Монголын сүүлчийн хаан Богд Жавзундамбыг санаагүйгээ хэнээс асууж, бодсоноо хэнтэй зөвлөхсэн билээ хэмээн харамсан гашуудахад хүргэсэн Монгол төрийн хүн олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэдийг тусгаар тогтнолын өдөр нэхэн дурсая.
Одоогоос нэгэн зууны тэртээ туурга тусгаар Монгол хэмээх өрх гэрээ дахин байгуулах, төр ёсны уламжлалаа сэргээх, их гүрнүүдийн тоглоомонд зохицлыг олох ухааныг өөрийн биеэр эдэлж, эцэстээ эмгэнэлээр хувь тавилангаа дуусгасан хүн бол Цэрэнчимэд. Монголчууд бид төрийн зүтгэлтэн, эх оронч хүнийг магтан шагших, хөөргөн өргөхийг хүсдэг. Тэгвэл тийм хий магтаал, сүрхий үг, сүржин байдал хэрэггүй хийж гүйцэтгэсэн, зүтгэсэн зүтгэл нь нэгэнтээ түүхэнд үлдсэн эгэл хүн тэр. Тусгаар тогтнолыг ярьж, дурсаж байгаа бол Да лам Цэрэнчимэдийг дурсахгүй байх үндэсгүй. Хэдхэн хоногийн дараа түүний мэндэлсний 150 насны түүхт ой тохионо. Төр засаг үүнд анхаарах буй за. Тусгаар тогтнолоос салгаж үл болох мартаж үл орхих хүмүүн билээ.
Түүнийг 1872 онд одоогийн Төв аймгийн Лүн сум тухайн үеийнхээр бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны нутаг дахь VII Богд гэгээний өмч, их шавийн хамжлага, эгэл ард Гомбын хүү болон мэндэлхэд лам түүнд Цэрэнчимид нэр хайрлажээ. Тэрээр ухаан суух арваад насандаа Хүрээний газраа ирж Вангайн аймгийн садныхаа нэгэн гавжийнд шавилан сууж түвэд, манж хэлийг үзэж, монгол бичигт улам боловсорч Эрдэнэ шанзудбагийн яаманд туслах бичээчийн алба хаших болсноор шашны хүрээнийхэндээ учир танигдаж эхэлсэн. Удалгүй сурсан мэдлэгээ илэрхийлэн “Хүн бүхэн чин сүжгээр залбиран үйлдэхтүн” хэмээх ном бичснээр шашны номын хэвчээнд бусдын анхаарал татаж эхлэжээ. Түүний тун чухал чанар нь аливаа асуудалд нягт нямбай ханддаг байсныг хожмоо хүмүүс дурссан байдаг.
Тусгаар тогтнолыг ярьж, дурсаж байгаа бол Да лам Цэрэнчимэдийг дурсахгүй байх үндэсгүй. Хэдхэн хоногийн дараа түүний мэндэлсний 150 насны түүхт ой тохионо.
Дөч эргэм насандаа Шанзудбын яамны Да ламын тушаалыг хаших болсон энэ үеэс түүний нэр нөлөө шашин болоод ноёдын дунд тодорхой хэмжээнд өссөн. Өөрийн язгуур Монголын уг төрийг хэрхэн сэргээх, цагийн тохиол олж туурга тусгаар улсаа босгох талаар өвөр монгол зэрэг газраас ирсэн хүмүүсийн санаа бодолтой тулгарсан юм. Түүний зэрэгцээ VIII Богдтой нэлээд ойр нөхөр, дотно харилцаатай нэгэн болов. Шанзудбын яамны өдөр тутмын хэрэг нь үнэн хэрэгтээ төр улсгүй монголчуудын хувьд төр ба шашны хэргийг хамаарах гол байгууллага байлаа. Тиймээс тусгаар тогтнолын үйл хэргийг далдуур бэлтгэж, зэвсэг хураах, Манжийн хүрээн дэх захиргаатай заалдаж, зодолдсон лам нарыг ч тараасангүй бас шийтгэсэнгүй зэрэг эсэргүүцэл үзүүлж байв.
Энэ үеэс л Монгол туургатны төр улсаа сэргээн байгуулах үйл хэргийн төлөө Чингис хааны угсааны ноёд, томоохон лам тэргүүтнүүд нэгэнтээ санаа сэдэж, бодол нийлж яриа өрнүүлэх болох үед язгуур угсаагүй ч эрдэм чадалтай, шударга явдалт да ламыг татан оруулжээ. Ноёд ч да ламд итгэдэг, да лам ч ноёдод түшиг болдог байв. Богдын ноёдтой харилцах гол холбоосын үүргийг Да лам гүйцэтгэв. Богд уулын Нүхтийн уулзалтын үр дүнгээс Хаант Орост айлчлах төлөөлөгчөөр ноёдын бүлгээс Ханд ванг, Өвөр Монголын төлөөллөөс Хайсанг, шашныхнаас Да ламыг томилон илгээв. Да лам алс хол Орос орон руу явахаа нууцлан, “биеэ сувилахаар хөдөө гарч хэд хононо” гэдэг шалтаг заан албанаасаа чөлөө авав. VI сарын 29-ний өглөө Богд гэгээнд мөргөхөөр очиход нь - За Цэрэнчимэд, чи явах гэж ирэв үү? гэж хэлээд өөрийнхөө өмсөж байсан цамцыг тайлж өгөөд “Чи үүнийг өмсөөд яв. Хэргээ бүтээж иртэл битгий тайлаарай” гэж хэлсэн гэдэг. Мэдээж Манжийн хатуу хяналтын доор байсан тэд уул хадаар нуугдаж, дүрээ хувилгаж, зүсээ буруулан явсаар зорьсон хэргээ Оросуудад бүрэн биш ч зохих хэмжээнд ойлгуулж чадсанаар тусгаар тогтнолын үйл хэргийг эрчимжүүлсэн юм.
Зорьсон хэрэг бүрэн бүтээгүй нь хаант Оросын их гүрний далд бодлогоос шалтгаантай байлаа. Гэсэн ч хаант Орос улс монголчуудад ямар нэгэн байдлаар туслах ёстой тэгэхгүй бол өөр ямар нэгэн их улс гарч ирээд тэдэнд туслаж мэднэ хэмээх байр сууринаасаа тусалъя гэсэн хариуг өгсөн юм. Тэдний алхах гишгэх бүрийг Хүрээнээс тавьсан хятад тагнуулууд Оросын Челябинск хот хүртэл мөрдөж хянаж байв. Магадгүй амь нас нь бусдын гарт байсан ч зорьсон хэрэгтээ сэтгэл шантарсангүй. Буцаж ирсний дараанаас да лам Цэрэнчимэд бусад ноёдын хамт тусгаар тогтнолын үйл хэргийг маш хянуур, ээлж дараатай хийж эхлэв. Түүний эхний үр дүн нь 150 орчим жил Монгол газар суусан Манжийн албаны түшмэлийн хойч Саньдог хөөж гаргав. Үүний дараа туурга тусгаар улсаа өөртөө тогтнуулах ажлын бэлтгэлийг шуурхайлж олон газарт мэдүүлж, монголчуудын эв эеийг хичээж ажилласнаар 1911 оны 12-р сарын 29-нд Богд гэгээнийг хаан ширээнд залж тусгаар улсаа байгуулж чадсан.
Богдын ноёдтой харилцах гол холбоосын үүргийг Да лам гүйцэтгэв.
Шинэ улс гэрийг байгуулахын өмнөх бүхий л бэлтгэлийг зохион байгуулах, бичиг захидал илгээх зэрэг ажлыг Да лам ерөнхийдөө дагнан гардаж байв. Харин шашны талын хүн боловч Да ламын хувьд Монголын хаан ширээнд хэнийг залах вэ? гэдэг асуудал дээр сонирхолтой байр суурь баримталж байдаг. Тэрээр Богдыг бид шашны тэргүүн хэмээн залснаас бус төрийн хэрэг атгуулах хүсэлгүй, язгуурын ёсоо бодвоос Монгол хүн Монголын хаан байх ёстой гэжээ. Гэвч эцэстээ Түвэд гаралтай Жибзундамбыг хаан ширээнд суулгах болж, өөрийг нь эрдэм чадалдаа эрдэж өөрөө хаан суухыг санаархлаа хэмээн хардаж сэрдэх болсноор асуудал шийдэгдсэн билээ. Гэсэн ч Богд гэгээн ч түүнд юм санасангүй, Да лам ч түүнээс халгасангүй. Төрийн хэрэг явдгаараа явсан юм. Төрийн төлөө зүтгэж буй хүн жижиг ховонд хөтлөгддөгүйн жишээ энэ. Харин ч Богд хаанаас шинэ төрийн тэргүүн сайд Дотоод яамны тэргүүн сайдад Да лам Цэрэнчимэдэд итгэл үзүүлэн тохоон томилж, чин вангийн зэрэг хүртээв. Ийнхүү тулгар тогтсон Монгол Улсын Засгийн газрын тэргүүний үүргийг Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд гүйцэтгэж, түүний тэргүүлсэн яам бусад яамдаа ахалж байх, нэг ёсондоо засгийн газрыг тэргүүлэх болжээ.
Харамсалтай нь Монголын ноёдууд улс гэрээ байгуулсны маргаашнаас эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн гарч эхэлсэн тул Богд хаанаас Да ламыг тэргүүлэх яам хэмээн тодорхойлсон нь үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын албыг тэр хаших болсон. Зөрчил үүгээр намжсангүй тул хэдэн сарын дараа шинээр Ерөнхий сайдын албыг байгуулж Сайн ноён ханыг тохооход Да ламаас ямар нэгэн төрийн албан тушаалын өчүүхэн ч эсэргүүцэл элдэв үйлдэл гаргаагүй юм. Энэ мэт явдал бол түүний монгол төрийнхөө үйл хэргийг дотоодын хэрүүл болгохоос илүүтэй эмхлэн байгуулж, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн далайцтай бодлын дэргэд өчүүхэн мэт байв. Дотоодын хувьд Да лам Дотоод хэргийн яамны үйл ажиллагааг хөтлөн явуулахдаа шинэ тутам байгуулагдсан Монгол Улсын төрийн дотоод хэргийг чандлан баримтлах, эрх зүй, ёс суртахууныг ягштал биелүүлэх, ажил үйлсийг цалгардуулахгүй байх, төрийн ёслол хүндэтгэлийг удирдах, аливаа дотоод гадаадын хэрэгт хамааралтай бүхий л бичиг сэлтийг хянан боловсруулах, төрийн тамга үйлдүүлэх, халах солих, хошуу орон нутагтай харилцах, худалдааг эрхлэх явдлыг шийтгэх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг чухал ажлуудыг хариуцан гүйцэтгэж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд Да ламд урьд нь мөрдөгдөж байсан Манжийн төрийн хууль, тогтоомж, журам зааврыг хүчингүй болгон, үндэснийхээ онцлог,уламжлалаа хадгалсан шинэ журмыг боловсруулан мөрдөх шаардлагатай болсон. Тэр бүх ажлыг Да лам санаачлан боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Да ламын санаачилгаар бүх албан газруудын хуучин тамгыг хураан авч устгах, шинэ тамгыг цутган үйлдэх, Их Хүрээг улсын Нийслэл Хүрээ болгон нэрлэх, түүний өмнө орших Хан уулыг Богд хаан уул гэж нэрлэх, шинэ жил цагаан сарыг нийтээр ёслон тэмдэглэх журмыг шинэчлэн батлах Манж Хятадын он тооллыг халаад Монгол орон даяар мөрдөх цаг улирлын тооллыг шинээр зохион мөрдүүлэх, ноёдын зэрэг дэвийн хувцас өмсгөлийг тогтоох зэрэг ажлыг санаачлан эхлүүлснийг түүхийн баримт гэрчилнэ.
Да лам эхэн үедээ Оросын талынханд нэлээд итгэж байсан ч аажимдаа тэдний үнэн санааг таньснаар санал зөрж, улс орныхоо эрх ашгийн үүднээс хатуухан байр суурь баримтлах болов. Оросууд ч түүнд дургүйцэхийн зэрэгцээ болгоомжилж эхэлсэн. Хүрээний консул Люба түүнийг “зальтай этгээд дээ. Баярласан дүр үзүүлсэн ч байж мэднэ” гэжээ. Да лам Монголын байгалийн баялгийг дураар ашиглах концессуудыг хураан авч, зохих татварыг төлөхийг шаардаж, гэрээ байгуулан, Монголд худалдаа хийж буй гадаадын иргэдийг татвар төлөх болгож, улс оронд байгаа гадныхан болон дотоодынхныг чангатгаж эхэлсэн үед түүнд дайсан улам ихсэх болов. Төр хүчгүй үед түшмэд дураараа байдаг болохоор аливаа хууль бус үйлдэл бүр Да ламын гарт хүрвэл бүтэлгүйтэж байв. Оросууд ч энэ тухай бичихдээ Да лам, Хайсан хоёр бүх хэргийг гартаа оруулжээ. Да лам Хутагтад асар их нөлөөтэй болоод түүнээс өөр хаанд илтгэл айлтгал хийдэг хүн байхгүй болсон...Ер нь монголчуудтай ажиллана гэдэг хятадуудтай ажиллахаас хамаагүй хэцүү бололтой дог оо. Яваандаа бүх орос хүн үүнийг мэдэх биз ээ гэж байв.
Да лам улс орныг мөнгөгүйгээр өөд татаж чадахгүйг гүнээ ухаарах боловч анх улс төр нээх нь шинэ гэр барих адил элдэв зүйл маш их хэрэгтэй болдог учир санхүүгийн хувьд их бэрхшээлтэй байна. Тэрээр их хөрөнгө зээлж болох боловч дараа нь төлөхөө бодоод айх юм. Манай зарим нутагт байгаа алтны баялаг ордыг гадны хүнд ашиглуулах хугацаа, газрын хэмжээ зэргийг тогтоон тохиролцоод урьдчилан зээл авах юмуу тодорхой хувийг нь авахаар гэрээ хийвэл хожим будлиан багатай мэт санагдах юм. Бас зарим газрыг нь монголчууд бид өөрснөө ашиглая гэж ярьж ч байна. Ер нь цэрэг болон бусад эрдэмд сурахгүйгээр бие даан улс болон тогтноход их бэрх юм гэдгийг ухаарч байна. Зарим алтны уурхайг хятадуудад гэрээгээр ашиглуулж байгаа боловч зарим хятад түшмэд, Орос Грот нар урд хятадтай байгуулсан гэрээгээр түрэй барин бидний үгийг үл тоодог.
Манж хятадын эрх ашигт нийцүүлэн, нэр алдраа бодохгүй хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн шунахайрч, Монголыг олон жил дарлан хоосруулж байгаа Грот мэтийн хүнд мэхлэгдвэл цаашид Цагаан хаан болон ихэс сайд нарын бодол санаанд харш болоод зогсохгүй Монголчуудын итгэл сэтгэлийг алдагдуулахаас гадна гадаад олон улсын өмнө нэр хүндийг унагасан үйл болох болов уу гэж санаа зовох юм. Тэр тусмаа аливаа улс, төрийн хэргийг явуулахдаа шударга ёсыг баримтлан, дарлан мөлжихийг цээрлэн, эе эвийн сэтгэлээр бие биедээ хандах явдал бол дотоод гадаад харилцаанд аль алинд нь хэрэгтэй зүйл гэсэн захидлаас түүний үзэл баримтлал тов тодорхой харагдана. Энэ үеэс Да лам ч оросуудын үгийг авахаа болив. Оросууд ч да ламыг өөдгүй хэмээн зүхэж хараах болсон. Гэсэн ч энд чадвартай, юм хийчихээр хүн алга.
Да лам зөрүүд, өөдгүй зантай боловч дутагдал багатай хүн учраас түүнийг Монголоос олдох ганц удирдагч нь гэж хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй хэмээн хүлээн зөвшөөрч аргаа барж эхэлсэн билээ. Энэхүү үйл ажиллагаа нь Да лам улс орны эрх ашгийг өндөрт тавьж, түүнд харштай үйл ажиллагаа явуулах хэнтэй ч чигч шулуун байж чадсаныг илтгэнэ. Тэр нэр цэвэр, бусдын нөлөөнд автдаггүйгээрээ ХХ зууны Монголын түүхэнд хамгийн их тод дүгнэлтүүдийг гадныхнаас авсан байдаг юм. Гадна, дотныхон Да ламыг өөртөө татах ямар нэгэн хээл хахууль өгөх гэсэн оролдлого бүр бүтэлгүйтэж байв. Тийм хандлага Монголчуудын дотор ч гарч байв. Тухайлбал Эрдэнэзуугийн хувилгаан ламаас Да ламд шинэ жилийн бэлэг хэмээн их хэмжээний мөнгө ирүүлснийг тэрээр чухам юунд ийм их хэмжээний мөнгө ирүүлэв түүнийг даруй шалгаж учрыг ол. Энэ асуудлыг бүрхэгдүүлэх буюу заасан хугацааны дотор хариу өгөхгүй байж болохгүй хэмээн хатуу анхааруулан гарын үсэг зурсан байдаг. Төрийн үйл хэргийг хийнэ хэмээн албан тушаал хашаад хийж чадахгүй ноёдыг ч тэрээр хатуу шийтгэж, хууль журмаа сахихыг шаардаж байсан. Тухайлбал Сэцэн ханы Ачит бэйсийн Монгол төрд хэр үнэнч эсэхийг шалгахаар байцааж байсан баримт буй.
Тэр нэр цэвэр, бусдын нөлөөнд автдаггүйгээрээ ХХ зууны Монголын түүхэнд хамгийн их тод дүгнэлтүүдийг гадныхнаас авсан байдаг юм.
Да лам Цэрэнчимэд Монгол ноёд сайд нар зөрчилдөх, албан тушаал, авилгын нөлөөнд автах явдалд ихээхэн санаа чилж тусгаар улс болон төр улсаа байгуулж байгаа энэ үед бид бүгдээрээ өөр зуураа найртай, эе эвийг гол болгон эвийн тангаргийг сахин санаа бодлого, арга чадлыг нэгтгэх явдал чухал байна. Одоо бид бүгдээрээ бат тангараг өргөхгүй бол өнгөн дээрээ нэг зүйл яриад далдуур өөр үйлдэл хийн монголчуудыг гашуун зовлонд унагах үйлдэл хийж магадгүй. Бид бүхэн өөр өөрийн бодлоор явахгүй үнэн сэтгэлээсээ явахаа илэрхийлсэн бат тангаргийг байгуулан, түүнийгээ чанд сахиж чадвал Богд эзэндээ үнэнчээр зүтгэхээс гадна олны тусын тулд өөр зуураа бие биеэ хардаж сэжиглэхгүй болох бөгөөд энэ нь гадаад олон улсад шүүмжлэгдэхгүй явах болно хэмээн Богдод айлтгал өргөсөн. Үүний дагуу Да лам тэргүүлэн Монголын төрийн ноёд, лам нар тулгар төрд хоёргүй сэтгэлээр, няцалт буцалтгүйгээр нэгэн сэтгэл, хамтын хүчээр чармайн зүтгэхийн төлөө бүгд тангараг өргөтүгэй хэмээн зарлиг буулгуулж Монгол төрдөө үнэнч зүтгэхээр тангарагласан билээ. Энэхүү тангаргийг өргөсний дараа хүн нэг бүр хөрөг зургаа авхуулсан байдаг. Да ламаас улс төрийн үйл хэргээс гадна Монгол туургатны хувь заяаны талаар ихээхэн анхаарч Богд хаан болон монголчуудын хүсч байснаар Монгол үндэстнийг нэгтгэсэн тусгаар улсыг байгуулаад, цагаан хэрмээр зааг хязгаар болгосон хуучин хилээр нь нутгийг нь сэргээх гэсэн зорилгыг хэрэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байлаа. Тийм ч учраас баруун хязгаарын асуудлыг шийдвэрлэсний дараа Өвөр монголыг чөлөөлөн нэгтгэх асуудалд анхаарлаа хандуулав. Түүний энэ үйлдэл нь Хаант Орос улсын бодлоготой тодорхой хэмжээгээр зөрчилдөж байв. Ерөөс да лам бол Өвөр Монголчуудын Монгол Улсад итгэж байх түших тулах цор ганц тулгуур нь байсан юм.
Яг энэ үед Да ламын түүхэнд үзэгдсэн томоохон үйл хэрэг бол 1912 оны Монгол ба Оросын хооронд байгуулах эдийн засгийн гэрээний асуудал юм. Тэр гэрээг байгуулах даалгавартайгаар Бээжинд Орос улсын элчин байхдаа Монгол улсын тусгаар тогтнох хэрэгт хавсран оролцож байсан Коростовецийг томилон Нийслэл Хүрээнд ирүүлсэн байна. Ингэснээр Оросын дипломатууд аливаа ажлаас Да ламыг холдуулах гэж бодсон хүсэл нь биелсэнгүй. Харин ч түүнтэй шууд нүүр тулан ярихаас өөр аргагүй болсон байна. Монголын засгийн газрын төлөөлөгчдийн хамгийн тууштай байр суурийг Да лам л ганцаараа баримталж байв. Тэрээр Оросуудын Монголын тусгаар тогтнолыг худалдаж буйг, Монголд гааль хураахгүй эдийн засгийн гэрээ хийхийг эрс няцааж байлаа. Да ламын хувьд Монгол нь Оросын мэдэлд ч бус, Хятадын мэдэлд ч бус бие даасан байх хүсэлтэйгээ тууштай илэрхийлж байв. Түүнийг Монгол лам ноёдыг уруу татаж байна хэмээн Оросын төлөөлөгч Коростовец үзэж ад үзэж эхлэв. Да лам нийт Монголыг нэгтгэхийг туйлаас хүсэж байлаа. Коростовецийн энэ гэрээг зарим судлаачид Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, тэр бол гавъяатай, хөшөө босгох хэрэгтэй мэтээр бичдэг. Түүний үнэн бодит байдлыг үзвээс харин тэс эсрэг юм. Нэгэнтээ тусгаар тогтнолоо өөртөө эзэрхэн тогтсон Монгол Улсыг хүчээр шахаж гарын үзэг зуруулаад дараа нь тэр эрхзүйн гэрээг үндэслэж Бээжинд худалдаад, түүнийгээ цайруулж Хиагтын гурван улсын хэлэлцээрт шахаж оруулан 1911 онд эхлүүлсэн тусгаар тогтнолын үйл хэргийг устгасан явдал энэ гэрээнээс улбаатай.
Түүгээр зогсохгүй Коростовец бол Монгол ноёдын харьцангуй эвтэй байсан байдлыг Хүрээнд 9 сар суухдаа улам задалж, өөр хооронд нь сөргөлдүүлэн, ихэнх ноёдын үзэл баримтлалыг мохоож, монголчуудын төрийг ирээдүйгүй болгож ойлгуулах үндсийг тавьсан хүн. Түүнд Монголын төрд үзүүлсэн өчүүхэн ч гавъяа байхгүй. Коростовец өөрийг нь эсэргүүцсэн Монголын төрийн сайд нарыг шууд устгахыг Богдод ятгаж, өвөр Монголоос ирсэн заримыг нь Хятадын тагнуул хэмээн худал зарлаж, гаргаж өгөх цайллага дээр нь Монголын ерөнхий сайдын орлогч хор ууж нас барсан гээд олон шалтгаан түүний нэртэй холбоотой. Да лам томоохон улс төрийн бодлоготой, туршлагатай дипломат гэх Коростовецийн өөдөөс өчиггүй мад тавьж, үгээр үхүүлж, Англи зэрэг орны үндсэн хуулийг тайлбарлаж, түүнийг гартаа барьж байсан гэрээний төслийг газар шидүүлж, хурал хаяж гарах хүртэл барьц алдуулж, Монголыг хэмлэн идэх гэсэн үнэн төрхийг нь ил цагаан хэлж байв. Да ламаас гэрээнд гадаад Монголын оронд Монгол улс, Богд гэгээнийг эзэн хаан, ноёд гэх үгийн оронд үндэсний төр гэх, тусгаар тогтносон Монгол улс гэж бичихийг шаардаж байсан нь олон улсын эрх зүйн үүднээс зөв бөгөөд зүй ёсны шаардлага байлаа. Да ламын хэлсэн Монголын газар нутаг бол үеэс үед монголчуудын өмч байсан. Хэзээ ч Хятадынх байгаагүй. Монгол хятадын харилцаа бол өөр асуудал аа. Монгол бол Манж чин гүрний эзэн хаантай холбоотой байсан болохоос, Хятадын эзэн хаантай ямар ч холбоотой байгаагүй. Одоо Манж чин гүрний хаан төр нь унасан болохоор монгол хятадаас хамаарах юу ч үгүй болсон үгийг өнөө болон хожмын үеийнхэн ч үргэлж санаж байх зүй ёсны үг мөн. Түүнийх нь хариуд Коростовец олон улсын хуулийн үүднээс бол Монголын газар нутаг Хятадын салшгүй хэсэг, тийм болохоор Хятадын засгийн газар түүнийг захирах эрхтэй гэж дайрч давшилж байв.
Бидний Монголчууд ийм л хүнд хөшөө босгох гээд явж байдаг гэтэл улс үндэсний эрх ашгийнхаа төлөө ганцаараа зүтгэж байсан төрийн зүтгэлтнийхээ нэрийг бараг мартаж үгүйсгэсээр өнөөг хүрчээ. Коростовецийн бичиж үлдээсэн тэмдэглэлд манай хамгийн гол, ухаалаг дайсан бол Да лам юм. Тэр хахууль авахгүй, их зөрүүд, хардамтгай хүн юм байна хэмээн аргагүйн эрхэнд үнэлж байв. Коростовец Да ламыг засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг дахин шаардсан юм. Тэгэхэд Ерөнхий сайд Намнансүрэн түүнийг шууд өмөөрч Цэрэнчимэд бол юуны өмнө гадны аливаа халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх оронч хүн, түүний цорын ганц гэм нь “эх орныхоо тусын тулд хэт махран зүтгэсэн явдал” хэмээн хариулжээ. Да ламыг номхроох гэж үнэтэй бэлэг сэлт авчирсан боловч тэрээр гар дээрээ ганц ч үнэт эдлэл авдаггүй тул өгч чадаагүй буцаж байв.
Байдал ийм мөхлийн ирмэгт ирсэн үед Да лам Монголын сайн анд нь Орос ч биш, Хятад ч биш гэдгийг нэгэнтээ мэдэрч гуравдагч улсад хандахыг хүсэж Японд одсон юм. Гэвч Япончууд Оростой харилцаагаа муутгахгүйн үүднээс Да ламыг хүлээж аваагүй төдийгүй Хүрээнээс Коростовец виз өгөхгүй байхыг шаардсаны дагуу зөвшөөрөл олгоогүй юм. Энэ айлчлалын дараа Да лам ихээхэн гутарч их улс бага улсаа хэмлэн идэхийн санаа бүгд ижил хэмээн бодох болсон.
Гэвч Да ламыг Монголын улс төрийн хэргээс холдуулах далд явуулга амжилттай болж 1914 оны 5-р сарын эцсээр баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдон бичээч Сүрэн, дүү Авирмэдээ дагуулан мордсон. Да ламын энд томилгооны тухай, тухайн үед Дотоод Яаманд Да ламын туслах түшмэлээр ажиллаж байсан өвгөн бичээч Навааннамжил дурсахдаа “Наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон мэт боловч, цаагуураа Сайн ноён хан зэрэг сайдууд улс төрийн ажил дээр ямагт алдаа гаргах учир, Да лам Цэрэнчимэдээс элдвийг залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрөлдөх зэрэг нийлэмжгүй явдал гарах болдог тул түр зуур ч болтугай баруун хязгаарт томилон явуулахыг бодсон ажээ. Харын сайдууд нар улс төрийн ажлыг чухал болгодог юм бол Монгол, ДИУ, Орос гурван орны гэрээ байгуулах гэж ярьж байгаа энэ чухал үед түшиг хань болох хүнээ ингэж зайлуулах, бүүр ч эцэсхийлж үгүй болгосон байжээ гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Явах замдаа гэнэт бие нь муудаж таагүй байсан ч хүрэх газраа хүрнэ хэмээн явсаар Батерөөлт Далай хан аймгийн Дэжээлин хүрээний нутагт очиж буудаллан, эм уун сувилуулж заслыг авч байснаа хаван нь тулж улам их болсоор байв. Тэр үед Да лам “Би Богд эзний их хайр хишгийг удаа дараа хүртэж байсан боловч өчүүхэн ч хариулж чадсангүй. Энэ баруун хязгаарыг тохинуулах хэргийг гүйцэтгэж чадахгүй нь бололтой. Ганцхан Богд эзний өлмий бат байх болтугай гэж дахин дахин залбирья, төрийн хэргийг гүйцэтгэж чадсангүй” хэмээн нулимс дуслуулан дахин дахин гэрээслэн хэлсээр билгийн тооллын V сарын шиний 7-ны тахиа цагт амьсгал хураажээ.
Энэ мэдээг Богд хаан сонсож асар их гашуудан Цэрэнчимэд бага наснаас элдэв албанд зүтгэсээр манай улсын тулгар төрийн их хэрэгт онц хүчин зүтгэсэн гавьяат сайд мөний дээр эзэн ба улсын төлөө амь биеийг умартаж хатуужин зүтгэсээр нас барсан нь үнэхээр харамсалтай. Түүний ийнхүү чин шударга бат журмыг илтгэснийг санаж, тусгайлан түшмэл томилон илгээж, олон лам нарыг зарлан цуглуулж ном уншуулан, хүүрийг газар сонгон оршуулж, гэрэлт хөшөөг байгуулж, гавьяаг нь мөнхжүүлэн, зуун лан мөнгийг олгож, хойдын буянд шагнагтүн. Түүний төрлийнх нь дотроос хүнийг тодорхойлон тогтоож, чин ван лам хэргэмийг нь залгамжлуулан, миний шударга сайдыг нигүүлсэн үзлийг мөнхжүүлсүгэй гэж зарлиг буулгаж хөшөө босгуулжээ. Да ламын гэрэлт хөшөө өдгөө хүртэл Цогт хайрхан хан уулын оройд наран ургах зүгтээ харан түүний мөнхийн алдрыг илтгэн оршсоор байна.
Ийнхүү өдгөөгөөс нэгэн зууны тэртээ үеийн Монголын байдал энэ цагийн нөхцөлтэй агаар ус мэт ижил төстэй байдаг. Тиймээс тэр үеийн түүхийг нягтлан үнэн мөнөөр мэдвээс өнөө цагийн хөгжих толийг харж чадна. Да ламын үйл хэрэг ч улс төрөөр оролдогч хэн бүхэнд долоон бурхан мэт чигийг хэлж өгнө. Үүрдийн төрийг босгоход амь хайран биш үйл чухал байдгийг харуулсан Үхэшгүй мөнх буюу Цэрэнчимэд хэмээх нэрт шиг чин зоригтой, шударга, өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн үйлийг өөрийн үйлээс өндөрт тавих төрийн зүтгэлтэн Монголд үеийн үед дахин олон төрөхийг бэлгэдэж түүнийг гүнээ хүндэтгэн дурсая.
Түүхч, Академич С.Чулуун