Гүндалай, О.Чулуунбат, П.Даш гэх зэрэг улстөрчдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулж шалгаад, учруулсан хохирлыг тогтоосны эцэст цагаадах, өршөөлд хамрагдах зэргээр ял зэмгүй өнгөрч байна. Энэ утгаараа иргэдэд АТГ-ын ажил үр дүнгүй байна гэсэн ойлголтыг өгөөд байна уу?
-АТГ газрыг байгуулаагүй бол өнөөдөр таны яриад байгаа төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдөд эрүүгийн хэрэг үүсгэх байсан юм уу. Тэднийг аль нэгэн байгууллага, мөрдөн байцаагч шалгах байсан уу, Сэжигтэн, яллагдагчаар татах байсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Энэ байгууллага байгуулагдсанаараа тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүгдийг нотлож АТГ үүргээ 100 хувь биелүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахад АТГ-ын үйл ажиллагаа зогсдог. Дараа нь прокурор, шүүхийн эрх мэдлийн асуудал үүсдэг. УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлаар манайхаас прокурорт саналаа тавьсан. Прокурор УИХ-д тавьсан. Тэр хүн нь улстөр, бизнесийн, тодорхой бүлэг, намын хамгаалалтад орчихоод байгаа болохоос биш АТГ ажлаа хийгээгүйдээ, муу ажиллаад байгаадаа тэр хүмүүсийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм биш. Ерөөсөө улс төр бизнесийн хамгаалалтад хамгийн сүүлийн хоёр хүн болох УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар үлдчихээд байгаа юм. Улс төрийн хамгаалалтаар бидний шалгасан ажлын үр дүнг гацаачихаад байгаа болохоос биш бид муу ажилласандаа биш юм.

-Үүнд би нэг зүйл нэмж хэлье. Гадаадын улс орнуудад АТГ байгуулагдаж байсан олон улсын практикаас харж байхад яг манай өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч байсан юм билээ. АТГ-ынхаа эсрэг “Улстөрийн захиалгаар ажиллаж байна, хэлмэгдүүлж байна” гэх явдал аль ч улс оронд байнга гарч байсан. Олон улсын хэмжээнд АТГ-ынхаа үйл ажиллагааг доройтуулах, өөрийнхөө хараат болгох гэсэн улс төр бизнесийн бүлэглэлийн сонирхол байдаг. Тэгэхийн тулд хамгийн түрүүнд энэ газрынхаа нэр хүндийг олон түмний дунд унагаадаг. Хууль бусаар олсон, төрд хураагдаж болзошгүй хөрөнгөө АТГ-ын эсрэг ашиглаж эхэлдэг. Ингэснээр ард түмэнд худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг сэтгэхүйг бий болгодог. Ингээд АТГ-т итгэх олон түмний итгэлийг үгүй болгоод дараагийн алхамаа хийдэг, АТГ-ыг утсан хүүхэлдэй болгодог олон улсын практик байдаг.

-Энэ асуулт загатнасан газар маажлаа. Улстөрийн хүрээнийхэнд авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу гэдгийг та бүгд тэднээс өөрсдөөс нь асуувал ямар бол гэж бодож байгаа. Сая нэр дурдагдсан хүмүүст холбогдох хэргийг АТГ дутуу шалгадаг юм уу, аль нэг талд үйлчлээд заавал яллахыг зорьж шалгасан зүйл байхгүй. Мөн бид ажлаа хийж чадахгүй, энэ хүмүүст хилсээр хэрэг хүлээлгэсэн үү гэвэл бас үгүй ээ.
Тус бүрт нь товчхон ярья.
Л.Гүндалайд холбогдох хэргийг 2007 оноос хойш шалгаж эхэлсэн. Тэр ондоо Л.Гүндалай тодорхой асуудалд буруутай юм байна гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоосон. Улмаар 2007 оны арванхоёрдугаар сард анх удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан. Гэтэл УИХ өнөөдрийг хүртэл шийдээгүй. УИХ-ын гишүүд өнөөдөр хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм. Янз бүрийн бүлэг, фракцаасаа шалтгаалдаг л байх.
Хуульд нь юу гэж заасан байдаг вэ гэхээр “УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Улсын ерөнхий прокурорын энэ саналыг ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэнэ” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхий прокурор санал оруулсан л бол автоматаар түдгэлзэж байх ёстой юм. Гэтэл УИХ-ын гишүүд түдгэлзүүлээгүй. Шийдвэрлэж байгаа нь хаана байгаа юм бэ. Бид одоо болтол УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Ахиад ч шалгах юм байгаа юу гэвэл байгаа.
О.Чулуунбатын тухайд бид эхний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж чадахгүй байж яаж дараагийнх нь асуудлыг оруулах вэ.
П.Даш нарын хэргийг шат шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд бид нэмэлт ажиллагаа хийж дуусаад дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлчихлээ. П.Дашид холбогдох хэрэг өршөөлд хамрагдах боломжтой. Харин өөрөө гэм буруугүй гэж маргаад байгаа. Энэ тохиолдолд шүүхээр хэлэлцэж, гэм буруутай эсэхийг тогтоогоод өршөөлд хамруулах юм.
С.Отгонбаярын хэргийн тухайд бол өнөөдөр хэвлэл мэдээллээр Э.Амарбат гэдэг нөхөр Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга найзтайгаа хуйвалдаж байгаад мэдээ баримт аваад зориуд зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр шийдвэрлэсэн, шүүгч нар надтай нийлж шийдсэнийг нь Улсын дээд шүүхийн шүүгчид олж хараад буцаагаад цагаадсан гэж яриад байгаа юм. Бодит байдал дээр С.Отгонбаярыг АТГ-т шалгахаас өмнө 2007 оны зургадугаар сард цагдаагийн байгууллагад, тэр дундаа УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Бид 2007 оны есдүгээр сард үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хэргийг харьяаллын дагуу авч шалгасан. Тэр яригдаад байгаа ТЕГ-ын бичиг 2008 оны тавдугаар сард манай байгууллагад ирсэн. Тэр бичгийг нь зохих журмын дагуу мөрдөн байцаагчид цохоод өгсөн, хавтаст хэрэгт байгаа зүйл. Дараа нь С.Отгонбаярт хавтаст хэргийг байгаа чигээр нь танилцуулсан. Бид тэр бичгийг аваад С.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэл байхгүй, тэр бичиг нь С.Отгонбаярт холбогдох хэрэгт нотлох баримт, түүнийг шалгах үндэслэл болоогүй. С.Отгонбаярт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан. С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч С.Монгол нар гарын үсгээ зурж, бичгээр “Өршөөлд хамрагдая. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэсэн хүсэлт тавьсан. Энэ гарын үсэгтэй бичиг нь хавтаст хэрэгт нь байгаа. Түүний хэргийг хоёр шатны шүүх өмнө нь шийдвэрлэсэн байсан шүү дээ.
Энэ бүгдээс харахад улстөрчдөд авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу үгүй юу. Өршөөл үзүүлэх хууль батлахдаа яагаад албан тушаалын хэргийг хамруулсан юм бэ.
Бид Өршөөл үзүүлэх тухай хууль батлахын өмнө албан тушаалын хэргүүдийг хамруулахаа болиоч гэж байр сууриа илэрхийлсэн. Үүний цаана улсад өчнөөн олон тэрбум төгрөгийн хохирол арилахгүй үлдэнэ. Хохирлынхоо араас хөөцөлдөх хүн алга. Хохирол бодитой учирчихаад байхад хохирол учраагүй гээд сууж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд ч бий шүү дээ. Ийм байсаар байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд албан тушаалын хэргийг хамруулсан.
Өршөөлд хамрагдаж байгаа бүх хэргийг бид нотлох үүрэгтэй. Үүнийгээ бид хийж байгаа. Өршөөлд хамрагдана гэдэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа юм.
-Өршөөлд хамрагдсан хүмүүс гэм буруутай нь тогтоогдсон бол улсад учруулсан хохирлоо төлөх ёстой юу?
-Хохирлын асуудлыг шүүх шийдэх ёстой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулах ёсгүй. Шүүх дээр аваачаад гэм буруутай эсэхийг нь тогтоолгоод, хохирлынх нь асуудлыг, тэр дундаа хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг тогтоодог. Гэтэл Мөрдөн байцаалтын шатанд өршөөлд хамруулж байгаа учраас хохирол төлүүлэх ямар ч боломжгүй болчихоод байгаа. Хохирсон байгууллага өөрсдөө иргэний нэхэмжлэгчээрээ дамжуулан, иргэний журмаар хохирлоо гаргуулж авах ёстой юм. Гэтэл тухайн байгууллагууд манайд хохирол учраагүй гээд байгаа. Хэрэв ингэж учирсан хохирол байсаар атал түүнийхээ араас хөөцөлдөхгүй байгаа бол салбарынх нь удирдах дээд байгууллагаас тухайн хохирол байхгүй гээд сууж байгаа нөхөрт хариуцлага тооцох л ёстой. Үүн дээр хатуу анхаараасай гэж боддог.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирол төлүүлэхгүй байгаа нь Өршөөлийн хуулийн дутагдалтай тал. Өмнө нь 2000 онд батлагдаж байсан Өршөөлийн хуульд мөрдөн байцаалтын шатанд өршөөлд хамруулах ямар ч зохицуулалт байгаагүй. Өршөөлийн хуульд шүүхээр аваачиж наадахаа шийдүүл гэсэн зохицуулалттай байсан.
-Та сая баримт түшиж ярилаа. Бид Өршөөлийн хуульд хамрагдая гэсэн хүсэлтээр хамрагдчихаад дараа нь гэм буруугүй байхад хилсээр хэрэг хүлээлгэсэн гэж байгаа нь нөхөн төлбөр төлөх асуудлаас зайлсхийж байгаа гэж үзэж болох уу. С.Отгонбаярын хэрэгт 1.4 тэрбум төгрөгийн хохирол байгаа юм уу?
-Үүний цаана ямар шалтгаан байгааг би хэлж мэдэхгүй. С.Отгонбаярын хувьд АТГ хэлмэгдүүлсэн гээд байгаа бол өөрөө прокурорт хүсэлтээ гаргаад гэм буруугийнхаа талаар маргаантай байна. Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлмээр байна гэж явах боломж байгаа шүү дээ. Тэнд АТГ-ынхан тагнуулынхантай хуйвалдаад хүн хэлмэгдүүлээд байгаа юм уу гэдгийг тогтоогоод өгнө шүү дээ.
С.Отгонбаяр нэг ярилцлагадаа “Авлигын эсрэг хууль санаачлан батлахад би гар бие оролцож, АТГ байгуулагдахад би байр саваараа хангасан байтал намайг шалгаад байна гэж байсан”. С.Отгонбаяр УИХ-ын гишүүн байхдаа үнэхээр их зүйл хийсэн байсныг бид үгүйсгэхгүй. Түүний баталсан хуулийн хүрээнд ажлаа хийгээд гаргаад ирэхээр эргээд биднийг харлуулаад байгаа нь харамсалтай.
Д.Сундуйсүрэн /АТГ-ын дэд дарга/
-Дээрхи хүмүүсийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, прокурор, шүүхийн байгууллагад шилжиж шийдвэрлэгдсэн.
Нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хүмүүсийн хэрэг дээр яриад байх зүйл алга. Яагаад гэвэл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж шийдвэрээ гаргаж байгаа. Зарим нэг хүмүүс үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч, хүчин төгөлдөр болонгуут хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагыг захиалгаар хэрэг шийдвэрлэдэг, хэлмэгдүүлдэг гэж олон нийтэд ойлгуулах гэж хорлонтой үйл ажиллагаа явуулах болсон нь харамсалтай. Энэ нь цаад утгаараа улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Бид төрийн байгууллага, төрийн албан хаагч гэдэг үүднээс бидний эсрэг явуулж буй үйл ажиллагаанд тэвчээртэй хандаж байгаа. Үүнийг юмны учир утгыг мэддэг хүмүүс ойлгож байгаа байх.
Бид зөвхөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх болно.
АТГ захиалгаар хэрэг шалгадаг, хэлмэгдүүлдэг гэж ярьдаг, олон нийтэд ойлгуулахыг оролддог тодорхой хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсийн хууль хяналтын байгууллагуудын нэр хүндийг унагаж, үйл ажиллагааг нь харлуулах гэсэн үйлдэл хэмжээ хязгаараас хэтэрч байна.
Монголд албан тушаал эрхлээд байгаа хүмүүс хэчнээн худалч, хуурамч улсууд байна вэ гэдэг ер нь тодорхой харагдаж байгаа юм. С.Отгонбаярын хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас хүртэл “Энэ хүн цагаатгагдаагүй, харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан” тухай мэдэгдэл гаргасан шүү дээ.
Одоо хамгийн гацаа үүсгээд байгаа зүйл бол УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудал. УИХ-ын гишүүнээс эхлээд хэрэг, явдлыг нь хуулийн дагуу шийдүүлбэл нийгэмд үүсээд байгаа шударга ёсны төлөөх хүлээлтэд хариу өгнө. Манай байгууллагын ажлын үр дүн ч гарах учиртай.
УИХ-ын гишүүнээс доошхи албан тушаалтнууд холбогдсон хэрэг хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж байгаа. Харин УИХ-ын гишүүд л хамгаалалтад орчихоод, асуудлыг гацаагаад байгаа юм.
Тиймээс УИХ-ын тухай хуулинд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага байна. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь шууд түдгэлзүүлэх боломжийг бий болгох, хэсэг бүлгээрээ хамгаалдаг энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй. Өндөр албан тушаалын хүмүүс хэрэгт холбогдчихоод, асуудал нь шийдэгдэхгүй болохоор ард түмэн бухимдаж байна.
Гэмт хэрэгт холбогдсон улстөрчид хэргээ хуулийн дагуу шийдүүлэхийн оронд харин ч манай байгууллагын эсрэг сөрөг PR хийдэг. Шударгаар үйл ажиллагаа явуулах тусам асар их эсэргүүцэлтэй тулгарах нь эндээс харагдаж байгаа юм. Албан тушаалтнууд ашиг сонирхолын хэлхээ холбоогоор нэгдэж, бие биенээ хамгаалсан байдал үүссэн ийм хүнд нөхцөлд АТГ ажиллаж байна.
Монгол улс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах асуудлыг таслан зогсоож , хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтантай хариуцлага тооцож чаддаг болсон үед улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Хамгийн гол нь том, жижиг гэлтгүй төрийн албан хаагчид цэвэр тунгалаг, ёс зүйтэй байх нь чухал юм.
Нэмж хэлэхэд, манай байгууллагын эсрэг энэ бүх явдал цаг хугацааны жижиг асуудал. Ийм зүйл өшөө их явагдана. Энэ бүгдийг эсрэг бид дархлаагаа тогтоох ёстой. Энэ бүгдийн эсрэг хүчтэй ажиллаж байж нийгмээ цэвэрлэнэ. Нийгмээ цэвэрлэж байж хөгжих ёстой. Хөгжлийн зангилаан дээр суусан албан тушаалтнууд хууль бус зүйл хийж, ашиг хонжоо олохын тулд үйл ажиллагаа явуулж улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна.Энэ бүгд манайд ирж буй мэдээллээс тодорхой харагддаг. Энэ хууль бус үйлдлийн эсрэг тодорхой үйл ажиллагаа явуулж байж улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс бид ямар ч албан тушаалтан хэн ч байсан асуудлыг шалгаж, шийдвэрлүүлнэ.
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Улстөрийн намууд, улстөрчид сонгуульд орохдоо шударга ёсыг тогтооно, авлига хүнд сурталтай тэмцэнэ гэж амлаж гарч ирдэг. Ингэж амладаггүй хүнгүй болсон. Энэ бол сонгуульд аль ч намын, улстөрчийн амнаас гардаг үг болсон. Гэтэл амьдрал дээр сонгогдсоныхоо дараа шударга ёсны төлөө, авлига хүнд сурталтай тэмцэх талаар хийж байгаа ажил байхгүй нь үнэхээр харамсалтай байдаг. Авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлээр амласан амлалтаа биелүүлээчээ. Биелүүлэх цаг болчихоод байна гэдгийг намууд, улстөрчид, ард түмэндээ хэлмээр байна. БНСУ-д Авлигатай тэмцэх бодлого нь “Дээрээ цэвэр байвал доороо тунгалаг” байна гэсэн зарчимтай байдаг гэсэн. АТГ энэ зарчмыг баримтлаад дээрээс нь УИХ, Засгийн газрын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шалгахаар эргээд АТГ-ын үйл ажиллагааг харлуулсан, гүтгэсэн явдал энэ онд газар аваад байна. Намууд өөрсдөө хариуцлагаа сайжруулж, хариуцлага тооцооч ээ. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хуулийн байгууллагаар шалгах боломжийг олгож өгөөч. Гэм буруугүй гэж хэвлэл мэдээллээр ярихынхаа өмнө шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгооч ээ. Шүүх гэм буруутай эсэхийг тогтооно. Шүүх ганц яллах талыг барьдаггүй бас цагаатгах талыг ч барьдаг шүү дээ.

-АТГ-аас сонгуулийн өмнө манайд шалгуулж байгаа хүмүүсийнх нь талаар намын дарга нарт нь хандаж байсан. “Танай намаас нэр дэвшээд байгаа эдгээр хүмүүс манайд эрүүгийн хэргийн учир яллагдагчаар татагдаад байна. Та намын даргын хувь нэр дэвшигчээ татаж аваачээ” гэж албан бичиг явуулан хандаж байсан.
-С.Баяр, Ц.Элбэгдорж нарт албан бичиг хүргүүлж байсан гэсэн үг үү?
-Тийм, Гэвч тэд тэдгээр хүмүүсийнхээ нэрийг татаж аваагүй. Тэд татаж авах эрхтэй байдаг. Тэгээд л тэр хүмүүс нь сонгуулиар гараад ирсэн.
СЕХ-нд ч бас хандаж байсан. СЕХ нэр дэвшигчийн жагсаалтаас хасах эрхтэй. Намын дарга нар нь ч тэр, СЕХ ч тэр үүнийг тоогоогүй. Гэтэл намын мөрийн хөтөлбөрт нь авлигатай тэмцэнэ энэ тэр гэж уран гоё үгс байгаа шүү дээ.
-Сонин хэвлэлээр тухайн намын нэр дэвшигч АТГ-т шалгуулж байгаа талаар нь олон нийтэд дэлгэж болдоггүй юм уу. Үр дүн нь илүү байх болов уу?
-Болохгүй ч юм байхгүй.
-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа хүмүүс, ялангуяа төрд өндөр алба хашиж байгаа хүмүүс мэдүүлгээ нүд хуурсан байдлаар гаргадаг гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Тэд үнэхээр үнэн зөв гаргаж байна уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа. Бид хуулийг бүрэн судалж, ашиглаж, бүртгээд явж байна. Олон түмний дунд төрийн албан хаагч хөрөнгө орлогоо худал мэдүүлээд байна гэх яриа бий.
Монгол Улсад өмчлөлийн байдал хоёр янз байгаа. Өмчлөх эрх хувь хүн, хуулийн этгээдэд байгаа. Жишээ нь УИХ-ын нэг гишүүн өөрийнхөө хувь эзэмшдэг үүсгэн байгуулсан компанийнхаа хувь, өмчлөлийг мэдүүлэх эрх байхгүй. Харин өөрийнхөө хувь өмчлөлийг л мэдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр үүнд хүмүүс андуураад байдаг. Тухайн хүний компани нь барилга барихад тухайн гишүүн барилга бариад байна. Түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна гэж ойлгодог.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэхээр худал мэдүүлсэн тохиолдолд АТГ хуулиараа илрүүлдэг, албан ёсны дүгнэлт гаргадаг, дүгнэлтдээ үндэслээд шийдвэр гаргана. Улмаар манай шийдвэрийг хүлээн аваад арга хэмжээ аваагүй албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцдог. АТГ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, бүртгэх, алба хаагчдыг гаргуулж хэвшүүлэх чиглэлээр гол бодлогоо чиглүүлж ажиллаж байсан. Одоо бол төрийн албан хаагчид бүгд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж хэвшсэн.
-Хөрөнгө орлогын мэлдүүлгээ өнгөрсөн жил худлаа гаргаад хариуцлага тооцоогүй хүн үлдсэн үү?
-Арга хэмжээ аваад байгаа. Сануулаад өнгөрч байна гэсэн уур амьсгал байгаа. Сануулна гэдэг эргээд хариуцлага тооцох, бүрэн дүүрэн үндэслэл бий болгож байгаа юм. Цаашид хуульд заасан ажлаас халах, түдгэлзүүлэх, огцруулах гэсэн арга хэмжээг тууштай авна. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд тухайн шийдвэрийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг өгөөд арга хэмжээ авахуулаад явна.
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Авлигын эсрэг анхны хууль 1996 онд батлагдсан. Түүнд хөрөнгө орлогын мэдүүлэг авах бүртгэх асуудал яг өнөөгийнх шиг тусгагдсан байсан. Харин тэр үед хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 32 хувьтай байсан. Дунджаар гурван хүний хоёр нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй байсан гэж хэлж болно. 2006 онд Авлигын эсрэг хоёр дахь хуулийг баталснаар өнөөдөр 99.8 хувь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг болоод байна. 54000 хүнэс 30 гаруй хүн л өгөөгүй байна.
Энэ бол ажлын үр дүн мөн үү гэвэл мөн, ажлыг нэг далайцаар хийнэ гэдэг бол хүнд. Бид эхний ээлжинд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг, бүртгэдэг байдлыг нэг мөр цэгцтэй шийдэхэд анхаарал хандуулсан. Хариуцлга тооцох ажил бол асар том ажил байлаа. Одоо дараагийн шатны ажилдлаа ороод байна. Хяналт шалгалт, хариуцлага тооцох ажлыг бид эрчимжүүлж байна. Өнгөрсөн жил 22 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргаснаас ажлаас халагдсан. Энэ тоо бага тоо юу гэвэл биш. Олон хүнийг халснаараа амжилттай байна гэж үзэх үү, сайн бүртгээд олон хүнийг хамруулж нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлж чадсанаараа сайн үр дүнтэй байна гэж үзэх үү.
Ер нь манай ажлын гол үр дүнг хүнийг ажлаас халах, хорихоор дүгнэнэ гэвэл өрөөсгөл ойлголт. Энэ ажлыг зайлшгүй хийх ёстой юу гэвэл ёстой ажил. Гэхдээ зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг цавчаад цавчаад явчих юм бол жинхэнээсээ хүнийг хэлмэгдүүлдэг байгууллага болж хувирна шүү дээ.
-Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа хэргүүдийг нэрлэхгүй юу?

-Одоо ажиллагаанд байгаа хэргээс 14 хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдана. Чухам хэнийх нь хамрагдах вэ гэдгийг хэлмээргүй байна.
Одоо урьдчилж хэлэхэд хэцүү. Мөрдөн байцаалтын шатанд юу ч өөрчлөгдөж болно. Одоо өршөөлд хамрагдана гээд хэлчихвэл нийгэмд янз бүрийн уур амьсгал үүсгэнэ шүү дээ. Жинхэнээсээ хүмүүс “Энэ АТГ-ынхан чин нээрээ худлаа ярьдаг юм байна” гэнэ биз дээ.
-Олон улсын практикт Өршөөлийн хууль гаргаад албан тушаалын хэргийг хамруулж байсан тохиолдол байдаг юм болов уу гэдгийг та бүхэн судалж үзсэн үү?

-Өршөөлийн хууль гаргаж баталсан ч гэсэн албан тушаалын хэргийг хамруулдаггүй. Албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байгаа тохиолдолд тэнсэж хянан харгалздаггүй. Заавал биеэр эдлүүлдэг юм билээ.
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
-Өршөөлийн хууль батлагдсаны дараа Олон улсын зөвлөх Тони Квок Монголд ирээд “Авлигачдаа өршөөдөг орон Монголоос өөр дэлхийд байхгүй ээ” гэж хэлсэн шүү дээ.

-Олон улсын практикаас харахад Сингапурт ийм тохиолдол нэг гарсан. Тус улсад АТГ байгуулагдаад эрчимтэй ажил явуулаад эхэлсэн. Гэтэл маш олон албан тушаалтан нь шоронд орохоор хэмжээд очсон. Нийгэмд эмх замбараагүй байдал бий болж, төрийн зарим албан хаагчид ажил хаяж эхэлсэн. Энэ тохиолдолд нэг удаа Өршөөлийн хууль гаргасан байгаа юм. Гэтэл бас авлигачдаа өршөөлөө гэсэн шүүмжлэл өрнөсөн.
Манай улсын хувьд гэвэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль гаргах гэж байгаатай холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэг энэ хуульд хамрагдах гэж байгаа талаар танай сонинд ярилцлага өгч, анхааруулж байсан. Гэвч албан тушаалын хэргийг хамруулсан шүү дээ.
Судлаачдын дунд авлигын хэргийг Өршөөлийн хуульд хамруулах ёстой юу үгүй юу гэдэг асуудал маргаантай байдаг. Өршөөлийн хууль үнэхээр гаргах нийгмийн шаардлага гарсан байж болно. Түүнийг батлан гаргасан тохиолдолд өндөр албан тушаалтнуудыг хамруулахгүй, харин дунд албан тушаалтнуудыг нэг удаа хамруулж болно гэж судлаачид үздэг.
Авлига гэдэг хорт үзэгдэл нийгмийн гажигаас болж үүсч байгаа асуудал учраас шүү дээ. Тиймээс Өршөөлийн хуульд өндөр албан тушаалтныг хамруулахгүйгээр, дунд албан тушаалтныг хамруулах нь зүйтэй гэж судлаачид ерөнхийдөө санал нэгддэг.
Өршөөлийн хуульд албан тушаалын хэргийг хамруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн ганц л тохиолдол байдгийг дээр хэллээ. Сонгуулийн тогтолцоо, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол өнөөдрийнх шиг ийм хэмжээндээ байх юм бол цаашид авлигатай тэмцэж шударга ёсыг тогтооно гэдэг бол ихээхэн бэрхшээлтэй, хүндрэлтэй байна.
-АТГ-ын одоогийн удирдлагыг огцруулах солих гэж байна гэх яриа их гарч байна. Ийм байдал танайд үүсчихээд байна уу?
Ч.Сангарагчаа /АТГ-ын дарга/
–Энэ бол албан тушаал хөөцөлдсөн хэсэг бүлэг хүний улстөрийн зорилготой хийж буй явуулга. Энэ байдал хэдэн сар үргэлжиллээ. АТГ-ын даргыг огцруулах гэсэн үг хуульд байхгүй. Чөлөөлөх гэж үг бий. АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гурван үндэслэл хуульд бий. Нэгдүгээрт өөрөө хүсэлтээ гаргасан бол, хоёрдугаарт эрүүл мэндийн байдлаас ажлаа хийж чадахгүй болсон бол, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа нь дууссан бол чөлөөлнө. Ийм гурван үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, ажлаас чөлөөлөхийг хатуу хориглоно гэсэн заалт хуульд бий.
-АТГ байгуулагдаад гурван жил болоход танай ажилтнуудаас зөрчил гаргаад ажлаас халагдсан тохиолдол бий юү?
-Олон улсын практикт АТГ байгуулагдаад байгууллагын ажилтнууд нь өөрсдөө авлигад холбогдсон тохиолдол байдаг.
Манай байгууллагын тухайд гурван жил гаруй болоход авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нэг ч хүн байхгүй. Би өөрийнхөө ажилтнуудаараа бахархаж байгаа. Манай байгууллагад шалгарсан төрийн алба хаагчид ирсэн юм байна. Энэ их эрсдэлтэй, албан тушаалтай,эрх мэдэлтэй хүмүүсийн хэргийг шалгаж байхад манай ажилтнууд гуйвшгүй, зарчмаа хатуу баримтлан ажиллаж байгаа юм. Хэрэв тийм зүйл байсан бол гурван жил өнгөрөхөд ямар нэгэн байдлаар илрэх л байсан.
-Бид яагаад үүнийг асуусан бэ гэхээр таны нэртэй холбоотой, дэд даргын тань нэртэй холбоотой ажилтнуудаа авлигадсан, албан тушаалаа ашигласан гэх асуудал гарч байсан шүү дээ. Үүнийг зайлшгүй асуух ёстой байх гэж бодож байна?
-АТГ-ын дарга, дэд дарга хоёр авлига авчээ гэдэг бол цэвэр улстөрийн зорилготой гүтгэлэг. Ажилтнууддаа авлига өгчээ, өөрөө орон сууцны дэмжлэг авчээ гэж яриад байгаа.
Төрийн албаны болон Авлигын эсрэг хуульд тодорхой заалт байгаа. Авлигын эсрэг хуульд АТГ-ын алба хаагчдыг орон сууцаар хангах ажлыг улсын төсөвт суулган санхүүжүүлнэ гэж заасан байгаа. Төрийн албаны хуульд ч ийм зүйл заалт бий. Эдгээр хуулийн хүрээнд л ажилтнууддаа орон сууц авахад нь дэмжлэг л үзүүлсэн. Би өөрөө орон сууцны дэмжлэг авсан. Энэ байгууллагын дарга гэдэг чинь ялгаагүй л байгууллагын нэг л ажилтан шүү дээ. Үүнийг ажилтнууддаа авлига өгчээ гэх мэтээр бичүүлж, ярьж байсан. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар гэх мэтээр янз бүрээр л яриа гаргалаа шүү дээ. Энэ бүгдийг холбогдох хууль хяналтын байгууллага, аудитын байгууллага иж бүрэн шалгаад Төсвийн хуулийн дагуу бүх зүйл хийгджээ гэсэн дүгнэлтээ гаргасан.
-Танай төсөв хангалттай хүрэлцэж байгаа юу?
-Хангалттай хүрэлцэж байгаа гэж хэлж чадахгүй. Өнөөдөр бид 21 аймагт нэгжгүй. Тиймээс орон нутаг руу томилолтоор маш их явж байгаа. Зарим хүн бүр 45 хоног ч явж ажиллаж байна. Тэр болгонд асар их зардал гардаг. Энд зардал хүрдэггүй. Бид замын унаагаар, микро автобус, таксигаар ажилтнаа явуулах ч тохиолдол байна. Манай ажилтан хавтаст хэргээ бариад замын унаад суугаад явж байгаа нь аюултай. Хэргээ алдвал яах уу, осолдвол яах уу гээд их аюул, эрсдэлтэй.
Орон сууцны тухайд авч үзэхэд боломжтой байгууллагууд орон сууцны түлхүүр гардуулж өгч байгаа. Манайх өнөөдөр ийм хүнд нөхцөлд ажиллаж байж нэг ч ажилтандаа түлхүүр гардуулж өгч чаддаггүй. Тиймээс бид орон сууц авахад нь дэмжлэг үзүүлж 10-20 хувьтай нь тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг л үзүүлж байгаа юм. Дээд тал нь 15 сая төгрөг орон сууцны дэмжлэг үзүүлж өгч байгаа юм. Бид жилд 7-8 ажилтандаа л ийм дэмжлэг үзүүлсэн. АТГ –т ажилласнаараа орон сууцанд амьдрах эрхгүй байж болохгүй.
-АТГ-ын ажлын нэг чухал хэсэг бол урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил. Энэ ажил жирийн алба хаагчдын дунд идэвхтэй яваад байгаа юм шиг атлаа өндөр албан тушаалтнуудын дунд соён гэгээрүүлэх ажил хангалтгүй байгаа юм шиг санагддаг?

-Соён гэгээрүүлэх ажил өргөн далайцтай байж, олон хүнийг хамарч үр дүнд хүрнэ.
АТГ-аас төрийн алба хаагчдад сургалт байнга зохион явуулж байгаа. Энэ сургалтад байгууллагын ажилтнууд л хамрагддаг. Харин дарга нар нь суудаггүй. Байгууллагадаа авлигын эрсдлийг бууруулах ажил зохион байгуулахын тулд удирдлагын манайлал чухал. Тиймээс удирдлагууд суртгалтад хамрагдаж байж дараа дараагийнхаа ажлаа зөв төлөвлөнө гэж үзэж байна.
-Тэгэхээр соён гэгээрүүлэх чиглэлээр явуулж буй сургалт байгаа онохгүй байна уу гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа юм л даа?
-Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө яаж хийх вэ гэсэн сургалт сүүлийн хоёр жилд яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт зориулан явуулсан. Энэ жил хүрээг нь өргөжүүлж орон нутгаас аймгийн Засаг дарга нарыг оролцуулахаар төлөвлөж байгаа.
УИХ-ын гишүүдийг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийн банктай хамтран тусгайлсан сургалт явуулахаар мөн төлөвлөөд байна.
-Улстөрийн хүрээн дэх авлигын байдалд танайхаас судалгаа хийсэн гэсэн. Манай улстөрчдийн нүүр царайг энэ судалгааны дүн харуулсан байх гэж найдаж байна?

-АТГ-аас гурван төрлийн судалгаа явуулдаг. Нэгдүгээрт авлигын индексийн талаар судалгаа явуулсан байгаа. Шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа ирэх зургадугаар сард дуусна.
Улстөрийн хүрээний авлигын байдалд хоёр жил судалгаа хийлээ. Энэ судалгаагаар улстөрийн хүрээний авлига өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг, сонгуулиар томилогддог албан тушаалтнуудын хувьд авлигын эрсдэл өндөр үзүүлэлттэй гарсан.
Харин төрийн байгууллага дахь авлига их байгаа боловч буурч байна гэсэн дүн гарсан.
-АТГ-ын ажилтнуудыг ямар шалгуураар авдаг юм бэ. Урд нь хамт ажиллаж байсан танил тал, ах дүү хамаатан садныхаа хүмүүсийг авдаг гэсэн яриа байдаг шүү дээ?
Г.Бадарч /Тамгын хэлтсийн дарга/
-АТГ-т садан төрлийн холбоотой нэг ч хүн байдаггүй. Авлигын эсрэг хуулиар садан төрлийн холбоотой хүн ажиллахыг хориглосон байдаг. Тиймээс манайх хуулийн энэ заалтыг чанд биелүүлж ажиллаж байгаа. АТГ бол төрийн тусгай байгууллага. Төрийн тусгай албанд орж ажиллаж байгаа албан хаагч нарт тусгай шаардлага тавьдаг. Үүнийг хангасан хүмүүсийг томилж ажиллуулдаг. Сул орон тоог нөхөхдөө өөрийн байгууллагаас тухайн орон тоог нөхөх боломж байвал дотроосоо хангадаг. Боломжгүй бол бусад төрийн байгууллагаас мэдлэг, ур чадвараараа шалгарсан хүнийг сонгож авах боломжтой. Ийм боломж байхгүй бол бусад иргэдээс сонгон шалгаруулах журмын дагуу зарлаж байж авдаг журамтай. Энэ журмаар л ажилд авч байгаа.
-Хэчнээн оронтой гадаад харилцаатай байна вэ?
-Авлигатай тэмцэх ажил гадаад харилцаагүйгээр явахгүй. Яагаад гэхээр авлига бол дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа. Тиймээс дэлхий нийт авлигын эсрэг конвенцийг баталж, үүнд нэгдсэн. Конвенцийг хэрэгжүүлэх механизмыг саяхан Доха хотноо болсон хурлаар баталлаа.
Энэ ажилд манайх хамгийн түрүүнд санаачилга гарган орж ажилласан. НҮБ-ын мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаныхантай түлхүү хамтран ажиллаж байгаа.
Монгол Улсын хэмжээнд НҮБ-ын Авлигын эсрэг конвенц хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг талаар өөрийн үнэлгээний хуудсын дагуу тайлан гаргаж НҮБ-д хүргүүлсний дагуу олон улсын шинжээчид манайд ажиллаж дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ ажлын хүрээнд манай хоёр ажилтан олон улсын шинжээчийн статустай болж чадсан. Манай хоёр шинжээч гадаадын бусад оронд очоод НҮБ-ын Авлигын эсрэг конвенц хэр хэмжээнд хэрэгжиж байна гэдгийг үнэлж дүгнэх боломжтой болж байгаа юм. Энэ утгаараа АТГ-ын болон Монгол Улсын нэр хүнд авлигатай тэмцэх асуудлаар олон улсын түвшинд нэмэгдэж байна гэж хэлж болно.
Түүнээс гадна Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполтой хамтран ажиллаж байна. Энэ байгууллагад нэн тэргүүнд анхаарах ёстой 10 асуудал бий. Өмнө нь хүний наймаа, хар тамхи мансууруулах бодис галт зэсвгийн наймаа эхэнд тавигдаж хамгийн сүүлд нь авлига байдаг байсан. 2008 онд болсон Интерполын ерөнхий ассамблейн чуулганаар энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллагын тэргүүлэх асуудлын хамгийн эхэнд авлига тавигдсан байгаа. Тиймээс Интерпол өөртөө авлигын асуудал хариуцсан нэгж байгуулсан. Энэ байгууллага байгуулагдахаас нь эхэлж манай АТГ хамтран ажиллаж байна.
Түүнчлэн бид хөрш орнууд болон тодорхой улс оронтой хамтран ажиллах гэх мэтээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа.
Тэмдэглэсэн Г.Цолмон