Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бусаар алт олборлогч нарыг илрүүлэх гэнэтийн шалгалт хийсэн гурван өдрийн аян замын тэмдэглэлийг хүргэж байна
/Наймдугаар сарын 10/ Үд өнгөрч нар хэвийсэн 18:00 цагт бид Toyota Land Cruiser 78 авто машинд суун Улаанбаатар хотоос гарлаа. Экологийн цагдаагийн алба хаагчидтай хамт хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийн талаар сурвалжлахаар хөдөлж буй нь энэ билээ.
Нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр машинд хуваагдан суусан баг хотоос гарч Дарханы замаар хойд зүгийг чиглэн явав. Гэнэтийн шалгалтаар бичил уурхай эрхлэгчдийн хууль бус ажиллагааг үйлдэл дээр нь илрүүлэх гэж байгаа тул явах чиглэлээ нууцалж, сурвалжлагч нартаа ч хэлээгүй дэд хурандаа Д багийг удирдана.
Бартаа ихтэй Дарханы замаар донсолж явсаар зам салж шороон замаар Дархан Уул аймгийн Шарын-Гол суманд хүрлээ. Сумаас шатахуун хийж аваад цааш дахин 100 км-ын аялалд гарна гэв.

Цаашлах тусам замын бартаа, шавар шавхаа нь нэмэгдэж бид уулын бэл, хөндийгөөр, ой хөвч дундуур хурдлан давхина. Хүрэх газартаа хурдан очиж байж ажил амжих учиртай гэж багийнхан ярьцгаана.
Ингэж явсаар зам хаасан хөндлөн хаалтад тулж ирэв. Тусгай зөвшөөрөлтэй томоохон уурхайнууд эзэмшил нутагтаа зааг хийж ийнхүү хаалт хийдэг аж. Хаалт өнгөрч уул тойрч явсаар гол гарах боллоо. Гол үерлэсэн, урсгал ширүүн байсан ч гарах боломж хамгийн ихтэй гарам нь тул бид зориглон орсон юм.
Гэвч голдирол дунд ирэн авто машин хүч алдан удааширч, урд гэрэл усан дор орон харагдахаа больсон бөгөөд урсгал өөд сөрөн харж хөвөх шахам зогсох нь тэр. "Гарчих байх" гэж найдсан жолооч машиныхаа “мост” буюу жолоодлогын дугуйнд хүч өгч эргэлдүүлэх тохиргоог залгаагүй байсан нь алдаа болсон аж.

Иймд жолооч мостдоо хийхээр цонхоороо гарч хүйтэн ус руу орлоо. Тэрхэн зуурт машины бүхээг усаар дүүрч суудал даван, жолоочийн хянах самбарт тулж ирэв. Эцэст нь сайн машин, сайн жолоочийн ачаар уснаас гарсны дараа хаалгаа онгойлгон машин дахь их усыг гадагшлууллаа. Бүхээгнээс гарах их ус ундааны сав, ууттай гутал тэргүүтэй жижиг зүйлсийг урсган одов.
Харин одоо бидний араас хоёр дахь машин болох Toyota Land Cruiser 76 гол гатална. Land 76 сайн машин ч агаар шүүлтүүр рүү нь ус орсноор голын дунд унтарч орхилоо. Иймээс түрүүлж гаталсан машин гол руу ухран орж 10 минут орчим оролдсоны эцэст татлага холбож чирэн гаргасан юм. Гэнэтийн шалгалт адал явдалтай эхэлсэн ч хаана хонохоо мэдэхгүй бид нойтон хувцастай зутрах вий хэмээж байв.
Ийнхүү явсаар шөнийн 02:30 цагийн үед М /Тус уурхайг шалгаж буй тул нэрийг нууцлав/ гэх тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмал олборлодог уурхайд ирж илүү гэрт нь хоноглохоор болов.
Хөдөө газарт гэнэтийн шалгалтаар явах цагдаа нарын ажил өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх бөгөөд тэд замын бартаа, дутуу нойр, хоног төөрүүлэх газаргүй байсан ч үл тоон ажлаа үргэлжлүүлнэ.
/Наймдугаар сарын 11/ Цагдаа нар өглөө эртлэн босож хууль бус алт олборлогчдыг мэдэхээс өмнө газар дээр нь барьж авахаар уул даван Харганат гэх газрыг зорив. Усанд гацсан Land 76 машин цааш явах боломжгүй болсон тул бид нэг машинтай үлдлээ.
Ингээд үд болохын өмнө түрүүлж явсан цагдаа нар буцан ирж, хоноглосон уурхайн машиныг дайчлан уул давж Ерөө сумын нутаг, Харганат гэх газарт ирцгээв. Гарахаасаа ч өмнө хаана очихоо нууцалсаар шөнө дунд ирсэн атал алт олборлогчид мэдсэн мэт зугтсан байсан нь хачирхалтай.

Харгантын хөндийд хууль бусаар алт олборлосны улмаас эвдэрч, нөхөн сэргээлгүй орхисон газар их бөгөөд нэмж эвдсээр буй нь харамсалтай. Зах нь үл харагдах урт хөндийд тэгш тал гэж үгүй болжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 онд явуулсан тооллогын дүнгээр тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас 2200 га талбай эвдэгдсэн байна. Харин гэнэтийн шалгалтын ажлын хэсэг үүний 58,4 хувьд нь буюу 17 газарт хяналт шалгалт зохион байгуулж, 2800 км явж тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд 1277,6 га талбайг эвдсэн болохыг тогтоосон юм.

Алт олборлогчдыг техник, төхөөрөмж муутай гар аргаар алт хайдаг хэсэг бүлэг хүмүүс хэмээн төсөөлж байтал бичил уурхай болтлоо томорч, экскаватор, усан буу /алт угаах төхөөрөмж/ хэрэглэн томоохон газруудыг сэндийлж байх юм.
Бүрээсгүй гэр, хуучин чингэлэг, майхан эсвэл модон багана босгож нар, салхинаас халхлах юмаар хучсан оромжинд амьдрах эдгээр хүмүүст байгаль орчны цэвэр байдал байтугай ахуйн ариун цэврийн тухай ямар ч ойлголт байхгүй мэт. Хоноглодог газрынх нь эргэн тойрон хог хаягдлаар дүүрч, мөлжсөн яс, хэрэглэсэн аяга таваг энд тэндгүй хөглөрнө.

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмыг баталсан. Үүний дагуу нутгийн иргэд, нөхөрлөлүүд Сумын Засаг даргатай гэрээ байгуулан зөвхөн үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй болсон орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авдаг.
Гэвч зарим нь гэрээнд заасан талбайгаас хэтэрч, илүү олон механизм ашиглан, шинээр эрүүл газрыг сэндийлсэн тул хууль бус ашигт малтмал олборлолтод тооцогдож эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Хариуцлага хүлээхээ мэддэг учраас алт олборлож байсан иргэд, нөхөрлөлүүд шалгалтынхныг очиход дайжин зугтааж байв. Ихэнх экскаватор, усан буунуудаа уулын мухар, ой дунд нууж орхижээ. Амьдарч байсан майхан, хэрэглэж байсан суурин техникүүдээ орхин зугтаасан тэдний хувьд экскаватор нь хамгийн үнэтэй зүйл нь.
Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан иргэд, нөхөрлөлүүдийн механизмыг хураан авч журамладаг бөгөөд шүүхийн шийдвэр гарвал улсын өмч болгодог. Шууд улсын өмч болгон хураах хууль, дүрэм үгүй.

Үзлэг хийж, шалгалт явуулахад хүн хүч дутагдсан тул Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч дуудаж үдээс хойш Зил-131 болон 69 маркийн автомашинтай баг ирж нэгдсэн юм.
Экскаваторууд дунджаар 20-40 сая төгрөгийн үнэтэй ба уурхай эрхлэх ууланд авчрахын тулд хүнд даацын машинд ачдаг байна.

Ажлын эхний өдөр бид ил байсан талбай, уурхай эрхлэгчидтэй уулзсан бөгөөд цагдаа нар шинээр эвдрэлд орсон газруудыг тогтоон, хэргийн газарт үзлэг хийж байцаалт авав. Бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн эздийг байцаалтаар олж мэдэн утасны дугаарыг нь тэмдэглэж авлаа.
Алт олборлож буй тус газарт гар утасны сүлжээ барьдаггүй бөгөөд сайн машингүй л бол хөндийгөөр өгсөн уруудаж шалгалт хийхэд бэрхшээлтэй.

Газар ухаж шороо овоолсны улмаас урсгал ус, горхи, булаг бохирдож булингартай шар ус хөндийгөөр урсах болжээ. Нүхлээд орхисон газарт нь ус тогтон намаг болсон байх агаад иргэд өөрсдөө булгийн эхээс ундны усаа авдаг байна.
Хотгор, гүдгэртэй овоо, толгод болсон хөндийгөөр өдөржин нааш, цааш давхиж үзлэг хийн, байцаалт авж, сурвалжилсаар бид дахин шөнийн 01:00 цагийн үед уул даван буцаж М уурхайд хоноглов. Тус уурхайд гар утасны сүлжээ барихгүй ч суурин утастай бөгөөд шөнөөр ирсэн цагдаа нар бичил уурхайн эзэд рүү залгаж маргааш өглөө 09:00 цагт Харганатын хөндийд цуглахыг даалгав.

/Наймдугаар сарын 12/ Дахин эрт босож уул давсан бид уурхайн эздээс яриа, байцаалт авлаа. Тэдний зарим нь хууль дүрэм зөрчиж буйгаа мэддэг ч олборлохыг сонгосон бол өөр хэсэг нь мэдэхгүй хэмээж байв. Экологийн цагдаагийн алба хаагчид хэргийн газрын зураг авах камер, дронтой явдаг бөгөөд нуусан экскаваторуудыг олоход хамгийн хэрэгтэй зүйл нь дрон ажээ.
Гэвч зарим нь экскаватораа уулын гүнд өвсөөр хучин нууж орхисон байх агаад түүнийг мөрөөр нь явган даган олж зургийг нь авч баталгаажуулж байв. Иргэд экскаватороо нуухын тулд мод, ургамлыг хугалан шанагаараа газар сэндийлэн шинээр зам гаргажээ. Уул руу орж чадаагүй зарим нь ухсан нүх, хотгор дотроо нуугдаж хариуцлагаас зугтахыг хичээсэн байлаа.

Ингээд нийт хууль бусаар ашигт малтмал олборлосон 1 аж ахуйн нэгж, 1 нөхөрлөл, 18 иргэний үйл ажиллагааг зогсоож, 16 экскаватор, 5 ковш, 5 ачааны машин, 15 “усан буу” буюу алт угаах төхөөрөмж, 4 монгол гэр, 6 майхныг албадан буулгаж талбайг чөлөөлөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт техник, хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.
Эдгээрээс 5 экскаваторыг эвдэгдсэн талбайгаас гаргуулж бусад техник хэрэгслийг энэ сарын 25-ны өдрийн дотор гаргах ажлыг тус аймаг дахь цагдаагийн газар хариуцан ажиллахаар болов. Ингээд гурав дахь шөнөө М уурхайд хоноглолоо.

/Наймдугаар сарын 13/ Хоёр өдрийн дотор ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байсан ч уурхай эрхлэгчдийн хойрго байдал, нуусан экскаваторуудыг олох, гаргах, замын бартаа зэргээс шалтгаалан өдөр алдсан бид үүрийн 05:00 цагт нийслэл хотын зүг хөдөллөө. Анх ирэхэд ус орж асахаа болсон машинаа янзалсан бөгөөд живэх шахсан голоо Камаз машинаар татуулан гаталлаа.

Шавар, ус туулан намагт суусан машинаа түрэн гаргаж Ерөө сумын төв, Дархан хотоор дайран явсаар Төв аймгийн Борнуур сум өнгөрч явах үед машин эвдэрлээ. Уулын бартаанд эвдрээгүй Toyota Land Cruiser 78 машиныг Дарханы зам эвдэж орхижээ. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа аюулгүй байдлыг чухалчлан үздэг тул замын унаанд найдалгүй нэмэлт машин явуулж авчруулсан бөгөөд мөн л шөнө дунд Улаанбаатар хотод ирцгээсэн юм.
Гурван өдрийн шалгалтын ажлаар цагдаа нар өдөрт 3-4 цаг унтаж, 5-10 км уул модон дундуур алхан, өдөржин байцаалт авч, үзлэгийн тайлан бичсээр ирсэн. Хэдий олон хоног, шөнөөр явж ядарсан байсан ч тэд маргааш нь ажлын тайлангаа шалгуулахаар бэлэн зогсож байсан нь бахархууштай.