Дэлхийн ихэнх улс гүрэн шоронгийн хоригдлууд хэтэрхий олширч байгаад сэтгэл түгшиж байхад Голланд улс хоригдлууд хэтэрхий цөөрч байгаад санаа зовж байна. Энэ улсад сүүлийн хэдхэн жилд 19 шорон хаагдаж, шоронгийн “оршин суугчид” эрс багасчээ. Энэ нь ямар шалтгаантай, юугаараа сөрөг байж болох талаар ВВС-гийн бэлдсэн материалыг сонирхуулъя.
Шоронгийн коридорт шарсан сонгины үнэр хамар цоргино. Доод давхарт хоригдлууд оройн хоол бэлдэж буй нь энэ. Тэдний нэг нь шүдэн иртэй хутгаар ногоо хэрчих явцдаа “надад тогоочийн ур чадвараа дээшлүүлэхэд ахиад зургаан жил байна” гэж хэлэв. Энэ нь тэр ахиад зургаан жил шоронд суух ёстой гэсэн үг юм. Түүнийг жирийн тогоочоос ялгаж буй зүйл нь хутга, төмөр ширээ хоёрыг холбосон урт гинж юм. Хоригдлууд хутгыг аваад явах боломжгүй. Гэхдээ зарим тохиолдолд хоригдлууд гал тогооны жижигхэн хутгыг нэвтрэх үнэмлэхээрээ сольж хувийн хэрэгцээндээ ашиглахыг зөвшөөрдөг.
"Норгерхавен" нэртэй чанга дэглэмтэй энэ шоронд хоригдлууд хутгатай явна гэдэг хачин сонсогдоно. Гэвч тогоочийн ур чадварт суралцуулна гэдэг шоронгоос суллагдсан хүн ажилтай болоосой гэсэн төрийн бодлогын зөвхөн нэгээхэн хэсэг юм.
Голландын шоронгуудад хоригдол бүрийг өөр өөр байдлаар засан хүмүүжүүлдэг. Хэрэв хар тамхинд донтсон бол түүнээсээ ангижрахад нь тусална. Уураа барьж чаддаггүй хүн ирвэл тусгай эмчилгээтэй. Мөнгөний асуудлаас болж аавын хаалга татсан хүнд санхүүгийн зөвлөгөө өгнө гэх мэт. Нэг үгээр хэлбэл гэмт үйлдэл хийхэд хүргэсэн шалтгааныг нь арилгахыг хичээдэг. Хэдийгээр засан хүмүүжүүлэхэд тухайн хүний өөрийн хүсэл зориг чухал ч голланд арга үр дүнтэй гэдэг нь сүүлийн 10 жилийн байдлаас харагдаж байна.
Өнөөдөр Голландад давтан хэрэг үйлдсэн хүн хоёр жилийн ял авдаг бөгөөд тэднийг засан хүмүүжүүлэх тусгай хөтөлбөр бий. Хөтөлбөрийн ачаар давтан хэргийн тоо 10 хувиар буурчээ.
"Норгерхавен" шоронтой нэг тосгонд байрладаг "Эссерхем" шоронд хоосон камер олон. Хөл бөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэхүйц шоронгийн салхилдаг талбайд мод ургуулсан байх бөгөөд шорлог хийх ширээ, гар бөмбөг тоглох тор байрлуулжээ. Шоронгийн орлогч дарга Ван дер Сполын хэлснээр цэвэр агаарт хоригдлууд болон хуягууд стрессээ тайлдаг байна. Хоригдлууд харгалзагчгүй номын санд суух, гуанз, эмнэлэг явах эрхтэй. Энэ нь наранд гарсны дараа бодит амьдралд дасахад тусалдаг гэж шоронгийн удирдлага үзэж байна.
Аравхан жилийн өмнө Голланд улс хоригдлынхоо тоогоор Европдоо дээгүүрт ордог байв. Харин өнөөдөр 100 мянган хүнд ногдох хоригдлынх нь тоо 57 болж хамгийн цөөхөн хоригдолтой орнуудын нэг болжээ. Харин Их Британид энэ үзүүлэлт 100 000:148 гэсэн харьцаатай.
Гэхдээ зөвхөн үр дүнтэй засан хүмүүжүүлэх аргаар хоригдлын тоог цөөлсөн гэвэл тийм биш. 2005 онд Голландын хоригдлын тоо эрс өссөн нь Амстердамын "Схипхол" онгоцны буудлын хянан шалгалт чангарч кокаин тээвэрлэгчид олноороо баривчлагдаж байсантай холбоотой аж. Харин өнөөдөр цагдаа нар хүн наймаалах, алан хядах гэмт хэрэгт илүү анхаарах болжээ. Түүнээс гадна Голландын шүүх хорих ялын оронд албадлагын ажил хийлгэх, торгох, электрон гав зүүлгэх зэргээр ял оноох тохиолдол олон.
Голландын Засан хүмүүжүүлэхийн ерөнхий газрын дарга Анхелина ван Дайкийн хэлснээр онц аюултай гэмт хэрэгтнүүдийг тогтоон барих, эсвэл амьдралдаа төөрч будилснаас болж гэмт үйлдэл хийсэн гэмт хэрэгтнүүдэд тусалж, хамгаалах ёстой гэж үзсэн тохиолдолд шоронг ашиглаж байна. Зарим хүний хувьд ялын өөр хэлбэр сонгож, ажил, гэр бүлийнхээ орчинд үлдэх нь хамаагүй дээр байдаг аж. “Голландад ялын хугацаа богиносч, гэмт хэргийн тоо багассанаар шоронгууд эзгүйрч байна гэж” Анхелина ван Дайк нэмж хэллээ.
Гэхдээ шоронгууд хаагдах болсон нь шоронгийн ажилтнуудын санааг зовоосон өөр нэг асуудал үүсгэв. Шоронгийн хуягуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Франса Карбогийн ярьснаар түүний мэргэжил нэгтнүүд хоригдол цөөрсөнд “сэтгэл жаахан дундуур” байгаа аж. Яагаад гэвэл шоронг хэзээ нэгэн цагт хаах магадлатай учир залуу үе шоронгийн ажилтан болохыг ирээдүйгүй гэж үзэж байна.
Гэхдээ хаагдсан зарим шоронг өөр зориулалтаар ашиглаж байна. Жишээ нь, Амстердамын өмнө хэсэгт байрлах хоосон шоронг зочид буудал болгож, хамгийн үнэтэй өрөөнүүдийг нь “Өмгөөлөгч”, “Шүүгч”, “Захирал”, “Харгалзагч” гэж нэрлэжээ. Мөн хаагдсан шоронг дүрвэгсдийг түр хоргодуулах байр болгож, хуучин хуягуудыг ажиллуулдаг болсон жишээ байна.
Шоронд ажлын байр хадгалах гэсэн бодлого өөр нэгэн гэнэтийн үр дүнд хүргэжээ. Тодруулбал, Голланд улс Норвеги, Бельгиэс хоригдол “импортолдог” болсон байна. Тус улсын Гадаад хэргийн яамны сайд хоосорсон шоронгуудаа түрээслүүлэх талаар Норвегийн ГХ-ийн сайдтай тохиролцжээ. Ийнхүү 2015 оны есдүгээр сараас "Норгерхавен" шоронд импортын хоригдлууд ял эдлэх болов. Шоронгийн даргаар хүртэл норвеги хүнийг томилсон байна. Гэхдээ 234 голланд хуяг ажилладаг. Норвегиос хоригдол авчрахдаа заримыг нь албадан авчирсан бол зарим нь сайн дураараа шилжин иржээ. Учир нь Голландад тамхи хямдхан. Түүнээс гадна голланд шоронд гэр бүлийнхэнтэйгээ тусгай өрөөнд скайпаар харилцах боломжтой.
Г.Даваадорж