Хэрэмний нөөцөлсөн самрыг хулгайлдаг нь үхэл рүү шууд түлхэж буйгаас өөрцгүй
Жил гаруйн өмнө юмдаг, Цагаан сарын дараахан л байсан санагдаж байна. Нэг өдөр хамаатны ах маань гэрт ороод ирлээ. Сонин хачин хуучилж суутал “Ах нь самранд яваад ирлээ” гэдэг юм байна.
Өвлийн хүйтэнд хаанаасаа самар олдогийг сонирхтол “Хэрэмний үүр ухсан юм. Нэлээд их самартай орж ирлээ” гэв. Түүн шиг хэрэмний үүр ухдаг нөхөд цөөнгүй байдгийг ч мэдэж авав. Үүнийг сонсоод харамсах сэтгэл төрсөн ч дуугүй өнгөрч билээ.
Хэрэм бол өвөл ичдэггүй цөөн мэрэгч амьтны нэг. Тийм болохоор зун, намар нөөцөлсөн самар, мөөг, жимс ногоо зэргээрээ өвлийн хахир хүйтэн, хаврын хавсаргатай үеийг давна. Ялангуяа өвлийн идшийн дийлэнх хэсгийг самар эзэлдэг байна. Гэвч мөнгөнд шунасан нөхөд хөөрхий амьтны нөөцөлсөн самрыг цөлмөж байгаа нь үхэл рүү шууд түлхэж буйгаас өөрцгүй.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн тайланд дурдсанаар хэрэмийг анхааралд өртөхөөргүй амьтан хэмээн тодорхойлжээ. Тоо толгой нь цөөрөөгүй гэсэн үг л дээ. Ерөнхийдөө дэлхийн хүн амаас гурав дахин их буюу 21 тэрбум хэрэм хэдэн тивээр тархан амьдардаг гэсэн судалгаа харагдана.
Харин Монгол орны тухайд өмнө нь хэдэн хэрэмтэй байсан, одоо хэд үлдсэн, тоо нь өсч байна уу, эсвэл цөөрсөн үү гэсэн судалгаа алга. 2000-аад оны дунд үед хятадууд хэрэмний нэг арьсыг 3-5 мянган төгрөгөөр худалдан авах сургаар манайхан энэ амьтныг их хядсан даа. Тэр үед тоо нь нэлээд хорогдсон байх. Харин дараахан нь агнахыг хориглох шийдвэр гарснаар дээрх замбараагүй байдал цэгцэрсэн гэдэг.
Хэрэмний ачаар жилд нэг сая мод ургадаг гэсэн судалгаа бий
Хэрэм бол Европ, Хойд Америк болон Ази тивд өргөн тархсан амьтан. Манай орны тухайд шилмүүст мод элбэгтэй Хэнтий, Хөвсгөл, Хангайн нуруунд олноор амьдарна.
“Бид энэ амьтныг мэддэг юм шиг атлаа огт мэддэггүй” хэмээн МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан тун оновчтой тодорхойлсон. Хүн бүр л хэрэм харж байсан болохоор мэддэг юм шиг. Тэгсэн хэрнээ энэ амьтны талаар нарийн судалгаа байдаггүй нь мэддэггүйг харуулна.
Хэрэм жижиг биетэй. Урт нь 20-30 см. Урт, саглагар сүүл нь амьдралын хэв маягтай нь гойд дасан зохицдог байна. Мод дамжин дүүлэхэд чиглүүлж, залуурын үүрэг гүйцэтгэх бол өвлийн улиралд хүйтнээс хамгаалах сайхан нөмрөг болно. Түүнчлэн халуун орны хэрэмнүүд нарны гэрлээс хамгаалах сүүдрэвч болгон ашигладаг аж.
Хэрэмийг элдэв идэштэй амьтан гэж тодорхойлдог юм билээ. Мэдээж самар, мөөг, жимс, модны нахиа идэхээс гадна элдэв төрлийн хорхой шавж ч түүний хоол. Хааяа шувууны үүр эзгүйчилж, өндөг хулгайлна.
Тэр ч байтугай жижиг шувууны ангаахай идэх тохиолдол байдгийг эрдэмтэд тогтоожээ. Жижиг амьтан шоглохын хажуугаар өөрөө бусдын идэш болох нь элбэг. Түүний гол дайсан нь шар шувуу, харцага, ууль, сар зэрэг махчин шувуу. Мөн ойн булга, шилүүсийн зоог болох нь бий.
Үүрээ засах тогтсон газар гэж байхгүй. Модны хонгил болон үндэс орчимд засахаас гадна тоншуулын орхисон үүрийг ашиглах тохиолдол байдаг гэнэ. Хэрэм өвөл ичдэггүй болохоор самар нөөцөлдөг болохыг хүн бүр мэднэ. Гэхдээ зарим үед хаана хадгалснаа санадаггүй мартамхай амьтан гэдгийг тэр бүр мэдэхгүй байж магадгүй.
Самраа ихэвчлэн модны хонгил юм уу, газарт булах ч түүнийгээ эргээд олохгүй байх тохиолдол гарна. Ийнхүү газарт булаад мартаж орхисон самрын үр нь дараагийн хуш мод ургах үндэс болдог байна. Энэ утгаар нь хэрэмийг мод ургуулагч гэж хэлж болно. Дэлхий дахинд хэрэмний ачаар жилд нэг сая мод ургадаг гэсэн тойм судалгаа байдаг аж.
Хуш мод ургуулагч амьтан маань сайхан үслэг арьстай. Энэ арьснаасаа болж анчдын гарт өртөх нь элбэг. Найман сарын сүүлч, есдүгээр сарын эхээр үс нь гуужиж, саглагар сайхан үстэй болдог байна.
Манай орны хүйтний улирал урт удаан үргэлжилнэ. Ийм үед нөөцөлсөн хоол тэжээл нь л аминд орно. Харин өвлийн идшээ булаалгаад байвал идэх зүйл хомсдож, улмаар үржилд орох нь хойшлогдоно. Мөн үр төлөө юугаар тэжээх вэ гэсэн асуудал босч ирнэ.
Мөн уур амьсгал дулаарахын хэрээр ой модны хэмжээ багасч, цөлөрхөг нутгийн хэмжээ нэмэгдсээр байгаа. Угаас амьдрах орчин нь жилээс жилд хумигдсаар байхад бид дээрээс нь хоол тэжээлийг нь хулгайлна гэдэг дэндүү харгис санагдаж байгаа биз.
Хэрэм урт настай амьтан биш. Амьтны хүрээлэнгийн хэрэм ихэвчлэн 5-7 жил насалдаг байна. Харин байгаль дээр үүнээс ч бага амьдардаг. Жилд 3-4 зулзага төрүүлэх бөгөөд тэдний талаас илүү нь эхний жилийнхээ өвлийг даалгүй үхэж үрэгддэг аж.
Зөвхөн модноос модны хооронд дүүлж явдаг мэтээр төсөөлдөг энэ амьтан усанд сайн сэлдэг гэнэ. Хоол тэжээл хомсдох үед бөөнөөрөө сүрэглэн нутаг сэлгэнэ. Ингэхдээ гол мөрөн гатлаад сэлчихдэг гэнэ. Хэдэн жилийн өмнө Оросын Сибирьт хүмүүс том тул загас барьжээ. Гэтэл ходоодноос нь арав гаруй хэрэм олдсон гэдэг. Гол гатлан нүүдэллэж яваад махчин загасны хоол болсон бололтой.
Бидний сайн мэддэг хэрнээ огт мэддэггүй хэрэмний талаар цухас дурдахад ийм. Ой мод ургахад чухал нөлөө үзүүлдэг энэ амьтнаа бид өсгөж үржүүлдэггүй юм аа гэхэд одоо байгаа тооноос нь бууруулчихгүй юмсан. Хэдхэн төгрөгийн төлөө идэш тэжээлийг нь дээрэмддэг байдлаа зогсоочихвол тун ч буянтай үйл болно доо.
Г.Баярсайхан