ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Тариалан, мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт”-ын төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан гурван жилийн хугацаатай энэ төсөл 2018 онд эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд бэлчээрийн доройтолд маш их өртсөн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Хэвтээгийн ар хэмээх газрыг сонгон туршилтын судалгаагаа эхлүүлжээ. Гурав дахь жилдээ хэрэгжиж, бэлчээрийн нөхөн сэргэлт явагдсан төслийн үр дүнгийн талаар Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, Зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, Доктор М.Уртнасантай ярилцлаа.
-Та бүхэн туршилт, судалгаа хийх Бэлчээрийн талбайг хэрхэн сонгож авсан бэ?
Булган аймаг нь байгалийн бүс бүслүүрийн хувьд нутгийн хойд хэсгээсээ урагшаа чиглэсэн уулын тайга, уулын ойт хээр, хуурайвтар хээр гэсэн бүсүүдэд орших бөгөөд үүгээрээ онцлог аймаг юм. Бид 2006, 2014, 2016 онд бэлчээр ашиглалт, бэлчээрийн төлөв байдал, хөрс ургамалжилтын иж бүрэн судалгаа хийсэн. Бидний судалгаагаар Булган аймгийн нийт нутаг бэлчээрийн 2 сая 500 мян.га талбайгаас 670 мян.га хэт их талхлагдсан. Гурванбулаг сумын бэлчээр 80-90 хувь нь ямар нэгэн хэмжээгээр талхлагдалтад өртсөн, судалгааны үр дүн гарсан. Малын идэх шим тэжээлт ургамал байхгүйгээс гадна халцгай газар ихэссэн. Энэ сум нь хангай, говь хосолсон хуурай хээрийн бүсэд хамаарагддаг. Бидний сонгосон туршилтын талбай болох Авзага багийн 30 га газар нь хэт талхлагдсан, дан шарилжны төрлийн ургамал ургадаг, бусад аймгаас малчид отор нүүдлээр маш их ирдэг. Мал ахуй эрхлэхэд хүндрэлтэй болсон учир орон нутгийн удирдлага болон малчидтай уулзаад энэ газрыг сонгож 2018 оны дөрөвдүгээр сараас төсөл эхэлсэн. Нөгөө талаас Мянганы зам дагуу учир бусад сумдаас ч малчид ирэх, туршлага судлах хамгийн боломжтой зам дагуу газар юм.
Бидний судалгааны нэг давуу тал нь газарзүйн судалгаа нэг арга болох зайнаас тандан судлалын аргаар хиймэл дагуулын олон сувгийн мэдээ ашигласан. Бэлчээрийн хэт талхлагдал, газрын доройтлыг үнэлэхэд чиглэгдсэн судалгаа өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан боловч хиймэл дагуулын урт хугацааны мэдээг ашиглан дүн шинжилгээ хийж хээрийн судалгааны аргатай хослуулан бэлчээрийн хэт талхлагдал, газрын доройтлын зэрэглэлийг тогтоож тархалтыг нь гаргасан дорвитой судалгаа хомс байдаг. Энэ аргаар сүүлийн 30-40 жилийн өөрчлөлтийн зураг гарган авч, анализ дүгнэлт хийж тухайн газар нутагт ургамлан нөмрөг яаж өөрчлөгдсөнийг харьцуулан зургаар харуулах боломжтой. Хиймэл дагуулын зургаас сүүлийн 30 жилд хур борооны түвшин хэрхэн өөрчлөгдсөн, ган гачиг ямархуу байсан, энэ нь ургамлын нөмрөгт ямар нөлөө үзүүлсэн, төрөл зүйл хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан судалсан. Тиймээс зайнаас тандах аргыг, хээрийн судалгаатай хослуулан туршилт, судалгаа хийх хамгийн оновчтой газрыг сонгосон.

-Сансрын зурагнаас ургамлын нөмрөг ямар харагдаж байна вэ?
-Бид төслийн хүрээнд хиймэл дагуулын мэдээг боловсруулан дүн шинжилгээ хийж, газрын доройтлыг зураглаж, гарсан үр дүнг малчид нутгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл өгсөн. Хиймэл дагуулын мэдээнээс бэлчээрийн төлөв байдал, ургамлан нөмрөг яаж өөрчлөгдөж байгааг том талбайгаар харж болно. Харин ургамлын төрөл зүйлийг нарийвчлан харах боломжгүй. Хиймэл дагуулын мэдээгээр ургамлан бүрхэвч ихтэй газар хар ногоон харагддаг. Энэ нь бэлчээрийн ургамал сайтай мэт харагдавч газар дээр нь хээрийн судалгаа хийхэд нэг төрлийн өмхий шарилж, агь, лууль, хамхуул зэрэг ургамал давамгайлсан байсан. Эндээс харахад Булган аймгийн урд захын сумдын ургамлан нөмрөгийн бүрхцийн хэмжээ буурсан.
Ургамалгүй хөрсөнд нарны хэт ягаан туяа туссанаар хөрсний элэгдэл, эвдрэл үүсэж байдаг.
-Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд ямар үр дүн гарав. Бэлчээрийн ургамлын бүтэц хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Бидний сонгож авсан 30 га газарт ургамлын ногоон бүрхэц нэг дахин нэмэгдсэн. Ургамлын өндөр ч мөн нэмэгдсэн. Ургамлууд хөгжлийн үе шатаа гүйцээдэг болсон. Өмнө нь ногоо цухуйгаад удаагүй байхад мал идээд үгүй болдог байсан бол хүн малын хөлөөс хашаалж тусгаарласнаар цэцэглэх найлзуур олноор үүсэж, цэцэглэж, олон тооны хэтэвч жимс үүсгэж үрлэсэн нь нөхөн сэргэлт сайн явагдаж байгааг харуулж байна. Харганын нялх залуу найлзуурууд гарсан. Бид ургамалгүй халцгай болсон 10-аад га газарт олон наст ургамал тарьж, өнгөц сайжруулалт хийсэн. Хэт талхлагдсан бэлчээрийг сайжруулах хамгийн сайн арга бол хашаалах. Хашаа барьсан газарт л ургамал тарих боломжтой.

Мөн бэлчээрийн ургамлан нөмрөг, хөрсний доройтол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгааг хийсэн. Эхний жилд ямар байсан, хоёр, гурав дахь жилд яаж өөрчлөгдсөн гэх мэт харьцуулан судалсан. Ургамал чийгээ барьж, хөрсний тэнцвэрийг хадгалж байдаг зүй тогтолтой. Тэгэхээр ургамлын гарц муудахад халцгай газар ихсэж хөрсний үржил шимт чанар алдагдана. Хөрсний халалт үүснэ, усгүйднэ. Ургамалгүй хөрсөнд нарны хэт ягаан туяа туссанаар хөрсний элэгдэл, эвдрэл үүсэж байдаг. Бидний тарьсан ургамлууд ургаж, халцгай газар ургамлаар нөхөгдсөн. Төсөл эхлэх үед тухайн газарт нэг ам.метр талбайд 5-10 зүйл ургамал бүртгэгдсэн бол өнөөдөр ургамлын тоо 10-12 зүйл болсон. Ургахаа больсон ургамлууд эргэж сэргэсэн. Нэг зүйл эмийн ургамал нэмэгдэн ургаж, цэцэглэж үрээ өгсөн.
ТАЛХЛАГДСАН БЭЛЧЭЭРТЭЙ ГАЗАРТ УСАРХАГ БОРОО ОРСОН Ч ХӨРСӨНД ЧИЙГ ӨГДӨГГҮЙ, УРСААД АЛГА БОЛДОГ
-Монгол Улсын хэмжээнд бэлчээрийн талхлагдал ямар түвшинд байна вэ. Гурван жилийн хугацаатай энэ төсөл хэрэгжиж дуусахад бэлчээрийн нөхөн сэргээлтийн энэ ажил зогсохгүй биз дээ?
-ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Даваажамц гуай 1954 онд бэлчээрийн талхлагдлыг судалсан судалгаа байдаг. Тэр үеэс хойш манай орны бэлчээр бага багаар муудаж явсаар, 1990-ээд оноос хойш Монгол орны бэлчээрийн талхлагдлын зэрэг эрс эрчимжиж, доройтлын түвшинд хүрч цөлжилттэй талбай нэмэгдсээр байна. Монгол орны нийт газар нутгийн 90 хувь нь бэлчээрийн талбай, үүний 70-75 хувь нь талхлагдсан нь судалгаагаар тогтоогдсон. Тэр дотроо Монгол орны нийт бэлчээрийн талбайн гуравны нэг хувь нь тал хээрийн бүс. Тал хээрийн бүс бол маш эмзэг, сэргэх доройтохдоо ч амархан. Ийм учраас энэ төрлийн судалгааг салбар дундын эрдэмтэд нийлж тал бүрээс нь судлах зайлшгүй шаардлагатай учраас энэ судалгаа цаашид үргэлжлэх байх аа. Бэлчээрийн нөхөн сэргээлтийн ажил олон улсын байгууллага, хамтарсан ганц нэгхэн төсөл 2000 оноос хэрэгжиж эхэлсэн гэж үзвэл энэ талын судалгаа үндсэндээ маш оройтож байгаа. Тиймээс яаралтай бэлчээрээ сайжруулах, хамгаалах арга хэмжээг тал талаас нь авахгүй бол бүр оройтно.
1990-ээд оноос хойш Монгол орны бэлчээрийн талхлагдлын зэрэг эрс эрчимжиж, доройтлын түвшинд хүрч цөлжилттэй талбай нэмэгдсээр байна.
-Сүүлийн жилүүдэд хур бороо элбэг байна. Хуртай жилүүдэд бэлчээрийн гарц сайжирдаг уу?
-Хуртай жил бэлчээр сэргэх хэдий ч ургамлын нөмрөг нэг хоёр настаар л нэмэгдэнэ. Ургамлын бүтэц бүрэлдэхүүнд онцгой өөрчлөлт орохгүй. Бороо орж, ургамал бага зэрэг сэргээд ирэхэд нь мал идчихдэг учир бэлчээр сэргэх боломжгүй. Нөгөө талаас нэгэнт талхлагдсан бэлчээрт орсон бороо чийг өгдөггүй. Хөрсөн дээгүүр урсаад алга болдог. Ургамлын нөмрөг сайн бол бороог шингээж, хөрсөнд нь тогтоож өгдөг. Сүүлийн жилүүдэд их хэмжээний устай үер бууж байна. Энэ нь ургамалгүй газарт гуу жалга гаргаж, хөрсөнд элэгдэл эвдрэл үүсэх сөрөг талтай. Тэгэхээр ургамлан нөмрөгтэй байвал хөрс, хөрсөн доорх ус хамгаалагдана. Хөрс ургамлаар бүрхэгдсэн, тэр ургамал нь шим тэжээлтэй, хүн, мал, амьтандаа хэрэгтэй ургамал байх ёстой. Бэлчээрт нэг төрлийн ургамал давамгайлаад ирвэл бусад ургамлаа түрдэг. Нэг төрлийн ургамал идсэн малын ашиг шим төдийлөн сайн байж чадахгүй. Нэгж талбайд ургамал олон төрөл зүйлээр ургаж байвал шим тэжээлтэй гэсэн үг. Сүүлийн үед мал иддэггүй үнэртэй, хүнд харшил үүсгэдэг хортой ургамлууд элбэг болсон.

-70 сая малтай ч бэлчээрийн даац хэтэрч, доройтолд орсон нь манай улсад тулгамдсан асуудал болжээ. Та бүхэн энэ судалгаагаа шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад танилцуулсан уу?
-Бэлчээрийн доройтол бол Мал аж ахуйн орон болох Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний том асуудал. Нүүдэлчдийн соёл, ахуйг хадгалж байдаг гол зүйл бол бэлчээр. Бид судалгааны үр дүнгээ шийдвэр гаргагчдад танилцуулж байна. Төсөл дууслаа гээд энэ ажлыг зогсоовол харамсалтай. Төрөөс маш бага дэмжлэг үзүүлдэг тул бид олон улсын байгууллагуудад хандаж төсөл бичнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл коронавирусийн халдвар гарч энэ боломж хаагдчихлаа. Энэ судалгааг цаашид урт хугацаанд үргэлжлүүлье гэвэл одоо төрөөс бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Гурванбулаг сумын нутаг дахь манай сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мал аж ахуйн орон манай улс ёс заншил, малч өв уламжлалаа авч үлдэхийн тулд бэлчээрээ сэргээх, хамгаалах ёстой гэж Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлсэн. Засгийн газрын энэ жилийн мөрийн хөтөлбөрт ч бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах асуудлыг тусгасан гэж бидэнд танилцуулсан учир эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмжинэ гэж найдаж байна.
-Манай улсын хувьд бэлчээр Өвөр Монголын зарим бэлчээр шиг болчихоогүй учир доройтсон бэлчээрийг сэргээх нь арай хялбар гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Эрчимтэй талхлагдалтад өртсөн бэлчээрийг сайжруулахгүй бол нэгэнт цөлжсөн газрыг сэргээхэд маш их хөрөнгө, хүч зарцуулна. Цөлжихөөс нь өмнө одоо л арга хэмжээ авбал илүү үр дүнтэй. Цөлжсөн газрыг нөхөн сэргээх Өвөр Монголын туршлагыг бид харж байна. Тэнд малчдын малын тоонд тохируулан бэлчээр хашиж өгөөд, ямар ч ургамалгүй болж элсэжсэн талбайд тариалалт хийж таримал бэлчээртэй болсон. Тариалалт хийхэд улсаас асар их хөрөнгө зарцуулж байна. Бэлчээрийг сэргээж ургуулсан малчдаа урамшуулж мөнгө өгдөг. Бэлчээр ямар байхаас малын ашиг шим, өгөөж шууд хамаарна. Энэ нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд ч шууд хамааралтай. Манай улсын хувьд мал, хөдөө аж ахуйгаа яриад байгаа боловч бэлчээрийн асуудлыг огт хөндөхгүй байна. Бидний хувьд бага, дунд, их талхлагдсан бэлчээрийг сайжруулна. Бага талхлагдсан бэлчээрт их хөрөнгө шаардахгүй. Хашиж хамгаалах, өнжөөх буюу тухайн талбайд мал бэлчээхгүй сэлгээх зэрэг талаар малчдад бэлчээрийн менежментийн тухай ойлголт өгөх ажил хийгдэнэ.
Эрчимтэй талхлагдалтад өртсөн бэлчээрийг сайжруулахгүй бол нэгэнт цөлжсөн газрыг сэргээхэд маш их хөрөнгө, хүч зарцуулна.
-Бэлчээрийг нөхөн сэргээхэд нэг га газарт хэдий хэмжээний зардал гарах бол?
-Хараахан цөлжөөгүй учир харьцангуй бага зардлаар нөхөн сэргээж болно. Нөхөн сэргээлтийг хаана, ямар бүс нутагт хийхээс хамаарч өртөг зардал нь харилцан адилгүй. Бид судалгааны талбайдаа өлөнгө, ерхөг, царгас, хялганын төрлийн зургаан сортыг нутгийн болон нутагшсан сортуудыг тарьж туршиж байна. Мал аж ахуй, газар тариалангийн хүрээлэнгээс баталгаатай үр авч байгаа. Бага талбайд тариалах үр олдоно. Их талбайд тарих бол зайлшгүй үрийн нөөц бүрдүүлж, тариалахаас өөр аргагүй. ХАА-н ухааны доктор Д.Алимаа “Орон нутгийнхаа хадлангийн бэлчээрт үндсэн сайжруулалт хийж, тариалаад үрээр нь газарт нутгийнхаа цөлжсөн талбайг сэргээх шаардлага Монгол орны сум, орон нутаг бүхэнд бий” гэж хэлсэн. Бүс бүсийн уур амьсгал, ургамлын бүтцийн онцлогоос хамаарч Булганд тарьсан үр баруун бүсэд ургахгүй байж болно. Тиймээс бүс нутаг бүхэн тэжээлийн ургамлаа тарьж, туршиж үзээд тохирсон ургамлаар бэлчээрийг сэргээх шаардлагатай.
-Өнгөрсөн хавар суулгасан үр энэ жилдээ ургах болов уу?
-Энэ жилдээ нахиа нь гарч, ирэх жил үрээ өгнө. Царгас бол хоёр дахь жилээс үрээ өгнө. Бид хашаалсан 30 га талбайгаа суурин судалгааны түшиц болгон ашиглаж, эндээ туршилт судалгааг үргэлжлүүлэн явуулна. Хашсан ургамлуудад гарч байгаа өөрчлөлтүүдийг хянаж, мониторинг хийгээд явна. Мөн малчдаар өөрсдөөр нь тариулж, энэ талын мэдлэг, мэдээлэл олгох сургалтууд ч хийж байна. Үр тарьсан л бол мал идэхээс сэргийлж хашаалах, оготно сэндийчихээс хамгаалж арга хэмжээ авах шаардлагатай.
-Танай туршилтын талбайд үлийн цагаан оготно их байсан гэсэн. Оготныг яаж устгасан бэ?
-Манай талбай анх маш их оготнотой, тарьсан үрийн мөрөөр дагаж идээд зарим үрийг ургах боломж өгөхгүй байсан. Бид нар хэд хэдэн аргаар оготнотой тэмцсэн. Тэр орчинд том махчин шувуудтай, бас хярстай. Тиймээс махчин шувууны 10-15 суудал тавьсан. Шонхор шувуу өдөрт 23-25 ширхэг оготно барьж иддэг гэсэн судалгаа бий. Хашаалаад хүн, малын хөдөлгөөн саараад ирэхэд хашаанд зэрлэг амьтад орж ирдэг юм билээ. Хярсны үндсэн хоол нь оготно. Энэ мэт хэд хэдэн механик арга хэрэглэснээр туршилтын талбай оготногүй болсон. Ер нь ургамал тачир болж, бэлчээр доройтсон газарт оготно үүрлэдэг. Ургамал тачир, халцгай газар бол оготно үржих хамгийн таатай орчин. Тэр нь оготноос болсон юм биш, бэлчээр доройтсон газар оготно очиж үүрлэдэг. Одоо манай туршилтын талбайд ургамлан нөмрөг сайжирч, ургамлын өндөр нэмэгдэж, хөрс халалт багассан учир нүхний амьтад дайжиж, халцгай газар руу нүүдэллэсэн байх.
МАЛЧИД БЭЛЧЭЭР АШИГЛАХААС ГАДНА ХАМГААЛАХ МЭДЛЭГТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Бэлчээрийг жилийн дөрвөн улиралд талхлах биш, зарим улиралд өнжөөж, сэлгэх замаар үржил шимт чанарыг нь хадгалдаг тухай Та хэллээ?
-Тийм ээ. Сүүлийн үед монголчууд бид бэлчээрийг дураараа ашиглаад сурчихсан. Социализмын үед орон нутгийн бэлчээрийг сайжруулах агро техникийн ажлуудыг хийдэг байсан байгаа юм. Одоо энэ чиглэлээр төрөөс огт анхаардаггүй, гаднын санхүүжилттэй хэдэн төсөл л байна. Олон улсын төслүүд хэсэг талбайг хамарсан судалгаа хийгээд, төсөл дуусангуут энэ ажил орхигддог. Бэлчээрийг сайжруулаад өгөхөд орон нутаг нь энэ ажлыг үргэлжлүүлдэггүй сул тал бий. Бэлчээрийн мэргэжилтэн ч байхгүй. Байгалийн ухааны чиглэлээр маш цөөн мэргэжилтэн төгсөж байна. МУИС-ийг Ургамал судлаачаар жилд хоёрхон оюутан төгсөж байна. Төгсөгчдийн олонх нь уул уурхай, хувийн хэвшилд ажиллаад явчихдаг.
-Та бүхэн малчдад сургалт явуулж байгаа гэсэн. Сургалтыг малчид яаж хүлээж авч байна вэ?
-Бид 25-45 насны малчдад сургалт явуулж байна. Малчид маш дуртай байдаг. Гурванбулаг сумын дунд сургууль байгалийн ухааны чиглэлийн хичээлийг манай судалгааны төвд явуулж, сурагчдаа бэлчээр, ургамлын талаар ойлголттой болгоё гэсэн. Бид 2019 онд Гурванбулаг сумын ЕБС-ийн сурагчдад угсаатны зүй, ургамал судлал, уламжлалт мэдлэгийн талаар хичээл орж, харилцан ярилцахад 30 хүүхдээс тав нь орон нутгийнхаа ургамлыг мэдэж байна. Ургамал таньж мэдэх талаар орон нутгийн хүмүүсээс судалгаа авахад 70-аас дээш насныхан, эсвэл 15-18 насныхан ургамлын талаар ойлголттой байна. Гэтэл 19-69 насныхан огт мэдлэггүй байгаа нь нутгийн 200-гаад малчнаас авсан судалгаагаар харагдсан. Тиймээс иргэдийг насны бүлгээр нь ангилан сургалт явуулах хэрэгтэй. Энэ талаар мэдээллийг хүүхэд багачууд маш сонирхож, хүлээж авч байна.

Малын тоо улам өсөж байхад бэлчээрт түшиглэн мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртдэг малчид энэ талын мэдлэггүй байж болохгүй. Монголчууд эрт дээр үеэс хүн, малд ашиг тустай ургамлаа мэддэг, ургамлаар цаг агаарыг шинждэг өргөн мэдлэгтэй байсан. Харин шинэ үеийн малчид нутгийнхаа ургамлын талаар ойлголт маш хангалтгүй байна. Гэтэл Орос, Хятадад угсаатны ургамал судлал, уламжлалт мэдлэг инновацын түвшинд хөгжсөн. Энэ талаар маш их судалдаг, ургамлуудаасаа цайгаа гаргаж, үйлдвэрлэлд шилжүүлэн цай, тэжээл болгон хэрэглэдэг. Гэтэл бид багахан нөөцтэй эмийн ургамлуудаа идээд л байна, тарьдаггүй. Манай улс байгалийнхаа эмийн ургамлыг үндсээр нь түүж идээд, гадагш нь зөөгөөд дуусаж байна. Малчид бэлчээрийг ашиглахаас гадна хамгаалдаг болмоор байна.
-Бэлчээр, ургамлын талаар мэдлэг, хандлага зөвхөн малчид, орон нутгийнхан төдийгүй монгол хүн бүрд хамаатай мэт санагддаг. Та мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна вэ?
-Энэ бол маш чухал сэдэв. Хүмүүсийн экологийн анхан шатны мэдлэг маш муу байна. Хоёр жилийн өмнө Элсэн тасархайгаар аялсан хүмүүс Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийн өмнөд хэсгээр нэлэнхийдээ ургасан өмхий шимэлдэг гэж ягаан цэцгэн дунд зургаа авхуулж нийгмийн сүлжээнд маш их тавьсан харагдсан. Өмхий шимэлдэг бол эфирийн тос агуулдаг, хурц үнэртэй ургамал, удаан байвал мансууруулах нөлөөтэй. Уул, талыг бүрхэн ургасан ягаан цэцэгс сайхан харагдаж болох ч хүнд харшил өгөх, хор нөлөө үзүүлдэг ургамлуудыг мэдэж байх учиртай юм. Хүмүүс Лавандаа цэцэгтэй л андуураад байх шиг. Байгаль муудаж, доройтоод ирэхдээ өөрийгөө өнгөөр илэрхийлдэг.

Өмхий шимэлдэг уулын энгэрээр хивс дэвссэн мэт их хэмжээгээр ургасан нь тухайн бэлчээр хэт талхлагдсаны гэрч. Энэ ургамал өмхий үнэртэй учир мал идэхгүй. Мөн бүтэн навчит багдай байна. Энэ цэцэг бороо орсны дараа маш ихээр ургаж, цайран харагддаг ч удахгүй алга болдог. Өөр идэх ургамалгүй үед хатсан хойно нь мал идэхээс аргагүй болдог. Хуучны малчид эдгээр ургамлыг сайн мэднэ. Ер нь нэг төрлийн ургамал нэлэнхийдээ ургах нь бэлчээр доройтсоныг илтгэх шинж юм.
Сүүлийн жилүүдэд малчид төвийн бүсэд хэт төвлөрч, бэлчээр сэлгэхгүй байгаа нь доройтох шалтгаан болсон.
-Бэлчээрийн доройтлын шалтгаан нь юу вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт болон хүний нөлөөлөлтэй шууд холбоотой. Сүүлийн гурван жилд бороо сайн орлоо. Тэрнээс өмнө хур бороо багатай, гантай байсан. Сүүлийн жилүүдэд малчид төвийн бүсэд хэт төвлөрч, бэлчээр сэлгэхгүй байгаа нь доройтох шалтгаан болсон. Хуучин малчид жилийн дөрвөн улиралд сэлгэж нутагладаг байсан бол сүүлийн үед жилийн дөрвөн улиралд нэг бууриндаа байж бэлчээрийг давтах, малчид зуслан, намаржаандаа байшин бариад суурин суух болсон. Малчид голын хөндий, худаг усаа дагаад жилийн дөрвөн улирал нутагладаг нь бэлчээрийг сэргэх боломж өгөхгүй байна. Дээр нь мал сүрэгт ямаан сүргийн тоо толгой эрс нэмэгдсэн. Хуучин бол ямааг сүргийн бүтцийн 10-20 хувиас хэтрүүлдэггүй байсан судалгаа бий. Зах зээлийн нийгэмд шилжихэд хуучны тэр бодлого алдагдаж, малчид ашиг орлогоо бодоод ямааны тоо толгойг хэт их нэмэгдүүлсэн. Тэгэхээр тал хээрийн бүсийн эмзэг ургамлууд ургах нь багасаж, малын хөлд тэсвэртэй, хахир хатуу уур амьсгалд тэсвэртэй ургамлууд нь үлдсэн.
-Малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүү ашиг шимтэй, цөөн тооны мал өсгөж үржүүлэх нь чухал болсныг сүүлийн үед их ярьж байгаа?
-Малын тоо толгойг тухайн сум, орон нутгийн бэлчээрийн даацад тохируулан үржүүлэх ёстой. Энэ талаарх судалгааг олон эрдэмтэн хийсэн. Тухайлбал, Булган аймгийн хэмжээнд 2 сая 610 мянга гаруй толгой мал байх ёстой бол 2018 оны статистикаар 5.2 сая давж, бэлчээрийн даацаас хоёр дахин хэтэрсэн байх жишээтэй.