Уул уурхайнхан банкны итгэл даасан зээлдэгч байсан нь саяхан
Чанаргүй зээл гэх үг танд танил сонсогдож байна уу. Сүүлийн үед санхүүгийн салбарынхан чанаргүй зээл ихэссэн талаарх тоо баримтыг янз бүрийн хурал чуулганд оролцох үеэрээ эш татах нь ихсэв. Эдийн засаг сульдаж байгаа нь үүнд буруутай гэж онцлох болов. Телевизээр ингэж ярихыг нь та үзсэн байлгүй. Том том банкуудад хамаатай албаны хэлээр өнөөгийн нийгмийн дүр төрхийг илэрхийлж байгаа нь энэ.
Хилийн наана, цаана амьдралын өнгө тэс өөр. Чанаргүй зээлийн талаар биччихээд юун хил хязгаар яриад унав гэж бүү гайхаарай. Монголын хил орчмын амьдралын өнгө чанаргүй зээлтэй хэрхэн уялдахыг тайлбарлах гэсэн юм. Тодорхой хэлбэл, уул уурхай уналтад орох цагаар монголчууд ба хятадууд тэс өөрөөр амьдарч эхэлжээ. Уул уурхайн түүхий эдийн худалдаа сайн байх цагт хил орчмоор амьдардаг хятад ба монголчууд мөнгөний урсгалын нөлөөгөөр сайхан аж төрдөг байв. Тэгтэл худалдаа царцах цагаар монголчууд чардайгаад, хятадууд налайж байна. Яагаад гэж үү. Манайхан орон сууцны зээлтэй. Харин хятадууд ажилгүй ч гэсэн олсон хэдээ хурааж хуримтлуулжээ.
Цалин сайтай байсны дүнд зээл авах нөхцөл бүрджээ
Уул уурхайн салбарт арилжааны банкнаас олгосон нийт зээлд эзлэх муу зээлийн хэмжээ хамгийн их байна
Эдийн засаг 17.5 хувиар өссөн тэр сайхан цагт уул уурхайнхан шиг орлого сайтай хүн байсангүй. Хамгийн авууштай нь, мөнөөх орлого нь татвар төлсөн цэвэрхэн мөнгө гээд бод доо. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд тавьсан цалингаасаа суутгах ёстой татвар, хураамж бүгдийг аваад, улсад өгдөг байв. Ингээд л уул уурхайнхан банкны итгэл хүлээсэн зээлдэгч болов. Үүнд иргэдийн болоод байгууллагын зээл хамаатай.
Монгол банкны зээлийн статистикаас үзэхэд, уул уурхайн салбарт олгосон нийт зээлд эзлэх муу зээлийн хэмжээ 10 гаруй хувьтай тэнцэн, тэргүүлжээ. Энэ нь барилгынхнаас гэхэд л бараг гурав дахин өндөр дүнтэйг онцолъё. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар хэрхэн хумигдаж буйг харж болно. Муу зээлийн хэмжээ өссөнөөс үзэхэд, олон компанийн үйл ажиллагаа царцсан байгаа юм. Нөгөө талаас, зээлээ төлж чадахгүйд хүрсэн уул уурхайн нэг компанийн ард хэдэн ажилтан байгаа бол гэдэг нь анхаарал татсаар байна.
Уул уурхайнхан цомхотголд ихээр өртөж буйг ‘Specialized career consulting” компанийн сонгон шалгаруулалтын мэргэжилтэн А.Заяа манай сонинд ярилцлага өгөх үедээ дурдсан. Ямар компани, хэдэн ажилтан цомхотгосон талаар барин тавин хэлэх тоо байхгүй. Харин уул уурхайнхны боловсон хүчнийг “нийлүүлдэг” дээрх компанид эргээд хандах ажил горилогчдын тоо өссөөр байгаа гэсэн хандлага л бий. Харин энэхүү мэдээллийн цаана амьдралын ямар өнгө өрнөж байна гээч?
ХУРИМТЛАЛГҮЙ УУРХАЙЧДЫН ДҮР ТӨРХ
“Зээлээ төлөх гэж чардайгаад машинаа зарчихлаа. Авах хүн олсон нь их юм” гэж танил маань хэлэв. Тэрбээр уул уурхайн ханган нийлүүлэлтийн том компанид ажилладаг байсан. Гэвч хэдэн сарын өмнө цомхотголоор ажилгүй болжээ. Уг нь үр дүнтэй, чадварлаг гагнуурчин. Өмнө нь тоног төхөөрөмж засдаг байжээ. Цалин ч боломжийн байсан гэнэ. Нийгмийн даатгалын хураамжаа ягштал төлдөг, хувь хүний орлогын албан татвараа ч суутгуулдаг учраас гурван жилийн өмнө орон сууцны зээл түвэггүй авсан намтартай. Харин одоо зээлээ төлөхийн тулд машинаа зарчихаж. Дараа сараас хэрхэх нь тодорхойгүй байгаа. Боломж гарвал Солонгос явах санаатай гэж ярилаа. Түүний яриаг батлах бас нэгэн мэдээллийг мягмар гарагт Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. БНСУ-ыг зорьсон иргэд харлаж эхэлсэн гэжээ.
Говь-Алтайн хил орчмын нутагт олборлолт хийдэг уурхайд ажилладаг байсан өөр нэг найз маань “Амьдрал арзгар байна шүү” гээд хөхрөв. Тэрбээр оператор буюу томоос том "мангасны" жолооч байв. Найзын ажилладаг компани 10 орчим оператортай байсан бол өдгөө энэ тоо дөрөв болон буурчээ. Тэсэлгээ хийдэг уулынхнаас гэхэд талаас илүү нь ажлаасаа гарсан гэнэ. Тэрбээр мөн л байрны зээл авч дөнгөсөн ба банкнаас бараг өдөр бүр залгах болжээ. Таксинд яваад, халтуур хийгээд ч өмнө нь авдаг байсан цалинд нь хүрэхгүй байгааг учирлав. Хашаа байшиндаа очоод байраа түрээслүүлэх санаа байна гэж хэтийн төлөвлөгөөгөө хэллээ.
Хилийн наана цаана амьдрах хятад болон монгол уурхайчдын амьдрал тэс өөр
Энэ мэтээр яривал ажлын дийлэнхийг нугалдаг жинхэнэ уурхайчид буюу мэргэжилтнүүд цомхотголд түлхүү өртжээ. Уурхайчдын амьдрал хэцүүдэж эхэлсэн нь энэ. Ар гэрийнхэн нь ч тэднийг дагаад “цомхотголд” оржээ. Ихэнх уурхай юуны урьд уулынхныг амраадаг ба үүний дараа үйлдвэрийнхний ээлж ирнэ. Зарим компани дунд шатны менежерүүдээ ч халсан тухай яриа чих дэлсэв. Халаа сэлгээнд өртсөн хүн уншигч таны эргэн тойронд байгаад ч эргэлзэхгүй байна. Учир нь бид саяхан л уул уурхай руу бөөнөөрөө шуурдаг байлаа шүү дээ.
Мэдээж цалин сайтай байсны дүнд ахиу хэмжээний зээл бүгд авчихсан. Тодорхой хэлбэл, энэ оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар уул уурхайн салбарынхны дундаж цалин 1.7 сая төгрөгтэй тэнцсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Албан ёсны шимтгэл, суутгалаа төлсөн цалингийн дүнг базсан тооцоолол шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал болон ХАОАТ зэргээ ягштал төлсөн уул уурхайнхан байрны зээл авах хүмүүсийн тэргүүн шугамд жагсдагийг уншигч та харж байна. Өдгөө нүүрс үнс, төмрийн хүдэр "шороо" болох цагаар тэд ажилгүй болж, тэртээ өндрөөс газарт уналаа.
Эцэст нь, уул уурхайн компаниуд хямралыг давахаар өөрийн өнгө төрхийг шингээсэн менежментийг хэрэгжүүлж байна. Цомхотгол хийхээс эхлээд зардлаа бууруулах бүхий л арга хэмжээг авч эхэлсэн. Нөгөө талаас, банкуудын зээлийн нэг номерын шалгуур тухайн үеийн орлого байж болохгүйг одоогийн нөхцөл байдал харуулаад байх шиг. Мөнөөх зээлдэгч нь зах зээл сайнгүй үед яагаа ч билээ, хэн мэдлээ.
Э.Хулан