Сүүлийн үед манай нийгэмд “цэвэр царигийн бодлого” гэж нэрлэхээр нэгэн үзэгдэл бий болжээ. Өөрөөр бас “геополитик” ч гэж нэрлээд байх шиг.
1520 мм буюу оросын гэгч царигийн төмөр зам тавихгүй бол үндэсний аюулгүй байдал, бүүр цаашлаад улс орны тусгаар тогнолд заналхийлнэ гэж баахан ярьлаа.
Энэ царигаар дэлхий нийтэд буюу ОХУ болон хуучин социалист орнуудад барьсан нийт төмөр замын урт нь 220 мянган км.
Нөгөө талаас “геополитикчдийн” хэлээр бол хятад цариг, төмөр замын томъёлолоор бол олон улсын цариг гэгчээр барьсан нийт төмөр замын урт нь 720 мянган км.
Манай улс шиг энэ хоёр сүлжээний дунд нь байдаг орны хувьд царигийн сонголт, төмөр замын замнал, чиглэл нь маш их ач холбогдолтой. Гэхдээ бид төмөр замын царигийн асуудлыг эдийн засаг, манай бүтээгдэхүүний экспорт, зах зээлтэй нь уялдуулан хөгжүүлэх үү, эсвэл хэн ч тайлбарлаж чаддаггүй “геополитик” гэдэгтэй нь холбох уу гэдэг асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй болоод байна.
Өнөөдөр бидэнд “цэвэр царигийн бодлого” гэгчийг л тулгаад байгаа юм шиг харагдаад байна. Хоёр төмрийн хоорондын зайг манайх шиг улстөржүүлсэн түүх энэ дэлхийд байхгүй байх. Нэг сэтгүүлч бүсгүй бүр “төрийн эсрэг цариг” гэдэг ухагдахуун хүртэл гаргаад ирсэн.
“Зөвхөн оросын царигаар л төмөр зам барина. Эс тэгвэл баларна” гэж мөн ч их ярьлаа. Уг нь дан ганц царигаар нийт төмөр замын сүлжээг байгуулсан орон гэж бараг байдаггүй юм. Гэхдээ бүгд нэгдсэн стандарт руу явж байгаа /Та бүхэн ЭНД ДАРЖ хаана, аль улс ямар царигийн төмөр замтай вэ гэсэн мэдээллийг аваарай/
Хөршүүдийнхээ царигийг харъя.
ОХУ-ын Сахалин арлын төмөр зам нь 800 гаруй км урттай, гэхдээ 1067 мм царигаар баригдсан. Яагаад гэвэл япончууд энэ арлыг эзэмшиж байхдаа өөрсдийн стандартаар төмөр зам барьсан. 1945 онд ЗХУ арлыг эзлээд энэ чигээр нь үлдээсэн. Арал учраас эх газрын төмөр замтай холбогдохгүй.
Калининград – Берлин гэдэг суудлын галт тэрэгний хөдөлгөөнд зориулж 1435 мм төмөр зам ОХУ 2006 онд барьсан. Шалтгаан нь гэвэл Эрээн өртөөнд сольдог шиг галт тэрэгний тэргэнцэрүүдийг солихгүй гэж.
Хятад-Вьетнам улсууд 1000 мм, 1435 мм царигуудаар холбогддог. Болоод л байна. Үндэсний аюулгүй байдал гэж бахирахгүй, техникийн зөв шийдэл олсон.
Ардчилсан Герман гэж улс байхад царигаа солилгүй болоод байсан. Словак улсад украйны төмрийн хүдэр зөөдөг 88 км 1520 мм царигтай төмөр зам байж л байна. Польшид бас ижил зорилгоор барьсан оросын царигийн төмөр зам байдаг. Гол нь шилжүүлэн ачилт огт хийхгүй. Германд ч мөн адил өргөн царигийн төмөр зам байдаг. Энэ талаар их удаан ярьж болно.
Одоо нэг жижигхэн жишээн дээр энэ царигийн асуудлыг авч үзье.
Ким даргуудын эх нутаг Хойд солонгост нэг ширхэг ашиглагддаггүй боомт байна. Ражин гэдэг нэртэй. Нэг үгээр хэлбэл, тэдэнд үнэ хүргэх бараа байна. Манай нүүрстэй яг адил.
ОХУ-д боомтын хүчин чадал хэрэгтэй байна. Өөрсдөө шинээр боомт байгуулахад туйлын хэцүү учир оросууд тэр боомтыг нь ашиглах сонирхолтой байжээ. Хятадууд манай нүүрсийг авах сонирхолтой байдагтай ижил.
Энэ хоёр харилцан тохиролцоод, ОХУ тэр боомтыг нь ашиглах гэрээ байгууллаа. Ачаа нь оросынх, хойд Солонгос мөнгө олох сонирхолтой. Тэгээд оросын Хасан гэдэг хийлийн өртөөг тэр боомттой төмөр замаар холбох хэрэгтэй боллоо.
Харин оросын царигаар барих уу, эсвэл Хойд солонгос улс өөрсдийн нарийн царигаар төмөр зам барих уу? Хойд Солонгост “геополитик” ойлгодог Зам тээврийн сайд байдаггүй учраас бараа илгээгчийн царигийг сонгож, 54 км нарийн царигийн замаа оросын стандартын хөдлөх бүрэлдхүүн ашиглахаар техникийн шинэчлэл хийжээ.
Энэ бүх юм 2013 онд, Залуу Ким даргын үед болсон. 2013 он хүртэл Хойд солонгост өргөн царигийн төмөр зам огт байгаагүй. Бид өөрсдийгөө ямар ч байсан хойд солонгосуудаас илүү гэж үздэг. Гэхдээ бүх дэлхийгээрээ үзэн яддаг залуу дарангуйлагч маань эдийн засгийн ашгаа сонгосон. Бид Кимээс илүү тэнэг гэж үү?
Цэвэр цусны нохой гэдэг шиг “цэвэр царигийн эх орон байх”, зөвхөн орос царигтай байлгана гэдэг хэнд хэрэгтэй юм бэ? Энэ дэлхийн ихэнхи орнууд өмнө нь хийгдсэн бүтээн байгуулалт, техник, технологи болон хамгийн гол нь эдийн засгийн шалгуураас үүдээд олон царигтай төмөр замтай байдаг.
Ч.Сүрэнхорлоо /Техникийн ухааны доктор, төмөр замын ахмад ажилтан/