1960 онд төрсөн эмэгтэйчүүд энэ жил 55 нас хүрч тэтгэвэрт гарч буй. Гэтэл нэрийн дансанд нь нэг ч төгрөг алга. Уг нь нийгмийн даатгалын шимтгэлд өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгө нь байх ёстой.
Харамсалтай нь иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдрийг хүртэл бодит хуримтлал болгож чадаагүй байна /Тэр мөнгө ахмадуудын тэтгэвэр болон тараагдаж байсан/. Харин нэрийн данс эзэмшигчдийн нэр дээр хоосон бичилт хийсээр өдий хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 55 хүрч буй “иргэн Доржийн нэрийн төгрөг тэд” гэсэн бичилтийг л хийж байгаа гэсэн үг. Харахад хадгаламжийн дэвтэр мэт бичилт байдаг, харин түүнийгээ ашиглая гэхнээ ямар ч мөнгөгүй уг дансанд нийт 8.8 их наяд төгрөгийн бичилт хийгджээ. Энэ бол өнгөрсөн оны статистик. Өнөөдөр дээрх тоо улам л өссөн. Нэрийн дансны бичилт нийт хэдэн төгрөг болсныг НДЕГ-аас тодруулахад “Яг нарийвчилсан тооцоог бид Азийн хөгжлийн банктай хамтран гаргахаар ажиллаж байгаа” гэсэн хариултыг өглөө.
Манай улс 1995 онд Тэтгэврийн даатгалын сангийн тухай хууль баталсан. Уг хуулийг баталж байхдаа дээр хэлсэн 1960 оныхныг хамруулна хэмээн тооцож байсан юм.
Нэг ч төгрөггүй нэрийн дансны эзэд
Өөрөөр хэлбэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн мөнгийг төсвөөс хариуцах бол, 1995 оноос хойшхид нь одоогийн шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгөнөөс тэтгэвэр олгохоор тооцож байв. Гэвч өдий хүртэл тус санд бодит мөнгөн хуримтлал бий болоогүй тул өмнө нь төсвөөс олгодог байсан тэр тогтолцоо өнөөдрийг хүртэл оршсоор л байна. Харин энэ ачааллыг манай төрийн сан даахгүй хэмжээнд хүрээд буй. Тиймээс 1960 он гэсэн томьёоллыг 1979 болгох шинэчлэлийг тэтгэврийн тогтолцоонд бий болгохоор Монголын парламент ид хэлэлцэж байна. Энэ бол нийгмийн даатгалын сангийн ачааллыг бууруулахын тулд авч буй Засгийн газрын арга хэмжээ гэж ойлгож болно.
Яагаад гэвэл, 1960 оноос хойш төрсөн хүн бүрийн төлсөн мөнгөний нийлбэр хоёр их наяд орчим төгрөг болоод байгаа. Харин 1995 онд энэ хууль үйлчилж эхлэхэд эрх зүйн хувьд үүрэг хариуцлага хүлээх чадамжтай болсон буюу 16 нас хүрч байсан хүүхдүүд бол 1979 оныхон. Тиймээс 1960 он гэх томьёоллыг 1979 он болгож хойшлуулбал 2034 он хүртэл даатгалын сангийн ачаалал арай хөнгөрнө. Тиймээс энэ л хугацаанд хуримтлалаа бүрдүүлнэ хэмээн тооцож байгаа бололтой. 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл тэтгэврийн нэрийн дансанд нэг ч төгрөг хуримтлуулж чадаагүй шиг, 2034 онд бас л хоосон байхыг үгүйсгэх аргагүй.
Өөрөөр хэлбэл бидний нэрийн данс гэж яриад байгаа тэр тоо, тооцоолол, хийсвэрээр бүртгэдэг дүнг бодит мөнгө болгохоор зорьж буй Засгийн газрын зорилт биеллээ олно гэх баталгаа байхгүй. Биелсэн байлаа ч иргэд 30 жилийн турш улсад мөнгө өгчхөөд түүнийхээ үр шимийг сар бүрийн амьжиргааны хэдэн төгрөгөөр цувуулж авах байдлаар хүртэхийг хүсэхгүй байна. Муугаар бодоход тэтгэвэрт гарахын өмнө өөд болвол, өнгөрсөн амьдралынхаа турш төлсөн мөнгө өөрийнх нь амьдрал, үр хүүхдийнх нь хэнд ч наалдахгүй байна гэдэг харамсалтай л байж таарна.
ТЭД ХЭРХЭН ШИЙДЭВ
Тэгвэл бусад улс орнууд энэ асуудлыг шийдсэн сайн туршлага бий. Тэдгээр улс орнуудад иргэн хүн тэтгэвэрт гарна гэдэг төрөөсөө сар бүр олгодог хэдэн төгрөгийг аваад амь зуухыг хэлдэггүй аж. Тэтгэврийн тогтолцоо нь манайхаас тэс өөр.
Тодруулбал, тэтгэврийн сангаа хувь хүн өөрөө бий болгоно. Ийм хувийн сан улсын сангаас маш олон давуу талтай. Нэгдүгээрт, иргэд тэтгэврийн сандаа хэчнээн төгрөг хуримтлагдаж байгааг бүрэн хянах боломжтой. Бүр түүгээрээ дамжуулан хувьцаа, хөрөнгийн зах зээлд оролцож, өөрийн мөнгөө өсөн нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна тэтгэвэрт гарсан хойноо хуримтлуулсан мөнгөө хэсэгчилж эсвэл нэг дор бөөнөөр авах эсэх нь тухайн хүний сонголт байдаг.
Монголд ирж буй гаднын жуулчдын дийлэнх нь ахмадууд байдгийг Та анзаарсан байх. Учир нь гадаадынхан тэтгэвэрт гарахаараа шууд л аялж эхэлдэг бөгөөд хуримтлуулсан мөнгөө өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй байдагтай нь холбоотой юм.
Анхны хувийн тэтгэврийн сангууд дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ, АНУ-д үүссэн юм билээ. Тэдгээр нь анх иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулдаг, хувийн компанийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад хувийн тэтгэврийн тогтолцоо ажиллагсдын дийлэнх хувийг хамрах болжээ. Жишээ нь Голланд, Австрали, Швед, Норвеги, Швейцарт гэхэд ажиллагсдын 90 хүртэл хувь нь хувийн тэтгэврийн сантай байдаг. Харин АНУ, Германд ажиллагсдын 50-60 хувь, Баруун Европын бусад орнуудад 20-30 хувь нь энэ төрлийн тогтолцоонд хамрагдсан байна.
Хувийн тэтгэврийн сан нь дотроо хувийн болон байгууллагын гэсэн хоёр хувилбартай байдгаас гадна тус бүртээ оролцооноос хамаарч сайн дурын болон заавал оролцох гэсэн төрлүүдтэй. Ер нь л хувийн тэтгэврийн тогтолцоонд ажил олгогчид томоохон үүрэгтэй оролцдог. Яагаад гэвэл тэтгэврийн санд ажиллагсдынхаа өмнөөс хураамж төлдөг тул байгууллагын оролцоотой тэтгэврийн тогтолцоо нь иргэдээ илүү их хуримтлалтай болгож чаддаг юм байна.
Дэлхийн 80 орчим улсад үйл ажиллагаа явуулж буй “British Petroleum”-ийн жишээг энд өгүүлье. Тэнд хүн ажилд орохдоо “Миний тэтгэврийн дансанд ажил олгогч та төдийг, би өөрөө тэднийг төлнө, улсаас тэднийг хийнэ. Миний тэтгэврийн хадгаламж “British Petroleum”-ийн харьяанд байна” хэмээн тохирчихдог аж. Энэ мэтчилэн том үйлдвэрийн газрууд дэргэдээ тэтгэврийн сантай. Түүнийхээ хөрөнгийг үржүүлж, хөгжүүлж байдаг санхүүгийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг.
Аж ахуйн нэгжийн дэргэд ийм сан байхаас гадна хувь хүмүүсийн өөрсдийнх нь сан ч бий. Менежментийг нь улс хийдэг гэсэн үг. Нийгмийн даатгалын сан, Төрийн сан зэрэгт иргэд мөнгөө байршуулдаг. Уг мөнгийг нь манайхан шиг арилжааны банканд байршуулахгүй бөгөөд Засгийн газрын найдвартай сайн бонд худалдаж аваад явбал тухайн хуримтлал эрсдэлд ордоггүй. Дээр нь хоёр гурван хувийн хүү нэмж аваад, сангаа өргөжүүлэх боломжтой. Мэдээж тэтгэвэрт гарсныхаа дараа хэрхэн захиран зарцуулах эрх нь нэрийн дансны эзэнд бий юм.
НАДАД Ч ТИЙМ ХҮСЭЛ БАЙНА
Монгол Улсад хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгох оролдлогууд гарч байсан. Гэхдээ төрийн зүгээс биш. Харин МҮХАҮТ, Санхүүгийн зах зээлийн холбоо болон зарим хувийн компанитай хамтран тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг хоёр жилийн өмнө байгуулж байв.
Би ч гэсэн өрнөдийнхөн шиг тэтгэврээрээ тив алгасан зугаалах хүсэлтэйн хувьд хоёр жилийн өмнөх санамж бичиг хэрхэн ажил хэрэг болж буйг сонирхохоор МҮХАҮТ-д хандлаа. Харамсалтай нь санамж бичиг цаасан дээр л үлдсэн бололтой, тоймтой хариу өгчих хүн олдсонгүй. Харин тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн ганц компани байдаг юм байна.
Бүхэл бүтэн салбарын тогтолцооны асуудал учраас хувийнхан бие даагаад шийдчихэд амаргүй нь мэдээж. Тиймээс салбарын сайдаас энэ талаар тодруулахад “Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогод одоогийн нэг шатлалтай тогтолцоог олон шатлалтай болгоё, үүндээ хувийн хэвшлийн оролцоог хангая гэж байгаа” хэмээн хариулав.
Өнөөдөр УИХ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг ид хэлэлцэж буй. Өчигдөр холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч намуудын нэг хуулийг нөгөөгөөр барьцаалдаг улс төрөөс үүдэн хойшилж байгаа харагдсан. Гэхдээ үүнд хувийн тэтгэврийн санг бий болгох тогтолцооны талаар ганц үсэг ч байхгүй.
Хувийн хэвшлийнхний дэвшүүлсэн санаа, эхлүүлсэн ажил нь олигтой урагшлахгүй байгаа нь энэ талын нарийн хууль, дүрэм журам байхгүйтэй холбоотой аж. Хэн ч дүрэмгүй тоглохыг хүсэхгүй.
Түүнчлэн даатгалын болоод тэтгэврийн сангийн хөрөнгөөр санхүүгийн зах зээл дээр гарахыг хуулиар хориглодогтой холбоотой аж. Хэрэв энэ асуудлуудаа шийдэж, тэтгэврийн сангаа байгуулчихвал өөрийн хөдөлмөрөөр бий болгосон хуримтлалаараа өтөл насандаа санаа амар амьдран суух боломж бид бүгдэд байна.
Б.Энхжаргал