Монголын минь бяцхан тамирчид оюуны спортоор дэлхийд данстай болжээ. Олон улсын тамирчид монгол хүүхдүүдийг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тооцож, бэлтгэл сургуулиа базаадаг болсон.
Үүний нэг тодхон жишээ нь 2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 06-нд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон “Азийн даамын аварга шалгаруулах тэмцээн” юм.
Энэ тэмцээнд манай улсын баг тамирчид өсвөрийнхөн, насанд хүрэгчид, ахмадууд гэсэн үндсэн гурван ангилалд гялалзсан амжилт гаргаж, 20 алт, 24 мөнгө, 27 хүрэл, нийт 71 медальтай бахархал дүүрэн ирлээ.
Азийн 15 орон оролцсон энэ тэмцээнд манай улс медалийн тоогоороо зохион байгуулагч Узбекистан улсын ард буюу аман хүзүүдсэн бол зөвхөн нэг алтан медалийн чанарын зөрүүгээр гуравт жагсаж чадлаа.
Энэ бол манай тамирчдын чанар чансааг тивийнхээ тавцанд төдийгүй дэлхийн дэвжээнд илэрхийлэх бодит үнэлгээ.
Ялангуяа, манай бяцхан тамирчид үнэхээр мундаг байсан. 100 буудалт даамын ерөнхий тоглолтод 11 насныхан маань эхний 4-т дарааллан орсныг харахад л догдлохгүй байхын аргагүй.
Энэ мэтчилэн манай тамирчид улсынхаа нэрийг өндөрт мандуулж, монгол түмнийхээ бахархлыг дэврээгээд ирсэн билээ. Баярт мэдээний давлагаа өнөөдөр ч халгиж цалгисаар байна.
Гэхдээ энэ сайхан бахархал баяслын хамт бяцхан тамирчдын маань зарим нь их амжилтын эзэд болохын тулд ямархан хүнд зам туулдгийг тунгааж, эргэцүүлэхгүй байхын арга алга.
Тивийн тэмцээнд орохын тулд нэг хүүхдийн зардал ойролцоогоор 6-8 сая төгрөг болдог. Энэ нь бололцоотой нэгэнд босч суухын төдийд хэрэглэх мөнгө байх. Харин эгэл ардын хүүхдүүд хайж олно гэдэг хүнд даваа. Өндөр амжилт гаргаж чаддаг хүүхдүүд олон улсын тэмцээнд жилдээ нэг, улс, аймгийн тэмцээнд 2-3 удаа явдаг. Тэр болгонд тодорхой хэмжээний зардал гарна. Хоёрхон хүүхдийн жишээг аваад үзье.
Баянхонгор аймгийн дөрвөн удаагийн даамын аварга, Улсын аварга, Азийн аваргын хүрэл медаль, спортын I зэрэг, Баянхонгор аймгийн Шатрын дөрвөн удаагийн мөнгөн медаль, спортын III зэрэгтэй Б.Билгүүндарь охин Азийн аваргын тэмээнд оролцох эрхээ авсан ч зардлын асуудал хүнд байв.
Тэрээр 2013 онд бүр Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч байсан ч санхүүгийн боломжгүйгээс явж чадаагүй юм. Тиймээс оюуны өндөр чадамжтай бяцхан охинд туслах аяныг нийгмийн цахим сүлжээгээр өрнүүлж, олны дэмжлэг авч чадсан билээ.
Гэтэл тэмцээн болох хоног хугацаа тулчихаад байхад Ч.Дашпунцаг гэх бас нэг хөөрхөн хүүгийн мөнгө нь дутчихжээ. Дахиад л тусламжийн аян өрнүүллээ. Энэ хүүхдүүдийг заавал амжилт гаргана гэж итгэж байсан учраас таних танихгүй хүн бүрт хандаж, нутаг усных нь гаралтай УИХ-ын гишүүн, бизнесмэнүүдэд захиа бичлээ. Хүүгийн аз дийлж, хүнд үед сайхан сэтгэлт түмэн минь өглөгийн гараа сунгалаа.
Ийм л байдлаар зардлаа шийдэж явсан дүү нар минь харин биднийхээ итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Б.Билгүүндарь, Ч.Дашпунцаг хоёр маань хоёулаа насныхаа ангилалд “турк даам”-ын төрөлд аварга болж, АЛТАН МЕДАЛИАР энгэрээ мялаагаад ирсэн юм.
Итгэмээргүй ч юм шиг. Яагаад гэвэл Дундад азийн орнуудад “турк даам” нь бүрэн судлагдчихсан, тамирчид нь бэлтгэгдчихсэн байдаг бол манай тамирчид анх удаа тоглож үзсэн. Ердөө хоёрхон өдөр бэлтгэл хийж тоглоод л аварга болчихсон гэхээр гайхалтай биш гэж үү. Ийм л эгэлгүй хүүхдүүд бор зүрхээрээ шамдаж, боломж бололцоог бусдаас эрж байж тив дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг цуурайтуулж байна.
Манай улс спортын яамтай. Төрөөс бүх зардлыг нь даадаггүй юм гэхэд олон улсын чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа дараа дараагийн тэмцээнд ямар нэгэн байдлаар дэмжих бодлогын зохицуулалт зайлшгүй дутагдаж байна.
Мэргэжлийн холбоо бол тамирчдаа тэмцээнд зохион байгуулалттай оролцуулах, виз, тийз гэх мэт ажлыг хариуцлагатай хийдэг. Тэдний санхүүгийн асуудал ч бас хүнд байдаг нь ойлгомжтой. Тиймээс бид сайн тамирчдаа ул суурьтай дэмжих талаар бодох хэрэгтэй юм.
Жил бүр тэмцээн болгонд хандив тусламж гуйж явна гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр аз таарч хандив тусламжаар зардлаа олж байгаа ч бяцхан хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Хүүхдүүд минь аль орны тамирчинтай ямар тактикаар тоглохоо бодохоос илүүтэй олон хүний өгсөн тусламж дэмжлэгийн ачийг яаж хариулна даа гэж дотроо шатна, шанална.
Хувийнхаа санхүүгийн боломжгүй байдалд санаа зовно. Энэ мэт сэтгэл зүйн хүчин зүйл ялангуяа бага залуу тамирчдын амжилтад муугаар нөлөөлдөг болохыг спорт судлаачид хэлдэг. Иймийн тул бид ирээдүйд цахиур хагалах тамирчдаа эртнээс зөв бэлтгэж, сэтгэл санааг нь тайван байлгаж, өөртөө илүү итгэлтэй, өрөөлийг ялах зүтгэлтэй болгон төлөвшүүлэх чиглэлд түлхүү анхаармаар байна.
Бахархам амжилт гаргаж чаддаг бяцхан тамирчдын маань өрөвдөм үнэн ийм буюу.