“Архангайгаар аялахаар шийдлээ. Анх удаа тийшээ зүглэх гэж байна. Зам мэддэггүй. Хоноглох буудал, гэр кэмп хаана, хаана байдаг бол. Үнэ хөлс нь өндөр болов уу” хэмээн Д.Наран найзаасаа шалгаана. Түүнд найзаасаа асууж сураглаж, аяллынхаа чиглэлийг гаргахаас өөр гарц байсангүй. Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур гэсэн байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй нутаг гэхээс өөр мэдээлэл түүнд байхгүй.
Найз нь “Цэнхэрийн халуун рашаанд амарч, Өндөр-Улаан сумын Хануйн эртний түүхт буган хөшөө, 2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн булшийг үзэж болно” гэж зөвлөлөө. Гэсэн ч явж очих замыг нь тайлбарлаад ч нөгөөх нь ойлгосонгүй. Тэгээд очих замаа бүдэг бадаг төсөөлсөн Д.Наран хүлгийн жолоогоо Архангай тийш залсан юм.
Хэрэв Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд, рашаан ус, амралт сувиллын төв, түүх, соёлын дурсгалыг холбосон аяллын чиглэл байсан бол, тэдгээрийг байршил тогтоох систем буюу GPS-д оруулчихсан бол, жуулчны баазуудынх нь төлбөрийн мэдээлэл нээлттэй байсан бол дотоодын аялагч маань найзаасаа асууж, шалгаах шаардлага байхгүй. Чиглэл тодорхой бус учраас Архангайгаар аялагчийн үзэж харж, сэтгэлээ баясгах зүйл Өгий нуур, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур гэсэн зам дагуух газраар л хязгаарлагдаж байна.
Монголчууд сүүлийн үед гэр бүлээрээ эх орноо тойрон аялдаг болсныг та анзаарсан уу? Дотоодын аялал жуулчлал улам эрчимжсээр байна. Энэ бол сайхан хэрэг, магтууштай соёл. Хүмүүс уудам эх орныхоо сайхныг мэдэрч, үүх түүхээрээ бахархаж, сэтгэлийн цэнгэл эдэлж байна. Өмнө нь “Хөдөө явлаа” гэвэл “Аав, ээждээ очих нь уу”, эсвэл “Эхнэрийнхээ нутаг руу явах нь уу” гэж шалгаадаг байсан.
Тэгвэл одоо “Хаагуур аялж, юу үзэх нь вэ” гэж асуудаг болж. Энэ зун Хөвсгөл нуурт очиж, байгалийн сайхныг мэдэрч, эрэгт нь алжаалаа тайлаад ирсэн хүмүүс дараа жил Өвөрхангайгаар, Дорнод аймгаар аялна гэж ярьж байна. Үнэн хэрэгтээ дотоодын аялал жуулчлал ямар ч хөшүүрэггүйгээр, иргэдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлаж хөгжиж байгаа. Улам хөгжүүлэх, эдийн засгийн нөлөө бүхий салбарын хэмжээнд хүргэхийн тулд бодлого, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд мэдээллийн бааз бүрдүүлэх нь чухал. Зөвхөн Хөвсгөл, Архангай гэлтгүй бусад аймаг өөр өөрийн байгаль, газар зүйн онцлогтой, очоод үзэхэд нүд баясгах үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалтай. Тиймээс аймаг тус бүрээр нь, бүс нутгаар нь аялаж жуулчлах чиглэл гаргаж, түүнтэй холбоотой мэдээллийн бааз бүрдүүлэх хэрэгтэй юм.
Үүндээ аяллын урт, замын бартаа саад, юу юу үзэж, хэрхэн алжаал тайлж болох, зочид буудлын үнэ гэх мэдээллийг багтаавал сайн. Хэрэв цогц мэдээлэл авах боломжтой байсан бол Д.Наран Архангайн хаана хонох, юу үзэхээ төлөвлөхгүйгээр мордохгүй байлаа. Аялал жуулчлал хариуцсан яамнаас аяллын чиглэл гарган, мэдээллийн бааз бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж болно шүү дээ. Ингэвэл аялагчдад илүү ойлгомжтой, хялбар болно. Аялах газрын сонголт ч нэмэгдэнэ.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь бас нэг чухал шийдэл. Бүтээгдэхүүн бий болгохгүй бол дотоодын аялал жуулчлалын эдийн засагт оруулах хувь нэмэр өчүүхэн хэвээр үлдэнэ. Дотоодын аялагчид маань машиндаа майхан саваа ачиж, хүнсээ базаагаад явж байгаа. Тэгээд орон нутгийн үйлчилгээнд бараг мөнгө зарцуулахгүйгээр аялаад ирдэг. Харин аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болчихвол тэдний халааснаас тав гурван төгрөг “саах” боломжтой.
Ийм бүтээгдэхүүний сонгодог жишээ бол Цонжинболдогт барьсан “Чингис хааны хөшөөт цогцолбор”. Цогцолборт нэвтрэхийн тулд нэг хүн 7000 төгрөг төлдөг. Ингэж байж доторх музейг нь үзэж, хөшөөний морины дэл дээр гэрэл зургаа авахуулах эрхтэй болно. Өөр нэгэн жишээ нь Аглаг бүтээлийн хийд. Тийш нэвтрэхэд нэг хүн 5000 мянган төгрөг төлдөг.
Бурхны шашинтай монголчууд Аглаг бүтээлийн хийдийг зорьж, мөргөл үйлддэг болоод удаж байна. Дахин нэг жишээ дурдахад, Өвөрхангай аймгийн Арвайн талд бүтээн босгосон Монгол түмний морины “Их шүтээн” цогцолборт нэвтэрсэн машин бүрээс 1000 төгрөгийн хураамж авдаг. Хүний гараар бүтээсэн түүх, соёлын үзмэрүүд ийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж байна. Сайн хэрэг.
Харин өнө эртний түүхийг гэрчилсэн гэрэлт хөшөө, буган хөшөө, хадны сүг зураг зэрэг археологи, антропологийн дурсгалуудаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн дотоодын ч биш, гадаадынханд ч зориулсан ажил болно. Эртний хүмүүсийн гал голомт гэгддэг Ховд аймгийн Манхан сумын Гурван цэнхэрийн агуй, Булган аймгийн Цогтын цагаан балгас, Дорнод аймгийн Хэрлэн барс гэх мэт өч төчнөөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэгдэхүйц түүх соёлын дурсгал Монголд бий.
Мэдээлэл хомс, байршлыг нь мэддэггүй учраас дотоодын аялагчид маань түүх, соёлын дурсгалаа очиж үзэж чадахгүй байгаа. Төр зохицуулалт хийж, аялагчдыг түүхийн жимээр хөтлөн, өв соёлоороо бахархуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн болгож чаддаггүй юм гэхэд аялах чиглэлийн мэдээлэл оруулж, түүнийг нь аялагчдад хүргэж байвал сайн сан. Эрдэнэ зуу хийдийн музейд бурхны шашны үнэт дурсгалууд хадгалагддаг. Соёлын хосгүй үнэт өвийг хадгалдаг ийм музей байдаг, эсэхийг мэддэг хүн ч цөөн биз.
Сүүлийн үед орон нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлал гэсэн ойлголт түгэх болсон. Товчхондоо, аяллын чиглэлд орон нутгийн иргэдийг оролцуулахыг хэлээд байгаа юм. Аялагчид малчин айлд өнжиж, хонож болно шүү дээ. Ингэх зууртаа үнээ саах, унага татах, хурдан морь уралдуулах гэх мэт монгол ахуй, соёлын талаарх мэдлэгээ зузаалж болно. Морь, тэмээг нь унаж зураг хөргөө татуулах зэрэг үйлчилгээ авч болно.
Аялал жуулчлал гэхээр Хөвсгөл нуур, Тэрэлж, Тэрхийн цагаан нуур зэрэг үзэсгэлэнт газруудыг үзэх гэсэн ойлголт монголчуудын толгойд буудаг байх. Эх орныхоо онгон дагшин байгалийг үзэж таашаах нь зүйн хэрэг. Гэхдээ байгалийн сайхныг харж баясахын зэрэгцээ түүх, өв соёлын дурсгалаа үзэн, танин мэдвэл илүү гүн утга агуулгатай аялал болох нь дамжиггүй.
Дахин сануулахад, мэдээллийн бааз бүрдүүлж, түүх, соёлын дурсгалуудаа шингээн, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн чиглэл олныг гаргавал дотоодын аялал жуулчлал доголдолгүй хөгжих гээд байна.
Т. Энхбат