Элсний сувилалууд зургадугаар сарын сүүлчээр нээгддэг
Зуны халуун нарны элч шингэсэн элсээр өвчнөө анагаахын зэрэгцээ байгалийн сайханд аялах боломжтой элсний сувилалууд энэ сарын сүүлчээр үүд хаалгаа нээх гэж байна. Манай орны говь нутгийн элс нь нарны хэт ягаан туяаг шингээх чадвартай, маш нарийн ширхэгтэй учраас ийм төрлийн эмчилгээнд сайн тохирдог байна. Элсний эмчилгээ нь бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт үр дүнтэй. Мөн цусны даралт, хаванг буулгадаг. Харин сахарын өвчин, нүдний даралт, элэг, нойр булчирхай, зүрхний эмгэгтэй хүмүүст хориотой байдаг. Үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн аяллын багц хөтөлбөртэй элсний сувилалуудаас танилцуулъя.
ХОС ЭМЧИЛГЭЭНИЙ БҮРДЭНИЙН СУВИЛАЛ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багт 1100 гаруй ам дөрвөлжин километр талбайтай, үргэлжилсэн их элс бий. Энэ нь Сухайн хөндийн Догмиддорж хайрханы өвөрт, далайн түвшнээс 800 метр өндөрт байрладаг аж. Тус сувилал Улаанбаатар хотоос 560 км, Сайншанд сумаас 102 км, Эрдэнэ сумын төвөөс 38 км зайд оршдог. Бүрдэний элсний дундах зөвхөн нэг манхан нь бөөрний түүдгэнцэр, дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах увидастай. Тус сувилал элсний эмчилгээг ингэний халуун хоормог, нөхөн сэргээх физик эмчилгээ, иллэг, бариа засалтай хослуулдаг юм байна.
- Говийн элс нь нарны хэт ягаан туяаг шингээх чадвартай, маш нарийн ширхэгтэй учраас эмчилгээнд сайн тохирдог.
- Элсэн манхан нь дулааны улиралд өнгөн талдаа 50-70 хэм хүрч халдаг.
- Өөш манханы элс нь арьсанд гарсан элдэв тууралтыг эдгээдэг увидастай.
ҮНЭТ ОЛДВОРТОЙ МОЛЦОГ ЭЛС
Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших урт элсэн манханыг Молцог элс хэмээн нэрлэдэг. Молцог элсний сувилал нь Улаанбаатар хотоос 600 гаруй километр зайтай. Харин Даланзадгад сумаас 100 орчим километр яваад хүрнэ. Энд ирснээр анх удаа үлэг гүрвэлийн үүр олдсон Баянзагийг үзнэ. Баянзаг нь элсэн дундах тод улбар өнгийн хадан хясаатай, заг элбэг ургасан газар. Нар шингэх үед улбар өнгө нь улам тодорч харагддаг байна. Эндээс үлэг гүрвэлийн өндөг, ул мөрөөс гадна өдгөө устсан олон сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон байна. Түүнчлэн Булган сумын нутгаар цааш аялбал алдарт Гурван сайхны нурууг үзэх боломжтой.
ӨНГӨТ ЭЛСТЭЙ БИГЭР
“Шимт элс” сувилал нь Улаанбаатар хотоос 960 километр, Говь-Алтайн Бигэр сумын төвөөс урагш 17 километр зайд, эртний хотын туурин дээр тогтсон Таван элс хэмээх газар байрладаг. Бигэр сум нь эргэн тойрондоо Бурханбуудай, Баянбуурал, Хөх сэрхийн нуруугаар хүрээлэгдсэн хонхор газарт оршдог учраас салхи, шуурга багатай, цаг агаар тогтуун байдаг аж. Тус сувилал нь далайн түвшнээс дээш 1340-1387 метрийн өндөрт байдаг. Элс нь бор шаргал өнгөтэй, найрлагадаа зарим өнгөт металл агуулсан байдаг. Элсэн манхан нь дулааны улиралд өнгөн талдаа 50-70 хэм хүрч халдаг. Судасны ханыг тэлж, биеийн цусан хангамжийг сайжруулдаг.
Энд мөн “Нар элс” сувилал цөөн тооны амрагчдыг хүлээн авдаг бөгөөд халуун элс, ингэний хоормог хосолсон эмчилгээ хийдэг аж.
ХАМРЫН ХИЙДИЙН ЭНЕРГИЙН ЭЛС
Хамарын хийдэд байрлах Энергийн элс нь Дорноговь аймгийн төвөөс 34 километр, Улаанбаатар хотоос 520 гаруй километр зайтай. Уг сувилалд ирснээр Говийн ноён хутагт Данзанравжаатай холбоотой шашин, түүхийн үнэт өвүүдтэй танилцаж болно. Хамарын хийдэд хутагтын бүтээсэн бурхан, ном судар болон хэрэглэж байсан эд зүйлсийг нь агуулсан музей бий.
Мөн Хүслийн уул, Мээм хад, Бясалгалын 108 агуйгаар аялах боломжтой. Бясалгалын 108 агуйд Данзанравжаа хутагт амьд ахуйдаа ном бясалгадаг байсан түүхтэй. Түүний япон шавь энд сакура цэцэг тарьсан нь өдгөө аялагчдыг татах болжээ.
“ИДДЭГ” ЭЛСТЭЙ ӨӨШ МАНХАН
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Улаанбаатар хотоос 420 км зайтай оршдог. Өөш манханы элс баруунаас зүүн тийш таван километр урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг нарийн ширхэгтэй, олон төрлийн эрдэсээр баялаг. Хэлнийхээ хонхорт тавихад хайлдаг учраас “иддэг” элс хэмээн нэрлэдэг. Маш нарийн ширхэгтэй учраас уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй аж. Өөш манханы элс нь арьсанд гарсан элдэв тууралтыг эдгээдэг увидастай.
Энд ирснээр угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
ХАНГАЙН БҮСИЙН ЭЛСНИЙ СУВИЛАЛ
Улаанбаатар хотоос 400 километрийн зайд, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ойролцоо байрладаг. Уг сувилал нь хангайн бүсэд байдаг анхны элсний сувилал юм. Сэлэнгэ мөрний хөвөөнд, ойн захад байрлалтай учраас амрахад таатай орчинтой. Загас барих, ойд жимс түүх зэргээр амрах боломжтой. Эндхийн элсний найрлагад чөлөөт цахиурын хэмжээ өндөр байгаа нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг аж.
Б.Баярмаа